Гурван улсын үлгэр | 115 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 14

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  115 ДУГААР БҮЛЭГ

 

ХОУЖҮ ХОВ ҮГИЙГ ИТГЭЖ ЗАРЛИГААР ЦЭРЭГ ХУРААСАН

ТАРИА ТАРИХААР ШАЛТАГЛАЖ ЗЯНВЭЙ ЗОВЛОНГООС ЗАЙЛСАН

 

Өгүүлэх нь: Шу улсын Зин Яагийн тавдугаар оны өвлийн тэргүүн сард их жанжин Зянвэй хүн илгээж шөнө дөл дэлгэрүүлсэн замыг засаад цэргийн амуу зэр зэвсгийг бэлтгэн бас Ханьжунгийн усан замд байлдах онгоц салыг базааж дуусган Хоужуд илтгэл бичиг айлтгаж хэлсэн нь “Сайд би удаа дараа цэрэглээд хэдий их гавьяа бүтээсэнгүй боловч Вэй улсын хүний зүрх цөсийг хэмхрүүлэв. Эдүгээ цэргийг тэжээж өдөр удсан тул байлдахгүй болбоос залхуу болмуй. Залхуу болбоос өвчин хүрэх дээр нэнд эдүгээ цэргийн ард үхэхээр хариулахыг санаж жанжин нар амийг тэвчсүгэй хэмээмүй. Сайд би хэрвээ дийлэхгүй болбоос үхэх ялыг хүлээсүгэй!” хэмээжээ. Хоужу илтгэлийг үзээд татгалзан бүхийд Цяожоу гарч айлтган өгүүлрүүн: “Сайд би шөнө тэнгэрийн байдлыг үзвээс баруун Шугийн газар жанжны од харанхуй бөгөөд гэгээнгүй. Эдүгээ их жанжин бас цэрэг гарсугай хэмээмүй. Энэ очиход асар ашиггүй тул хаан зарлиг буулгаж зогсоовоос зохимуй”. Хоужу өгүүлрүүн: “Түр энэ удаа очоод ямар болохыг үзсүгэй! Үнэхээр алдагдсанд жич байлгасугай!” хэмээсний хойно Цяожоу дахин давтан хоригловч дагахгүй тул гэртээ эгээд дэмий л шүүрс алдаж зогсохгүй. Түүнээс өвчинд шалтаглаж гарахгүй болжээ.

Тэндээс Зянвэй мордохдоо Ляохуагаас асуун өгүүлрүүн: “Би энэ удаа цэрэг гарваас амалдаж Жун Юаньгийн газрыг авсугай хэмээмүй. Урьд аль газрыг авбаас зохимуй?”. Ляохуа өгүүлрүүн: “Жил залгаж байлдахаар гарах тул цэрэг иргэн амаргүй дээр Вэй улсад Дөн Ай аж. Түүний арга гүйцэд, бодлого үлэмж зэргийн хүн бус. Жанжин басхүү мушгиж бэрх үйлийг явсугай хэмээх энэ учрыг Ляохуа миний мэдэх нь бус болой” гэхэд Зянвэй ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Эрт чансан зургаантаа Ци Шань уулыг гарсан нь бас ч улсын тул болой. Би найман зэрэг Вэй улсыг дийлсэн нь хэрхэн миний нэгээхэн биеийн гуячийн төлөө буй аж? Би эдүгээ урьд Тао Яныг авмуй. Хэрвээ миний санааг сөрвөөс даруй алмуй!” хэмээгээд Ляохуаг үлдээж Ханьжуныг сахиулаад өөрийн бие олон жанжин нарын хамт гучин түмэн цэрэг авч шууд Тао Янгийн зүг ирэв.

Тэр мэдээг Чуанькоугийн хүн хэдийн Ци Шаньгийн хүрээнд хэлэхээр одов. Тэр үес Дөн Ай, Сыма Вангийн хамт хараахан цэргийн үйлийг хэлэлцэхэд энэ мэдээг сонсоод даруй хүн зарж мэдээ авуулбаас илгээсэн хүн хойш ирж хэлрүүн: “Шу улсын цэрэг дуусган Тао Янгаар гарав”. Сыма Ван өгүүлрүүн: “Зянвэйд арга үлэмж, харин Тао Яныг авмуй хэмээн хуураад үнэнд Ци Шань уулыг авахаар ирэх буюу?”. Дөн Ай өгүүлрүүн: “Эдүгээ Зянвэй магад Тао Янгаар гарсан болой”. Сыма Ван өгүүлрүүн: “Гүн хэрхэн олж мэдсэн аж?” Дөн Ай өгүүлрүүн: “Эрт Зянвэй удаа дараа миний амуу байх газраар гарсан бөгөөд эдүгээ Тао Янд амуугүй Зянвэй эрхгүй биднийг гагц Цишанийг сахиад Тао Яныг сахихгүй хэмээн бодоод Тао Яныг авахаар ирмүй. Хэрвээ энэ хотыг олсонд амуу өвс цуглуулж Цян аймгийн хүн лүгээ нийлэн үүрд удсугай хэмээх арга болой”. Сыма Ван өгүүлрүүн: “Тийн болбоос одоо яамуй?”. Дөн Ай өгүүлрүүн: “Бид эндэх цэргийг дуусган авч хоёр замаар хуваагаад Тао Янд туслахаар одсугай! Тао Янгаас хорин таван газрын эцэст Хоухө хэмээх бага хот буй. Тэр зам Тао Янгийн хоолой бөлгөө. Гүн чи нэгэн анги цэрэг авч Тао Янд бүгэн туг хэнгэргийг нуугаад дөрвөн хаалгыг нээж ийм тийм явагтун! Би нэг анги цэрэг аван Хоухө голд бүгүүлбээс эрхгүй ихэд дийлмүй” хэмээн бодож тогтоосны хойно тус бүр аргын ёсоор яваад гагц бага жанжин Шизуанийг үлдээж Ци Шань уулын цайзыг сахиулав.

Тэндээс Зянвэй Ся Хоубаг өмнө анги болгож урьд нэг салааны цэрэг авч шууд Тао Яныг авахаар од хэмээсэнд Ся Хоуба цэрэг авч одоод Тао Янгийн ойр хүрч үзвээс хотын дээр туг хиур нэг ч үгүй, дөрвөн хаалгыг цийтэл нээжээ. Ся Хоуба сэжиглэж хотод айж орсонгүй хойш буцаж олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Энэ эсвээс хуурмаг арга болов уу?”. Олон жанжин өчрүүн: “Үзвээс хоосон хот бөгөөд гагц цөөн ардын төдий л байх нь жанжны цэрэг ирэхийг сонсоод цөм хотыг гээж буруулсан буй за!” хэмээсэнд Ся Хоуба итгэхгүй биеэр хотын өмнө талд очиж үзвээс хотын хойдод хэдий чинээ хөгшин залуу ард цөм баруун хойд зүг буруулан одмуй.

Ся Хоуба өгүүлрүүн: “Үнэхээр хоосон хот ажгуу” хэмээгээд урагшлан алж орсонд бусад хойноос цөм дагалцаж оров. Сая хотын хаалга хүрмэгц гэнэт буун дуу гарч хотын дээр хэнгэрэг дэлдэн туг хиур зэргээр босож унуулж гүүрийг авав. Ся Хоуба ихэд цочиж өгүүлрүүн: “Эндэж арганд оров” хэмээн яаран эгтэл хотын дээрээс зэв чулуу бороо орох адил тулд хөөрхий Ся Хоуба таван зуун цэрэгтэй цөм хотын ёроолд үхэв. Хожмын хүний гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:

“Цөс их Зянвэйгийн уран бодлого сайн боловч

Сүрхий Дөн Ай сэмээр сэргийлснийг хэн мэдсэн аж

Хань улсад дагасан Хөөрхий Ся Хоу ба

Харин эдүгээ хотын хажууд суманд оногдож үхэв”

Түүнээс Сыма Ван хотоос цэрэг аван алахаар гарснаар Шу улсын цэрэг ихэд дарагдаж явав. Хойноос Зянвэй туслах цэрэг авч ирээд Сыма Ванг байлдан эгүүлсэн хойно хотын ойр хүрээ байгуулжээ. Зянвэй Ся Хоубагийн харвагдаж үхсэнийг сонсоод гомдовч барахгүй. Тэр шөнийн дэд жинд Дөн Ай Хоухөгөөс сэмээр нэгэн анги цэрэг авч Шу улсын хүрээнд алахаар орсонд Шу улсын цэрэг ихэд самуурав. Зянвэй зогсоовоос болохгүй байтал хотын дээрээс хэнгэрэг харанга цохиж Сыма Ван нэгэн анги цэрэг авч алахаар гараад хоёр этгээдээс хавчин байлдсанд Шу улсын цэрэг ихэд дарагдав. Зянвэй зүүнийг шувтлан барууныг дайрч үхэн байлдан гараад хорин газар илүү буруулан эгж хүрээ байгуулав. Шу улсын цэрэг хоёр удаа дарагдсанаас сэтгэл хөдлөл үүсэв. Зянвэй олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Дийлэх дийлэгдэх нь цэргийн үүрдийн ёс. Эдүгээ хэдий жанжин цэрэг хохировч зовох явдалгүй, бүтэх эвдрэх нь энэ нэгэн удаад буй. Эх адагт хүртэл битгий хувьсагтун! Хэрвээ эгсүгэй хэмээн хэлэх хүн аваас зогсоогоор алмуй!” хэмээсний хойно Жан И дэвшиж өгүүлрүүн: “Вэй улсын цэрэг цөм энд буй тул Ци Шаньгийн хүрээ эрхгүй хоосон, Жанжин, цэрэг тэгшлэн

Дөн Ай лугаа байлдаж Тао Ян, Хоухөг авагтун! Би нэг анги цэргийг аваад Ци Шань уулыг авсугай! үүний есөн хүрээг олбоос даруй цэрэг авч Чан аньгийн зүг орох нь дээдийн арга болой” хэмээв.

Түүнээс Зянвэй үг дагаж даруй Жан Ид хойд ангийн цэргийг өгч Цишанийг авахаар илгээгээд Зянвэй өөрөө цэрэг авч Хоухөд Дөн Айг өдөөн байлдахаар одсон хойно Дөн Ай нэг анги цэрэг аван гарав. Хоёр этгээдийн цэрэг эсэргүүлэн жагсааж зууралдан байлдаад хэдэн арван удаа болсон гэвч хэн алин дийлэхгүй тул өөр өөрийн цэргээ хурааж хүрээндээ эгэв. Жич өдөр Зянвэй бас цэрэг авч байлдахаар ирсний хойно Дөн Ай гарахгүй тулд Зянвэй цэргийн хүнийг илгээж гутаан хараалгахад Дөн Ай дотроо сэтгэрүүн: “Шу улсын цэрэг надад нэгэн зэрэг алагдаад огт эгэхгүй. Харин өдөр бүр байлдахаар ирэх нь эрхгүй цэрэг салгаж Ци Шань уулын хүрээг сундлахаар одсон буй за! Хүрээ сахисан жанжин Шизуаньгийн цэрэг цөөн, арга мөхөс тул лав дарагдмуй. Би биеэр туслахаар одохгүй болбоос болохгүй!” хэмээгээд даруй хөвгүүн Дөнжунг дуудаж сургаж өгүүлрүүн: “Чи сэтгэл тавьж энэ газрыг сахь! Тэд хэдий өдөөвч битгий хөнгөнөөр гарч байлд! Би энэ шөнө цэрэг авч Ци Шань ууланд туслахаар одмуй” хэмээв.

Тэр шөнө дэд жинд Зянвэй хараахан хүрээний дотор арга бодож бүхийд гэнэт гадна хашхирах дуу гармуй. Хүн ирж хэлрүүн: “Дөн Ай гурван мянган шилсэн цэрэг авч шөнө байлдахаар ирэв” хэмээсэнд олон жанжин гарч байлдсугай хэмээхэд Зянвэй зогсоож өгүүлрүүн: “Дэмий битгий хөдөл” хэмээв. Үзвээс Дөн Ай цэрэг авч Шу улсын хүрээнд одож өмнө харуулын хүнээр нэгэн зэрэг үзүүлээд мөн хүчинд Ци Шань уулын хүрээнд туслахаар одов, Дөнжун хотод эгэн оржээ. Зянвэй олон жанжин нарыг дуудаж өгүүлрүүн: “Дөн Ай шөнө байлдагч болон хуураад эрхгүй Ци Шань ууланд туслахаар одсон болой” хэмээгээд даруй Фуцянийг дуудаж өгүүлрүүн: “Чи энэ хүрээг сахь! Битгий хөнгөнөөр гарч байлд!” хэмээн сургаад Зянвэй биеэр гурван мянган цэрэг аваад Жан Ид туслахаар одов.

Тэндээс Жан И Ци Шань ууланд хүрээд байлдахад хүрээг сахисан жанжин Шизуань цэрэг цөөн тул тулж чадахгүй хараахан автах шахсанд Дөн Айгийн цэрэг хүрч ирээд нэгэнтээ туслан байлдсанд Шу улсын цэргийг ихэд дийлж Жан Иг уулын чанадад ташаалж эгэх замыг тасалсанд Жан И хараахан цухалдан бүхийд гэнэт хашхирах дуу гаран хэнгэрэг дэлдэн бүрээ үлээж Вэй улсын цэрэг гэдрэг явмуй. Ойрхи ард өгүүлрүүн: “Их жанжин Зян Бо Юэ хүрч ирэв!” хэмээсэнд Жан И цэрэг аван хоёр этгээдээс хавчин байлдсан тул Дөн Ай дарагдаад яаран Ци Шань уулын хүрээнд эгээд гарч ирэхгүй болсон хойно Зянвэй цэрэг авч дөрвөн зүгийг хаав.

Тэндээс Хоужу, Чөндү хотод байж тайган Хуанхаогийн үгийг итгэмжлэн архи, өнгөнд шунаад төрийн хэргийг шийтгэхгүй болжээ. Тэр цагт их сайд Лю Яньгийн гэргий Ху овогт эхнэр асар гуа үзэсгэлэнтэй бөлгөө. Дотоод ордонд хатанд бараалхахаар орсонд хатан ордондоо үлдээн нэг сар болж сая тавьж гаргав. Лю Янь түүний эмээ Хоужу лугаа нийлэв үү хэмээн сэжиглээд цацрын доорх цэрэг таван зуун хүнийг өмнө жагсааж түүний эмээ хүлээд цэргийн хүн бүр гутлаар түүний түүшийг хэдэн арав занчуулсанд арай үхээд дахин амьдрав. Хоужу үүнийг сонсоод ихэд тачаадаж Лю Янийг цаазын яаманд тушааж ял тогтоолгосонд цаазын яам зөвдөж тогтоосон нь: “Цэрэг болбоос хүний эмийг занчих хүн бус. Түүш нь эрүү хүргэх газар бус тул олж зээлд цохивоос зохимуй” хэмээсэн тул Лю Янийг даруй алав. Үүнээс эхнэрүүдийг ордонд орж болохгүй хэмээн цаазалжээ. Гэвч олон түшмэл Хоужуг ужид самуун хэмээн олонтоо хорсон сэжиглэх тул түүнээс мэргэд улам улам зайлж өчүүхэн хүн өдөр ирэхүйеэ ойр болов. Тэр цагт баруун этгээдийн жанжин Янь Юй хэмээгч биедээ ямхын төдий гавьяагүй атал Хуанхаог бялдуучлан чадахын учир хүнд тушаалыг олоод Зянвэйг бүгд цэргийг захиран Ци Шань ууланд байна хэмээн сонсоод Хуанхаод хэлсэнд Хуанхао Хоужуд айлтгаж өгүүлрүүн: “Зянвэй удаа дараа байлдахаар гарсан боловч гавьяа олсонгүй тул Янь Юйг төлөөлүүлэн илгээсүгэй!” хэмээсэн хойно Хоужу үгийг дагаж даруй зарлиг бичиг бариулан хүн зарж Зянвэйг улсад эгж ир хэмээн авахаар илгээв. Зянвэй төвхийтэл Ци Шань уулын хүрээг хааж байлдан бүхийд гэнэт нэгэн өдөр гурвантаа зарлиг бичиг ирээд Зянвэйг цэрэг хурааж улсад эгэгтүн хэмээхэд Зянвэй зарлигийг дагаж Тао Янгийн цэргийг урьд эгүүлээд хойно Жан Игийн хамт алгуур эгж одов. Дөн Ай хүрээнд агаад гэнэт нэгэн шөнө сонсвоос хэнгэргийн дуу ихэд түрхрэн дуугарахад ямар санааг мэдсэнгүй. Гэгээрсний хойно хүн ирж мэдүүлрүүн: “Шу улсын цэрэг дуусган эгээд хоосон хүрээ үлджээ”. Дөн Ай арга байх магад хэмээн сэжиглэж аймшиггүй нэхсэнгүй. Зянвэй шууд Ханьжунд хүрээд цэрэг морийг амуулсны хойно ганцаар элчийн хамт Чөндү хотод Хоужуд золгохоор одвоос Хоужу нэгэн дараа арван өдөр харшид гарсангүй. Зянвэй дотроо сэжиглэж тэр өдөр Дунхуа Мэнь хаалганд хүрсэнд Ми Шүлан түшмэл Сижэнтэй учирчээ. Зянвэй асууруун: “Тэнгэрийн хөвгүүн намайг зарлигаар цэрэг эгүүлсэн учрыг авгай та мэдмүй үү?”. Сижэн инээж өгүүлрүүн: “Их жанжин юун хэмээн мэдэхгүй аж? Хуанхао нь Янь Юйгээр гавьяа байгуулуулсугай хэмээн санаж хаанд айлтган зарлиг буулгаж жанжныг эгүүлсэн бөлгөө. Эдүгээ Дөн Айгийн цэргийн эрдэм сайныг сонсоод энэ хэрэг даруй дарагджээ”. Зянвэй ихэд тачаадаж өгүүлрүүн: “Би эрхгүй энэ тайганыг алмуй!”. Сижэн зогсоож өгүүлрүүн: “Их жанжин Үхоугийн үйлийг залгамжилсан нь тушаал их бөгөөд үүрэг хүнд тул хэрхэн тийнхүү явж болмуй? Хэрвээ тэнгэрийн хөвгүүн багтаахгүй болбоос гэдрэг урамгүй болмуй”. Зянвэй талархаж өгүүлрүүн: “Ноёнтны үг мөн” хэмээгээд дэд өдөр Хоужу эзэн Хуанхао лугаа хойд хүрээлэнд хуримлан уулцахад Зянвэй хэдэн хүнийг авч шууд оров. Хүн үүнийг Хуанхаод мэдүүлсэнд Хуанхао яаран овоолсон уулын хажууд нуун далдалжээ. Зянвэй ордны доор хүрээд Хоужуд ёслон мөргөсний хойно уйлан айлтгаж өгүүлрүүн: “Сайд би Ци Шань ууланд Дөн Айг хааж асанд хааны зарлиг бичиг гурван зэрэг хүрч сайд намайг төрд эгэгтүн хэмээн дуудав. Богдын ямар санааг мэдсэнгүй?” хэмээхэд Хоужу огт үг дуугүй болжээ. Зянвэй бас айлтгаж өгүүлрүүн: “Хуанхао зальт урнаар эрхийг барьсан нь мөнхүү Линди хааны цагт асан арван тайганы адил болой. Хаан ойрд болбоос Жанрангаар толилон холд болбоос Жаогао164-оор айлдан хянаваас зохимуй. Хаан эртхэн энэ хүнийг алсанд улс төр аяндаа тунгалаг төвшин болж Жун Юаньгийн газрыг эгүүлэн авч болмуй?” Хоужу инээж өгүүлрүүн: “Хуанхао болбоос нэгэн зарагдах бага түшмэл хэдий эрх зориудавч бас ч юуг ч үйлдэж чадахааргүй бөлгөө. Эрт дун Юнь бас ч удаа бүр Хуанхаог занадаг тул би асар сонирхмуй. Чи юунд сэтгэлдээ түүнийг үл агуулах буй?” хэмээсэнд Зянвэй мөргөж өгүүлрүүн: “Хаан энэ өдөр Хуанхаог алахгүй болбоос зовлон холгүй болой” Хоужу өгүүлрүүн: “Өршөөхийг нь амьдруулсугай хэмээмүй. Жигшихийг нь үхүүлсүгэй хэмээмүй. Чи юунд нэгээхэн тайганыг агуулахгүй буй?” хэмээгээд даруй ойрхи түшмэдийг дуудаж овоолсон уулын далдаас Хуанхаог дуудаж ордны доор ирүүлэн Зянвэйд мөргүүлж ял хүлээлгэхэд Хуанхао сөгдөж уйлан өгүүлрүүн: “Би өглөө үдэш Богд эзнийг үйлчлэн зарагдахын төдий огт улс гэрийн засгийг хамаарсангүй тул гэгээн гүн юунд гаднах хүний худал үгэнд итгэж намайг алсугай хэмээмүй. Миний амь жанжинд буй тул гагц жанжны хайрлахыг гуймуй!” хэмээгээд уйлан мөргөв.

164 Цинь улсын тайган Гуань бөгөөд Чинь Эр Шигийн үеийн эрхт сайд тул улсын эрхийг мэдэж байжээ.

Түүнээс Зянвэй уурлан гараад шууд Сижэнд золгохоор одож энэ үйлийг хэлсэнд Сижэн өгүүлрүүн: “Жанжны зовлон холгүй болов. Жанжин хэрвээ түгшүүртэй болбоос улс гэр даруй сөнөмүй!”. Зянвэй өгүүлрүүн: “Ноёнтны улсыг хамгаалж биеийг амар болгох аргыг сонсохыг хүсмүй”. Сижэн өгүүлрүүн: “Лунсид нэгэн газар буй бөгөөд нэрийг Тажун хэмээмүй. Тэр орны газар асар сайн. Жанжин юунд Үхоугийн тариа тарьсан аргыг дуурайхгүй аж. Тэнгэрийн хөвгүүнд айлтган Тажунд очиж тариа тариваас нэгд амуу буудай боловсорвоос цэрэгт тусламж, хоёрт Лун Югийн олон хотыг хичээвээс болмуй. Гуравт болбоос Вэй улсын хүн Ханьжунгийн зүг айж хандахгүй, дөрөвт болбоос жанжин гадна цэргийн эрхийг эзэлсэнд хүн халдаж чадахгүй тул зовлонгоос зайлж болмуй? Энэ нь улсыг хамгаалах, биеийг амар болгох арга болой. Хурдан явбаас зохимуй” Зянвэй ихэд баярлан хариу талархаж өгүүлрүүн: “Ноёнтны үг алт хасын мэт болой” хэмээгээд жич өдөр Зянвэй Хоужуд илтгэл айлтгаж Тажун газарт тариа тарьж Үхоугийн үйлийг дуурайсугай хэмээн гуйсанд Хоужу үг дагав. Зянвэй даруй Ханьжунд эгээд олон жанжин нарыг цуглуулж өгүүлрүүн: “Би хэд хэдэн зэрэг цэрэглээд амуу хүрэхгүй учирт гавьяа бүтсэнгүй. Би эдүгээ найман түмэн цэрэг авч Тажунд очиж буудай тарьж амуу хуруулаад алгуураар давшиж авсугай! Та удтал байлдаад зовж зүдсэн тул эдүгээ түр цэргийг боловсруулж амуу цуглуулан Ханьжунд эгж сахигтун! Вэй улсын цэрэг уул голыг гэтлэн мянган газраас амуу зөөж байлдахаар ирвээс аяндаа цөхмүй. Цөхвөөс өөрөө эгмүй. Тэр үес хоосныг тухайлан сундалсанд дийлэхгүй ёс буюу?” хэмээгээд даруй Хузигаар Хань Шоучэн хотыг, Ванханьгаар Юэчэн хотыг, Зянбиньгээр Ханьчэн хотыг, Зяншү, Фуцяньгаар хамт боомтын амыг сахиулахаар шийтгэн дууссаны хойно Зянвэй найман түмэн цэрэг аваад Тажунд одож буудай тарьж суугаад удах арга болгов.

Тэндээс Дөн Ай, Зянвэйгийн Тажунд тариа тарьж суухдаа замын гудас дөчин хэдэн хүрээ дараа дараагаар тасрахгүй байгуулж урт могой мэт хэмээн сонсоод даруй хүн илгээж газрын байдлыг үзээд зураг зураад илтгэл бичиг хийж Луо Янд айлтган илгээснийг Зингүн Сыма Жао үзээд хилэгнэж өгүүлрүүн: “Зянвэй удаа дараа Жун Юанийг халдсаныг арилгаж эс чадсан нь энэ мэт сэтгэл зүрхний зовлон болой” хэмээсний хойно Зячун өгүүлрүүн: “Зянвэй Кунмингийн аргыг гүн олсон тул яаран эгүүлэхүйеэ бэрх. Нэгэн мэргэн баатар жанжинг олж илгээн хороовоос цэрэг хөдлөх зовлонгоос хэлтрэх болой”. Цунши Жунлан түшмэл Сюньсюй өгүүлрүүн: “Тийм бус. Эдүгээ Шу улсын эзэн Лючань архи өнгөнд ороод Хуанхаод итгэснээр тэргүүлсэн сайдууд цөм зовлонгоос зайлах санаатай болжээ. Эдүгээ Зянвэй, Тажунд тариа тарьж суусан нь мөнхүү зовлонгоос зайлсан учир болой. Хэрвээ их жанжингаар дайлахаар илгээсэнд үл дийэх нь үгүй. Юунд хороох зочинг хэрэглэмүй?”. Сыма Жао ихэд баярлаж өгүүлрүүн: “Энэ үг маш мөн. Би Шу улсыг дайлсугай хэмээн санамуй. Хэн жанжин болж болмуй?”. Сюньсюй өгүүлрүүн: “Дөн Ай нь энэ үеийн сайн чадалтан бөгөөд нэнд Жунхуйг олж мөрний жанжин болгосонд их үйл бүтэх болой”. Сыма Жао өгүүлрүүн: “Энэ үг миний санаанд нийлжээ” хэмээгээд даруй Жунхуйг дуудаж оруулаад асуун өгүүлрүүн: “Би чамайг их жанжин болгож Зүүн Ү улсыг дайлуулсугай хэмээмүй. Болмуй уу?”. Жунхуй өгүүлрүүн: “Эзэн гүнгийн санаа угаас Ү улсыг дайлсугай хэмээх нь бус. Шу улсыг дайлсугай хэмээгч болой”. Сыма Жао инээж өгүүлрүүн: “Чи үнэхээр миний санааг мэджээ. Гагц чи Шу улсыг байлдахаар очвоос ямар аргыг хэрэглэвээс зохимуй?” Жунхуй өгүүлрүүн: “Би эзэн гүнг Шу улсыг дайлахаар одох буй за хэмээн бодоод газрын зураг зурж авчирсан нь энд буй”. Сыма Жао аваад дэлгэж үзвээс зурагны дотор нэгэн замд нарийвчлан зурсан нь хүрээ байгуулж цайз буух газар, амуу хурааж өвс цуглуулах газар, аль этгээдээс орж ямар зүгт эгэхийг цөмийг нэг нэгээр нарийвчлан бичжээ. Сыма Жао үзэж дуусаад ихэд баярлаж өгүүлрүүн: “Үнэхээр сайн жанжин болой! Чи Дөн Ай лугаа цэрэг нийлж хамт Шу улсыг авбаас ямар буй?” Жунхуй өгүүлрүүн: “Шу газрын зам уудам тул гагц нэг замаар орж болох нь бус. Дөн Айд цэрэг хуваан өгч тус тус орвоос зохимуй” Сыма Жао даруй Жунхуйг барууныг дарангуйлах жанжин болгоод хэмжээт цацаг өгч боомтын доторх цэрэг морийг бүгд захиран Цинжоу, Сюйжоу, Яньжоу, Юйжоу, Зинжоу, Янжоу зэргийн газрын цэргийг улируулан хэрэглэж болмуй” хэмээгээд нэгэнтээгүүр хүн зарж хэмжээт цацаг бариулан Дөн Айг барууныг дайлах жанжин болгоод боомтын гаднах Луншангийн цэргийг захируулаад өдөр болзож “Шу улсыг дайлахаар очигтун!” хэмээн илгээв. Жич өдөр Сыма Жао төрд энэ үйлийг зөвлөхөд өмнө цэргийн жанжин Дөндүнь гарч өгүүлрүүн: “Зянвэй удаа даруу Жун Юанийг халдахаар ирснээр Вэй улсын цэрэг ихэд хохиров. Эдүгээ сахин сэргийлэхэд харин ч батлан чадахгүй бөгөөтөл юу хэмээн гүн уул, гүн голыг давж бэрх түгшүүртэй газар ороод өөрөө гамшиг зовлонг эрмүй?”. Сыма Жао хилэгнэж өгүүлрүүн: “Би өршөөл журамт цэргийг байгуулан ёсгүй эзнийг дайлмуй хэмээвээс чи ямар аймшиггүй миний санааг сөрмүй!” хэмээгээд цэргийн ардыг зандан чирч гаргаад “Ал!” хэмээсэнд удсангүй Дөндүньгийн тэргүүнийг яндрын доорд өргөв, Олон түшмэл үзээд цөм царай хувилжээ. Сыма Жао өгүүлрүүн: “Би зүүнийг дайлснаас нааш амарч зургаан жил болжээ. Цэргийг боловсруулан зэвсгийг засаж нэгэнтээ бүрэн төгс болсонд Ү, Шу улсыг дайлсугай хэмээн санаж удав. Өнөө урьд Шу улсыг тогтоогоод усны аяыг дагаж усан хуурай цэргээр зэргээр ороод Зүүн Ү улсыг залгисугай! Энэ нь Гуо улсыг сөнөөгөөд Юйг авсан ёс болой. Би үзвээс баруун Шу улсын Чөндү хотыг сахисан жанжин цэрэг найм есөн түм, зах хязгаарыг сахисан нь дөрөв таван түм, Зянвэйгийн тариа тарьж бүхий нь зургаа долоон түмээс хэтрэхгүй. Би эдүгээ нэгэнтээ Дөн Айд боомтын гаднах лун Югийн арав илүү түмэн цэргийг өгч Зянвэйг Тажунд хориод зүүн зүг хандаж чадахгүй болгосугай хэмээн илгээгээд Жунхуйд боомтын доорх гучин түмэн цэргийг өгч шууд Луогүд хурч гурван замаар Ханьжуныг автугай хэмээсэн бөлгөө. Эдүгээ Шу улсын эзэн Лючань будануй тул хот гаднаас эвдэрвээс эр эм дотоодод бургимуй. Энэ түүний мөхөх нь лав болой” хэмээсэнд олон цөм бишрэн дагав.

Тэндээс Жунхуй барууныг дарангуйлах жанжны тамгыг хүлээн аваад цэрэглэж “Шу улсыг дайлсугай!” хэмээвээс арга бодлого задруузай хэмээн хуурч “Ү улсыг дайлмуй” хэмээн алдаршуулаад Цинжоу, Яньжоу, Юйжоу, Зинжоу, Янжоу энэ таван газрын цэргээр их онгоц хийлгэв. Бас Танзыг Дэнжоу, Лайжоу зэрэг газрын далайн захад онгоц цуглуул хэмээн зарав. Сыма Жао түүний санааг мэдэхгүй тул даруй Жунхуйг дуудаж асууруун: “Чи хуурай замаар Сычуанийг авах тул онгоц хийж яамуй?”. Жунхуй өгүүлрүүн: “Шу улс хэрвээ бидний цэргийг ихэд ирмүй хэмээн сонссонд эрхгүй Зүүн Ү улсаас туслах цэрэг гуйхаар одох болой. Тийнхүү урьд “Ү улсыг дайлмуй” хэмээн алдаршуулсанд Ү улс эмээж дэмий хөдлөхгүй болмуй. Нэг жилийн дотор Шу улсыг эвдээд онгоц бас бүтмүй. Жич Ү улсыг дайлахад амаргүй хэмээмүй үү”. Сыма Жао ихэд баярлаж “Өдөр сонгож цэрэг гарагтун!” хэмээжээ. Тэр цаг Вэй улсын Зин Юаньгийн дөрөвдүгээр оны намрын тэргүүн сарын шинийн гуравны өдөр Жунхуй цэрэг гарахад Сыма Жао хотын гадна арван газрын үзүүрт үдээд эгэв. Баруун Цао Юань түшмэл Шаоти, Сыма Жаод нууцаар өгүүлрүүн: “Эдүгээ эзэн гүн Жунхуйд арван түмэн цэрэг өгч Шу улсыг дайлахаар илгээжээ. Мунхаг би бодвоос Жунхуйгийн санаа их, сэтгэл өндөр тул их эрхийг гагцаарт тушааж эс болмуй” Сыма Жао инээж өгүүлрүүн: “Би хэрхэн мэдэхгүй буй?”. Шаоти өгүүлрүүн: “Эзэн гүн нэгэнтээ мэдвээс юунд хүн зарж тэр тушаалыг хамт шийтгүүлэхгүй буй?” хэмээсний хойно Сыма Жао хэдхэн үгээр Шаотигийн сэжиглэх сэтгэлийг агшин зуур тайлжээ.

Энэ чухамхүү:

“Сая цэрэг морь довтолгох өдөр

Хэдийн жанжны эзэрхүү сэтгэлийг мэдэв”

Эгнэгт түүний хэлсэн нь ямар үгийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top