"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 110 ДУГААР БҮЛЭГ
ВЭНЬ ЯН ГАГЦ МОРИОР БААТАР ЦЭРГИЙГ ЭГҮҮЛСЭН
ЗЯНВЭЙ УСЫГ АРЛАЖ ИХ ДАЙСНЫГ ЭВДСЭН
Өгүүлэх нь: Вэй улсын Төв тулгарын хоёрдугаар оны цагаан сард Янжоугийн Цыши түшмэл бөгөөд зүүнийг сахих жанжин, Хуайнаньгийн цэрэг морийг дагасан Гуань Цюзянь, өргөсөн нэр Жунвэнь, Хөнангийн Вэньси газрын хүн, Сыма Шигийн санааны дураар гээж байгуулсныг сонсоод ихэд уурлав. Ахмад хөвгүүн Гуань Цюдянь өгүүлрүүн: “Эцэг хязгаарт суугаад эдүгээ Сыма Ши эрхийг бариад хааныг зайлуулж улс гэрт өндөг овоолсон мэт түгшүүртэй атал юунд хамаагүй сахин суумуй?” Гуань Цюзянь өгүүлрүүн: “Биний хөвгүүний үг мөн!” хэмээгээд Цыши түшмэл Вэньцинийг залж ирээд зөвдөлцөв. Вэньцинь угтаа Цаошуангийн хаалганы доорх зочин байсан бөлгөө. Тэр өдөр Гуань Цюзяний залахаар ирснийг сонсоод даруй ирж золгоод ёслон суулцсаны хойно Гуань Цюзянь хойд гэрт аваачиж хэлэлцэхийн хооронд нулимс унагаж зогсохгүй. Вэньцинь учрыг асуусанд Гуань Цюзянь өгүүлрүүн: “Сыма Ши эрхийг бариад хааныг зайлуулан тэнгэр газрыг урвуулжээ. Хэрхэн уярахгүй болж болмуй!” Вэньцинь өгүүлрүүн: “Дүдү нэгэн зовхисыг сахиад хэрвээ журамт цэрэг байгуулж хулгайг дайлбаас би амийг тэвчин туслахыг хүсмүй. Миний хоёрдугаар хөвгүүн Вэньшү багын нэр А Ян, түүнд түмэн эр тэнцэхгүй баатар буй. Үргэлж Сыма Ши ах дүүг алж Цаошуанд өс авч өгөх санаатай. Эдүгээ гавшгай болговоос болмуй” Гуань Цюзянь их л баярлаад архи дусааж амалдаад хоёул хуурч “Эх дагинаас нягт зарлиг бичиг буй” хэмээн хэлж Хуайнаньгийн их бага цэрэг түшмэдийг цөм Шоучунь хотод цуглуулж нэгэн мандал цогцлон цагаан морь алж цусыг хутгаж тангараглаад дэлгэрүүлэн хэлсэн нь “Сыма Ши их сөргүү ёс бус тул эдүгээ эх дагины нягт зарлигийг хүлээн Хуананьгийн цэрэг морийг дуусган авч журмаар хулгайг арилгамуй!” хэмээсэнд олон цөм бишрэн дагав. Гуань Цюзянь зургаан түмэн цэрэг авч Сянчэн хотод буудаллав. Вэньцинь хоёр түмэн цэрэг дагуулан гадаадад тойрон явж тусламуй. Гуань Цюзянь олон хошуунд бичиг нэхүүлгэн “Тус бүр цэрэг үүсгэж туслагтун!” хэмээв.
Тэр цагт Сыма Шигийн зүүн нүдний мэнгэ үргэлж загатнан өвдөх тул эмчээр огтлуулж эм тавин битүүмжилсэнд өдөр бүр гэртээ сувилан суумуй. Гэнэт Хуайнань газрын цэргийн мэдээг сонсоод Тай Юй түшмэл Вансүг авчирч зөвлөсөнд Вансү өгүүлрүүн: “Эрт Гуань гүнгийн сүр хүч дундад улсад түрхэрсэнд Сүньцуань, Люймөнгөөр Зинжоу хотыг сундлуулахад жанжин цэргийн эм хөвгүүдийг өршөөж тэжээснээр тийнхүү Гуань гүнгийн цэргийн хүч тайлагджээ. Эдүгээ Хуайнаньд бүхий жанжин цэргийн эм хүүхэд цөм энд буй тул даруй тэтгэн тэжээгээд жич эгэх замыг тасалбаас түүний хүч эрхгүй шороо нурах адил болмуй”. Сыма Ши хэлрүүн: “Гүнгийн үг ихэд сайн. Гагц би шинэхэн нүдний өвчин хөдлөөд биеэр очиж чадахгүй. Хэрвээ бусдыг илгээвээс миний дотор бас амаргүй” хэмээсэнд тэр үес Жуншү Шилан түшмэл Жунхуй хажууд байсан тул өгүүлрүүн: “Хуай, Чугийн цэрэг баатар бөгөөд түүний хүч асар хурц тул хүн зарж байлдуулбаас бараг ашиг олохгүй. Хэрвээ алдагдсанд их үйл гээгдэх болой”. Тэр үгэнд Сыма Ши гэхэлзэн босож өгүүлрүүн: “Би биеэр одохгүй болбоос хулгайг эвдлэн чадахгүй!” хэмээгээд даруй Сыма Жаог үлдээж Луо Яныг сахиулан засгийн хэргийг бариулаад өөрийн бие сүйхэнд сууж өвчтэйгээр зүүнш мордов. Зүүнийг сахих жанжин Жугө Данийг Юйжоугийн олон цэргийг захирч Аньфэнгийн олмоор одож Шоучунийг байлд! Зүүнийг байлдах жанжин Хузүнийг Цинжоугийн олон цэргийг авч Цяо, сунгаар одож эгэх замыг тасал! Бас Южоугийн Цыши бөгөөд Зяньзюнь түшмэл Ванзиг өмнө ангийн цэргийг авч Жэньнаньгийн газрыг авагтун хэмээн илгээсний хойно Сыма Ши их цэргийг авч Сян Янгийн газарт буудаллаад олон бичиг цэргийн түшмэдийг цуглуулж зөвлөхөд Гуан Лүсюнь түшмэл Жэньмао өгүүлрүүн: “Гуань Цюзяньгийн бодлого сайн гэвч тасалбаргүй. Вэньцинь баатар боловч арга бядуу. Эдүгээ гэнэт санаандгүйгээр гарахад Зян, Хуайгийн цэргийн хурц амьсгал чив хөгжиж буй тул хөнгөлөн байлдваас болохгүй. Түр гүн гуу өндөр хэрмээр сахиж түүний хурц хүчирхэг буурсан хойно жич байлдсугай! Энэ нь Я Фугийн урт удааны арга болой” Зяньзюнь түшмэл Ванзи хэлрүүн: “Болохгүй! Хуайнаньгийн урвасан нь цэрэг, иргэний урвасугай хэмээсэн нь бус. Цөм Гуань Цюзяньд цухалдагдан аргагүйдээ дагасан бөлгөө. Хэрвээ их цэрэг хүрвээс даруй сарнимуй”. Сыма Ши өгүүлрүүн: “Энэ үг зүй” хэмээхэд цэрэг авч Иньшүй голд хүрч дундад цэрэг Иньцяо гүүрний дэргэд буув. Ванзи өгүүлрүүн: “Наньдүньгийн газар цэрэг буухад сайн тул шөнө дөл одож авбаас зохимуй. Хэрвээ алгуурлаваас Гуань Цюзянь эрхгүй урьд хүрмүй” хэмээхэд Сыма Ши даруй Ванзид өмнө цэргийг өгч Наньдүньд хүрээ буулгахаар илгээв.
Тэндээс Гуань Цюзянь, Сянчэнд сууж агаад Сыма Ши биеэр ирснийг сонсож олныг цуглуулан зөвлөхөд гавшгай Гө Юн өгүүлрүүн: “Наньдүнгийн газар уулыг түшиж усанд ойр тул цэрэг буухад асар сайн. Хэрвээ Вэй улсын цэрэг урьд эзэлбээс эгүүлэхэд бэрх болмуй. Түргэн авахаар очигтун!” хэмээсэнд Гуань Цюзянь “Мөн!” хэмээгээд цэрэг аван Наньдүнгийн зүг яван атал гэнэт харуулын хүн хэлрүүн: “Наньдүнд нэгэнт цэрэг морь ирж хүрээ буужээ”. Гуань Цюзянь итгэхгүй өөрөө цэргийн өмнө одож үзвээс үнэхээр туг хиур дүүрэн зогсоож буусан хүрээ тэв тэгш. Гуань Цюзянь цэрэгт эгээд аргагүй бүхийд бас хүн ирж хэлрүүн: “Зүүн ҮЫ улсын Сүньзюнь цэрэг авч мөрнийг гэтлэн Шоучунийг сундлахаар ирэв”. Гуань Цюзянь их л цочиж өгүүлрүүн: “Шоучүнь хотыг хэрвээ алдваас бид хаана эгмүй” хэмээгээд тэр шөнө цэргийг сэмээр Сянчэнд эгүүлэв.
Түүнээс Сыма Ши, Гуань Цюзяньгийн цэрэг эгснийг мэдээд олныг цуглуулж зөвлөхөд Шаншү түшмэл Фугү өгүүлрүүн: “Эдүгээ Гуань Цюзяньгийн эгсэн нь Ү улсын цэрэг Шоучунийг сундлахаас эмээсэн болой. Эрхгүй Сянчэнд эгж цэрэг хуваан сахимуй. Жанжин нэгэн салааны цэрэг илгээж Юэ Зячэн хотыг байлд! Нэг салааны цэргээр Сянчэн хотыг байлдаад бас нэг салааны цэргээр Шоучунийг байлдваас Хуайнаньгийн цэрэг өөрөө эгэх болой. Жич Яньжоугийн Цыши түшмэл Дөн Ай ухаан, бодлого үлэмж тул хэрвээ цэрэг авч шууд Юэ Зянг авахаар илгээгээд бас их цэргээр туслуулсанд хулгайг эвдлэх нь бэрхгүй болой”. Сыма Ши үг дагаж даруй элчид бичиг бариулан Дөн Айг Яньжоугийн цэргийг авч “Юэ Зянг байлд!” хэмээн зараад Сыма Ши хойноос цэрэг авч туслахаар одов.
Тэндээс Гуань Цюзянь Сянчэнд сууж цаг бүр Юэ Зян хотод хүн зарж үзүүлмүй. Цэрэг байгуузай хэмээн Вэньцинийг хүрээнд залж ирээд зөвдвөөс Вэньцинь өгүүлрүүн: “Дүдү битгий зовогтун! Би тэнэг хөвгүүн Вэнь Янлугаа гагц таван мянган цэргээр Юэ Зячэн хотыг хамгаалан сахьсугай!” гэхэд Гуань Цюзянь баярлав. Вэньцинь эцэг хөвгүүн таван мянган цэрэг авч Юэ Зячэн хотын зүг ирэхэд өмнө цэргээс мэдүүлрүүн: “Юэ Зячэн хотын баруунтаа цөм Вэй улсын цэрэг бараг түм илүү буй. Холоос анхаарваас дунд хүрээнд цагаан залаат шар төмөг, бараан шүхэр, цагаан манжлага, улаан туг цацрыг тойрон жагсаагаад бас хэмэрлэгт “Шуай”151 хэмээх үсэг хатгамалласан их туг босгожээ. Энэ лавтайяа Сыма Ши болой. Хүрээ байгуулж дуусаагүй” хэмээмүй. Тэр цагт Вэнь Ян ташуур барьж эцгийн хажууд зогсож асан тул энэ үгийг сонсоод эцэгтээ өгүүлрүүн: “Мөн тэдгээрийн хүрээ байгуулан бүтээгүйн урьд цэрэг хувааж хоёр замаар хавчин байлдсанд бүрнээ дийлж болмуй” Вэньцинь өгүүлрүүн: “Ямар цаг одвоос болмуй?” Вэнь Ян өгүүлрүүн: “Энэ үдшийн гэгээ тасрах үес эцэг та хоёр мянга таван зуун цэрэг аваад хотын өмнө биеэр байлдаж ор! Хөвгүүн би хоёр мянга таван зуун цэрэг аваад хотын хойдоор байлдан ороод гуравдугаар жинд Вэй улсын хүрээнд учирсугай!” хэмээсний хойно Вэньцинь үгийг дагаж тэр үдэш цэргийг хоёр замаар хуваав. Тэр үе Вэнь Ян сая арван найман настай, Биеийн өндөр найман тохой, бүх биеэ хуяглаж сүүжиндээ үет ташуур зүүгээд жад барин морь унаж хараахан Вэй улсын хүрээний зүг ирэв.
151 Өрлөг
Тэр шөнө Сыма Шигийн цэрэг Юэ Зячэн хотод хүрч хүрээ буугаад Дөн Айг хүлээж ирээгүй бөгөөд Сыма Шигийн нүдний доорх шинэ огтолсон мэнгэний шарх өвдөх тул цацарт хэвтээд хэдэн зуун хуягласан цэргээр гархилан зогсоож хамгаалуулав. Гуравдугаар жингийн үес гэнэт хашхирах дуу ихэд үүсэж хүн морь самуурчээ. Сыма Ши яаран асууваас хүн хэлрүүн: “Нэгэн багийн цэрэг хүрээний хойноос цавчин шууд орж ирэв. Тэргүүлсэн нэгэн жанжны баатарт тэсэх хүн үгүй!” хэмээмүй. Сыма Ши ихэд гэлмэж дотроо бачимдан нүдний цөцгий, мэнгэний шархаар бултайн гарч ирээд цус газар дүүрэн урсаад өвдөж тэсэхүйеэ бэрх. Гэвч цэргийн сэтгэл самууруузай хэмээн хөнжлийг зууж хүлцэн асаар хөнжлийг тасартал хазав. Үзвээс Вэнь Янгийн цэрэг морь урьд хүрч ирээд сүрэглэн орж дунд хүрээнд хөндлөн гулд байлдан явж эл хүрсэн газар хүн халхлан чадахгүй. Эсэргүүцэгсэд аваас жадаар хатган үет ташуураар цохивоос эс үхэх нь үгүй. Вэнь Ян гагц эцгээ гаднаас туслахыг хүлээвч ирэхгүй тул хэдэн зэрэг дундад хүрээнд байлдан орсонд цөм холховч нуманд харвагдаж эгэв. Вэнь Ян байлдсаар гэгээрсний хойно гэнэт хойд этгээдэд хэнгэрэг харанга цугаар дуугарахыг сонсоод Вэнь Ян хойш хандаж өгүүлрүүн: “Эцэг өмнө этгээдэд туслахгүй хойд талаар ирсэн нь юу болой?” хэмээгээд морь довтолгон гарч үзвээс нэгэн анги цэрэг догшин салхи мэт ирмүй. Тэргүүлсэн нэг жанжин нь Дөн Ай ажгуу. Морь давхиулан илдийг хөндлөн бариад их дуугаар дуудруун: “Урвасан хулгай битгий буруул!”. Вэнь Ян хилэгнэж угтан байлдаад тавин удаа болсон боловч хэн алин дийлэх дийлэгдэхгүй, чив байлдан бүхийд Вэй улсын цэрэг ихэд хүрч ирээд өмнө хойноос хавчин байлдав. Вэнь Янгийн доорх цэрэг тус тусдаа сарниад Вэнь Ян гагц хүн гагц мориор Вэй улсын цэргийг нэвтлэн гарч өмнө зүг буруулав. Хойноос хэдэн зуун жанжин чинээрхийлэн нэхэж Юэ Зяцяо гүүрэнд хүрч ирээд гүйцэх ойртсонд Вэнь Ян гэнэт морийг эргүүлж нэгэнтээ бархирмагц шууд Вэй улсын цэрэгт дайран ороод үет ташуурыг өргөсөн газар хүн дам дамаар мориноос унаж тус тусдаа явсанд Вэнь Ян дахин алгуураар одмуй. Вэй улсын жанжин нар нэгэн газарт хурж гайхаж өгүүлрүүн: “Энэ хүн харин аймшиггүй бидний олныг эгүүлмүй үү?! Хүч хамтдаж нэхсүгэй!” хэмээгээд бас зуу илүү хүн нэхэж ирэв. Вэнь Ян тачигнатал хилэгнэж өгүүлрүүн: “Хулгана мэт амьтан нар амиа хайрлахгүй уу?” хэмээн морио давхиулан ташуурыг өргөж Вэй улсын цэргийн сүрэгт орж хэдэн хүнийг цохиж унагаагаад хазаарыг татаж алгуур явав. Вэй улсын жанжин нэгэн дараагаар дөрөв таван зэрэг нэхэж ирсэнд цөм Вэнь Ян нэгэн хүн байлдаж эгүүлэв.
Хожмын хүний шүлгийн үг:
“Чанбаньгийн газар эрт өдөр Цаоцаог ганцаар эсэргүүцээд
Зылун үүнээс Аруухан баатраа илэрхийлсэн бөлгөө
Юэ Зян хотын дотор тэмцэн байлдахад
Вэнь Янгийн зориг цөс ихийг бас олж үзэв“
Түүнээс Вэньцинь уулын зам атар бутар тул зав дотор төөрч нэгэн шөнө яваад сая зам олж гартал нэгэнтээ гэгээрчээ. Вэнь Янгийн цэрэг морь аль газар байхыг ч мэдэхгүй. Гагц Вэй улсын цэрэг дийлснийг үзээд Вэньцинь байлдсангүйгээр эгсэнд Вэй улсын цэрэг мөн тухайд нэхэж ирэхүйеэ Вэньцинь цэргийг авч Шоучунь хотын зүг буруулав.
Тэндээс харшийн дотоод сюйвэй түшмэл Инь Дамү хэмээгч Цао Шуангийн сэтгэл зүрх мэт хүн бөлгөө. Цао Шуан бээр Сыма Ид алагдсанд тийнхүү Сыма Шиг үйлчилж үргэлж Сыма Шиг алж Цао Шуангийн хариуг авч өгөх санаатай, угаас Вэньцинь лүгээ гүн нөхөрлөсөн ажгуу. Эдүгээ Сыма Шигийн нүдний цэцгий бултайн гараад хөдлөн чадахгүйг үзээд даруй цацарт орж өгүүлрүүн: “Вэньцинь угаас урвах сэтгэлгүй, эдүгээ Гуань Цюзяньд цухалдагдан ийм болжээ. Би одож хэлэлцсэнд эрхгүй дагахаар ирмүй” хэмээсний хойно Сыма Ши үгийг дагав. Инь Дамү даруй хуяг дуулга өмсөн, хурдан морь унаж Вэньциньг нэхэхээр одож гүйцэх шахаад өндөр дуугаар дуудруун: “Вэнь Цыши, Инь Дамүг үзэв үү?”. Вэньцинь хойш харж үзвээс Инь Дамү дуулгаа аваад эмээлийн бүүргэнд тавин ташуураар зааж өгүүлрүүн: “Вэнь Цыши юунд хэдэн өдрийг хүлээхгүй аж?” хэмээв. Энэ Инь Дамү нь Сыма Ши үхэх шахсан тул тухайлан Вэньцинийг үлдээхээр ирсэн ажгуу. Вэньцинь түүний санааг ухсангүй их дуугаар хараагаад нум авч харвасугай хэмээсэнд Инь Дамү ихэд уйлав. Вэньцинь цэргээ хурааж Шоучунь хотын зүг ирвээс хэдийн Жугө Даньд автжээ. Дахин Сянчэн хотын зүг эгвээс Хузүнь, Ванзи, Дөн Ай гурван замын цэрэг цөм хүрч ирсэнд Вэньцинь өөрийн хүч буурсныг мэдээд даруй Зүүн Ү улсын Сүньзюнийг эрэхээр одов.
Тэндээс Гуань Цюзянь, Сянчэн хотод аж, Шоучунийг нэгэнтээ алдаад Вэньциньгийн хүч буурсны дээр хотын гадна гурван замын цэрэг хүрч ирснийг сонсоод даруй хотын доторх цэргийг дуусган авч байлдахаар гарваас чив Дөн Айд учирсан тул Гуань Цюзянь, Гө Юнийг гаргаж Дөн Ай лугаа байлдуулсанд нэг удаа ч болсонгүй Дөн Ай алаад цэрэг авч жагсаалд дайран ирсэнд Гуань Цюзянь угтан байлдтал Зянхуайгийн цэрэг ихэд самуурав. Хузүнь, Ванзи цэрэг авч дөрвөн зүгийг хавчин байлдахад Гуань Цюзянь тулан тэсэхгүй арваад морьтонг авч зам булаан буруулаад урагш Шэньсянь хотын доор хүрч ирсэнд захирагч ноён Сунбай, хотын хаалгыг нээж оруулаад хурим бэлтгэж хүндэлсэнд Гуань Цюзянь ихэд согтжээ. Үүнд захирагч ноён Гуань Цюзянийг алаад тэргүүнийг Вэй улсын цэрэгт өргөснөөр түүнээс Хуайнаньгийн газар төвшин болов.
Түүнээс Сыма Ши өвдөж хэвтээд босож чадахгүй болсонд Жугө Данийг цацарт дуудаж оруулаад тамга цацаг хүртээн өгч зүүнийг дайлах их жанжин болгоод Янжоугийн олон замын цэрэг бүгдийг захируулав. Нэгэнтээгүүр цэрэг хурааж Сюйчан хотод эгэв. Сыма Ши нүд өвдөж огт зогсохгүй дээр шөнө бүр басхүү Лифэн, Жанзи, Ся Хоусюань гурвуул хэвтэх ширээний өмнө зогсох нь үзэгдмүй. Сыма Ши дотор бараг бүрэг болоод санахад амийг батлахуйяа бэрх болсон тул Луо Янд хүн зарж Сыма Жаог авахаар илгээсэнд хүрч ирээд ширээний доор уйлан сөгдөв. Сыма Ши гэрээсэлж өгүүлрүүн: “Эдүгээ миний эрх хүнд болоод хэдий үүргийг тайлсугай хэмээвч болохгүй болжээ. Чи миний хойдыг залгамжилж их үйлийг хэрхэвч хөнгөнөөр бусдад тушааж угсааг хүйс тэмтрэх зовлон ирэхэд битгий хүрүүл!” хэмээн өгүүлж дуусаад тамга цацгийг тушаан өгч нүүр дүүрэн нулимс асгаруулав. Сыма Жао сая асуусугай хэмээтэл өндөр дуугаар нэгэнтээ дуугармагц нүд бүлтрэн гарч үхэв. Тэр цаг Жун Юаньгийн хоёрдугаар оны хоёр сар бөлгөө. Тэндээс Сыма Жао хүүрийг оршуулаад Вэй улсын эзэн Цаомаод айлтгасанд Цаомао элчид зарлиг бичиг бариулан Сюйчан хотод зарж Сыма Жаог түр Сюйчан хотод цэрэг буудаллаж Зүүн Ү улсыг сэргийл хэмээжээ. Сыма Жао үзээд дотроо сэжиглэн таслан чадахгүй бүхийд Жунхуй өгүүлрүүн: “Их жанжин шинэхэн үгүй болоод хүний сэтгэл тогтоогүй тул их жанжин энд үлдэж сахьсан хойно хэрвээ төрд хувьсгал гарваас гэмшивч гүйцэхгүй болмуй?”. Сыма Жао үг дагаж даруй цэрэг эгж Луошүй голын өмнө буусанд Цаомао сонсоод ихэд цочив. Тай Юй түшмэл Вансү айлтгаж өгүүлрүүн: “Сыма Жао нэгэнтээ түүний ахыг залгаж их эрхийг барьсан тул хаан хэргэм өргөмжилж түүний сэтгэлийг амуулбаас зохимуй” Цаомао даруй Вансүд зарлиг бичиг бариулан Сыма Жаог их жанжин бөгөөд Шаншүгийн хэргэмийг шийтгүүлсэнд Сыма Жао хааны төрд ороод хишигт мөргөв. Түүнээс дотоод гадаадын их бага хэрэг цөм Сыма Жаод болов.
Тэндээс Баруун Шугийн тагнуулч энэ мэдээг сонсоод Чөндүд хэлэхээр одсон хойно Зянвэй Хоужуд айлтгаж өгүүлрүүн: “Сыма Ши шинэхэн үхээд Сыма Жао анхан их эрхийг барьсан тул айж Луо Янгаас салахгүй бөлгөө. Сайд би тухайд завшиж Вэй улсыг байлдаж Жун Юаньгийн газрыг эгүүлэн авсугай!” хэмээсэнд Хоужу үгийг дагаад даруй Зянвэйг цэрэг авч Вэй улсыг дайлагтун хэмээв. Ханьжунд хүрээд цэрэг морийг тэгшлэхэд барууныг байлдах их жанжин Жан И хэлрүүн: “Шу улсын газар цухал амуу цалин ховор тул дайлахаар одоход зохисгүй. Харин хавцал амыг сахин суугаад цэргийг амруулж иргэнийг өршөөхөд эс хүрмүй. Энэ нь чухам улсыг хамгаалах арга болой” хэмээхэд Зянвэй өгүүлрүүн: “Тийм бус, Эрт чансан улалжийн гэрээс гарахын урьд дэлхий дахиныг нэгэнтээ гурван хувь болохыг тогтоосон тул сая зургаантаа Ци Шань уулыг гараад Жун Юаньгийн газрыг авсугай хэмээсэн бөлгөө. Хишиггүй нь зуурмаггүй болоод гавьяа бүтсэнгүй. Эдүгээ би нэгэнтээ чансангийн гэрээсийн захиаг хүлээсэн тул шударгыг гүйцэтгэн улсыг хамгаалж түүний зоригийг залгамжилбаас зохимуй. Хэдийгээр үхэвч хорсолгүй. Өнөө Вэй улс нэгэнтээ завсартай болсон тул энэ тухай байлдахгүй одоо ямар цагийг хүлээмүй?” хэмээхэд Cя Хоуба өгүүлрүүн: “Жанжны үг мөн болой. Урьд гавшгайлан Фуханьгаар гарч, хэрвээ Таоси, Нань Анийг олбоос олон хот даруй тогтох болой”. Жан И хэлрүүн: “Урьд ялгуусангүй эгсэн нь цөм цэрэг орохыг алгуурласан учир болой. Цэргийн бичигт өгүүлсэн нь “Бэлтгэсэнгүй газар байлдаж санасангүй газраар гармуй” хэмээжээ. Өнөө гал мэт түргэн цэрэг орвоос Вэй улсын хүн бэлтгэж завдахгүй тул эрхгүй дийлмүй” хэмээв.
Түүнээс Зянвэй таван түмэн цэрэг авч Фуханьгийн зүг мордов. Цэрэг Таошүй усанд хүрсэнд зах хязгаарыг сахисан цэрэг Юнжоугийн Цыши түшмэл Ванзин дэд жанжин Чэньтайд мэдүүлэхээр илгээсэнд Ванзин урьдаас нь явган морьт долоон түмэн цэргийг авч угтан ирэв. Зянвэй Жан Иг дуудаж “Ийм! Тийм!” хэмээн сургаад бас Cя Хоубаг “Ийм! Тийм!” хэмээн сургасанд хоёул захиаг хүлээн одов. Зянвэй өөрийн бие их цэргийг авч Тайшүй усыг арлаж жагсаал жагсаасан хойно Ванзин хэдэн бага жанжинг авч гараад асууруун: “Вэй улс нь Ү улс, Шу улс лугаа нэгэнтээ хүлисийн хөл адил болсон атал чи дахин давтан боомт орж ирэх нь юу болой?” Зянвэй өгүүлрүүн: “Сыма Ши учир бусаар эзнийг зайлуулсан тул зэргэлдээ улс ял асуух нь зүй бөгөөтөл нэнд өшөөтөн улсыг юун өгүүлэх аж?” хэмээв.
Түүнээс Ванзин хойш хандаад Жанмин, Хуа Юн, Люда, Жуфан дөрвөн жанжны зүг өгүүлрүүн: “Шу улсын цэрэг голыг арлан жагсаал болгосон тул дарагдваас цөм усанд живж үхмүй. Зянвэй баатар эрэлхэг, танай дөрвөн жанжин байлдсугай! Тэр хэрвээ буруулбаас нэхэж байлдагтун!” хэмээхэд дөрвөн жанжин зүүн баруун этгээдээс гараад Зянвэй лүгээ байлдахаар ирэв. Зянвэй хэдэн удаа байлдсангүй морио эгүүлж өөрийн жагсаалын зүг буруулав. Ванзин их цэрэг авч довтолгон нэхэж ирсэнд Зянвэй цэрэг авч Таоси голын зүг буруулан одоод улам улам усны ойр болсон хойно өндөр дуугаар олон жанжин цэрэг нарыг дуудаж өгүүлрүүн: “Үйл түргэн болжээ! Олон жанжин нар юунд хүч гаргахгүй буй?” хэмээтэл олон жанжин хамтаар эгж шаламгайлан байлдахад Вэй улсын цэрэг ихэд дарагдав. Жан И, Cя Хоуба тойрон Вэй улсын цэргийн хойно хүрч хоёр зам хуваан алж ирээд Вэй улсын цэргийг дундад хаажээ. Зянвэй сүр үзүүлэн Вэй улсын цэргийн дотор алан ороод зүүнийг шувтлан барууныг дайрч явахад Вэй улсын цэрэг ихэд дарагдан харилцан гишгэлцэж үхсэн нь их хагас буй. Таошүй усанд унаж үхсэнийг тооловч барахгүй. Алсан тэргүүн түм илүү, хүүр яс тал дүүрчээ. Ванзин гагц зуу илүү морьтонг авч үхэн байлдаж гараад Ди Даочэн хотод буруулан ороод хаалгыг дарж сахив. Зянвэй ихэд дийлж олон цэргийг шагнаж дуусаад цэрэг орж Ди Даочэн хотыг байлдсугай хэмээхэд Жан И хориглож өгүүлрүүн: “Жанжны гавьяа нэгэнтээ бүтээд сүр ихэд алдаршсан тул даруй зогсоовоос зохимуй. Эдүгээ дахин урагшилж хэрвээ санаанд хүрэхгүй болохул чухам могойд хөл нэмж зурсан адил болмуй” Зянвэй өгүүлрүүн: “Тийм бус. Урьд цэрэг дарагдсан бөгөөд харин ч давшиж Жун Юаньд ороод хөндлөн гулд явсан бөлгөө. Эдүгээ Таошүй усны байлдаанд Вэй улсын хүн дарагдаад нэгэнтээ цөс хэмхэрчээ. Би санахад Ди Даочэнг гар тавьж олж болмуй. Чи битгий өөрийн зоригийг бууруул!” хэмээсэнд Жан И дахин давтан хоригловч Зянвэй дагахгүй даруй цэрэг авч Ди Даочэн хотыг авахаар одов.
Тэндээс Юнжоугийн барууныг байлдах жанжин Чэньтай чив цэрэг үүсгэж Ванзингийн дарагдсан өсийг авч өгсүгэй хэмээн асанд гэнэт Янжоугийн Цыши түшмэл Дөн Ай цэрэг авч ирэв хэмээмүй. Чэньтай угтан гарч ёслон дууссаны хойно Дөн Ай өгүүлрүүн: “Би их жанжны захиагаар цэрэг авч тусгайлан чамд туслан дайсныг эвдлэхээр ирэв”. Чэньтай, Дөн Айгаас арга асуухад Дөн Ай өгүүлрүүн: “Тайшүй усанд дийлсэн тул хэрэв Цян аймгийн хүн лүгээ нийлээд зүүнш Гуаньлүнг байлдаж дөрвөн хошуунд бичиг тархааваас манай цэрэгт ихэд зовлон болмуй. Эдүгээ тэд энэ мэт явахгүй харин гагц Ди Даочэн хотыг хаажээ. Тэр хот бэх хатуу, мөн даруйд эвдлэхэд бэрх тул хоосоор цэргийн хүчийг сүйтгэх бөлгөө. Бид өнөө Сянлин газарт цэрэг жагсаагаад хожим цэрэг орж байлдсанд Шу улсын цэрэг эрхгүй дарагдмуй” Чэньтай өгүүлрүүн: “Үнэхээр гайхамшигт шүүмжлэл болой!” хэмээгээд урьд хорин анги цэрэг салгаж “Анги бүр тавин хүн гагц туг хиур хэнгэрэг бүрээ, галын зэрэг юм аваад өдөр бүгж шөнө яваад Ди Даочэн хотын зүүн өмнөх өндөр уул, гүн зав дотор бүг. Цэрэг хүрч ирэхийг хүлээж хамтаар хэнгэрэг дэлдэн харанга цохин тусла! Шөнө болбоос гал өргөж буу тавин айлга!” хэмээн тогтоосны хойно тусгайлан Шу улсын цэрэг ирэхийг хүлээмүй. Түүнээс Чэньтай, Дөн Ай нар тус бүр хоёр түмэн цэрэг авч дараа дараагаар мордов.
Тэндээс Зянвэй, Ди Даочэн хотыг хаагаад цэргийг шаардан найман зүгээс байлдаж нэгэн дараагаар хэдэн өдөр болтол ялахгүй тул дотроо зовж аргагүй бүхийд тэр үдэш гэгээ тасрах үес харуулын хүн дөрөв таван зэрэг яаран ирж хэлрүүн: “Хоёр замын цэрэг ирж туган дээр ив ил их үсгээр нэг зам нь “Барууныг байлдах жанжин Чэньтай” нэг зам нь “Яньжоугийн Цыши түшмэл Дөн Ай” хэмээн бичжээ” хэмээсэнд Зянвэй ихэд цочиж даруй Cя Хоубаг залж зөвдөлцвөөс Cя Хоуба өгүүлрүүн: “Би урьд жанжинд хэлсэн биш үү? Дөн Ай багаас цэргийн аргад гүн нэвтэрхий бөгөөд газрын байдлыг ухмуй. Эдүгээ цэрэг авч ирвээс асар хатуу дайсан болой”. Зянвэй өгүүлрүүн: “Тэр холоос ирсэн тул түүнийг зогсохын урьд байлдсугай!” хэмээгээд Жан Иг үлдээж хотыг байлдуулан Cя Хоубагаар Чэньтайг тулуулж Зянвэй өөрөө цэрэг авч Дөн Айг угтан байлдахаар ирэв. Таван газар явсангүй гэнэт зүүн өмнө этгээдэд буун дуу гарч хэнгэрэг харанга цугаар дуугаран галын гэрэл тэнгэр тулжээ. Зянвэй морь довтолгон өмнө очиж үзвээс эргэн тойрон цөм Вэй улсын туг хиур тул ихэд гэлмэж өгүүлрүүн: “Дөн Айгийн арганд оров!” хэмээгээд даруй Cя Хоуба, Жан Иг Ди Даочэн хотыг гээж буруул хэмээн зарласанд Шу улсын цэрэг цөм Ханьжунгийн зүг буруулан Зянвэй хойдыг хайгуувчлан явахад гагц арын хойно хэнгэргийн дуу тасрахгүй. Зянвэй Зяньгөд ороод сая хорин хэдэн газрын гал ба хэнгэрэг нь цөм хоосноор жагсаасныг мэдэв. Зянвэй эгсний хойно Жунтид эрэг буужээ.
Тэндээс Хоужу эзэн Зянвэйгийн Таосигийн гавьяанд зарлиг буулган түүнийг их жанжин болгов. Зянвэй тушаалыг хүлээсэн хойно хишигт мөргөх илтгэл бичиг айлтгаад дахин цэрэг гарч Вэй улсыг байлдах аргыг бодолхийлэв. Энэ чухамхүү:
“Гавьяа бүтвээс битгий могойд хөл нэмэхийг бодогтун
Хулгайг арилгахад бас ч хуучин сүрийг санамуй”
Эгнэгт энэ удаа умар зүг байлдахаар одоод ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )