Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, төсөлд иргэдээс санал авч байна.
Гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Ингэхдээ хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримталжээ.
Жишээлбэл, манай улсын хувьд Гэр бүлийн тухай хуульд хамтран амьдрах хэлбэр, түүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тусгаагүй байгааг хуулийн төсөлд хамтран амьдрагчийг тодорхойлж, тэдгээрийн хамтын амьдралын явцад болон хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд эдлэх эрх, хариуцах үүрэг, мөн ийм харилцаанаас төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Гэр бүлтэй адилтгах харилцаа буюу хамтран амьдрагч зарим улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байгаа харилцаа буюу (Defacto)-г хүлээн зөвшөөрч, тэдгээрийн эрх зүйн байдлыг тодорхойлсон байна. Гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдрах хэлбэр нь эдийн засаг болон бусад хэрэгцээг хангах, гэр бүлийн зарим үүргийг гүйцэтгэдгээрээ гэр бүлийн төлөв байдалтай төстэй харилцаа гэж үздэг.
Тухайлбал, БНСУ-ын хуулиар гэр бүл болсныг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл нь тус улсын Иргэний хуулийн 812.1-д заасны дагуу Гэр бүлийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлснээр бий болно гэж хуульчилсан байдаг аж. Шүүх энэхүү хуулийг практикт тайлбарлан хэрэглэхдээ дээрх хуульд заасны дагуу холбогдох бүртгэлд гэрлэлтийн байдлаа бүртгүүлээгүй боловч гэр бүлийн хэлбэрийг агуулан, цаашид гэрлэлтээ бүртгүүлэх зорилгоор нэг хаяг дээр хамтын хөрөнгө бий болгон амьдарч байгаа тохиолдолд гэр бүл болсон гэж үздэг байна.
БНСУ дээрх харилцаанаас үүсэх хууль зүйн үр дагаврын хувьд хамтын амьдралаа дуусгавар болгох тохиолдолд бусад гэр бүлийн нэгэн адил дундын өмчлөлийн эд хөрөнгөө эн тэнцүү хуваах, хүүхдийн эрхийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлдэг байна. Гэвч гэрлэлтээ бүртгүүлээгүй хосуудын хэн нэг нь нас барсан тохиолдолд хосуудын хамтын оролцооны үр дүнд бий болсон дундын эд хөрөнгийг үлдсэн хамтран амьдрагч нь эд хөрөнгө хуваах болон өв залгамжлалын аль ч хэлбэрээр өмчлөх боломжгүй байна.
Манай улсын хувьд Гэр бүлийн тухай хуульд хамтран амьдрах хэлбэр, түүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тусгаагүй. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай байгаа хүмүүс... нэгэн адил хамаарна” гэж хамтран амьдрагчдын талаар зохицуулсан байна. 2014-2022 оны хооронд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу хамтран амьдарч байх хугацаанд нь 22924 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Энэхүү тоо баримтаас үзэхэд хамтран амьдрах (Defacto) хэлбэр түгээмэл байгаа юм. Манай улсын хувьд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрх, үүргийг тодорхойлох цаашлаад эд хөрөнгө хуваах, хүүхэд асрамжлалын маргаан үүсэх тохиолдолд үүсэх үр дагаврыг зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүй байна.
Иймд хуулийн төсөлд хамтран амьдрагчийг тодорхойлж, тэдгээрийн хамтын амьдралын явцад болон хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд эдлэх эрх, хариуцах үүрэг, мөн ийм харилцаанаас төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал Гэрлэлтээ бүртгүүлэгүй боловч, гэр бүлийн хэлбэрийг агуулсан хамтран амьдрагчийн харилцааг тус хуулийн төслийн 21 дүгээр зүйлд "Гэрлэлттэй адилтгах харилцаа" хэмээн нарийвчлан зааж өгчээ.
Үүнд,
21 дүгээр зүйл. Гэрлэлттэй адилтгах харилцаа
21.1.Гэрлэлтээ бүртгүүлэгүй боловч, гэр бүлийн хэлбэрийг агуулсан дараах шаардлагыг хангасан 18-н насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүний хамтран амьдарч байгаа дараах харилцааг гэрлэлттэй адилтган үзнэ:
21.1.1.цаашид гэрлэлтээ бүртгүүлэх зорилготой;
21.1.2.хамтран амьдрагчид хоёулаа эсхүл хэн нэг нь өөр хүнтэй гэрлэлт бүртгүүлээгүй байх;
21.1.3.гурваас доошгүй жил тогтмол хамтран амьдарсан;
21.1.4.эд хөрөнгө дундаа өмчилж байгаа, хамтын хөрөнгө бий болгосон;
21.1.5.хамтран амьдрагчид нэг оршин суух хаягт бүртгэлтэй;
21.1.6.хамтран амьдрагчид хүүхэдтэй болсон.
21.2.Энэ зүйлийн 21.1-д шаардлага хангасан хамтран амьдрагчид хамтын амьдралын явцад эхнэр, нөхрийн адил эрх, үүрэг хүлээнэ.
21.3.Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд хамтран амьдрагчдын хэн нэг нь дундын өмчийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг Иргэний хуульд заасны дагуу шаардах эрхтэй.
21.4.Хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд бие биеэ тэжээн тэтгэх, өв залгаамжлах эрх, үүрэг үүсэхгүй.
Сэтгэгдэл ( 3 )
gol ni bi hvvhdee oorooroo owgolson ghde 1 nasch hvreegvi bga hvvhdee yag hen ni asran hamgaalj awj vlddiin bee gej l haih ym daanch terend ni tohirson hariult gej yuch alga
gol ni gerleltee batluulaagbi hernee hvvhedtei bolson bol yag yah we geed haigaad bhd l yag tiim iim ingene gsn huuliin togtoomj togtool eswel neg tiim hereg boloh medeelel vnendee alga psda
zaawal 3s dooshgvi jil bx eostoi gjvv 1jil bolood xvvxedtei bolgood orhiod yawsan eriig yah we xvvxed bid 2r xoxiroxuu