"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 116 ДУГААР БҮЛЭГ
ЖУНХУЙ ХАНЬЖУНГИЙН ЗАМД ЦЭРЭГ ХУВААСАН
ҮХОУ ДИНЗЮНЬ УУЛАНД ХУВИЛГААН ИЛЭРСЭН
Өгүүлэх нь: Сыма Жао баруун Цао Юань түшмэл Шаотид өгүүлрүүн: “Төрийн түшмэл цөмөөр Шу улсыг дайлахаар очиж болохгүй хэмээн хэлмүй. Энэ нь түүний сэтгэл айхын учир бөгөөд хэрвээ мушгин байлдахаар илгээвээс эрхгүй дарагдахын зам болой. Эдүгээ Жунхуй ганцаар Шу улсыг байлдах арга өргөсөн нь энэ түүний сэтгэл айхгүй болой. Дотор айхгүй болбоос Шу улсыг эвдэх нь лав бөлгөө. Шу улс эвдэрвээс түүний иргэний зүрх цөс хэмхэрмүй. Аливаа дарагдсан цэргийн жанжин баатар хэмээн хэлэлцвээс болохгүй. Мөхсөн улсын Дайфу үлдэхийг санаж эс болмуй. Жунхуйд өөр зориг байх боловч Шу улсын хүн яахан тусалж болох аж? Хэрвээ Вэй улсын хүн дийлбээс эгэхийг санах тул лав Жунхуйг дагаж урвахааргүй тул нэн зовних хэрэггүй! Энэ үгийг гагц чи бид хоёр мэдэхээс хэрхэвч задруулж эс болмуй” хэмээсэнд Шаоти ёсчлон дагав.
Тэндээс Жунхуй хүрээ байгуулан дуусаад цацарт сууж олон жанжин нарыг ихэд хуруулан цааз зарлахад тэр үес Зяньзюнь түшмэл Вэйгуань, хамгаалах цэргийн түшмэл Хуле, их жанжин Тяньсюй, Панхуй, Тяньжан, Айцин, Цюзянь, Ся Хоусянь, Ванмай, Хуан Пүкай, Зюй Аньгийн зэрэг ная илүү түшмэд байсан тул Жунхуй өгүүлрүүн: “Эрхгүй нэгэн их жанжныг гавшгай болгож уул таарваас зам нээж ус тулгарваас гүүр тавих хэрэгтэй! Хэн аймшиггүй хүлээн авч одмуй?”. Нэгэн хүн өчиж өгүүлрүүн: “Би одохыг хүсмүй?” хэмээсэнд Жунхуй үзвээс барс мэт жанжин Сюйчугийн хөвгүүн Сюй И болой. Олон цөм өгүүлрүүн: “Энэ хүнээс бусад гавшгай болж болохгүй!”. Жунхуй Сюй Иг дуудаж өгүүлрүүн: “Чи болбоос барсын бие сармагчингийн мөрт жанжин. Эцэг хөвгүүн нэр алдаршсан бөгөөд эдүгээ олон жанжин нар бас чамайг баталсан тул чи гавшгайн тамгыг хүлээн аваад таван мянган морьт цэрэг нэг мянган явган цэрэг авч шууд Ханьжуныг авахаар од! Цэргийг гурван замаар хувааж чи дунд замаар Сегү заваар гарагтун! Зүүн этгээдийн цэрэг Луогү заваар гарагтун! Баруун этгээдийн цэрэг Зы Үгү заваар гарагтун! Энэ зам цөм атар бутар, бэрх цухал газар тул цэргийн хүнийг гаргаж замыг төвшитгөн гүүр засаж хадыг цавчин чулууг эвдлэгтүн! Битгий хоригдон халхлагдаж саатуулахад хүрүүл! Хэрвээ зөрчвөөс цэргийн цаазаар аваачмуй” хэмээв. Сюй И цаазыг хүлээн цэрэг авч одов. Жунхуй дагалдаагаар арван түм илүү цэргийг аваад шөнө дөл мордон гарав.
Тэндээс Дөн Ай Лунсид аж нэгэнтээ Шу улсыг байлдах зарлиг бичгийг хүлээн аваад нэгэнтээгүүр Сы Ма Ванг зарж Цян аймгийг тосуулж бас Юнжоугийн Цыши түшмэл Жугө Сюй, Тяньшүй газрын тайшоу түшмэл Ванзи, Лунси газрын тайшоу түшмэл Цяньхун, Зиньчэн хотын тайшоу түшмэл Янсинь нарыг тус бүр харьяат цэргээ авч “Цааз зарлигийг сонсохоор ирэгтүн!” хэмээн илгээв. Цэрэг морь цугларан ирэхийн урьд Дөн Ай нэгэн шөнийн зүүдэнд “Нэгэн өндөр ууланд гараад Ханьжуныг анхааран атал гэнэт хөлийн доороос нэгэн булаг илрээд усны байдал асар түргэн”, Удсангүй цочиж сэрвээс бие бүхэнд хөлс гарчээ. Тийнхүү суусаар гэгээрүүлж даруй Хувэй түшмэл Шаохуанийг дуудаж асууваас Шаохуань язгуураас төлгөнд сайн тул Дөн Ай зүүдэлснээ нарийвчлан хэлж өгсөнд Шаохуань өчрүүн: “Зурхайт номонд өгүүлсэн нь уулын дээр ус буй болбоос “Жянь”165 хэмээмүй. “Жянь” хэмээгч үсгийн төлгийг тайлбаас баруун өмнө зовхист ашиг буй бөгөөд зүүн хойдод тусгүй, Күнзийн өгүүлсэн нь “Жянь нь баруун өмнөдөд ашиг буй тул одвоос гавьяа олмуй. Зүүн хойдод ашиггүй тул тэр зам мохмуй” хэмээжээ. Жанжин энэ удаа одсонд Шу улсыг эрхгүй олмуй. Гагц хайрхан нь Жяньтай тохиолдсон нь хойш олж эгэх нь бэрх” хэмээсэнд Дөн Ай тэр үгийг сонсоод даруй баяргүй болов. Гэнэт Жунхуйгийн бичиг хүрч ирээд Дөн Айг “Цэрэг мордон гарч Ханьжунд золгосугай!” хэмээжээ. Дөн Ай даруй Юнжоугийн Цыши түшмэл Жугө Сюйг “Нэг түм таван мянган цэрэг авч урьд Зянвэйгийн эгэх замыг тасал!” хэмээн илгээгээд жич Тяньшүй газрын тайшоу түшмэл Ванзи “Нэг түм таван мянган цэрэг аваад зүүн этгээдээс Тажуныг байлд!”, Лунси газрын тайшоу түшмэл Цяньхуныг “Нэг түм таван мянган цэрэг аваад баруун этгээдээс Тажуныг байлд!” хэмээн илгээгээд бас Зиньчэнгийн тайшоу түшмэл Янсинд “Нэг түм таван мянган цэрэг авч урьд Ганьсунгийн газарт одож Зянвэйгийн хойдыг сундал!” хэмээн явуулсны хойно Дөн Ай өөрийн бие гурван түмэн цэрэг аваад “Урагш тусалмуй!” хэмээн цааз зарлав.
165 Хазгар, доголон гэсэн утгатай үг
Тэндээс Жунхуй цэрэг гарах үес зуун түшмэл хот гарч үдэв. Туг хиур нарыг халхлан хуяг дуулга хяруун адил. Хүн баатар, морь хүчтэй, сүр жавхлан их тул хүн бүр цөм сайшаамуй. Гагц Сянгуо Цаньзюнь түшмэл Люши өчүүхэн инээхээс дуу гарахгүй. Тай Юй түшмэл Вансян Люшигийн инээснийг үзээд морины дээр гарыг барьж асууруун: “Жунхуй, Дөн Ай хоёул энэ удаад Шу улсыг төвшитгөж чадмуй уу?”. Люши өгүүлрүүн: “Шу улсыг эвдлэх нь лав болой. Гагц цөм нийслэлд олж эгэхгүйгээс эмээх бөлгөө”. Вансян учрыг асууваас Люши өчихгүй тулд Вансян дахин асуусангүй бөлгөө.
Тэндээс Вэй улсын цэрэг нэгэнтээ мордсон хойно энэ мэдээг тагнуулч хэдийн Тажунд одож Зянвэйд мэдүүлэв. Зянвэй даруй илтгэл бичиг хийж Хоужуд айлтгасан нь: “Хаан зарлиг бичиг буулган зүүн этгээдийн тэрэг хөлөглөгч жанжин Жан Ид цэрэг өгч, Ян Аньгуань боомтыг сахиул! Баруун этгээдийн тэрэг хөлөглөгч жанжин Ляохуад цэрэг өгч Ень Пиньцяо гүүрийг сахиул! Энэ хоёр газар туйлын чухал. Хэрвээ алдагдсанд Ханьжуньг хамгаалан чадахгүй болмуй. Нэгэнтээгүүр Ү улсад элч зарж туслах цэргийг гуйгтун! Сайд би Тажунгийн цэргийг аваад дайсныг тулсугай!” хэмээжээ. Тэр цагт Хоужу эзэн Зин Яогийн зургаадугаар оныг халж “Яньсингийн тэргүүн он” хэмээв. Өдөр бүр тайган Хуанхао лугаа дотоод ордонд зугаацан цэнгэлдмүй. Гэнэт Зянвэйгийн илтгэл бичгийг үзээд даруй Хуанхаог дуудаж асууруун: “Эдүгээ Вэй улсаас “Жунхуй, Дөн Айг зарж их цэрэг үүсгэн зам хувааж ирэв” хэмээмүй, одоо хэрхсүгэй?” Хуанхао айлтган өгүүлрүүн: “Энэ нь Зянвэйгийн гавьяа нэр байгуулсугай хэмээн тийнхүү энэ илтгэл бичгийг айлтгажээ. Хаан сэтгэлийг сулхан тавь, битгий сэжиглэгтүн! Сайд би сонсвоос хотын дотор нэг эм бөө буй. Тэр нэгэн онгодыг тахижээ. Буян зовлонгийн үйлийг мэдэж чадмуй хэмээмүй. Түүнийг авчирч асуусугай” хэмээсэнд Хоужу үг дагаад хойд Дянь166-д цэцэг, хүж, зул элдэв зүйлийн тахих юмыг жагсаан тавьж Хуанхаог залж бага тэргэнд суулган ордны дотор залж оруулаад луун тавцанд суулгасны хойно
166 Ордон, харш
Хоужу хүж шатааж сөгдөөд залбирч гуйхад эм бөө гэнэтхэн үс унагаж, хөл нүцгэлэн ордонд хэдэн арван удаа дэвхцэн үсэрхийлээд ширээн дээр суув. Хуанхао өгүүлрүүн: “Энэ хувилгаан бууж ирсэн нь болой. Хаан зүүн баруун этгээдийн ардыг зайлуулаад даатгаваас зохимуй” хэмээсэнд Хоужу ойр түшмэдийг цөм гаргаад дахин давтан залбирав. Эм бөө их дуугаар өгүүлрүүн: “Би болбоос Сычуань газрын сахиус болой. Хаан энх амгалангаар цэнгэлдэж агаад юунд бас үйлийг асуумуй? Нэг хэдэн жил өнгөрсний хойно Вэй улсын газар орон цөм хаанд болох тул хаан битгий зовнигтун!” хэмээн өгүүлж дуусаад харангадан газарт унаад нэлээд удсаны хойно сая амьдрав. Хоужу ихэд баярлаж хүндэд шагнаад илгээв. Түүнээс эм бөөгийн үгийг гүнээ итгэж даруй Зянвэйгийн үгийг сонссонгүй. Өдөр бүр гагц ордны дотор хуримлаж цэнгэлдмүй. Зянвэй хэд хэдэн зэрэг зараалын бичиг айлтгасан боловч цөм Хуанхао дарж нуугаад айлтгасангүй тулд их үйлийг саатуулав.
Түүнээс Жунхуйгийн их цэрэг дараа дараагаар Ханьжунгийн зүг ирэхэд өмнөд ангийн гавшгай Сюй И тэргүүн гавьяа байгуулсугай хэмээгээд урьд цэргийг дагуулан Нань Жэньгуань боомтод хүрээд Сюй И харьяат олон жанжинд өгүүлрүүн: “Энэ боомтыг өнгөрсөнд даруй Ханьжунгийн газар болмуй. Боомтод цэрэг олонгүй бид даруй шаламгайлан орж боомтыг булаасугай!” хэмээсэнд олон жанжин захиаг дагаж цугаар хүчлэн оров. Үзвээс энэ боомтыг сахисан Шу улсын жанжин Лусюнь хэдийн Вэй улсын цэрэг ирэхийг мэдээд урьд боомтын өмнөх модон гүүрний хоёр талд цэрэг бүгүүлээд Үхоугийн үлдээсэн арван сумыг цугаар харвах холховч нумыг бэлтгэн тавьсан бөлгөө. Сюй Игийн цэрэг боомтыг булаахаар ирсэн тухай тогшуур модыг цохимогц зэв, чулуу бороо орох адил харваж Сюй И яаран цэргийг эгүүлтэл хэдийн хэдэн арван хүнийг харван унагаажээ. Вэй улсын цэрэг ихэд хохирсонд Сюй И Жунхуйд мэдүүлэхээр илгээв. Жунхуй өөрийн цацрын доорхи морьт хуяг хэдэн зууг авч үзэхээр ирвээс үнэхээр нэгэн цугаар харваж ирмүй. Жунхуй морь буцааж эгэхэд боомтын дээрээс Лүсюнь таван зуун цэрэг авч байлдахаар гарч ирэв. Жунхуй морийг ташуурдан довтолгож гүүрийг өнгөрөхөд гүүрний шороо нурж морины хөл дарагдсан тул Жунхуй мориноос арай эс унав. Морь босож чадахгүй болсонд Жунхуй морио гээгээд явганаар гүйж гүүрийг гартал Лүсюнь гүйцэж ирээд нэгэнтээ жадлан ирэх үед Вэй улсын цэргийн дотроос Сюнькай бие эргэж нэгэнтээ харвасанд Лүсюнь оногдоод мориноос унав. Үүнд Жунхуй олон цэргийг дохиж мөн завшаанаар боомтыг булаасанд боомтын дээрх цэрэг Шу улсын цэрэг боомтын өмнө байх тул зэв харваж чадахгүй учир Жунхуй цэргийг цавчиж сарниулаад уулын боомтыг булаав. Даруй Сюнькайг Хузюнь түшмэл болгоод эмээлт морь, хуяг дуулгатай шагнаж өгөв. Тэндээс Сюй Иг цацрын өмнө дуудан ирүүлж буруушаан өгүүлрүүн: “Чи гавшгай болсон тул зүй нь уул учирваас зам нээж гол таарваас гүүр тавиад тусгайлан гүүр зам засаж цэрэг явахад дөхөм болгох бөлгөө. Би анхан гүүрэнд хүрмэгц морины хөл дарагдаад голд арай эс унав. Сюнькайгаас бус бөгөөс би нэгэнтээ Шу улсын хүнд алагдсан бөлгөө! Чи нэгэнтээ цэргийн цаазыг зөрчсөн тул ёсоор аваачваас зохимуй” хэмээгээд цэргийн хүнийг зандран “Ал!” хэмээхэд олон жанжин гуйж өгүүлрүүн: “Үүний эцэг Сюйчу хаан төрд гавьяа байгуулсан тул Дүдү уучлахыг эрмэлзмүй!” Жунхуй тачаадан өгүүлрүүн: “Цэргийн цааз тодорхойгүй болбоос яахан олныг дагуулмуй?” хэмээгээд даруй алж олонд үзүүлсэнд олон жанжин ихэд эмээв.
Тэр цагт Шу улсын жанжин Ванхань Юэчэн хотыг сахиж Зянбинь Ханьчэн хотыг сахиж асанд Вэй улсын цэрэг хүч ихийг мэдээд аймшиггүй гарч байлдахгүй гагц хаалгыг хааж сахимуй. Жунхуй цааз зарлаж өгүүлрүүн: “Цэрэгт сахиулсан мэт хурдныг эрхэм болгомуй. Өчүүхэн хэмээн алгуурлаж үл болмуй” хэмээгээд даруй өмнө цэргийн Лифүг Юэчэн хотыг, Хузюнь. Түшмэл Сюнькайг Ханьчэн хотыг хаагтун хэмээгээд өөрөө их цэрэг авч Ян Аны Гуань боомтыг авахаар одов. Боомтыг сахисан жанжин Фүцянь, дэд жанжин Зяншү лугаа хамт байлдах, сахих аргыг зөвлөвөөс Зяншү өгүүлрүүн: “Вэй улсын цэрэг маш олон тул хүчийг тосоход бэрх. Бэхлэн сахихад үл хүрмүй”. Фүцянь өгүүлрүүн: “Тийм бус Вэй улсын цэрэг хол газраас ирсэн тул ядаж зүдсэн болой. Хэдий олон хэмээвч айх явдалгүй, бид боомтоос гарч байлдахгүй болбоос Хань, Юэ хоёр хот автагдмуй” хэмээсэнд Зяншү ам хамхиж өчсөнгүй. Гэнэт хүн ирж хэлрүүн: “Вэй улсын цэрэг нэгэнтээ боомтын өмнө хүрч иржээ”. Зяншү, Фүцянь хоёул боомтод гарч үзвээс Жунхуй ташуур өргөж өндөр дуугаар өгүүлрүүн: “Би эдүгээ арван түмний олныг авч энд ирэв. Урьд гарч дагаваас уг тушаалд түшиглэн дэвшүүлж хэрэглэсүгэй! Хэрвээ эргүүтэж дагахгүй болохул боомтыг байлдаж эвдсэний хойно хас, чулуу хоёр цөм ялгагдахгүй болмуй” хэмээхэд Фүцянь ихэд хилэгнэж Зяншүгаар хотыг сахиулаад өөрийн бие гурван мянган цэрэг авч боомтоос алахаар бууж ирсэн хойно Жунхуй эгтэл Вэй улсын цэрэг дуусган буцав. Фүцянь мөн хүчинд нэхэж очвоос Вэй улсын цэрэг дахин нийлж байлдахаар ирэв. Фүцянь эгж “Боомтод орсугай!” хэмээвээс боомтын дээр цөм Вэй улсын туг хиур босгоод Зяншү дуудаж өгүүлрүүн: “Би нэгэнтээ Вэй улсад дагав” хэмээмүй. Фүцянь ихэд тачаадаж хараан өгүүлрүүн: “Хишгийг умартаж журмыг тэсэргүүлсэн хулгай чи ямар нүүрээр дэлхий дахины хүнд золгомуй” хэмээгээд морь эгүүлэн дахин Вэй улсын цэрэг лүгээ байлдахад Вэй улсын цэрэг дөрвөн зүгээс хааж ирээд Фуцянийг дунд хорьжээ. Фүцянь зүүн барууныг шувтлан байлдавч гарч чадахгүй, дагуулсан Шу улсын цэрэг арваас найм есөн хувь автжээ. Фүцянь тэнгэрийг харж гуньхран өгүүлрүүн: “Би амьдарваас Шу улсын сайд, үхэвч Шу улсын чөтгөр болмуй” хэмээгээд дахин морь давхин байлдан ороод бие хэдэнтээ жадлагдаж цус хуягийг нэвтлэн гараад унасан морь хэвтсэн тулд тул Фүцянь өөрийн хоолойгоо огтолж үхэв.
Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:
“Нэгэн өдөр шударга хилэнгээ гаргасанд
Мянган онд журамт нэрийг эрмэлзмүй
Фуцяньгийн мэт үхэхээс бус гайхамшигтай үхлийг
Зяншүгийн адил харин амьдрахгүй”
Түүнээс Жунхуй Ян Аньгуань боомтыг олоод боомтын дотор амуу өвс цэргийн зэвсэг үлэмж асан тул ихэд баярлан даруй олон цэргийг хуримлав. Тэр шөнө Вэй улсын цэрэг Ян Ань Гуань хотын дотор буудалласанд гэнэт баруун өмнөөс хашхирах дуу ихэд гарчээ. Жунхуй яаран цацраас гарч үзвээс огт чимээгүй. Вэй улсын цэрэг нэгэн шөнө айж унтсангүй. Дараа шөнийн гуравдугаар жинд баруун өмнө зүгт хашхирах дуу бас үүсэв. Жунхуй сэжиглэж хүн зарж үзүүлэхээр илгээсэнд хойш ирж хэлрүүн: “Арван газар илүү одож үзвээс нэг хүн ч үгүй” хэмээв. Жунхуй сэжиглэж тогтворгүй тул өөрийн бие хэдэн зуун морьт цэргийг авч баруун өмнө цагдахаар очоод өмнө нэгэн ууланд хүрвээс алах уур дөрвөн зүгээс мандаад үүл манан нийлж уулын оройг бүрхжээ. Жунхуй морийг татаж зогсоод зам заах түшмэлээс асууруун: “Энэ ямар уул буй?” Өчрүүн: “Энэ Динь Зюньшань уул болой. Эрт өдөр сяхоу Юань энэ газарт үхсэн бөлгөө”. Жунхуй сонсоод баяргүй болж даруй хойш эгэн ирэхэд уулын хөтлийг өнгөрмөгц гэнэт догшин салхи дэгдээд арын хойноос хэдэн мянган морьт цэрэг цолхийж гараад салхийг дагаж байлдахаар ирэв. Жунхуй ихэд гэлмэж167 олон цэргийг аваад буруулахад жанжин цэргүүд мориноос унасан нь тоолбоос барахгүй.
167 Гэнэт цочин айх, балмагдах; дэндүү сандрах
Ян Аньгуань боомтод хүрээд үзвээс нэг хүн нэг морь ч автсангүй гагц нүүр нүд шалбараад дуулгаа гээсний төдий л болой. Олон цөм “Гагц хар уурын дотор хүн морь байлдахаар ирмүй. Биеийн ойр хүрч ирвээс хүнд хор хүргэхгүй, гагц нэгэн зурвас хуй салхи бөлгөө” хэмээхэд Жунхуй шинэ дагасан жанжин Зяншүгаас асууруун: “Дин Зюньшан ууланд сахиусан сүм баймуй уу?” Зяншү өгүүлрүүн: “Огт сахиусан сүм үгүй. Гагц Жугө Үхоугийн хүүр буй” Жунхуй хиртхийж өгүүлрүүн: “Энэ эрхгүй Үхоугийн хувилгаан сүнс болой. Би биеэр одож тахьсугай!” хэмээгээд жич өдөр тахих юмыг бэлтгэж үхэр алаад өөрөө Үхоугийн хүүрийн өмнө одож дахин давтан мөргөж тахисаны хойно муу уур зогсож үүл дөрвөн зүгт сарнин ариун салхи сэрчигнэж баахан бороо шивэр шивэр ороод удсангүй гэгээн болов. Вэй улсын цэрэг ихэд баярлаж цөм залбиран мөргөж хүрээндээ эгэв. Тэр шөнө Жунхуй цацар гэрт суусаар ширээг түшиж унтсан хооронд нэгэн зурвас ариун салхи өнгөрмөгц үзвээс нэгэн хүн бумбын малгай, тогоруун нөмрөг өмсөөд өдөн дэвүүр барьж бөс гутал, хар бүстэй, нүүр хас мэт уруул шунх адил, хөмсөг ариун, нүд тунгалаг, биеийн өндөр найман тохой, гилгэрч сахиусан адил. Тэр хүн цацарт алхан орж ирсний хойно Жунхуй бие босон угтаж асууруун: “Гүн чи яасан хүн буй?” хэмээсэнд тэр хүн өгүүлрүүн: “Энэ өглөө жанжин хүндэд үзсэн тулд надад нэгэн өчих үг буй. Хэдийгээр Хань улсын тоо дууссан боловч тэнгэрийн зүйг зөрчиж эс болмуй. Хоёр Чуаньгийн газрын иргэн цэргийн самуунд элэг цөс шороонд будагдсан нь хөөрхий тул чи хязгаарт орсны хойно хэрхэвч иргэнийг дэмий битгий алж хорлогтун!” хэмээн хэлж дуусаад ханцуйгаа гөвж одов. Жунхуй үлдээн авсугай хэмээтэл гэнэт цочин сэрэв. Харин нэгэн зүүд ажгуу. Жунхуй Үхоугийн гайхамшиг илэрснийг мэдээд тэсгэлгүй гайхаж, даруй цэргийн өмнө нэгэн цагаан туг босгож дээр “Улсыг хамгаалж иргэнийг амар болгомуй” хэмээх үсэг бичээд “Эл хүрсэн газар хэрвээ нэг хүн хэмээн дэмий алагсдыг даруй хариу алмуй “ хэмээн цаазлав. Түүнээс Ханьжунгийн иргэн цөм хот гарч сөгдөж угтсанд Жунхуй нэг нэгээр тохинуулан өчүүхэн ч халдсангүй бөлгөө.
Хожмын хүмүүний магтсан шүлгийн үг:
“Сахиус цэрэг хэдэн түмэн Дин Зюньшанг тойроод
Сайд Жунхуйг хувилгаанд мөргүүлэхэд хүрүүлэв
Амьддаа арга тогтоож Лю овогтыг тэтгэж чадсан бөгөөд
Нөгчөөд бас үг үлдээж Шугийн ардыг хамгаалав”
Тэндээс Зянвэй Тажунд байж Вэй улсын цэрэг нүүгэлтэн ирснийг сонсоод шөнө дөл хүн зарж “Ляохуа, Жан И, Дунцюэг цэрэг авч ир!” хэмээн илгээв. Нэгэнтээгүүр өөрөө цэрэг хуваагаад хүлээн бүхийд гэнэт хүн хэлрүүн: “Вэй улсын цэрэг хүрч ирэв” хэмээмүй. Зянвэй цэрэг авч угтваас Вэй улсын жагсаалаас тэргүүлэгч их жанжин нь Тяньшүйгийн тайшоу түшмэл Ванци гараад их дуугаар өгүүлрүүн: “Эдүгээ манай их цэрэг зуун түм, дээд жанжин мянган нэр, хорин замаар хуваан ороод нэгэнтээ Чөндүд хүрсэн атал чи хурдан дагахыг санахгүй харин эсэргүүцлэн тулах нь юун ийм тэнгэрийн зүйг мэдэхгүй буй?”. Зянвэй хилэгнэж жад далайн морь давхиж шууд Ванциг алахаар ороод гурван удаа болсонгүй Ванци дарагдаж буруулав. Зянвэй цэрэг авч нэхээд хорин газрын гадна хүрвээс хэнгэргийн дуу гармагц нэгэн салааны цэрэг жагсаав. Туганд “Лунсигийн тайшоу Цяньхун” хэмээн их үсгээр бичжээ. Зянвэй инээж өгүүлрүүн: “Энэ зэргийн хулгана мэт ард надад тэнцэх нь бус?” хэмээгээд цэргийг шавдуулж нэхээд бас арван газар буруулсанд Дөн Ай цэрэг авч ирээд хоёр этгээд хутган байлдахад Зянвэй чинээгээр Дөн Ай лугаа байлдаж арван удаа болтол хэн алин ч дийлсэнгүй. Хойд биед харанга хэнгэргийн дуу бас гарсанд Зянвэй яаран хойш эгтэл хойд цэрэг ирж хэлрүүн: “Ганьсунгийн олон хүрээг Зиньчэнгийн тайшоу Янсинь галджээ” хэмээмүй. Зянвэй ихэд цочиж даруй доорх жанжин нарт өөрийн туг хиурыг хуурмаг босгуулаад Дөн Ай лугаа тулуулан Зянвэй хойд цэргийг аваад шөнө дөл Ганьсунд туслахаар одоход төв хэмээн Янсиньд учрав. Янсинь айж байлдсангүйгээр уулын зүг буруулан явсанд Зянвэй нэхэж одоод сая хотын доор хүрсэнд хадны дээрээс чулуу мод бороо орох адил хаямуй. Үүнд Зянвэй давшиж чадахгүй тул даруй эгээд замын гудаст хүртэл Шу улсын цэрэг нэгэнтээ Дөн Айд дарагдаж Вэй улсын цэрэг ихэд хүрч ирээд Зянвэйг хаав. Зянвэй олон цэргээ авч байлдан гараад буруулж их хүрээндээ очоод бэхлэн сахиж өмөглөх цэрэг ирэхийг хүлээж байтал гэнэт харуулын хүн яаран ирж хэлрүүн: “Жунхуй, Ян Аньгуань боомтыг байлдан авсанд боомтыг сахисан жанжин Зяншү дагаад Фүцянь байлдаж үхэв. Ханьжуньгийн газар нэгэнтээ Вэй улсад болов. Юэчэн хотыг сахисан жанжин Ванхань, Ханьчэн хотыг сахисан жанжин Зянбин “Ханжүнийг автав” хэмээн сонсоод хотын хаалгыг нээн дагажээ. Хузи тулж чадахгүй тул Чөндүд өмөглөх цэрэг авахаар одов” хэмээжээ.
Түүнээс Зянвэй ихэд гэлмэж даруй цааз тархааж хүрээг эвдлээд мөн шөнөдөө Зянчуаньгийн аманд хүрсэнд өмнөд нэгэн анги цэрэг жагсаажээ. Тэргүүлэгч жанжин Зиньчэнгийн тайшоу түшмэл Янсинь болой. Зянвэй ихэд хилэгнэж морь давхин гарч байлдаад нэгэн удаа болсонгүйгээр Янсинь буруулав. Зянвэй даруй нум гаргаад гурвантаа харваваас нэг ч оносонгүй тул Зянвэй хилэнг нүүлгэн нумаа хугалаад жадыг далайн нэхэхээр одоход унасан морь бүдрээд Зянвэйг газарт унагаав. Янсинь морийг буцааж алахаар ирэхэд Зянвэй үсэрхийлэн босоод нэгэнтээ жадалсанд төвхийтэл Янсиньгийн унасан морины толгой оногдов. Араас Вэй улсын цэрэг хүрч ирээд Янсинийг гарган авчээ. Зянвэй морио унаад “Нэхсүгэй!” хэмээтэл нэгэнтээ “Дөн Айгийн цэрэг хүрч ирэв” хэмээн мэдүүлмүй. Зянвэй тэргүүн сүүлийг хамгаалан чадахгүй болсон тул даруй цэрэг хураан “Ханьжуныг дахин авсугай!” хэмээн одоход харуулын хүн хэлрүүн: “Юнжоугийн Цыши түшмэл Жугө Сюй одох замыг тасалжээ” хэмээмүй. Зянвэй цэрэг аваад ууланд түшиж хүрээ байгуулав. Вэй улсын цэрэг бас Иньпин Цяотоугийн дэргэд хүрээ буужээ. Зянвэй орох эгэх замгүй тул урт шүүрс алдаж өгүүлрүүн: “Тэнгэр намайг мөхөөх нь болой” хэмээсний хойно мөрний жанжин Нинсүй өгүүлрүүн: “Вэй улсын цэрэг хэдий Иньпин Цяотоугийн замыг таславч, Юнжоугийн цэрэг лав цөөн тул жанжин эдүгээ хэрвээ Кун Ханьгү заваар Юнжоуг авахаар одсонд Жугө Сюй эрхгүй Иньпингийн цэргийг татаж Юнжоуд тусалмуй. Тийм болбоос жанжин цэрэг авч Зяньгөд ороод сахисанд Ханьжуныг дахин олж болмуй”. Зянвэй үг дагаж даруй цэрэг гаргаж Кун Ханьгү завд одож “Юнжоуг авмуй!” хэмээн хуурмаг алдаршуулав. Тэр үгийг тагнуулч Жугө Сюйд хэлсэнд тэр ихэд хиртхийж өгүүлрүүн: “Юнжоу болбоос миний цэрэг хуруулсан газар. Хэрвээ автваас хаан эрхгүй надаас ял асуумуй” хэмээгээд даруй их цэргийг татаж өмнө замаар Юнжоуг туслахаар одов. Гагц нэг салааны цэргийг үлдээж Цяотоуг сахиулжээ. Зянвэй хойд замаар орж гучин газрын бараг одоод санахад Вэй улсын цэрэг нэгэнтээ хөдөлснийг мэдээд цэргийг эгүүлэн хойд ангийг өмнө болгон шууд Цяотоуд хүрвээс үнэхээр Вэй улсын их цэрэг нэгэнтээ оджээ. Хэдий цөөн тооны цэрэг буй асан боловч Зянвэй нэг зэрэг алж сарниулаад хүрээ хашаанд гал тавив. Жугө Сюй Цяотоугийн дэргэд гал мандсаныг сонсоод дахин цэрэг авч эгвээс Зянвэйгийн цэрэг өнгөрөөд нэгэнтээ хагас өдөр болсон тул эмээж нэхсэнгүй бөлгөө.
Тэндээс Зянвэй цэрэг авч Цяотоуг өнгөрөөд хараахан явахын хооронд өмнөөс нэгэн анги цэрэг хүрч ирэв. Харин зүүн этгээдийн жанжин Жан И бөгөөд баруун этгээдийн жанжин Ляохуа ажгуу. Зянвэй асуусанд Жан И өгүүлрүүн: “Хуанхао эм бөөгийн үгийг итгэж цэрэг гаргахгүй. Би Ханьжунгийн цухалдсаныг сонсоод өөрөө цэрэг авч иртэл Ян Аньгуань боомтыг нэгэнтээ Жунхуйд автжээ. Эдүгээ бас жанжныг хаагдав хэмээн сонсоод тусгайлан туслахаар ирэв” хэмээн цэргийг нэгэн газарт нийлүүлэн “Урагш Бэй Шүйгуаньд одсугай!” хэмээхэд Ляохуа өгүүлрүүн: “Эдүгээ дөрвөн зүгт цөм дайсан болоод амуун зам нэвтрэхгүй тул эгж Зяньгөг сахиад жич сайн аргыг санахад хүрэхгүй” хэмээсний хойно Зянвэй сэжиглэж бүхийд хүн ирж хэлрүүн: “Жунхуй, Дөн Ай арав илүү замаар цэрэг хувааж байлдахаар айсуй!” хэмээмүй. Зянвэй нь Жан И, Ляохуагийн хамт цэрэг хувааж “Угтахаар гарсугай!” хэмээхэд ляохуа өгүүлрүүн: “Бэйшүйгийн газар цухал, зам олон тул тэмцэлдэн байлдах орон бус. Түр эгээд Зяньгөд туслахаар очиход үл хүрмүй. Хэрвээ Зяньгө автсан болбоос
Энэ одоо зам тасарсан болой”. Зянвэй үг дагаж даруй цэрэг авч Зяньгөг туслахаар ирээд сая боомтын ойр хүрч иртэл гэнэт хэнгэрэг харанга цугаар дуугаран хашхирах дуу ихэд үүсээд туг хиурыг босгож нэгэн салааны цэрэг боомтын амыг сахив. Энэ чухамхүү:
“Ханьжунгийн бэрх хавцал нэгэнтээ үгүй болоод
Зяньгөгийн салхи долгион бас гэнэт үүсэв”
Эгнэгт аль газрын цэргийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )