Гурван улсын үлгэр | 113 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 26

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  113 ДУГААР БҮЛЭГ

 

 

 

ДИНФЭН АРГА ТОГТООЖ СҮНЬЧЭНИЙГ АЛСАН

ЗЯНЬВЭЙ ЖАГСААЛ МЭЛЗЭЭЦЭЖ155 ДӨН АЙГ ЭВДЭЛСЭН

 

155 Мэлзээлэх: Булаалдан тэмцэх, маргалдуулах

Өгүүлэх нь: Зянвэй өмөглөх цэрэг ирэхээс эмээн урьд цэргийн зэвсэг тэрэг хамаг эд таваарыг эгүүлээд урагш явган цэргийг буцаан морьт цэргийг хойно хайгуувчлуулав. Тагнуулч үүнийг Дөн Айд хэлэхээр одсонд Дөн Ай инээж өгүүлрүүн: “Зянвэй их жанжны цэрэг ирэхийг мэдээд тийнхүү эгж оджээ. Нэхэх хэрэггүй. Нэхвээс түүний арганд унамуй” хэмээгээд хүн зарж үзүүлбээс үнэхээр Дуогу завын нарийн замаар өвс овоолж нэхэх цэргийг гал тавимуй хэмээн бэлтгэжээ. Олон цөм Дөн Айг өргөж өгүүлрүүн: “Жанжны бодлого үнэнхүү хувилгаан адил болой!” хэмээгээд даруй илтгэл бичиг хийж айлтгасны хойно Сыма Жао ихэд баярлаж Дөн Айг хүндэд шагнав.

Түүнээс Ү улсын жанжин Сүньчэнь, Цуаньдуань, Танзы нарын Вэй улсад дагасныг сонсоод тачаадаж түүний гэрийн бүхнийг цөм алав. Ү улсын эзэн Сүньлян тэр жил сая арван долоон настай, Сүньчэньгийн даанч хэтэрхий алахад дуртайг үзээд дотроо маш тааламжгүй. Нэг өдөр баруун хүрээлэнд очиж хөх гүйлс идэхэд Хуанмэнь түшмэлийг дуудаж бал авчир хэмээсэнд удсангүй балыг авчрав. Авч ирсэн хойно үзвээс дотор хулганы баас хэдэн хэсэг байсан тул хадгалах түшмэлийг донгодвоос түшмэд мөргөж өгүүлрүүн: “Сайд би нотод156 битүүмжлэн тавьсан тул яахан хулганы баас буй ажгуу?”. Сүньлян асууруун: “Хуанмэнь түшмэл чамаас бал гуйсан удаа баймуй уу ?”. Хадгалах түшмэл өчрүүн: “Хэдэн өдрийн өмнө бал гуйж идсүгэй хэмээснийг би эмээж өгсөнгүй”. Сүньлян Хуанмэнь түшмэлийг зааж өгүүлрүүн: “Энэ эрхгүй чи хадгалах түшмэлийг чамд бал өгсөнгүй хэмээн уурлаад тийнхүү балын дотор баас хийж хорлосон нь болой”. Хуанмэнь түшмэл хүлээн авахгүй бүхийд Сүньлян өгүүлрүүн: “Энэ хэргийг мэдэхэд хялбар болой. Хэрвээ баас язгуураас балны дотор байсан болбоос гадна дотно цөм нойтон, шинэ орсон бөгөөс гадуур нойтон, дотор хуурай бөлгөө” хэмээн хагалуулж үзвээс үнэхээр дотор хуурай болсон тул Хуанмэнь түшмэл сая ял хүлээв. Сүньлянгийн цэцэн гэгээн энэ мэт, хэдий сэргэлэн боловч Сүньчэньд эзэрхэгдэн эзэн сууж чадахгүй. Сүньчэньгийн дүү Вэй Юань жанжин Сүньзюй, Цанлунд орж хааныг сахиж хономуй. Ү Вэй жанжин Сүнь Энь, хажуугийн жанжин Сүньгань, Чаншүй Сяо Юй түшмэл Сүнькай олон хүрээнд хуваан буудаллав.

156 Чанга, тууштай, батад

Түүнээс нэгэн өдөр Ү улсын эзэн Сүньлян уйдан сууж бүхийд Хуанмэнь Шилан түшмэл Цуаньзи хажууд зогсжээ. Цуаньзи улсын нагац бөлгөө. Сүньлян уйлж Цуаньзид хэлрүүн: “Сүньчэнь эрхийг бариад дураар алж намайг асар мэхэлмүй. Эдүгээ хичээхгүй болохул хожим эрхгүй зовлон болмуй”. Цуаньзи өгүүлрүүн: “Сайд хаан намайг хэрэглэх газар аваас би түмэнтээ үхэвч маргахгүй”. Сүньлян өгүүлрүүн: “Чи өнөө шадар цэргийг аваад жанжин Лючэньгийн хамт хотын хаалгыг сахь! Би биеэр гарч Сүньчэнийг алсугай! Гагц энэ хэргийг чи эхдээ битгий сонсгогтун! Чиний эх Сүнь эх, Сүньчэньгийн эгч болох тул хэрэв задруулсанд намайг саатуулбаас хөнгөн бус”. Цуаньзи өгүүлрүүн: “Хаан урьд зарлигийн бичиг бичээд сайд надад өгмүй! Хэргийг үүсгэх үес би зарлигийг олонд үзүүлж Сүньчэньгийн доорх хүмүүсийг цөм аймшиггүй дэмий хөдөлгөхгүй болгосугай” хэмээсэнд Сүньлян үг дагаж даруй нууц зарлиг бичээд Цуаньзид өгөв. Цуаньзи хүлээн аваад гэртээ харьж эцэг Цуаньшанд хэлсэнд Цуаньшан энэ хэргийг сонсоод эмдээ өгүүлрүүн: “Гурван өдрийн дотор Сүньчэнийг алмуй” хэмээсэнд эм өгүүлрүүн: “Алах нь мөн болой” хэмээн өчсөн боловч сэмээр хүн зарж бичиг бариулан Сүньчэньд хэлэхээр илгээв. Сүньчэнь үзээд ихэд хилэгнэж тэр шөнө дөрвөн дүүгээ дуудан цэрэг салгаж урьд хааны ордныг хаагаад нэгэнтээгүүр Цуаньшан, Лючэн жич гэрийн бүхнийг цөм баримтлав. Гэгээрмэгц Ү улсын эзэн Сүньлян ордны хаалганы гадна хэнгэрэг харангын дууг сонстол доторхи тайган нар санд мэнд орж айлтгаруун: “Сүньчэнь цэрэг авч дотоод хүрээг хаажээ”. Сүньлян ихэд хиртхийж Цуань хатанг зааж өгүүлрүүн: “Чиний эцэг, ах миний их үйлийг саатуулав!” хэмээгээд даруй илд барьж гарсугай хэмээхэд Цуань хатан хийгээд ойр түшмэд тайган нар хувцсыг татаж уйлан гаргасангүй. Сүньчэнь урьд Цуаньшан лючэн нарыг алаад хойно бичиг цэргийн түшмэдийг бараалхалд цуглуулан зарлаж өгүүлрүүн: “Хаан архи өнгөнд шунаж өвчтэйн дээр харанхуй, будангуй эрдэмгүй. Өвгөсийн сүм тахиваас болохгүй тул байлгаваас зохимуй. Танай олон бичиг цэргийн түшмэд цаазыг эс дагаваас урваснаар хэлэлцмүй!” хэмээсэн хойно олон цөм айж өчрүүн: “Жанжны цаазыг дагахыг хүсмүй” хэмээв. Гэнэт Шаншу түшмэл Хуань И ихэд хилэгнэн зэргээс гарч Сүньчэнийг зааж хараан өгүүлрүүн: “Эдүгээгийн хаан цэцэн гэгээн эзэн бөгөөтөл чи аймшиггүй ийм самуун үг гаргамуй уу. Би үхэвч хулгайн захиаг дагахгүй!” хэмээсэнд Сүньчэнь хилэгнэж илдийг сугалан цавчиж алаад даруй ордонд орж Ү улсын эзэн Сүньляныг зааж хараан өгүүлрүүн: “Ёсгүй харанхуй хаан! Чухам алаад дэлхий дахины хүнд үзүүлбээс зохих бөлгөө! Гагц урьд хааны нүүрийг санаж чамайг зайлуулан Хуйзи ван болгосугай! Би эрдэмт хүнийг сонгож байгуулмуй!” хэмээгээд Жун Шүлан түшмэл Личунг зандарч “Тамга цацгийг булаан авагтун!” хэмээн аваад Дөнчэнд тушаан хадгалуулсанд Сүньлян ихэд уйлж одов.

Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Самуун хулгайг Инь хэмээн хуураад

Зальхай түшмэл Хуогуан хэмээн мэхлэхэд

Төв цэцэн хаан эзэн нь хөөрхийлэлтэй

Төрийн танхимд орж чадахгүй болов”

Түүнээс Сүньчэнь Зунжэн түшмэл Сүнькай, Жун Шүлан түшмэл Дунчаог зарж Хулингийн газарт Лан Я Ван Сүньсюг угтан ирээд “Эзэн байгуулсугай!” хэмээн илгээв. Сүньсюгийн өргөсөн нэр Зыле, Сүньцуаньгийн зургаадугаар хөвгүүн болой. Хулин газарт агаад шөнийн зүүдэнд луу унаж тэнгэрт гарсанд хойш харж үзвээс лууны сүүл үзэгдэхгүй, үүнд цочиж сэрэв. Жич өдөр Сүнькай, Дунчао хүрч ирээд “Нийслэл хотод залсугай!” хэмээн угтахаар ирсэнд мордоод

Цюй А газарт хүрсэнд нэгэн хөгшин хүн өөрийн овог Гань, нэр Сю хэмээн өгүүлээд мөргөж өгүүлрүүн: “Үйл удваас эрхгүй хувилмуй. Хаан хурдан одохыг хүсмүй!” хэмээсэнд Сүньсю талархаж Бү Сайтин газарт хүрэхүйеэ Сүнь Энь хааны тэргийг авч угтахаар ирсний хойно Сүньсю Нянь157 тэргэнд аймшиггүй суусангүй өөр бага тэргэнд сууж оров. Зуун түшмэл угтаж замын хажууд сөгдсөнд Сүньсю яаран тэрэгнээс бууж хариу ёс хийсүгэй хэмээхэд Сүньчэнь хүнээр өргөж их харшид оруулж “Хаан сууринд суулгасугай!” хэмээхүл Сүньсю дахин давтан найр тавьж сая тамгыг хүлээн авав. Бичиг цэргийн түшмэл мөргөж дуусаад дэлхий дахиныг өрөлхийлэн, оныг халж Юн Ань158-ийн тэргүүн он хэмээв. Сүньчэнийг чансан болгоод Зинжоуг захируулав. Олон түшмэлийг тус бүр өргөмжлөөд ахын хөвгүүн Сүньхаог Ү Чанхоу өргөмжилжээ. Сүньчэньгийн нэгэн гэрт таван Хоу болоод цөм шадар цэргийг захирч сүр нь хааныг айлгамуй. Ү улсын эзэн Сүньсю дотроос самууруузай хэмээн хэдий гадаадад янаг боловч дотуураар сэргийлмүй. Үүнээс Сүньчэньгийн оморхог улам гүн болмуй.

157 Жууз тэрэг

158 Мөнх амгалан

Түүнээс өвлийн сүүл сард Сүньчэнь үхэр, архи өргөж насан өлзийд бэлэглэсэнд Ү улсын эзэн Сүньсю хураан авсангүй. үүнд Сүньчэнь уурлаж үхрийн мах, архийг зүүн этгээдийн жанжин Жанбүгийн гэрт аваачиж хамт уугаад халамшсны хойно Жанбүгийн зүг өгүүлрүүн: “Би анхан Хуйзи ванг байлгах үес хүн цөм намайг “Хаан суу!” хэмээн дурьдсан боловч би эдүгээгийн эзнийг мэргэн хэмээн хаан суулгасан болой. Өнөө би өлзийд баярласныг тэвчсэн нь намайг өтөл ардаар үзсэн болой. Би өглөө үдэш алж чамд үзүүлсүгэй!” хэмээснийг Жанбү сонсоод “Мөн! Мөн!” хэмээхийн төдий л болой. Жич өдөр Жанбү ордонд ороод Сүньсюд сэмээр хэлсэнд Сүньсю ихэд айж өдөр шөнийн хувьд амаргүй болов. Хэдэн өдөр болсны хойно Сүньчэнь, Жун Шулан түшмэл Мэнзунд шилсэн цэрэг нэг түм таван мянгыг салган өгч үчан хотын гадна буудаллуулан бас цэргийн хүүгээс159 зэвсгийг гарган өгөв. Түүнээс жанжин Вэймяо, Үвэйши түшмэл Шишуо хоёул Сүньсюд сэмээр айлтгаруун: “Сүньчэнь гаднад цэрэг дайчилж бас хүү доторхи зэвсгийг дуусган гаргасан тул өглөө үдэш эрхгүй хувьсмуй” хэмээсэнд Сүньсю ихэд гэлмэж даруй Жанбүг дуудаж зөвлөхөд Жанбү айлтгаж өгүүлрүүн: “Хөгшин жанжин Динфэнгийн арга бодлого хүнээс хэтийдэж их үйлийг тасалж чадах тул хамт зөвлөж болмуй” хэмээсэнд Сүньсю Динфэнийг дуудаж дотор оруулаад сэмээр тэр үйлийг хэлсэнд Динфэн өгүүлрүүн: “Хаан битгий зовогтун! Сайд надад нэгэн арга буй. Улсын самууныг арилгаваас болмуй”. Сүньсю асууруун: “Ямар арга буй?” хэмээсэнд Динфэн өгүүлрүүн: “Маргааш лаа160 сарын шинийн наймны өдөр тул хурим бэлтгэж олон түшмэдийг хуримласугай хэмээн Сүньчэнийг хуриманд ирүүлбээс надад шийтгэх арга буй” хэмээхэд Сүньсю ихэд баярлав. Динфэн нь Вэймяо, Шишуод гадаад үйлийг тушаан Жанбүг дотуур туслуулахаар болгов.

159 Хүү: Эд таваар зэргийг хадгалах газар, сан хөмрөг

160 Өвлийн адаг сар буюу Хөхөө сар

Түүнээс тэр шөнө их салхи салхилан чулуу элс нисэж хөгширсөн модыг үндэстэй үгтээн гаргаад гэгээрсний хойно сая зогсов. Элч зарлигийг хүлээн Сүньчэнийг ордонд хуримлахаар ир хэмээн залахаар ирсэнд Сүньчэнь сая тавцангаас бостол хүн түлхсэн мэт газарт унасан тул дотроо асар баяргүй бүхийд арваад элч дотор орж ирэв. Гэрийн хүн зогсоож өгүүлрүүн: “Өчигдөр шөнө догшин салхи салхилаад зогсохгүйн дээр энэ өглөө бас учиргүйгээр цочиж унасан тул энэ сайн ёр бус. Хуриманд очиж эс болмуй” хэмээхэд Сүньчэнь өгүүлрүүн: “Бид ах дүү цөм шадар цэргийг захирч буй тул хэн аймшиггүй надад ойртмуй! Хэрвээ хувьсгал гарсанд гэрт тэмдэг гал тавигтун!” хэмээн сургаад тэргэнд сууж дотоод ордонд орсонд Ү улсын эзэн Сүньсю яаран суудлаас босож угтаад Сүньчэнийг өндөр ширээнд суулгаж архи хэдэн зэрэг уусны хойно олон цөм хиртхийж өгүүлрүүн: “Гадаад хүрээнд гал манджээ!” хэмээв. Сүньчэнь даруй одсугай хэмээтэл Сүньсю зогсоож өгүүлрүүн: “Чансан амран суутугай! Гадна цэрэг олон буй тул юунд аймуй?” хэмээн үт дуусахын урьд зүүн этгээдийн жанжин Жанбү илд барьж гуч илүү цэргийг аваад харшид гарч өндөр дуугаар өгүүлрүүн: “Зарлиг бичиг буй! Урвасан хулгай Сүньчэнийг баригтун!” хэмээхэд Сүньчэнь сая одсугай хэмээтэл хэдийн цэргийн ард барьж авав. Сүньчэнь мөргөж өгүүлрүүн: “Би Зяожоуд боол болж тариа тарихыг хүсмүй”. Сүньсю зандарч өгүүлрүүн: “Чи юунд Төн Инь,

Люйзюй, Вандүнийг боол болгож тариа тариулсангүй буй уу?”, Түлхэн гаргаж “Алсугай!” хэмээхэд Жанбү Сүньчэнийг харшийн зүүн зовхист аваачиж алсанд олон дагагсад цөм айж хөдөлсөнгүй. Жанбү зарлиг бичгийг дуудаж өгүүлрүүн: “Ял нь Сүньчэньгийн нэгээхэн хүнд буй! Өөрийг асуухгүй” хэмээсэнд олны сэтгэл сая амрав. Жанбү Сүньсюг Ү Фэнлоү асарт суулгасны хойно Динфэн, Вэймяо, Шишуо нар Сүньчэньгийн ах дүүг барьж ирсэнд Сүньсю зээлд аваачиж алуулав. Түүний угсааны үхсэн нь хэдэн зуу илүү хүн, гурван үеийг хүйс тэмтэрч цэргийн хүнийг зарж Сүньзюньгийн хүүрийг эрж ясыг гаргаад тэргүүнийг огтлов. Сүньчэньд алагдсан Жугө Кө, Төн Инь, люйзюй, Вандүн нарын хүүрийг тахиж цогцлон түүний шудрагыг илрүүлэв. Тэдний хэрэгт чирэгдэж ял олоод хол газар цөлөгдсөнийг цөм хэлтрүүлж нутагт эгүүлжээ. Динфэн нарт хүндэд шан хишиг хүртээв.

Түүнээс бичиг хийж Чөндүд хүргэсний хойно Хоужу Лючань элч зарж баярласанд Ү улсын элч Сюэсюг зарж хариу ёслохоор илгээв. Сюэсю Шу улсаас эгсэнд Ү улсын эзэн Сүньсю асууруун: “Шу улсын ойр өдрийн байдал ямар буй?.” Сюэсю өгүүлрүүн: “Жун Чанши түшмэл Хуанхао хэргийг эзэрхэн шийтгэснээр олон түшмэл цөм бялдуучилмуй. Төрд орвоос чигч үг сонсогдохгүй. Хээрээр өнгөрвөөс иргэн өлсгөлөн өнгөтэй. Энэ “Хараацай танхимд оршоод их гэр шатах шахсаныг мэдэхгүй” хэмээсэн нь болой”. Сүньсю шүүрс алдаж өгүүлрүүн: “Хэрвээ Жугө Үхоу буй аваас яахан ийм болох аж!” хэмээжээ. Түүнээс улсын бичиг бичээд хүнээр Чөндүд зарж хэлрүүн: “Сыма Жао удахгүй Вэй улсын суурийг булааж эрхгүй Ү, Шуг халдаж сүр үзүүлмүй. Харилцан сайтар сэргийлэн бэлтгэвээс зохимуй” хэмээн илгээжээ.

Түүнээс Зянвэй тэр мэдээг сонсоод даруй илтгэл айлтгаж Вэй улсыг дайлахаар гарсугай хэмээн зөвдөлцөв. Тэр цагт Шу улсын Зин Яогийн тэргүүн оны өвөл, их жанжин Зянвэй нь Ляохуа, Жан Иг гавшгай болгон Ванхань, Зянбинийг зүүн этгээд Зяншу, Фүцянийг баруун этгээд болгож Хузиг хойно болгоод Зянвэй өөрөө Ся Хоуба лугаа дунд болж бүгд хорин түмэн цэрэг байгуулан Хоужугаас салаад шууд Ханьжунд хүрсний хойно Ся Хоуба лугаа зөвлөрүүн: “Урьд аль газрыг авбаас зохимуй?”. Ся Хоуба өгүүлрүүн: “Ци Шань нь цэрэглэх газар тул цэрэг орж болмуй. Тийнхүү эрт өдөр чансан зургаантаа Ци Шань уулыг гарсан нь өөр газраар гарч болохгүйн учир болой”. Зянвэй түүний үгийг дагаж даруй олон цэргийг Ци Шань уулын зүг мордуулав. Завын ам хүрсэн цагт Дөн Ай чив хэмээн Ци Шань ууланд хүрээ байгуулан Лун Югийн цэргийг хараахан шалгаж бүхийд харуулын хүн хэлрүүн: “Шу улсын цэрэг эдүгээ завын аманд гурван хүрээ байгуулжээ” хэмээсний хойно Дөн Ай даруй өндөр дээр гарч үзээд хүрээндээ эгж цацарт суугаад ихэд баярлаж өгүүлрүүн: “Миний бодлогоос гарсангүй!” хэмээжээ. Үзсэнд Дөн Ай урьд газрын байдлыг хэмжээлэн аваад, зоримог Шу улсын хүрээ буух газрыг үлдээн тавиад, Ци Шань уулын хүрээнээс Шу улсын хүрээнд хүртэлхи газрыг өрж зам гарган Шу улсын цэрэг ирсэн цагт үйлийг үүсгэсүгэй хэмээн хүлээсэн ажгуу. Тэр цагт Зянвэй завын аманд хүрч ирээд гурван хүрээ байгуулахад гударч өрсөн нүхэн зам төвхийтэл зүүн этгээдийн Ванхань, Зянбингийн хүрээн дотор буй. Тэндээс Дөн Ай өөрийн хөвгүүн Дөнжунг дуудаж “Шизуаньгийн хамт нэжгээд түмэн цэрэг авч зүүн баруун этгээдийг дайран байлд” хэмээгээд бас мөрний жанжин Жэньлүнийг дуудаж таван зуун газар өрөх цэргийг авч мөн шөнийн дэд жинд нүхэн замаар орж шууд зүүн хүрээний доорх цацар гэрийн хойд газар доороос гар ир хэмээн илгээв.

Тэндээс Ванхань, Зянбинь хүрээ байгуулж дуусахын урьд Вэй улсын цэрэг хүрээг дарахаар ирүүзэй хэмээн хуягийг тайлсангүй хэвтэж бүхийд гэнэт хүрээний доторхи цэрэг ихэд самуурсныг сонсоод яаран зэвсэг бариад морь унатал, хүрээний гаднаас дөнжун цэрэг авч ирээд дотор гаднаас хавчин байлдах тулд Ванхань, Зянбин үхэн байлдавч дийлэхгүй тул хүрээг гээж буруулав. Зянвэй цацар гэрт сууж зүүн хүрээнд ихэд хашхирах дууг сонсоод лав дотор гаднах цэрэг нийлж байлдсан буй за хэмээн санаад яаран морилж цацар гэрийн өмнө зогсоод зарлаж өгүүлрүүн: “Дэмий хөдөлснийг нь даруй алмуй! Дайсны цэрэг хэдий ойр ирэвч асуух хэрэггүй, гагц холховч нумаар харва!” хэмээгээд нэгэнтээгүүр баруун хүрээнд бас дураар хөдөлж болохгүй хэмээн ухуулав. Үнэхээр Вэй улсын цэрэг арван хэдэн зэрэг дайран ирснийг цөм харван эгүүлэв. Вэй улсын цэрэг гэгээртэл байлдсан боловч цөм айж эс оров. Дөн Ай цэргээ хурааж хүрээндээ эгээд шүүрс алдаж өгүүлрүүн: “Зянвэй Кунмингийн аргыг гүн олжээ. Цэрэг харанхуй шөнөд агаад цочихгүй! Жанжин хувьсгалыг сонсоод самуурахгүй үнэхээр жанжны эрдэм болой!” хэмээв. Жич өдөр Ванхань, Зянбинь дарагдсан цэргийг хураан их хүрээний өмнө ял хүлээн сөгдсөний хойно Зянвэй өгүүлрүүн: “Танай ял бус миний газрын байдлыг мэдсэнгүйн учир болой” хэмээгээд дахин цэрэг салган өгч хоёр жанжныг хүрээ байгуулан дууссаны хойно “Үхсэн хүний хүүрийг нүхэн зам дотор таглан булж шороогоор бүтээ!” хэмээв. Хүн зарж Дөн Айд маргааш байлдахаар ир хэмээн бичиг хүргэсний хойно Дөн Ай хүлээн авав.

Жич өдөр хоёр этгээдийн цэрэг Ци Шань уулын өмнө жагсан Зянвэй Үхоугийн найман хаалгат жагсаалын аргаар тэнгэр, газар, салхи, үүл, шувуу, могой, луу, барсын байдлыг дүрсэлж жагсааж дууссаны хойно Дөн Ай гарч ирээд Зянвэйгийн найман хаалгат жагсаал жагсаасныг үзээд мөнхүү зүүн баруун өмнө, хойно үүдийг нэгэн адил жагсаасны хойно Зянвэй жадыг барин морийг унаад өндөр дуугаар өгүүлрүүн: “Чи миний жагсаалыг дуурайж жагсаагаад бас хувьсган чадмуй уу?”. Дөн Ай инээж өгүүлрүүн: “Энэ жагсаалыг ганц чи жагсааж чадмуй? хэмээмүй. Би жагсааж чадваас хэрхэн хувилгах аргыг мэдэхгүй ёс буй?” хэмээгээд даруй жагсаалд ороод цааз баригч түшмэлээр туг даллан найман найм жаран дөрвөн хаалга болгоод дахин жагсаалаас гарч өгүүлрүүн: “Хувилсан нь ямар буй?”. Зянвэй өгүүлрүүн: “Хэдий ташаарсангүй хэмээвч чи аймшиггүй над лугаа хамт жагсаалд орж харилцан хаалцмуй уу?”. Дөн Ай өгүүлрүүн: “Юунд аймуй!” хэмээгээд хоёр этгээд цөм цэргийн ангиар ороод Дөн Ай дунддад зогсож дохисонд хоёр этгээдийн цэрэг байлдахад жагсаалын аргыг огт ташаарсангүй. Зянвэй дунддад ирээд тугийг нэгэнтээ далламагц гэнэт газрыг хумих урт могойн жагсаал хувилгаад Дөн Айг дундаа хааж дөрвөн зүг найман зовхист хашхирах дуу ихэд гармуй. Дөн Ай тэр жагсаалыг танихгүй тул дотроо ихэд айн бүхийд Шу улсын цэрэг улам улмаар ойр болмуй. Дөн Ай олон жанжин нарыг аваад шувтлан гарсугай хэмээвч чадахгүй. Гагц Шу улсын цэрэг “Дөн Ай хурдан дагагтун!” хэмээмүй. Дөн Ай тэнгэрийн зүг хандаж шүүрс алдаж өгүүлрүүн: “Би нэгэн цаг өөрийн эрдэмд бардамлаад Зянвэйгийн арганд оров!” хэмээн гэмшжээ. Гэнэт баруун хойд зовхисоос нэгэн салааны цэрэг алж ирэв. Дөн Ай үзвээс Вэй улсын цэрэг тул мөн хүчинд алан гарав. Дөн Айг гаргасан нь Сыма Ван болой. Дөн Ай гарч ирэх үес Ци Шань уулын есөн хүрээ цөм Шу улсын цэрэгт автжээ. Дөн Ай дарагдсан цэргийг аваад Вэйшүй голын өмнөд хүрээ байгуулаад Сыма Вангийн зүг өгүүлрүүн: “Гүн яахан энэ жагсаалын аргыг мэдэж намайг гаргасан буй?” Сыма ван өгүүлрүүн: “Би бяцхан цагт Зяннань газарт бичиг сурахад Цүй Жоупин, Ши Гуан Юаньгийн хамт нөхөрлөөд энэ жагсаалын аргыг тайлбарласан бөлгөө. Энэ өдөр Зянвэйгийн хувилгасан жагсаал нь “Урт могойн жагсаал” болой. Бус газраар байлдваас эвдэлж чадахгүй! Би үзвээс түүний тэргүүн баруун хойдод буй. Тиймийн тул баруун хойдоор байлдан орсноор сая эвдлэв”. Дөн Ай талархаж хэлрүүн: “Би хэдий жагсаалын аргыг сурсан боловч үнэнхүү хувилах аргыг мэдэхгүй. Гүн нэгэнтээ энэ аргыг чадваас маргааш энэ аргаар дахин Ци Шань уулын хүрээг булаан авбаас ямар буй?”. Сыма Ван өгүүлрүүн: “Миний сурсан нь Зянвэйг мэхэлж чадахгүй болов уу” хэмээмүй. Дөн Ай өгүүлрүүн: “Маргааш авгай чи жагсаалд түүн лүгээ жагсаалын аргаар тэмцэлдэгтүн! Би нэг салааны цэрэг аваад сэмээр Ци Шань уулын хойдоор сундалсугай! Хоёр этгээдээс хутган байлдсанд хуучин хүрээг булаан авч болмуй” хэмээгээд Жэньлүнийг гавшгай болгон Дөн Ай өөрөө цэрэг авч уулын хойнохыг сундлахаар одов. Нэгэнтээгүүр хүн зараад Зянвэйд байлдах бичиг хүргэж “Маргааш жагсаал жагсааж тэмцсүгэй!” хэмээсэнд Зянвэй тэр бичгийг цохлон хойш илгээгээд олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Миний хүлээн авсан Үхоугийн уламжилсан нарийн бичигт энэ жагсаалын арга бүгд гурван зуун жаран таван зүйл буй. Цөм тэнгэрийн хэц тоог дуурайжээ. Эдүгээ над лугаа жагсаалын арга тэмцсүгэй хэмээх нь энэ Найбаньгийн үүдэнд сүх барьж үйлдэх мэт болой! Хоорондод эрхбиш хуйхар арга буй. Та мэдмүй үү?” Ляохуа өгүүлрүүн: “Энэ эрхгүй хууран жагсаалын арга тэмцсүгэй хэмээгээд нэг салааны цэрэг авч манай хойдыг сундалсугай хэмээх нь болой”. Зянвэй инээн өгүүлрүүн: “Цав хэмээн миний санасан лугаа нийлэв” хэмээгээд даруй Жан И, Ляохуад нэг түмэн цэрэг өгч уулын хойдод бүгүүлэв.

Жич өдөр Зянвэй есөн хүрээний цэргийг дуусган аваад Ци Шань уулын өмнө жагсаажээ. Сыма Ван цэрэг авч Вэйшүй голын өмнөөс шууд Ци Шань уулын өмнө ирээд морь унаж гараад Зянвэй лүгээ үг өчсүгэй хэмээсэнд Зянвэй өгүүлрүүн: “Та над лугаа жагсаалын аргыг тэмцсүгэй хэмээвээс чи жагсааж надад үзүүлэгтүн!”. Сыма Ван найман хаалгат жагсаал жагсаав. Зянвэй инээж өгүүлрүүн: “Энэ даруй миний жагсаасан найман хаалгат жагсаал болой. Чи хулган жагсаасныг юунд сонин болгомуй!”. Сыма Ван өгүүлрүүн: “Чи бас ч бусдын аргыг хулгайлсан нь болой!”. Зянвэй өгүүлрүүн: “Энэ жагсаалд хэдэн зүйлийн хувилал буй?” Сыма Ван инээж өгүүлрүүн: “Би жагсааж чадваас хувилгаж чадахгүй ёс буй уу? Энэ жагсаалд есен есийн наян нэгэн хувилал буй”. Зянвэй өгүүлрүүн: “Чи хувилгаж үзүүлэгтүн!” хэмээхэд Сыма Ван жагсаалд ороод хэдэн зэрэг улирч хувилгаад дахин жагсаалаас гарч өгүүлрүүн: “Чи миний хувилгахыг үзэв үү?” Зянвэй инээн өгүүлрүүн: “Миний жагсаалын арга тэнгэрийн хэцийг дуурайж гурван зуун жаран таван зүйлээр хувилмуй. Чи болбоос худгийн доторхи мэлхий, хэрхэн нягт гайхамшгийг мэдэх буй!”. Сыма Ван дотроо ийм хувирал байхыг мэдэх боловч үнэндээ сурч гүйцсэнгүй тул хатуужин булаалдаж хэлрүүн: “Би итгэхгүй чи тэнсэж хувилгаж үзүүлэгтүн!” хэмээсэнд Зянвэй өгүүлрүүн: “Чи Дөн Айг дуудаж ирэгтүн! Би жагсааж түүнд үзүүлсүгэй!”. Сыма ван өгүүлрүүн: “Дөн жанжинд өөр санаа арга буй. Жагсаалын арганд дургүй”. Зянвэй ихэд инээж өгүүлрүүн: “Ямар сайн арга байх аж! Чамайг энд илгээн жагсаал жагсаалгаж намайг хуураад тэр цэрэг авч миний уулын хойдыг сундлах нь болой!”. Сыма Ван ихэд хиртхийж сая цэрэг орж хутган байлдсугай хэмээтэл Зянвэй ташуураар нэгэн далласанд хоёр жигүүрийн цэрэг цугаар гарч байлдсанд Вэй улсын цэрэг хуягийг гээж зэвсгийг хаяад тус бүр амь гарахаар явав. Тэндээс Дөн Ай гавшгай Жэньлүнь нарыг шаардаж хамт уулын хойдыг авахаар ирэв. Жэньлүнь сая уулын хажууг өнгөрөн гартал гэнэт буу дуугаран, хэнгэрэг дэлдэж бүгсэн цэрэг гарч ирэв. Үзвээс тэргүүлсэн жанжин нь Ляохуа болой. Хоёул үг дуугүйгээр хоёр морь зөрсөн даруй Ляохуа, Жэньлүнийг цавчиж мориноос унагав. Дөн Ай яаран цэрэг авч эгсүгэй гэтэл Жан И нэг анги цэрэг авч ирээд хавчин байлдсан тул Вэй улсын цэрэг ихэд дарагдаж Дөн Ай үхэхээр байлдан гараад биедээ дөрвөн зэв хатгасаар буруулан Вэйшүй голын өмнө хүрээнд хүрэхүйеэ Сыма Ван бас ч хүрч ирэв. Хоёул цэргийг эгүүлэх аргыг зөвлөхөд Сыма Ван өгүүлрүүн: “Эдүгээ Шу улсын эзэн Лючань, тайган Хуанхаогийн үгэнд орж өдөр шөнөгүй архи өнгөнд цэнгэлдмүй. Түүнийг завсардуулах аргыг үүсгэн Зянвэйг дуудан эгүүлсэнд энэ хаасныг тайлбаас болмуй”. Дөн Ай олон хувийн түшмэдийн зүг өгүүлрүүн: “Хэн Шу улсад одож Хуанхаод нэвтрүүлэн чадмуй?” хэмээн үг дуусахын урьд нэг хүн гарч өгүүлрүүн: “Би очихыг хүсмүй”. Дөн Ай үзвээс сян Ян газрын Данзюнь болой. Дөн Ай ихэд баярлан даруй Данзюнийг зарж алт, мөнгө, эрдэнийн зүйлийг өгч шууд Чөндү хотод илгээн тайган Хуанхао лугаа найралдан “Зянвэйг хаанд хорсоод удахгүй Вэй улсад дагамуй” хэмээн цуу үг задруулан хэлүүлэв. Түүнээс Чөндү хотын хүн цөм нэгэн адил хэлэлцэх тул Хуанхао Хоужуд айлтгаж даруй хүн заран Зянвэйг шөнө дөл зарлигаар төрд эгэгтүн хэмээн илгээв.

Тэндээс Зянвэй өдөр бүр байлдсугай хэмээвч Дөн Ай бэхлэн сахиж гарч ирэхгүй тулд Зянвэй дотроо маш сэжиглэв. Гэнэт элч хүрч ирээд зарлигаар Зянвэйг төрд эгэгтүн хэмээжээ. Зянвэй ямар учрыг мэдэхгүй тул аргагүй цэрэг хураан төрд эгжээ. Дөн Ай, Сыма Ван нар Зянвэй арганд орсныг мэдээд даруй Вэйнаньгийн цэргийг дуусган авч хойноос даран алахаар ирэв. Энэ чухамхүү:

“Юэ И, Ци улсыг дайлахад ташаалагдаад

Юэфэй161 дайсныг эвдэхэд ховлогдон эгэв”

Эгнэгт дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

161 Юэфэй бол угтаа Өмнөд Сүн улсын их жанжин (1103-1142) бөгөөд Зинь улсын довтолгоог эсэргүүцсэн гавьяатай хүн. Хожим нь Цинькуайд алагджээ. “Гурван улсын үлгэр” романы зөвхөн энэ хэсэгт нэр нь гардаг. Зохиогч ямар утга санаагаар нэрийг энд ашигласан нь тодорхойгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Erehem(222.94.107.245) 2023 оны 09 сарын 01

Daraagiin buleguudee gyls oruulaachee

0  |  0
Top