Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнгөрсөн бямба гарагт /2022.06.04/ Х.Баттулга тэргүүтэй Ардчилсан нам /АН/-ын зарим гишүүдтэй уулзаж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцжээ.
Энэхүү уулзалт нь улстөрийн хүрээнийхний чихийг сортойлгож, нүдийг бөлтийлгөв. АН хоёр хуваагдаж, намын даргын асуудал хурцаар хөндөгдөж байгаа энэ үед Я.Содбаатар Х.Баттулгатай уулзаж, Улс төрийн намын тухай хуулийн төслийн талаар санал солилцсон нь С.Эрдэнийг үгүйсгэж байгаа мэт харагдуулав. Хэрэв Я.Содбаатар уг үйлдлээрээ С.Эрдэнийг үгүйсгэсэн бол үүнийг дагаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч үгүйсгэгдэх эрсдэлтэй.
Учир нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат өрсөлдөж, У.Хүрэлсүх ялалт байгуулсан. Тухайн үед С.Эрдэнийн АН-ыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүчин төгөлдөр гэж үзсэн учраас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулж, У.Хүрэлсүх ялалт байгуулсан. Харин энэ үед Х.Баттулгыг дэмжиж буй А.Адьяасүрэн тэргүүтэй АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ олж авахаар талбай дээр өлсгөлөн зарлаж, хэдэн өдөр майханд хоноглосон түүхтэй.
Гэвч тэдний зорилгыг Сонгуулийн ерөнхий хороо биелүүлээгүй тул С.Эрдэнэ АН-ыг төлөөлж, албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн билээ. Харин өнгөрсөн бямба гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Х.Баттулга нартай уулзаж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцсон нь Ерөнхийлөгчийн сонгуулийг үгүйсгэж байгаа мэт дүр зургийг илэрхийлэв үү гэх хардлага төрүүлэв.
Я.Содбаатарын хувьд ЖДҮХС-гийн зээлээс хойш "албан тушаалын суудал өнцөгдсөн" гэхэд болно. Тухайн үед ЖДҮХС-аас зээл авсан нь мэдэгдэнгүүт “Би мэдээгүй манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компани” хэмээн ярьж үгэндээ ороогдсон юм. Ингээд байдал эвгүйтэж, Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод удаагүй байсан тэрбээр сайдын суудлаа өгсөн.
Үүний дараа зээлийн асуудлаасаа болж сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулсан тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шадар сайдын албан тушаал хариж байсан ч төд удалгүй танхимаараа огцров. Ийнхүү хоёр сайдын суудлаас “ховхорсон” тэрбээр одоо л нэг албан тушаалд хүрэв үү үгүй юу Ерөнхийлөгчөө үгүйсгэсэн мэт үйлдэл гаргаж эхэлсэн нь болчимгүй үйлдэл үү, бодлоготой уулзалт уу.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ Адьяасүрэн зайлуул эсгий хийх газар нохой хэрэггүй гэж юу хийж яваа юм бол доо
Я.Содбаатарт шууд уулзах эрх мэдэл байхгүй шүү дээ ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавьсан тэгээд нэг аргацаах байдлаар зохицуулсан төрх шүү дээ