"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-59 ДҮГЭЭР БҮЛЭГ
СЮЙЧУ ДЭЭЛЭЭ ТАЙЛЖ НҮЦГЭНЭЭР МАЧАО ЛУГАА БАЙЛДСАН ЦАОЦАО БИЧГИЙГ БАЛЛАЖ БИЧИЖ ХАНЬСҮЙГ ЗАВСАРДУУЛСАН
Өгүүлэх нь: Тэр шөнө хоёр этгээдийн цэрэг зууралдан байлдаж гэгээрсэн хойно, өөр өөрийн цэргийг хураав. Мачао Вэйшүй голын аманд цэрэг буудаллан, өдөр шөнөгүй цэрэг хуваан өмнө умрыг байлдмуй. Цаоцао, Вэйшүй голд онгоц салыг гархиар холбож гурван хөвдөг гүүр тавиад өмнө хөвөөтэй залгажээ. Цаорэнь голын хоёр хөвөөг хавчин хүрээ байгуулаад амуу өвс зөөх тэргийг зэрэгцүүлэн тавьж халхавч хэрэм болгов. Мачао сонсоод цэргийн хүмүүсээр тус бүр нэжгээд баглаа өвс галтай авахуулан Ханьсүй лүгээ хүч хамтдаж хүрээний өмнө алан ороод өвсийг овоолон гал тавьсанд Цаоцаогийн цэрэг тулж тэсэхгүй хүрээг гээж буруулав. Тэрэг хөсөг, хөвдөг гүүр цөм галд автжээ. Силянгийн цэрэг ихэд дийлээд Вэйшүй голын хөвөөг тоссонд Цаоцао хүрээ байгуулж болохгүй тул дотроо зовниж байтал Сюнь Ю өгүүлрүүн: “Вэйшүй голын элс шороог авч шороон хэрэм цогцлоон сахиваас зохимуй” хэмээсэн тулд Цаоцао гурван түмэн цэрэг гарган шороо зөөж шороон хэрэм цогцлоов. Мачао сонсоод Пандө, Мадайд таван зуун цэрэг өгч хойш урагш дайруулахад элс шороо батгүй тул байгуулсан даруй эвдэрмүй. Цаоцао арга мухардан суух болов.
Тэр цагт есөн сарын сүүл тэнгэр хүйтэн болоод өдөр бүр үүл бүрхэж арилахгүй тул Цаоцао хүрээн дотроо зовниж бүхийд гэнэтхэн нэгэн хүн ирж хэлрүүн: “Нэгэн хөгшин хүн Чансанд золгож арга сүвэгчлэн өгсүгэй хэмээмүй”. Цаоцао тэр хүнийг залж оруулан үзвээс тогоруу шиг цэвэрхэн, ургаа нарс гоолиг цэх агаад овор дүр ихэмсэг нэгэн байв. Асууваас Жинжао газрын хүн Жүннан Шань ууланд удтал дияанчлан суужээ. Овог Лоу, нэр Зыбө, сахилын нэрийг “Мөнмэй арш” хэмээмүй. Цаоцао зочны ёсоор хүндлэв. Зыбө өгүүлрүүн: “Чансан Вэйшүй голыг гэтэлж, хүрээ байгуулсугай хэмээгээд удсан атал өдгөө юунд тухайлан байлдахгүй буй?”. Цаоцао өгүүлрүүн: “Элст газар хэрэм байгуулавч бүтэхгүй. Дияанчилж суусан сайд танд ямар сайн арга буй?”. Зыбө өгүүлрүүн: “Чансан цэрэг хэрэглэх нь хувилгаан адил бөгөөтөл яахин тэнгэрийн цагийг мэдэхгүй аж? Өдөр бүр тэнгэр бүрхээд, умрын салхи салхилбаас газар эрхгүй ихэд хөлдмүй. Салхи дэгдсэн хойно, цэргийг шавдуулан шороо зөөлгөөд дээр нь ус цацваас үүр гэгээрэх зуур шороон хэрэм бүтэх бөлгөө” хэмээсэнд Цаоцао сая сэрэгдэж, Зыбөд талархан мэхийж хүнд шан өгвөөс авсангүй одов.
Тэр шөнө, умрын салхи ихэд салхилсанд Цаоцао бүх цэргүүдээр шороо зөөлгөж “Ус цац!” хэмээвээс ус хийх савгүй тул уут хийлгэж ус зөөлгөн цацуулбаас байгуулсан даруй хөлджээ. Гэгээртэл элс хөлдөөд шороон хэрмийг байгуулж дуусгажээ. Хүн Мачаод ирж хэлсэн хойно Мачао цэрэг авч ойр одож үзээд ихэд цочин “Энэ лав сахиулсан тусалсан буй за!” хэмээн санаж дэд өдөр их цэргийг хурааж хэнгэрэг дэлдэн оров. Цаоцао биеэр морь унаж, хүрээнээс гарахад гагц Сюйчугийн нэгээхэн хүн хойно дагажээ. Цаоцао ташуураар зааж өндөр дуугаар өгүүлрүүн: “Мөндө би ганц мориор энд хүрч ирээд, Мачаог залж ирэн үг өчсүгэй!” хэмээсэнд Мачао морилж жад барин гарав. Цаоцао өгүүлрүүн: “Чи намайг хүрээ байгуулж чадахгүй хэмээн дурамжилсан бөлгөө. Энэ нэгэн шөнийн хооронд тэнгэрээс тусалж байгуулан бүтээжээ. Чи юунд хурдан дагахгүй буй!”. Мачао ихэд хилэгнэн дайран очоод “Барьсугай!” хэмээхэд Цаоцаог ийн хойдод нэгэн хүн нүдийг дүгрэглэн нээж, гартаа дам илд бариад морийг татаж явж амуй. Мачао “Лав Сюйчу буй за!” хэмээн сэжиглэж, ташуураар зааж өгүүлрүүн: “Чиний цэргийн доторх Хүхоу342 хэмээгч нэгэн буй хэмээн сонсов, хаана буй аж?”. Сюйчу илдийг өргөн их дуугаар өгүүлрүүн: “Би даруй Цяозюнь газрын Сюйчу болой!” хэмээн нүднээс нь гэрэл цацран бадруулах сүрд Мачао эмээж хөдөлсөнгүй. Морийг буцааж эгсэнд Цаоцао мөнхүү Сюйчуг авч хүрээнд эгэв. Үүнийг хоёр этгээдийн цэрэг үзээд цөм гайхалдмуй. Цаоцао олон жанжны зүг хандан: “Хулгай бас ч Жункан343 болбоос Хүхоу хэмээн мэдмүй!” хэмээв. Үүнээс хойш цэргийн дотор цөм Сюйчуг Хүхоу хэмээн дуудах болжээ. Сюйчу өгүүлрүүн:“Би маргааш эрхгүй Мачаог барьмуй”. Цаоцао өгүүлрүүн: “Мачао их баатар тул хөнгөлөн байлдваас болохгүй”. Сюйчу өгүүлрүүн: “Би амалдаж үхэн байлдмуй!” хэмээгээд даруй байлдах бичиг хүргүүлж, хэлрүүн: “Хүхоу ганцаар Мачао лугаа маргааш байлдмуй” хэмээв. Мачао бичгийг хүлээн аваад ихэд уурлан өгүүлрүүн: “Ямар аймшиггүй энэ мэт дарламуй!” хэмээгээд даруй маргааш “Мугуйд барсыг алмуй” хэмээн амалдан тангараглажээ.
342 Сюйчугийн хэргэм зэрэг
343 Сюйчугийн өргөсөн нэр
Дэд өдөр хоёр этгээдийн цэрэг хүрээнээс гаран, жагсаал жагсаасан хойно Мачао, Пандөг зүүн этгээдэд Мадайг баруун этгээдэд болгож, Ханьсүйг цэргийн дундад болгоод Мачао жад барин жагсаалын өмнө зогсоод өндөр дуугаар: “Мугуйд барс хурдан гарч ирэгтүн!” хэмээв. Цаоцао тугийн доор зогсож хойш харан олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Мачаогийн хүч Люйбүгээс буурайгүй” хэмээн өгүүлж барахын урьд, Сюйчу морио давхиулан илд далайн гарч Мачаог угтан байлдав. Зуун удаа тулгарсан ч хэн нь дийлэх дийлэгдэх үгүй. Гэвч морь цуцсанд өөр өөрийн хүрээнээ эгээд, морийг халж унаад гарч байлдсаар зуун удаа болтол мөнхүү ялгарахгүй тул Сюйчугийн мугуйд зан хөдлөөд нисэх мэт хүрээнээ одож хуяг дуулгыг тайлан бие нүцгэнээр илд барьж морь унан байлдахаар ирэхэд хоёр этгээдийн цэрэг ихэд гайхацгаав. Хоёул бас гучин удаа илүү болсон хойно Сюйчу шаламгайлан илдийг өргөж Мачаог цавчихад Мачао зайлаад нэгэн жадаар Сюйчугийн цээжийг зүглэж жадлахад Сюйчу илдийг гээж, жадыг суганд хавчаад хоёул морины дээр жадыг булаалдмуй. Сюйчугийн хүч эрэлхэг тул нэгэнтээ дуу гарахуйяа жадны ишийг мушгин хугалж тус бүр нэжгээд хагасыг барьж морин дээр харилцан занчилдав. Цаоцао, Сюйчуг автагдуузай хэмээн эмээж даруй ся Хоу Юань, Цаохун хоёр жанжныг илгээж хавчин байлдуулахад Пандө, Мадай үзээд хоёр этгээдийн төмөр хуягт цэргийг дохиж хөндлөн гулд дайран ирсэнд Цаоцаогийн цэрэг ихэд самууран Сюйчугийн мөрөнд хоёр зэв оножээ. Олон жанжин нар яаран эгж хүрээнээ орсонд Мачао шууд голын ирмэгт хүртэл хөөж алав. Цаоцаогийн цэрэг их хагас хохирсон тул Цаоцао хүрээний хаалгыг хааж битгий гарагтун хэмээн цаазлав. Мачао, Вэйшүй голын аманд хүрээд, Ханьсүйгийн зүг өгүүлрүүн: “Би үзвээс хүчлэн байлдахад хэн ч Сюйчуд хүрэхгүй. Үнэхээр “Барс мэт муйхар болой!”” хэмээжээ.
Тэндээс Цаоцао сэтгэрүүн, Мачаог аргаар эвдэж болмуй хэмээн бодоод, сэмээр Сюйхуан, Жүлин нарыг цөм “Голын баруунтаа гэтлэн гарч хүрээ байгуулж, өмнө умраас хавчин байлд!” хэмээн илгээв. Нэгэн өдөр Цаоцао хэрмийн дээрээс үзвээс Мачао хэдэн арван морьтонг авч шууд хүрээний өмнө ирээд урагш хойш нисэх мэт довтолмуй.
Цаоцао удтал үзээд дуулгыг аван хөсөр хаяад: “Мачао үхэхгүй болбоос намайг оршуулах газаргүй болгомуй!” хэмээсэн хойно Ся Хоу Юань сонсоод тачаадаж өндөр дуугаар өгүүлрүүн: “Би энэ газарт үхэвч Мачао хулгайг амалдаж сөнөөсүгэй!” хэмээн өгүүлээд даруй өөрийн захирах мянган цэргийг авч их хаалгыг нээж, шууд нэхэж одов. Цаоцао яаран зогсоовч болохгүй тул “Алдагдуузай!” хэмээн болгоомжилж, яаран биеэр морь унаж туслахаар ирэв. Мачао, Цаоцаогийн цэрэг ирснийг үзээд өмнөх цэргийг хойд, хойдох цэргийг өмнө болгож, нэгэн эгнээ жагсаатал Ся Хоу Юань хүрч ирсэнд Мачао угтаж байлдав. Мачао самуун цэргийн дотор холоос Цаоцаог үзээд даруй Ся Хоу Юанийг гээж Цаоцаог зүглэн очив. Цаоцао ихэд цочиж морийг эргүүлэн буруулсанд Цаоцаогийн цэрэг ихэд самуурав. Хараахан нэхэхэд гэнэт хүн ирж хэлрүүн “Цаоцаогийн нэгэн салааны цэрэг голын баруунтаа хүрээ байгуулж буй” хэмээхэд Мачао ихэд гэлмэж цэргийг хурааж, хүрээнд эгээд Ханьсүй лүгээ зөвдөж өгүүлрүүн: “Цаоцаогийн нэгэн салааны цэрэг хоосныг тухайлан голын баруунт гэтлэн гарчээ. Бидний цэргийн өмнө хойдод хавчин байлдваас хэрмүй?”.
доорхи жанжин Ликань өгүүлрүүн: “Газрыг хасч, зохицон хэлэлцээд, хоёр этгээд цэрэг зогсож, өвлийг өнгөрөөгөөд, хавар дулаан болсон хойно өөр арга зөвлөхүйд хүрэхгүй!” гэхэд, Ханьсүй өгүүлрүүн: “Ликаньгийн үг маш зөв тул дагаваас зохимуй!” хэмээв. Тэр үгэнд Мачао татгалзан бүхийд Янцю, Хоусюань цөм “Зохицсугай!” хэмээн сануулах тул Ханьсүй даруй Янцюг элч болгож, Цаоцаогийн хүрээнд бичиг хүргүүлж, газрыг хасаж зохицох хэргийг хэлсэнд Цаоцао өгүүлрүүн: “Чи түр эгэгтүн! Би маргааш хүн зарж хойш хэлүүлсүгэй!” хэмээсэнд Янцю, Цаоцаогаас салж эгсэн хойно Зясюй ороод Цаоцаод золгож өгүүлрүүн: “Чансангийн санаа ямар буй?”. Цаоцао өгүүлрүүн: “Гүнгийн үзэлд ямар аж?”. Зясюй өгүүлрүүн: “Цэрэг хуурахыг жигших үгүй, Хуурмагийг хүлээн авч хойно завсардуулах аргаар Мачао Ханьсүй хоёрыг харилцан сэжиглүүлбээс нэгэнт хэнгэрэг дэлдэх зуур тэднийг эвдэлж болмуй”. Цаоцао алгаа ташиж баярлан хэлрүүн: “Дэлхий дахины дээд мэргэдийн үзэл олонтоо харилцан нийлэлцэх бөлгөө. Вэньхөгийн344 бодлого төвхийтэл миний сэтгэл доторх хэрэг болой” хэмээн өгүүлээд хойш бичиг хүргүүлэн өгүүлсэн нь: “Хүлээж, алгуураар цэрэг буцаасны хойно, чиний голын баруун дахь газрыг эгүүлэн өгсүгэй!” хэмээв. Нэгэнтээгүүр хүн зарж гол дээгүүр гүүр тавьж, цэрэг эгэх байдлыг гаргамуй. Мачао бичгийг үзээд Ханьсүйгийн зүг өгүүлрүүн: “Цаоцао хэдий зохицохыг хүлээн авсан боловч зальхай баатарыг бодохуйяа бэрх. Хэрвээ эс сэргийлбээс гэдрэг түүний арганд ормуй. Мачао би авгын хамт ээлжлэн цэргийг улируулж авга энэ өдөр Цаоцаог тулбаас би Сюйхуан лугаа тулсугай! Маргааш би Цаоцаог тулбаас авга Сюйхуантай тулагтун. Хоёр замаар бэлтгэлтэй байж түүний хуурахыг сэргийлсүгэй!” хэмээсэнд Ханьсүй аргыг дагаж явав.
344 3ясюйгийн өргөсөн нэр
Тэндээс хүн ирж Цаоцаод мэдүүлсэнд Цаоцао Зясюйгийн зүг хандаж өгүүлрүүн: “Миний үйл бүтэв!” хэмээгээд асууруун: “Маргааш хэн над лугаа тохиолдмуй?”. Хүн хэлрүүн: “Ханьсүй болой” болой. Дэд өдөр Цаоцао олон жанжин нарыг авч хүрээнээс гараад зүүн баруун этгээдэд тойрон жагсаагаад Цаоцао ганцаар дунд зогсжээ. Силянгийн цэрэг Цаоцаог танихгүй нь олонтоо буйн тул гарч ирээд үзэхэд Цаоцао өндөр дуугаар өгүүлрүүн: “Танай олон цэрэг цао гүнг үзсүгэй хэмээмүй үү?” Би бусдын адил хүн болой. Дөрвөн нүд хоёр ам байх нь бус ганц мэргэн арга ухаан ихэд болой” хэмээхэд олон цэрэг цөм царай хувилжээ. Цаоцао хүн зарж Ханьсүйд хэлрүүн: “Чансан чамайг ганцаар залж хэлэлцсүгэй!” хэмээмүй. Ханьсүй даруй жагсаалаас гарч үзвээс Цаоцао хуяг өмссөнгүй тул бас ч хуягаа тайлж хөнгөн хувцас ганц морьтой гарч хоёул мориныхоо толгойг солилцуулан тус бүр жолоог нь татаж хэлэлцэхэд Цаоцао өгүүлрүүн: “Би жанжны эцэг лүгээ хамт Сяолянь түшмэл болж би үргэлж авгын ёсоор хүндлэх бөлгөө. Би бас гүн лүгээ хамт түшмэл сууж санамсаргүй жил удав. Жанжин энэ жил нас сүүдэр хэд болсон буй?”. Ханьсүй өгүүлрүүн: “Дөч наслав”. Цаоцао хэлрүүн: “Эрт өдөр нийслэл хотод агсан цагт цөм хавар мэт залуу байжээ. Удалгүй цөм насны дунд болжээ. Яахан олж дэлхий дахиныг түвшин болсны хойно хамт жаргах буй?” хэмээн ганц хуучин учрыг нарийвчлан хэлэлцэхээс цэргийн хэргийг огт урьдсангүй өгүүлж бараад ихэд инээмүй. Харилцан хэлэлцсээр нэгэн цаг болоод сая морийг эгүүлэн салж, өөр өөрийн хүрээнд эгэв. Хэдийнээ хүн энэ учрыг Мачаод хэлсэнд Мачао яаран ирж Ханьсүйгээс асууруун: “Энэ өдөр Цаоцао жагсаалын өмнө ямар учрыг хэлэлцсэн буй?”. Ханьсүй өгүүлрүүн: “Нийслэл хотод байсан хуучин учрыг хэлэлцсэн бөлгөө”. Мачао өгүүлрүүн: “Хэрхэн цэргийн үйлийг хэлэлцэхгүй аж?”. Ханьсүй өгүүлрүүн: “Цаоцао хэлэлцэхгүйд би юун хэмээн дурьдмуй?”. Мачао дотроо маш сэжиглэж хэлсэнгүйгээр эгэв.
Тэндээс Цаоцао хүрээндээ эгээд Зясюйгийн зүг өгүүлрүүн: “Гүн миний жагсаалын өмнө хэлэлцсэн санааг ухав уу?”. Зясюй өгүүлрүүн: “Энэ санаа хэдий сайн боловч хоёр хүний хооронд өшөөтэй болгож чадахгүй. Надад нэгэн арга буй. Мачао, Ханьсүй хоёрыг өшөөлж харилцан байлдуулж болмуй”. Цаоцао аргыг асууваас Зясюй өгүүлрүүн: “Мачао жирийн нэгэн баатар эр тул нарийн нягт аргыг мэдэхгүй. Чансан өөрийн гараар Ханьсүйд өгөхөөр нэгэн бичиг хийж, гагц бичиг дотор олонтоо буранхуй бичээд чухал газарт өөрөө баллан засаж бичсэн хойно битүүмжлэн Ханьсүйд хүргүүлтүгэй! Илгээх үес аргацаан Мачаод мэдүүлбээс Мачао эрхгүй ирж бичгийг сураглан үзмүй. Хэрвээ дээрх чухал газарт цөм балласныг үзвээс гагц Ханьсүй ямар нарийн нягт хэргийг мэдүүзэй хэмээн эмээж өөрөө баллав хэмээн таамаглуулбаас төвхийтэл жагсаалын өмнө ганцаар золгож хэлэлцсэн сэжиглэл лүгээ нийлэлцмүй. Сэжиглэвээс эрхгүй самуун үүсгэмүй. Жич бид Ханьсүйгийн доорхи жанжин нар лугаа сэмээр нийлж харилцан завсардуулбаас Мачаог барьж болмуй” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Энэ арга ихэд сайн” хэмээгээд чухал газрыг цөм балласан хойно битүүмжлээд тусгай олон хүнийг зарж Ханьсүйгийн хүрээнд хүргүүлж эгэв. Үнэхээр хүн мэдээд Мачаод хэлэхээр ирсэнд Мачао дотроо нэнд сэжиглэж, шууд Ханьсүйгийн дэргэд ирж бичгийг үзсүгэй хэмээхэд Ханьсүй бичгийг авч Мачаод өгөв. Мачао дээрх балласан үсгийг үзээд Ханьсүйгээс асууруун: “Бичгийн үсгийг юунд балласан аж?”. Ханьсүй өгүүлрүүн: “Уг бичиг энэ мэт, ямар учрыг мэдэхгүй”. Мачао өгүүлрүүн: “Юун хэмээн эхэлж бичсэн бичгийг хүнд хүргэх ёсон буй? Эрхгүй авга эцэг намайг нарийн нягт нууцыг мэдүүзэй хэмээн болгоомжилж урьд засаж бичсэн бөлгөө”. Ханьмүй өгүүлрүүн: “Цаоцао ташааран эхэлж бичсэн бичгийг битүүмжлэн илгээсэн буюу” хэмээмүй. Мачао өгүүлрүүн:“Би итгэхгүй. Цаоцао болбоос нэгэн хичээнгүй хүн тул юунд ташаарах хэрэг буй? Би авга лугаа хамт нэгэн хүчээр хулгайг алсугай хэмээсэн бөгөөтөл юунд гэнэт өөр сэтгэл үүсгэмүй?”. Ханьсүй өгүүлрүүн: “Чи хэрвээ надад итгэхгүй болбоос маргааш би жагсаалын өмнө хуурмагаар Цаоцао лугаа үг хэлэлцсүгэй хэмээн дуудан гаргасугай. Чи жагсаалын дотроос гэнэт гарч ирээд нэгэнтээ жадалж албаас барав”. Мачао өгүүлрүүн: “Хэрвээ энэ мэт болбоос сая авга эцгийн үнэн санааг мэдмүй” хэмээн хоёул хэлэлцэн тогтов.
Түүнээс дэд өдөр Ханьсүй, Хоусюань, Ликань, Лянсин, Мавань, Янцю нарын таван жанжныг авч жагсаалаас гарсанд Мачао хүрээний үүдэнд далд зогсов. Ханьсүй хүн илгээж Цаоцаогийн хүрээний өмнө хүрч дуудруун: “Хань жанжин Цао Чансанг залж хэлэлцсүгэй хэмээмүй” хэмээсэнд Цаоцао, Цаохун нарын хэдэн арван морьтонг явуулж жагсаалын өмнө гаргаад Ханьсүй лүгээ золгуулсанд Цаохун гараад морь хэдэн алхмын ойр хүрч мэхийж ёслон өгүүлрүүн: “Өчигдөр шөнө Чансангийн жанжинд хэлүүлсэнийг битгий саатуул!” хэмээн өгүүлээд даруй эгэв. Мачао сонсоод ихэд хилэгнэж жад барин морь довтолгон Ханьсүйг жадлахад таван жанжин хөндөлдөж хориглоод хүрээнээ эгсэн хойно Ханьсүй өгүүлрүүн: “Мэргэн ач битгий сэжиглэгтүн надад муу сэтгэл үгүй бөлгөө” хэмээсэнд Мачао хэрхин итгэх аж. Ихэд хилэгнэж эгэв. Ханьсүй таван жанжинтай зөвлөж өгүүлрүүн: “Энэ хэргийг хэрхин тайлмуй?”. Янцю өгүүлрүүн: “Мачао баатартаа эрэмшиж эзэн гүнийг дарлах сэтгэл буй. Хэрвээ Цаоцаог дийлсэнд юунай тавин өгөх аж? Миний мунхаг санаанд Цао гүнийг дагахад үл хүрмүй. Дагаваас хойш өдөр Хоу хэргэм өргөмжлөхийг алдагдах үгүй болой”. Ханьсүй өгүүлрүүн: “Би Матэн лугаа ах дүү барьсан тул хэрхин төвдөж тэсэргүүлмүй?”. Янцю өгүүлрүүн: “Хэрэг нэгэнтээ үүнд хүрсэн тул дайн болохгүй эс болмуй”. Ханьсүй өгүүлрүүн: “Хэн мэдээ нэвтрүүлмүй?”. Янцю өгүүлрүүн: “Би одохыг хүсмүй” хэмээсэнд Ханьсүй даруй нэгэн битүүмж дагах бичиг хийж, Янцюг Цаоцаогийн хүрээнд илгээж дагах үйлийг хэлсэн хойно Цаоцао ихэд баярлаж, Ханьсүйг “Силянгийн Хоу өргөмжилсүгэй!” хэмээгээд Янцюг Силянгийн Тайшоу болгож түүнээс өөрийг цөм түшмэл өгөөд гал тавихаар тэмдэг болгон бүгдээр “Мачаог аргадсугай!” хэмээн болж тогтов. Янцю ёслон салаад эгж Ханьсүйд тэр хэргийг хэлж “Мөн шөнөдөө гал тавьж дотор гаднаас нийлэхээр болж тогтсоныг” хэлсэн хойно Ханьсүй ихэд баярлан цэргийн ард хүрээний дундад хуурай өвс овоолж таван жанжин илд сэлэм зүүж жигүүрт бэлтгэн зогсжээ. Ханьсүй зөвдөлцөж хурим бэлтгэн Мачаог залж ирээд хуримын ширээн дээр “Аргадсугай!” хэмээн тогтов.
Түүнээс Мачао хэдийн туршиж олоод ойр дотны хэдэн хүнийг авч сэлмийг атган урьдаар мордоод, Пандө, Мадайг “Ард туслагтун!” хэмээв. Мачао сэмээр Ханьсүйгийн цацарт орж үзвээс таван жанжин Ханьсүйгийн хамт нууцаар хэлэлцмүй. Сонсвол Янцю хэлрүүн: “Хэргийг удааж болохгүй. Түргэн явуулбаас зохимуй!” хэмээсэнд Мачао ихэд хилэгнэж сэлмийг дохиж шууд дайран ороод зандран: “Олон хулгай ямар аймшиггүй намайг хөнөөсүгэй хэмээмүй!” гэхэд олон цөм ихэд цочжээ. Мачао сэлмээр Ханьсүйгийн магнайг зүглүүлэн цавчихад Ханьсүй яаран гараар тоссонд зүүн гарыг хэдийн цавчин унагажээ. Таван жанжин илд барьж цугаар гарсанд Мачао цацраас алхан гарахуйяа тавуулаа тойрон хааж алалдмуй. Мачао ганцаар эрдэнийн сэлмийг эргүүлэн таван жанжныг хүчлэн эсэргүүцэж, сэлмийн гэрэл үзэгдэх газар цус цувран нисмүй. Маванийг цавчиж унагаан, Лянсинийг алсанд гурван жанжин тус бүр дутаав. Мачао дахин цацарт орж Ханьсүйг “Алсугай!” хэмээвээс тэр үес нэгэнт жигүүрийн ард авран гаргажээ. Цацрын хойд талд гал гарахуйяа олон хүрээний цэрэг цөм хөдөлсөнд Мачао яаран морь унатал Пандө, Мадай бас хүрч ирээд зууралдан байлдахад Мачао цэргийг авч байлдан гарваас Цаоцаогийн цэрэг дөрвөн этгээдээс хүрч ирэв. Өмнө талд Сюйчу, хойноос Сюйхуан зүүнээс Ся Хоу Юань, баруунаас Цаохун нар иржээ. Силянгийн цэрэг харилцан алалдав. Пандө, Мадай нар үзэгдэхгүй тул Мачао даруй зуу гаруй цэргийг авч Вэйшүй голын гүүрэн дээр хөндөлдөн зогсов. Тэнгэр сая гэгээртэл Ликань нэгэн багийн цэрэг авч гүүрний доогуур өнгөрөн одмуй. Мачао жад барьж морийг давхиулан хөөхөд Ликань жадыг чирч явтал Юйзинь, Мачаогийн арын хойноос нэхэж ирээд нум гаргаж харвасанд Мачао ар талд нь нумын хөвчийн дуун гарахыг сонсож яаран биеэ зайлсанд харин өмнөх Ликань зэвд оногдож үхэв. Мачао морио буцаан Юйзинь лүгээ байлдахаар ирсэнд Юйзинь морины амыг эргүүлээд буруулав. Мачао хойш ирж гүүрний дээр зогсвоос Цаоцаогийн цэрэг өмнө хойноос түлхлэн хүрч ирээд Хүвэй цэрэг уртад болж, Мачаог сацлан харвахад Мачао жадаар зайлуулбаас зэв дам дамаар газар унмуй. Мачао дагах морьт цэргийн хамтаар цааш нааш дайран алалцахад хэрэхсүү. Цаоцаогийн цэрэг даанч зузаан тул гарч чадсангүй. Мачао гүүрэн дээр ихэд бархираад голын хойд руу алан орвоос дагасан морьтон цөм таслагдаад Мачао гагцаар жагсаалд дайран явж атал харин холхивч нуманд морь оногдон үхсэнд Мачао газарт унажээ. Цаоцао улам ойр хааж, төвхийтэл цухалдаж асанд гэнэт баруун хойд зовхисоос нэгэн багийн цэрэг байлдан ирэв. Харин Пандө, Мадай нар болой. Хоёул Мачаог тэнхрүүлэн авч цэргийн морийг Мачаод унуулаад бие эргэж нэгэн цусан зам татуулсаар байлдан гараад, баруун хойд зүг буруулан одов. Цаоцао Мачаогийн буруулан гарсныг сонсож олон жанжин нарт зарлаж өгүүлрүүн: “Өдөр шөнийг ялгалгүй эрх биш Мачаог завдаж, хэрвээ тэргүүнийг авчирсан хүнд мянган лан алт шагнаж, түмэн өрхийн Хоу өргөмжилмүй. Амьд барьж авчирваас их жанжин болгомуй” хэмээсэн хойно олон жанжин зарлалыг хүлээн тус бүр гавьяаг тэмцэн дараа дараагаар нэхэж одов. Мачао хүн морь ядаж зүдэхийг хайхрахгүй урагшлан явсаар морьт цэрэг улам улам сарниж, явган цэрэг явж завдахгүй, цөм баригдаад гагц гучаад морьтон үлдэв. Пандө, Мадай лугаа Лунси, Линтао газрын зүг буруулан одов.
Тэндээс Цаоцао өөрийн биеэр нэхэж, Аньдингийн газарт хүрээд “Мачао хол одов” хэмээн сонсож сая цэргээ хурааж, Чан Аньд эгсэнд олон жанжин нар дараа дараагаар хүрч ирвээс Ханьсүйгийн зүүн гар нэгэнтээ үгүй болоод хэрэггүй хүн болжээ. Цаоцао Чан Аньд цэрэг морийг амуулж, Ханьсүйд Силянгийн Хоу хэргэм зэргийг өгч Янцю, Хоусюанийг цөм Хоу өргөмжлөн Вэйкоугийн амыг сахиулаад цэргийг хурааж “Сюйдүд эгсүгэй!” хэмээн зарлав. Тэр цагт Лянжоугийн Цаньзюнь түшмэл Янфү, өргөсөн нэр Ишань хэмээгч хүн Чан Аньд ирж Цаоцаод золгосонд Цаоцао асууваас Янфү өгүүлрүүн: “Мачаогийн баатар зориг Люйбү лүгээ дүйцэх бөгөөд Цян аймгийн хүний сэтгэлийг ихэд олжээ. Өдгөө Чансан мөн хүчинд байлдаж арилгахгүй болбоос хожмын өдөр хүчээ тэжээж бүтээвээс Луншангийн олон хошуу дахин улс гэрийнх бус болмуй. Чансан түр битгий цэрэг эгэгтүн!”. Цаоцао өгүүлрүүн: “Би чухам энд цэрэг үлдээж байлдсугай хэмээмүй. Хэрхсүү, Жуньюаньгийн газарт хэрэг олон бөгөөд өмнө зовхис тогтоогүй тул удаан байваас болохгүй. Та миний төлөө хамгаалан өгсүгэй!” хэмээсэнд Янфү хүлээн авав. Бас Вэйканыг батлан Лянжоугийн Цыши түшмэл болгон хамт цэрэг авч “Зичэн хотод буудаллаж Мачаог сэргийл!” хэмээв. Янфү явахдаа Цаоцаод гүйж өгүүлрүүн: “Чан Аньд эрхгүй цэрэг үлдээж өмгөөлүүлтүгэй!” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Би нэгэнтээ тогтоож дуусав. Чи сэтгэлээ сулхан болгогтун!” хэмээсэнд Янфү салж очив. Олон жанжин нар цөм асууруун: “Угтаа хулгай Тунгуань боомтыг эзлэх цагт Вэйшүй голын хойд зам чухал атал Чансан Хөдунгаас Фөн Юйг байлдсугай хэмээхгүй гэдрэг Тунгуань боомтыг сахин өдөр сарыг сүйтгэн удаж, хойно голын хойдод гэтлэн гарч хүрээ байгуулж бэхлэн сахисан нь ямар учир болой?” хэмээвээс Цаоцао өгүүлрүүн: “Хулгай анхан Тунгуань боомтыг сахисанд би тугтам хүрч ирээд даруй Хөдуныг авбаас хулгай эрхгүй газар газарт хувааж хүрээ байгуулан олон олмын амыг сахиваас голын баруунд олж гэтэлж чадахгүй болмуй. Тийнхүү би их цэргийг цөм Тунгуань боомтын өмнө хуруулж, хулгайн цэргийг гагц өмнийг сахиулан, голын барууныг бэлтгэлгүй болгосон тул Сюйхуан, Жүлин хоёр сая олж гол гэтэлсэн болой. Би түүний хойно цэрэг авч голын хойдод гэтлэн тэргийг холбож хашаа барин далангийн зам үйлдсэн нь хулгай миний буурайг мэдэж сэтгэл оморхоглоод сэрэмжлэхгүй чөлөөнд би сая завсардуулж уран аргыг хэрэглээд өөрийн цэргийг тэжээж, хүчийг засаад нэгэнтээ байлдаад дийлсэн нь энэ болой. Энэ чухам “Аянгын дуунд чихийг дарж завдахгүй” хэмээгч болой. “Цэрэгт хувилах улирах нь нэгээхэн ёс бус бөлгөө” хэмээсэнд олон жанжин нар бас асууруун: “Чансан хулгайн цэрэг нэмэх бүрд баярлах нь юуны учир болой?”. Цаоцао өгүүлрүүн: “Гуаньжунгийн газрын зах хол. Хулгай хэрвээ өөр өөрийн газрыг бэхлэн сахиваас нэг хоёр жилийн дотор төвшин болгож эс болмуй. Өдгөө нэгэн газарт хурж ирсэнд тэр хэдий олон хэмээвч хүний сэтгэл нэгдэхгүй тул завсардуулахад хялбар бөгөөд нэгэнтээ хөдөлсөнд сөнөөж болмуй.
Тиймийн тул би баярласан болой”. Олон жанжин нар сөгдөж өгүүлрүүн: “Чансангийн хувилгаан аргад олон хүрэхгүй болой!”. Цаоцао өгүүлрүүн: “Цөм танай олон бичиг цэргийн түшмэлийн хүчинд эрдсэн нь болой” хэмээн өгүүлээд даруй олон цэрэгт шан өгч Ся Хоу Юанийг Чан Аньд үлдээгээд эл дагасан шинэ цэргийг олон ангид салгаж оруулав. Ся Хоу Юань, Фөн Юйгийн Гаолингийн хүмүүн болох овог Жан, нэр Зи, өргөсөн нэр Дөрунг батлан Зинжаогийн Инь түшмэл болгож, Ся Хоу Юань лүгээ хамт чан анийг сахиулав. Цаоцао цэрэг хурааж, Сюйдүд эгж ирсэнд, Сяньди хаан тэрэг морь бэлтгэж, хотоос гарч угтаад зарлигаар Цаоцаог “Бараалхахад нэрийг дуудахгүй, ордонд ороход яаран гүйхгүй, илд зүүж харшид орж” Хань улсын Чансан Сяохөгийн адил дүрэмлэн аваачив. Үүнээс сүр дотоод гадаадад нэн алдаршжээ. Энэ мэдээ Ханьжунгийн газарт хүрсэнд хэдийн нэгэн хүнийг цочоов.
Тэр нь Ханьнин хотын Тайшоу Жанлү байжээ. Угтаа Жанлү болбоос Пэйгуогийн газрын хүмүүн. Түүний өвөг Жанлин Сычуаньгийн Гөмин Шань уулын дотор сууж бумбын бичиг бичин хүнийг бачилснаар хүмүүс цөм түүнийг хүндлэх бөлгөө. Жанлин үхсэн хойно түүний хөвгүүн Жанхөн эцгийн үйлийг залгамжлав. Зуун овогтны дотор энэ сургаалыг сурваас таван суулга амуугаар тусалмуй. Тиймийн тул тэр үеийн цолыг мизэй345 хэмээжээ. Жанхөн үхсэн хойно Жанлү үйл хэргийг нь залгамжлав. Жанлү өөрийгөө Ханьжун газарт Шизюнь346 хэмээн өргөмжилжээ. Ирж тэр увдисыг сурагчид аваас цөм Гүйзү347 хэмээн цолдож тэргүүлснийг нь Зизю348, олныг захирсныг нь Жытяо Да Зизю349 хэмээгээд эрхгүй үнэнч батаар үг болгож хуурч болохгүй хэмээн журамлажээ. Өвдсөн хүн буй бөгөөс даруй мандал байгуулж, тэр өвдсөн хүнийг нам сэлүүн гэрт суулган, биеийн эндүүрлийг бодож нүүрэн дээр хэлж гаргасны хойно сая өвдөх хүний төлөө залбирч гуймуй. Залбиран гуйх хэргийг Зянлин Зизю350 хэмээмүй. Залбирах арга нь өвчинтэй хүний нэр овгийг бичээд эндсэн учрыг хүлээлгэн гурван хуудас бичиг бичмүй. Үүнийг Саньгуань Шоушү351 хэмээж нэгийг уулын орой дээр шатааж тэнгэрт айлтгана. Нэгийг газарт булаад газарт айлтгамуй. Нэгийг усанд живүүлээд лусын хаадад мэдүүлмүй.
345 Амуугийн хулгай
346 Эзэн багш
347 Чөтгөрийн цэрэг
348 Эрхлэн сургагч
349 Тэргүүлэн засах эрхлэн сургагч
350 Цаазыг захирах эрхлэн сургагч
351 Гурван түшмэлийн гар бичиг
Ийм болсон хойно өвчин илаар болбоос таван суулга амуугаар харамж өгөх учиртай. Бас журам хэмээх гэр барьж, тэр гэрт будаа амуу, түлээ түлш, мах зэргийн идшийн зүйл цөм бүрэн байх тул явуулын хүн зам зууртаа буудаллаад дураар авч идэж болдог байжээ. Их авсан нь тэнгэрт алагдтугай хэмээн зөөмүй. Хязгаарын дотор хэн нэгэн хүн хууль цаазыг зөрчих аваас гурвантаа хэлтрүүлнэ. Хэрвээ засрахгүй болбоос сая хууль цаазаар аваачмуй. Тэр газар түшмэл ноён хэмээн ялгахгүй цөм Эрхлэн сургагчид захирагдмуй. Энэ мэт эзэрхэн Ханьжунгийн газрыг эзэлсээр гучин он болжээ. Улс төрөөс газар хол тул байлдахаар очиж чадахгүй. Мөн Жанлүг “Өмнөдийг түвшитгэх Жунлан жанжин” болгон Ханьнин хотын тайшоугийн тушаалыг хүлээлгэж жил бүр алба барихын төдий л болой. Тэр жил Цаоцао Силянгийн олныг эвдээд сүр хүч ихэд алдаршив хэмээн сонсоод даруй олныг цуглуулан зөвдөж өгүүлрүүн: “Силянгийн Матэн алагдаж Мачао шинэ дарагдсан тул Цаоцао эрхгүй Ханьжунгийн газрыг авахаар ирмүй. Би өөрөө Ханьнин ван өргөмжилж цэргийг захиран Цаоцаог байлдсугай хэмээмүй. Олны санаанд ямар аж?”. Янфү хориглож өгүүлрүүн: “Ханьчуань газрын иргэний өрхөөс гарах цэрэг арван түм илүү буй. Эд баялаг арвин, амуу элбэг дөрвөн зүгтээ бэрх бэх. Өдгөө Мачао шинэ дарагдсанд Силянгийн цэрэг Зы Үгийн заваагаар дайран Ханьжунгийн хязгаарт ирсэн нь хэд хэдэн түмэн өрх буй. Миний мунхаг санаанд Ижоу мужийн захирагч Люжан харанхуй буурай тул урьдаар Сычуаньгийн дөчин нэгэн хошууг өөрийн мэдэлд оруулсан хойно Ван өргөмжлөхөд оройтохгүй болой” хэмээсэнд Жанлү ихэд баярлаж даруй дүү Жанвэй лүгээ зөвдөж “Цэрэглэсүгэй!” хэмээжээ. Үүнийг тагнуулч хэдийнээ Сычуаньд мэдүүлэхээр одов.
Тэндээс Ижоу мужийн захирагч Люжангийн өргөсөн нэр Зи Юй. Даруй Лю Яньгийн хөвгүүн, Хань улсын Лүгун вангийн үр бөлгөө. Жанди хааны Юаньхөгийн дундад, Зинлингийн дээд газарт нүүлгэж өргөмжилснөөр бүгдээр энд суужээ. Хожим Лю Янь Ижоу мужийн түшмэл сууж “Бадаргуулт түвшингийн” тэргүүн онд мухар чийг өвчин олж үхэв. Ижоу мужийн Даши түшмэл Жаовэй нар Люжаныг батлан мэдүүлж, Ижоу мужийн эзэн болгожээ. Люжан Жанлүгийн эх болон дүүг алснаар өшөө барилдсан ажгуу. Люжан Панси хэмээгчийг Баси газрын Тайшоу болгож Жанлүг сэргийлүүлсэн бөлгөө. Тэр цагт Панси Жанлүгийн цэрэглэж, Сычуанийг авсугай хэмээснийг сонсож яаран Люжанд хэлэхээр ирэв. Люжан угаас үхээнц буурай тул энэ чимээг сонсоод дотроо ихэд зовниж даруй олон түмшэлийг хуруулж, зөвлөлдөхөд гэнэт нэгэн хүн цээж гэхэлзэн гарч өгүүлрүүн: “Эзэн гүн сэтгэлээ сулхан тавь. Би хэдий эрдэм чадалгүй боловч гурван ямхын илжиршгүй хэлээр Жанлүг аймшиггүй Сычуаньгийн газрыг төвөөр харж чадахгүй болгосугай!” хэмээжээ. Энэ чухамхүү:
“Гагцхүү Шугийн газрын зөвлөлийн сайд орж ирснээр
Зинжоугийн эрэмгий баатрыг удирдан ирүүлэхэд хүрүүлэв”
Эгнэгт энэ хүн хэн болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )