Монгол Улсын хэмжээнд нийт гэр бүлийн 20 хувь нь гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн баримт бий. Тухайлбал, 2017 онд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ.
Гэрлэлт цуцлалтыг гэр бүл байсан хугацаагаар нь авч үзэхэд гэрлэлтээ цуцлуулсан нийт хосын 58.6 хувь нь 10-аас дээш жил, 21.2 хувь нь 7-9 жил, 13.6 хувь нь 4-6 жил, 6.3 хувь нь 1-3 жил, 0.3 хувь нь нэг хүртэл жил хамт амьдарсан байна.
Гэрлэлт цуцлалтын шалтгаанд хөдөлмөр эрхлэлт, санхүүтэй холбоотой шалтгаанаас гадна үзэл бодлын зөрчил, үл ойлголцол, хардалт зэрэг гэр бүлийн гишүүдийн хэвийн бус харилцаанаас үүдэлтэй шалтгаан орж байгаа нь иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцааны нарийн төвөгтэй асуудлыг шийдэхэд төрийн оновчтой зохицуулалтыг хийж, үйлчилгээг гэр бүлд хүргэх шаардлагатайг харуулж байна.
Тиймээс сүүлийн жилүүдэд хийгдсэн хууль эрх зүйн шинэчлэл, гэр бүл, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, хандлагад нийцүүлэн гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг Засгийн газраас шинэчлэн боловсруулжээ.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрөөс гэр бүлийг дэмжих бодлогыг тодорхойлох, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүл дэх хүүхдийн эрхийн баталгааг хангах, хүүхдийн өмчийг хамгаалах, гадаадын харьяат гэр бүлд хүүхэд үрчлэх асуудлыг шинээр, хүүхэд үрчлэлт, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааг боловсронгуй болгож, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гадаадын харьяат иргэн оролцсон гэр бүлийн асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр хүлээгдэж буй. Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох заалтыг танилцуулъя.
Сэтгэгдэл ( 0 )