Эрээн хотод 21 хоног ХӨЛ ХОРИО тогтоож магадгүй гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

БНХАУ-ын Эрээн хотод зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө Covid-19 халдварын дөрвөн тохиолдол батлагдсан. Иймд тус хотод энэ сарын 2-оос хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэрийг Эрээн хотын Цар тахалтай тэмцэх шуурхай штабаас гаргасан аж. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын 34 тохиолдол батлагдаад байна. Эрээн хотод батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тусгаарлалтад авч, зарим иргэдийг ойролцоох хотууд руу тусгаарлах арга хэмжээ авч байгаа аж.

Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд Эрээнд үүссэн нөхцөл байдлын талаар "Өнгөрсөн 2021 оны аравдугаар сарын 11-нд Эрээн хотод Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоож байсан. Тухайн үеийн арга хэмжээ нь 21 хоног үргэлжилж, хэсэгчлэн сулруулах арга хэмжээ авч байсан. Өнөөдрийн байдлаар Эрээн хотод 54 хороолол буюу манайхаар хороонд хатуу хөл хорионы дэглэм мөрдөж байна. Тиймээс хөл хорионы дэглэм 21 хоног үргэлжлэх болов уу гэж харж байна" гэх тайлбарыг өглөө.

Мөн тэрбээр Эрээн хотоос гаргаж байсан гал тэрэг энэ сарын 2-оос зогсож, “Хуан Юй” гаалийн баталгаат талбайн ачилт зогссон байдалтай байгааг мэдээллээ. Тус талбайд 300 гаруй чингэлэг байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Эдгээр чингэлэг гарч дуустал хилийн боомт хэвийн үргэлжлэх болов уу гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байгааг онцоллоо.

Эрээнд ийнхүү хөл хорио тогтоосноор Монгол Улсад нарийн ногоо тасрах эрсдэлд ороод байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top