-Нэг тонн цемент гуравдугаар сард 313 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин одоо нэг тонн цементийн ханш 400 мянган төгрөгт хүрсэн байна-
Барилга угсралтын ажил ид ундарч буй энэ үед цар тахалтай холбоотойгоор хил, гааль дээр ачаа бараа гацсаны улмаас барилгын материалын үнэ тасралтгүй өсөж байна. Энэ нь шинэ болон хуучин байр худалдан авах иргэдэд нэлээд хүнд ачаа болж буй. Цементийн нийлүүлэлт муудсан учир барилгын компаниудын ажил зогсонги байдалд оржээ. Тиймээс иргэдийн хамгийн ихээр зорьдог барилгын материалын захаас сурвалжилга бэлтгэлээ.
Цемент хомстож, үнэ нь өссөн сургаар 100 айлын барилгын материалын захад байрлах цемент худалдаалах цэгийг зорьж очсон боловч хаалттай байж таарав. Холбогдох дугаар руу нь залгаж үзвэл "Цемент дууссан болохоор ажиллахгүй байгаа" гэсэн хариулт авлаа. Тиймээс Гурвалжингийн гүүрний хажууд байрладаг, олны нэрлэж заншсанаар 44-ийн захад очиход хүний хөдөлгөөн бага байлаа. Худалдаачдын хэлж буйгаар цемент тасалдаж, алга болоогүй. Харин нийлүүлэлт буурсан учир байгаа цементээ нөөцлөхөөс өөр аргагүй болсон гэнэ.
ХИЛ ХААЛТТАЙ УЧРААС ТҮҮХИЙ ЭД ТАСАЛДАЖ БАЙНА ГЭВ
44-ийн захад шуудай цементийг 17-19 мянган төгрөгөөр худалдаалж байв. Тодруулбал, Мак цемент 17 мянган төгрөг, Монцемент 18 мянган төгрөгийн ханштай байлаа. Харин Хөтөлийн цемент шохой компанийн цементийг арай хямд үнээр буюу 15 мянган төгрөгөөр зарах аж. Мөн цементийг тонноор нь авбал хүргэлттэй байна. Зарим нь таваас дээш тонн цемент худалдан авбал хүргэж өгнө гэсэн бол нөгөө хэсэг нь дор хаяж 20 тонныг авсан тохиолдолд хүргэнэ гэв.
Тус худалдааны төвийн худалдаачин Н.Н “Мак цемент 17 мянган төгрөг, Монцемент 18 мянган төгрөгийн ханштай байв. Ихээр авахаар бол үнийг хямд өгж болно. Өмнө нь 14-15 мянга төгрөг байсан. Монголдоо цемент үйлдвэрлэхэд урд хөршөөс түүхий эдээ авдаг. Хил хаалттайгаас болоод тасарсан. Гэхдээ бага хэмжээгээр үйлдвэрлэгдэж байгаа. Тийм учраас үнэ нь нэмэгдсэн” гэсэн юм. Хавар цементийн үнэ 12-15 мянган төгрөгийн ханштай байсан аж. Худалдаачид тодорхой хэмжээ хэлэхгүй байсан ч нөөц цемент хангалттай хэмжээнд байгааг дуулгав. Өдөртөө нэг их хүн ирэхгүй тул тэд хүний бараа хармагцаа л шууд үйлчлүүлэгчээ барьж аван өөрсдийн зарж буй цементийг шахахаар нэрийн хуудсаа өгч байлаа.
Барилга барихад хэрэглэх гол нэрийн бүтээгдэхүүнээ эх орондоо үйлдвэрлэж байгаа ч хомсдол, үнийн өсөлтөөс салахгүй байгааг шүүмжлэх иргэд олон байна. Түүнчлэн цементийг үйлдвэрээс нэг тонныг 235 мянгаар авдаг ба худалдаалахдаа ойролцоогоор 380-400 мянган төгрөг болгон нэмж байгаа аж. Үнийн хувьд шуудайгаар борлуулах тусам үнэ өсөж байв. Учир нь нэг шуудай цемент 48-50 кг жинтэй юм. Жил бүрийн энэ үед барилгын ажил эрчимждэг тул эрэлт ихэсдэг байна.
Гэвч энэ жил үүсээд буй хомстолын шалтгааныг худалдаачид тайлбарлаж чадахгүй байсан юм. Мөн жижиглэн болон бөөний үнээр цемент авах гэсэн хүмүүсийн эрэл хайгуул ихэссэн байлаа. Учир нь худалдаачдын утас зогсоо зайгүй хангинаж, авсан дуудлага бүрдээ хэдэн тонн цемент хаана хэрэгтэй байгааг ярьсаар байв. Үнэ сураглаж ирсэн иргэд цемент үнэтэй болсныг мэдмэгцээ хэдээс дээш тонноор авбал хямдруулах талаар лавлана. Энэ оны гуравдугаар сард цементийн үнэ 30 хувиар өссөн хэмээн нэлээд шуугьж байгаад намжсан. Тухайн үед нэг тонн цемент 253-313 мянган төгрөгийн үнэтэй байжээ. Харин өнөөдөр нэг тонн цементийн үнэ тэр үеэс даруй 40 мянган төгрөгөөр өсжээ.
ДӨРВӨН ҮЙЛДВЭР НИЙЛЭЭД ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАНА ГЭСЭН Ч ДИЙЛСЭНГҮЙ
Барилгын материал цемент худалдан авахаар ирж, сонирхож буй хүмүүс дунд хувь хүн өдрийн од шиг цөөхөн аж. Ихэвчлэн компанийн ажилчид хямд үнээр борлуулах цэгт очиж авахаар ирдэг байна. Гэсэн ч сүүлийн үед гэрээ хийж тогтмол их хэмжээгээр авах боломж хумигджээ. Учир нь нөгөө л хил, гааль дээр барааг үйлдвэрлэх гол нэрийн бүтээгдэхүүн тасалдсан гэх шалтаг үргэлжилнэ. Худалдааны төвд хомстож, олдохгүй байгаа бүтээгдэхүүнийг олох боломжтой нэгэн газар нь яах аргагүй интернэт орчин юм. Ялангуяа фейсбүүкийн бүлгэм, хуудас нээж цемент борлуулах иргэд нэлээдгүй ашигтай байгаа аж. Тэдэнтэй утсаар холбогдож хаана, хэдэн тонн цемент хэрэгтэй байгаагаа хэлбэл хэдийг ч хамаагүй хүргээд өгдөг гэж тайлбарлав.
Цементийн үнэ судалж яваа иргэн Б.Гэрэлхүү “Манай компани хоёр сарын өмнө барилгын шаваа тавьсан. Барилгын ажлаа эхлүүлж байя гэхээр цемент олдохгүй, хэт өндөр үнэтэй байна. Ченжүүд ерөнхийдөө цементээс 20 орчим хувийн ашиг олж байх шиг ээ. Удирдлагын зарааллаар энд ирсэн тул өөр зүйл нэмж хэлэхгүй” хэмээв. Манай улсад тус бүрдээ нэг сая тонн хэмжээний цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дөрвөн үйлдвэр бий.
Хөтөлийн цемент шохой ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар үйлдвэр нь зах зээлийн 15-20 хувийг хангаж чадна хэмээн мэдээлсэн. Түүний хэлснээр дөрвөн үйлдвэр нийлээд дотоодын жилийн хэрэгцээг хангаж дөнгөнө гэж буй. Гэсэн ч бодит байдал дээр цементийг тээвэрлэх машины шатахуун, үйлдвэрлэхэд зарцуулах цахилгаан болон түүхий эдийн дийлэнхийн үнэ өсөж, импортоор орж ирж байгаа аж. Түүхий эдээ дотоодоос хангаж чадахгүй, хилийн хоригоос болж татан авалт хийж чадахгүй байгаа гэсэн гацааг албаныхан өгсөөр байна. Түүнчлэн үйлдвэрээс ирэх нийлүүлэлт багассан тул худалдаачид аргагүйн эрхээр агуулахдаа байгаа цементээ хав дарж байгаагаа нуусангүй. Тэгэхгүй бол нэг хүн, албан байгууллагад бүгдийг нь бөөндөөд өгчихвөл юу ч үгүй үлдэнэ гэсэн далд айдас бий болсон гэдгээ ч тайлбарлав.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Хилээр хятадын цементийг л авах нь зөв. Монголтүйлдвэрүүдийг бүгдийг нь дампууруул
Монголд үйлдвэрлэгчдийг хөнгөлттэй зээлээр дэмжлээ гээд ийм л үр дүн гарна. Эргээд ард түмэн төрөө ацаглана шантаажлана бооно хаана. Төр авсан цементийн үйлдвэрийн үнэ л тогтвортой хямд бна. Гэнэт л үгсэн хуйвалдаж өсгөөд бгаа шүү дээ. Монголд үйлдвэрлэгчид бхгүй дамчид л гэж бна. Төр төмөр нүүрээ харуулаачээ. Шохойн ордоо буцааж аваачээ. Энэ дамчдаас
shaaaxa bolij vz