Гурван улсын үлгэр | 111 ДҮГЭЭР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 23

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  111 ДҮГЭЭР БҮЛЭГ

 

ДӨН ШИЗАЙУХААНААР ЗЯН БО ЮЭГ ДАРСАН

ЖУГӨ ДАНЬ ЖУРМААР СЫМА ЖАОГ БАЙЛДСАН

 

Өгүүлэх нь: Зян Бо Юэ цэрэг эгж Жунтид буусан хойно Вэй улсын цэрэг Ди Даочэн хотын гадна буудаллав. Ванзин нь Чэньтай. Дөн Айг хотод угтаж оруулаад хаасныг тайлав хэмээн талархаж хурим бэлтгэн хүндэлж олон цэрэгт ихэд шагнав. Чэньтай, Дөн Айгийн гавьяаг Вэй улсын эзэн Цаомаод айлтгасанд Цаомао, Дөн Айг “Барууныг амаржуулах жанжин” өргөмжлөн хэмжээт цацаг өгч зүүнш Цян аймгийг хамгаалах Сюэ Юй түшмэл болгоод Чэньтайгийн хамт Юн, Лянгийн зэрэг газарт цэрэг буудаллуулав. Дөн Ай илтгэл бичиг айлтган хишигт мөргөсний хойно Чэньтай баярын ёсоор хурим бэлтгэн Дөн Айг баярлаж өгүүлрүүн: “Зянвэй хүч мохоод шөнө оргосон тул дахин айж ирэхгүй болов”. Дөн Ай инээн өгүүлрүүн: “Би бодвоос Шу улсын цэрэг эрхгүй гарах нь таван учир буй”. Чэньтай тэр учрыг асууваас Дөн Ай өгүүлрүүн: “Шу улсын цэрэг хэдий эгэвч эцэстээ хүчирхэг сүрийн байдал буй бөгөөд бидний цэрэг буурай хохирсон нь үнэн амуй. Энэ түүний эрхбиш гарч ирэхийн нэг болой. Шу улсын цэрэг цөм Кунмингийн сургаж боловсруулсан хурц цэрэг тул улируулан зарахад хялбар, манай жанжныг цаг бүр сольж халах бөгөөд цэргийн дадал бас боловсронгуй үгүй. Энэ түүний гарахын хоёр болой. Шу улсын цэрэг олон нь онгоцоор явмуй. Бидний цэрэг цөм хуурайд буй тул зүдэх амгалан адилгүй. Энэ түүний гарахын гурав болой. Дидао, Лунси, Ци Шань, Нань Ань зэрэг дөрвөн газар нь цөм байлдахыг сахих газар. Шу улсын цэрэг зүүнийг хэлээд барууныг байлдаж өмнийг зуугаад хойдыг сундалмуй хэмээн алдаршуулбаас бидний цэрэг эрхгүй хуваан сахимуй. Шу улсын цэрэг нэг газар нийлж ирээд нэг хувиар бидний дөрвөн хувийг тосмуй. Энэ түүний эрхгүй гарахын дөрөв болой. Хэрвээ Шу улсын цэрэг Нань Ань, Лунсигаас ирвэл Цян аймгийн амууг авч идээ болгож Ци Шаньгаар гарваас буудай буй тул даруй авч идэж болмуй. Энэ түүний эрхгүй гарахын тав бөлгөө”. Чэньтай халширч өгүүлрүүн: “Гүн дайсныг бодох нь хувилгаан 1430

мэт тул Шу улсын цэргээс юун зовмуй!” хэмээгээд Чэньтай, Дөн Ай лугаа насыг бодохгүй нөхөр барилджээ. Түүнээс Дөн Ай Юн, ян газрын цэргийг өдөр бүр дадан боловсруулж газар газрын хавцал аманд цөм хүрээ байгуулан түргэн түүхийг сэргийлүүлэв.

Тэндээс Зянвэй Жунти газарт аж их хурим бэлтгээд олон жанжин нарыг цуглуулж Вэй улсыг дайлах үйлийг зөвлөхөд линши түшмэл Фаньзянь хориглож өгүүлрүүн: “Жанжин удаа дараа гарсан гэвч бүрнээ ялгуусангүй. Тэр өдрийн Таосигийн байлдаанд Вэй улсын хүн нэгэнт нэр сүрд биширсэн атал юунд гарсугай хэмээмүй? Түмэнд нэгэнтээ ашиггүй болохул урьдын гавьяаг дуусган гээмүй?” Зянвэй өгүүлрүүн: “Тэр цөм Вэй улсын газар уудам, хүн элбэг тул даруйд олохгүйг мэдэх боловч Вэй улсыг байлдахад таван зүйлийн дийлэх учир байхыг мэдэхгүй болой”. Олон асуусанд Зянвэй өчрүүн: “Тэд Таоси газарт дарагдсанаас хурц сүр буурчээ. Бидний цэрэг хэдий буруулавч хохирсонгүй тул эдүгээ орсонд дийлэх нь нэг болой.

Бидний цэрэг онгоцонд сууж орохын учир зүдэх зовлонгүй, тэдний цэрэг хуурай замаар угтахаар ирмүй. Энэ дийлэх нь хоёр болой.

Бидний цэрэг удтал боловсорсон бөгөөд тэдний цэрэг цөм хэрээ адил хурсан ард цааз дүрэм хэмээн байхгүй. Энэ дийлэх нь гурав болой.

Бидний цэрэг Ци Шань уулаар гарсанд намрын амууг хадаж идмүй. Энэ дийлэх нь дөрөв болой. Тэдгээр хэдий газар газарт сахин бэлтгэсэн гэвч хүчийг хуваамуй. Манай цэрэг нэгэн газраас очих тул тэр яахан туслах аж. Энэ дийлэх нь тав болой. Энэ тухай Вэй улсыг дийлэхгүй ямар цагийг хүлээмүй?” Ся Хоуба өгүүлрүүн: “Дөн Ай хэдий нас бага боловч арга бодлого гүн хол. Ойрд барууныг байлдах жанжны тушаалыг хүлээсэн тул эрхгүй газар газарт бэлтгэх бөлгөө. Урьд өдрийн адил бус болой”. Зянвэй өндөр дуугаар өгүүлрүүн: “Би яахан түүнээс аймуй! Та битгий бусдын сүрийг мандуулж өөрийн зоригийг бууруул! Миний санаа нэгэнт тогтов. Эрхгүй урьд Лунсиг авмуй” хэмээсэнд олон аймшиггүй хориглосонгүй. Зянвэй өөрийн биеэр өмнө ангийг авч олон жанжинг хойноос дагаж орогтун хэмээв. Тэндээс Шу улсын цэрэг цөмөөр Жунтигаас салж Ци Шань уулын зүг ирэхэд өмнө харуулын хүн ирж хэлрүүн: “Вэй улсын цэрэг хэдийн Ци Шань ууланд есөн хүрээ байгуулжээ” хэмээсэнд Зянвэй итгэхгүй өөрөө хэдэн морьт цэргийг авч өндөр газарт зогсон үзвээс үнэхээр есөн хүрээ урт могой адил, тэргүүн сүүлийг харилцан хайхран байгуулав. Зянвэй зүүн баруун этгээдийн зүг хандаж өгүүлрүүн: “Ся Хоубагийн үг ташаагүй ажгуу. Энэ хүрээн байдал асар уран. Гагц миний багш Жугө чансан чадмуй. Эдүгээ Дөн Айгийн үйлдсэнийг үзвээс миний багшаас дооргүй” хэмээгээд даруй хүрээндээ эгээд олон жанжин нарыг дуудаж өгүүлрүүн: “Вэй улсын хүн нэгэнтээ бэлтгэл аваас эрхгүй бидний ирэхийг мэдмүй! Би бодоход Дөн Ай эрхгүй энд буй. Та хуурч миний туг хиурыг хатгаад мөн завын амыг бариад хүрээ буу! Өдөр бүр зуу илүү морьт цэргийг гаргаж харуул! Нэг удаа гаргахад нэгэнтээ тут хиур хуяг дуулгыг хөх, шар, улаан, цагаан, харын таван зүйлийн өнгөөр хийсгэ! Би их цэрэг авч сэмээр дунтинг гараад шууд Нань Анийг авахаар одсугай!” хэмээгээд даруй Баосүд цэрэг өгч Ци Шань уулын хавцал аманд буудаллуулаад Зянвэй их цэргийг дуусган авч Нань Аньгийн зүг одов.

Тэндээс Дөн Ай Шу улсын цэрэг Ци Шань уулаар гарахыг мэдээд хэдийн Чэньтай лугаа хамт хүрээ байгуулан бэлтгэсэн ажгуу. Шу улсын цэрэг хүрч ирээд хэд хэдэн өдөр болтол байлдахаар ирэхгүй. Нэг өдөр тавантаа харуулын хүн хүрээнээс гараад арван газар, эсвээс арван таван газар хүрч ирээд эгэх тул Дөн Ай өндөр газарт зогсож үзээд яаран цацар гэрт орж Чэньтайгийн зүг өгүүлрүүн: “Зянвэй энд үгүй. Эрхгүй Дунтингаар гараад Нань Анийг авахаар одов. Би түүний харуулыг үзвээс гагц энэ хэдэн морь хуягыг халж урагш хойш манаж явах тул хүн морь цөм ядарчээ. Энэ эзэн жанжин лав чадваргүй нь болой. Жанжин чи нэгэн анги цэрэг аваад байлдваас түүний хүрээг эрхгүй эвдмүй. Хэрэв хүрээг эвдлэвээс даруй цэрэг авч дунтингийн замд одож урьд Зянвэйгийн хойдыг тасал! Би урьд нэгэн анги цэрэг аваад Нань Аньг туслаад шууд Ү Чэн Шань уулыг авахаар одсугай! Хэрвээ энэ уулыг урьд олж эзэлсэнд Зянвэй эрхгүй Шангүйг авахаар одмуй. Шангүйд нэг зав буй. Тэр завын нэр Дуаньгү хэмээмүй. Тэр газар цухал, уул бэрх тул цэрэг бүгэхэд маш сайн. Тэр ирж Ү Чэн Шань уулыг тэмцвээс би урьд Дуаньгү завд хоёр салааны цэргийг бүгүүлсэнд Зянвэйг эрхгүй эвдлэх болой”. Чэньтай өгүүлрүүн: “Би Лунсиг сахиж хорь гучин жил болтол ер газар орныг энэ мэт тодорхой байцаасангүй. Гүнгийн энэ үг үнэхээр хувилгаан бодлого болой! Гүн чи хурдан од! Би эндэх хүрээг байлдсугай!” хэмээсний хойно Дөн Ай цэрэг авч шөнө дөл зам эвхэж одоод Ү Чэн Шань ууланд хүртэл Шу улсын цэрэг хүрч ирээгүй. Даруй хөвгүүн Дөнжун хийгээд цацрын өмнөх Сяо Юй түшмэл Шицуаньд тус бүр таваад мянган цэрэг өгч урьд Дуаньгү завд бүгэхээр одож “Ийм тийм яв!” хэмээн сургасны хойно хоёул аргыг хүлээн авч одов. Дөн Ай туг хиурыг хэвтүүлэн хэнгэргийг нуугаад Шу улсын цэргийг хүлээв.

Түүнээс Зянвэй цэрэг аваад дунтингийн замаар Нань Аньгийн зүг ирээд Ү Чэн Шань уулын өмнө хүрэхэд морины дээр Ся Хоубагаас асууруун: “Нань Аньгийн ойр нэгэн уул буй. Нэрийг Ү Чэн Шань уул хэмээмүй. Урьд энэ уулыг олсонд Нань Анийг булааваас болмуй. Гагц Дөн Айд бодлого олон тул эрхгүй урьд бэлтгэн сэргийлэхээс болгоожилмуй” хэмээн эмээн бүхийд гэнэт уулан дээрээс нэгэнтээ буун дуу гармагц ихэд хашхирч хэнгэрэг харанга цугаар дуугаран туг хиурыг зэргээр босгоод цөмөөр Вэй улсын цэрэг болжээ. Дунддад нэгэн их шар туг салхинд дэрвэлзэж дээр их үсгээр “Дөн Ай” хэмээн бичжээ. Шу улсын цэрэг ихэд гэлмэж бүхийд уулын дээрх хэдэн зүгээс шилсэн цэрэг байлдан ирэх хүчинд тэсэхгүй өмнө цэрэг ихэд дарагдав. Зянвэй яаран дунд цэргийг авч туслахаар очтол Вэй улсын цэрэг хэдийн эгжээ. Зянвэй шууд Ү Чэн Шань уулын доор Дөн Айг өдөөн байлдахаар ирвээс уулын дээрх Вэй улсын цэрэг огт бууж ирэхгүй. Зянвэй цэргийн хүнийг илгээж ичээн хараалгасаар нар орой болсонд сая эгсүгэй хэмээхэд уулын дээр хэнгэрэг харанга цугаар дуугармуй. Гэвч Вэй улсын цэрэг уулнаас бууж ирэх нь харагдахгүй. Зянвэй уулан дээр гарч байлдсугай хэмээвээс уулын дээрээс буу тавин чулуу өнхрүүлэх тул авирч чадахгүй сахисаар гуравдугаар жин болоод сая эгсүгэй хэмээхэд уулан дээрээс бас хэнгэрэг дэлдмүй. Зянвэй цэргийг уулын доор нүүлгэн чулуу мод зөөлгөж сая хүрээ барьсугай хэмээтэл уулын дээрээс бас хэнгэрэг дэлдэн Вэй улсын цэрэг хамтаар байлдахаар бууж ирсэнд Шу улсын цэрэг ихэд самуураад харилцан гишгэлцэх тул хуучин хүрээндээ эгэв. Жич өдөр Зянвэй цэргийн хүнийг амуу өвс тээсэн тэргийг Ү Чэн Шань ууланд зөөлгөн холховч уяад хүрээ байгуулж цэрэг суух арга болгожээ. Тэр шөнийн хоёрдугаар жинд Дөн Ай таван зуу илүү хүнд тус бүр гал бариулан хоёр зам хуваан уулнаас бууж ирээд тэргийг гал тавиулцан хоёр этгээд нэгэн шөнө байлдсанаар хүрээг бас байгуулж чадсангүй. Зянвэй цэргийг авч эгээд дахин Ся Хоубагийн зүг зөвлөж өгүүлрүүн: “Нань Анийг олсонгүй тул урьд Шангүйг авахад хүрэхгүй. Шангүй болбоос Нань Аньгийн амуу хураах газар, хэрвээ Шангүйг олсонд Нань Ань өөрөө түгшүүртэй болмуй” хэмээгээд даруй Ся Хоубаг Ү Чэн Шань ууланд үлдээж Зянвэй өөрийн бие шилсэн цэрэг баатар жанжинг авч Шангүйг авахаар одож нэг шөнө яваад гэгээрсэн хойно үзвээс уул бэрх цухал бөгөөд зам атар бутар тул Зянвэй зам дагуулах ардаас асууруун: “Энэ газрын нэр юу?” хэмээхэд өчрүүн: “Дуаньгү зав” хэмээмүй. Зянвэй ихэд гэлмэж өгүүлрүүн: “Түүний нэр сайн бус. “Дуаньгү” хэмээгч “Тасарсан зав” болой. Хэрвээ хүн завын амыг тасалбаас яамуй?” хэмээн хараахан сэжиглэж бүхийд гэнэт өмнө цэргийн хүн ирж хэлрүүн: “Уулын хойд талд тоос тор дэгджээ. Эрхгүй бүгсэн цэрэг буй” хэмээсний хойно Зянвэй яаран цэргийг эгүүлтэл Шицуань, Дөнжун хоёр замын цэрэг байлдан ирэв, Зянвэй байлдалхийлэн бөгөөд буруулж одоход өмнөөс бас хашхирах дуу гармагц Дөн Ай цэрэг аван хүрч ирээд гурван замаар хавчин байлдсан тул Шу улсын цэрэг ихэд дарагдав. Завшаанд Ся Хоуба цэрэг авч ирсэнд Вэй улсын цэрэг сая эгэв. Зянвэйг тэнхрүүлэн гаргасан хойно бас Ци Шань ууланд очсугай хэмээхэд Ся Хоуба өгүүлрүүн: “Ци Шань уулын хүрээ нэгэнтээ Чэньтайд эвдлэгдээд Баосү дайнд үхсэн тул цэрэг цөм Ханьжунд эгж одов” хэмээсний хойно Зянвэй айж дунтин хотыг авахаар очсонгүй. Яаран уулын бага замыг барьж эгэв. Хойноос Дөн Ай нэхэх нь түргэн тул Зянвэй олон цэргийг урьд болгож өөрийн бие хойно хайгуувчлан хараахан урагш явж бүхийд гэнэт уулын дотроос нэгэн салааны цэрэг цолхийж гарч ирэв.

Үзвээс Вэй улсын жанжин Чэньтай ажгуу. Вэй улсын цэрэг нэгэнтээ хашхирмагц Зянвэйг дунддад хаав. Зянвэйгийн хүн морь ядаад зүүн барууныг шувтлан байлдваас олж гарч чадахгүй бүхийд хулгайг эвдэгч жанжин Жан И, Зянвэйгийн хаагдсаныг сонсоод хэдэн зуун морьт цэргийг авч хүнд хаасан газарт алж орсон тул Зянвэй мөн хүчинд завшиж гарч ирэв. Жан И Вэй улсын самуун зэвэнд үхжээ. Зянвэй хаасанаас гараад дахин Ханьжунд эгээд Жан Игийн шударга баатраар улсын төлөө үхсэнийг санаж даруй илтгэл айлтган түүний хөвгүүн ач нарыг өргөмжлөв. Түүнээс Шу улсын жанжин цэргийн олон нь дайнд үхсэн тул Зянвэй ялыг цөм биед хүлээн Үхоугийн Зетинг автсан хуучин хуулийг дуурайж илтгэл айлтган өөрийн биеийг бууруулж хойд жанжин болгож мөнхүү их жанжны үйлийг шийтгэв.

Тэндээс Дөн Ай, Шу улсын цэрэг дуусган эгснийг мэдээд Чэньтайгийн хамт баярын ёсоор ихэд хуримлаад олон цэргийг шагнав. Чэньтай, Дөн Айгийн гавьяаг гарган илтгэл бичиг бичиж айлтгасанд Сыма Жао элчид хэмжээт цацаг бариулан Дөн Айд түшмэл хэргэм нэмж тамга цацаг хүртээн жич түүний хөвгүүн дөнжунг Тинхоу өргөмжлөв. Тэр цаг Вэй улсын эзэн Цаомао, Төв тулгарын гуравдугаар оныг халж Ганьлү152-ийн тэргүүн он хэмээв. Сыма Жао өөрөө дэлхий дахины цэргийн их Дүдү болоод гарах ороход гурван мянган төмөр хуягт баатар жанжин дагуулан өмнө хойнод хамгаалуулан явж аливаа хэргийг хаанд айлтгахгүй өөрийн яаманд таслан шийтгэмүй. Үүнээс үргэлж суурийг булаасугай хэмээх сэтгэлийг барьжээ. Түүнд нэгэн сэтгэл зүрхний хүн буй. Овог Зя, нэр Чун. Өргөсөн нэр Гунлюй. Зяньвэй жанжин Зякүйгийн хөвгүүн. Сыма Жаогийн ордны Жанши түшмэл болж асан ажгуу. Зячун Сыма Жаогийн зүг өгүүлрүүн: “Эдүгээ эзэн гүн хэдий их эрхийг барьсан боловч дөрвөн зүгийн хүний сэтгэл амар болоогүй. Сэмээр байцаахаар илгээсэн хойно алгуур их үйлийг хичээвээс зохимуй” хэмээхэд Сыма Жао өгүүлрүүн: “Би хараахан ийн санажээ. Чи миний төлөө зүүнш очиж гагц дайнд гарсан цэрэгт шагнахаар нэрлэж мэдээг авагтун!” хэмээсэнд Зячун захиа дагаж шууд Хуайнаньд хүрээд зүүнийг сахих жанжин Жугө Даньтай орж учрав. Жугө Даньгийн өргөсөн нэр Гунсю, Лан Ягийн Нань Ян газрын хүмүүн. Даруй Үхоугийн угсааны дүү болой. Хэдийнээс Вэй улсад түшмэл сууж асан бөлгөө. Үхоу Шу улсад чансан болсноор тийнхүү хүндэд хэрэглэгдсэнгүй. Үхоу үгүй болсон хойно Вэй улсад улам улам хүндэд хэрэглэгдэж Гао Пинхоу өргөмжлөн хоёр Хуайгийн цэрэг морийг захируулав. Тэр өдөр Зячун цэргийн хүнд шагнахаар шалтаглаж Хуайнаньд хүрч Жугө Даньд уулзсанд Жугө Дань хуримын ширээ бэлдэж хүндлэн архи ууж халамшсан хойно Зячун үгээр Жугө Данийг өдөөж өгүүлрүүн: “Эдүгээ Луо Янгийн олон мэргэн цөм дээд эзнийг үхээнц буурай, улсын эзэн болбоос болохгүй хэмээмүй. Сыма их жанжин гурван үе улсад тусалсан тул гавьяа эрдэм тэнгэр мэт өндөр, Вэй улсыг төлөөлөн залгамжилбаас болмуй хэмээмүй. Эрхмийн санаанд ямрыг мэдэхгүй?” хэмээхэд Жугө Дань ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Чи болбоос Зя Юйжоугийн хөвгүүн, үе улиран Вэй улсын пүнлүүг идэн бөгөөд юун хэмээн энэ мэт самуун үг гаргамуй?”. Зячун буруу мэдэж өгүүлрүүн: “Би бусдын үгийг гэгээн гүнд хэлж өгсөн нь болой”. Жугө Дань өгүүлрүүн: “Хаанд зовлон байваас би үхэхээр хариулбаас зохимуй” хэмээсэнд Зячун огт дуугүй болжээ.

152 Рашаан шүүдэр

Жич өдөр салж эгээд Сыма Жаод золгож тэр үгийг нарийвчлан хэлсэнд Сыма Жао ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Хулгана мэт боол ямар аймшиггүй энэ мэт хэлмүй!” хэмээхэд Зячун өгүүлрүүн: “Жугө Дань, Хуайнаньд сууж хүний сэтгэлийг гүн олжээ. Удаандаа эрхгүй зовлон болох тул эртхэн арилгахад хүрэхгүй”. Сыма Жао даруй нууц бичиг хийж сэмээр Янжоугийн Цыши түшмэл Юэчэньд өгч нэгэнтээгүүр элч зарж зарлиг бичиг бариулан Жугө Данийг Сыкун түшмэл болгосонд Жугө Дань зарлиг бичгийг олоод даруй Зячунгийн эгж хэлснээр хувьсгал гарсныг мэдэж элчийг баримтлан ирээд занчиж асууваас элч өчрүүн: “Энэ хэргийг Юэ Цыши мэдмүй” хэмээхэд Жугө Дань өгүүлрүүн: “Тэр яахан олж мэдмүй?” Элч өгүүлрүүн: “Сыма жанжин Янжоуд хүн зарж Юэчэньд нууц бичиг хүргэлгэсэн бөлгөө”. Жугө Дань ихэд хилэгнэж даруй элчийг алаад харьяат мянга илүү хүнийг авч Янжоугийн зүг байлдахаар ирэв. Өмнө хаалганд хүртэл хаалгыг нэгэнтээ дараад гүүрийг өлгөжээ. Жугө Дань хотын доор “Хаалгыг нээ!” хэмээн дуудваас хотын дээр нэг ч хүн өчихгүй. Жугө Дань ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Юэчэнь Гань эр ямар аймшиггүй ийм аашилмуй!” хэмээгээд жанжин нарыг дуудаж хотыг байлд хэмээхэд арваад баатар жанжин мориноос бууж голыг гэтлэн хот дээр авиран гарч цэргийг алж сарниулаад хаалгыг нээсэн хойно Жугө Дань цэрэг авч хотод ороод салхины аяар гал тавин алж Юэчэньгийн гэрт хүрэхүйеэ Юэчэнь яаран асарт гарч далдалсанд Жугө Дань илд барьж асар дээр гараад өндөр дуугаар өгүүлрүүн: “Чиний эцэг Юэзинь, эрт өдөр Вэй улсын хишгийг хүртсэн атал хариулахыг санахгүй гэдрэг Сыма Жао лугаа эедмүй үү?”. Юэчэнь үг өчихийн урьд Жугө Даньд алагдав, Нэгэнтээгүүр илтгэл бичигт Сыма Жаогийн ялыг тоолон бичиж хүнээр Луо Янд айлтгахаар илгээгээд нэгэнтээгүүр хоёр Хуайгийн тариалангийн ардыг арван түм илүү цуглуулж бас Янжоугийн шинэ дагасан цэрэг дөрвөн түм илүү буй. Амуу өвс цуглуулан цэрэг орохыг бэлтгэв. Бас Жанши түшмэл Ү Ганыг зарж хөвгүүн Жугө Зинийг Ү улсад данж болгон хүргэж туслах цэрэг гуйхаар илгээж “Эрхгүй цэрэг нийлж Сыма Жаог байлдсугай!” хэмээв.

Тэр цагт Ү улсын чансан Сүньзюнь өвдөж үхээд угсааны дүү Сүньчэнийг засагт туслуулсан ажгуу. Сүньчэньгийн өргөсөн нэр Зытун, хүний чанар хатуу догшин. Их Сыма түшмэл Төн Инь, жанжин Люйзюй, Вандүнь нарыг алаад тийнхүү эрхийн эш цөм Сүньчэньд болов. Ү улсын эзэн Сүньлян хэдий цэцэн гэгээн боловч мөн хэрхэх арга ч үгүй. Түүнээс Ү Ган, Жугө Зинийг авч Шитоу Чэн хотод хүрээд Сүньчэньд золгосны хойно Сүньчэнь учрыг асууваас Ү Ган өгүүлрүүн: “Жугө Дань болбоос Шу улсын Жугө Үхоугийн угсааны дүү болой. Эртнээс Вэй улсад асан бөлгөө. Эдүгээ Сыма Жао эзнийг дарлаж дээдийг мэхлэн хааныг гээж эрхийг зориудсан тулд цэрэг үүсгэн дайлсугай хэмээвээс гагц хүч хүрэхгүйгээс эмээн тусгайлан дагахаар ирэв. Хоосон үг тэмдэггүй хэмээн хөвгүүн Жугө Зинийг данж болгон хүргэж ирснийг мэхийн гуйх нь цэрэг гарган туслахыг гуймуй”. Сүньчэнь гуйсныг тогтоогоод даруй их жанжин Цуань И, Цуаньдуанийг цэргийн эзэн жанжин, Юй Цуанийг хойно туслах цэрэг, Жу И, Танзыг гавшгай, Вэньцинийг зам заах түшмэл болгон долоон түмэн цэрэг үүсгэж гурван замаар хуваан гарч ирснийг Ү Ган Шоу Чүньдээ эгээд Жугө Даньд мэдүүлсэнд Жугө Дань ихэд баярлаж даруй цэргийг жагсаан бэлтгэв.

Тэндээс Жугө Даньгийн илтгэл бичиг Луо Янд хүрсэнд Сыма Жао үзээд ихэд хилэгнэж өөрийн биеэр дайлахаар очсугай хэмээхэд Зячун хориглож өгүүлрүүн: “Эзэн гүн эцэг ахын байгуулсан хөрөнгийг залгамжлаад эрдэм хишгийг дөрвөн далайд алдаршуулаагүй. Эдүгээ тэнгэрийн хөвгүүнийг гээгээд одвоос хэрвээ нэгэн өглөө гэнэт хувьссанд гэмшивч гүйцэхгүй болмуй? Харин эх дагинад айлтгаж тэнгэрийн хөвгүүнтэй хамт дайлахаар одсонд зовлонгүй болно”. Сыма Жао ихэд баярлаж өгүүлрүүн: “Энэ үг чухам миний санаанд нийлэв” хэмээгээд даруй дотогш ороод эх дагинад айлтгаж өгүүлрүүн: “Жугө Дань урвасан тул сайд би олон бичиг цэргийн түшмэдтэй хамт зөвлөж тогтоод эх дагинаас гуйн тэнгэрийн хөвгүүний хамт дайлахаар одож урьд хааны гэрээсэлсэн санаанд хүргүүлсүгэй хэмээмүй” хэмээсэнд эх дагина айж аргагүй үг дагав. Жич өдөр Сыма Жао Вэй улсын эзэн Цаомаог хамт мордсугай хэмээтэл Цаомао өгүүлрүүн: “Их жанжин дэлхий дахины цэрэг бүхнийг захираад чиний дураар улируулан хэрэглэж бөгөөтөл юунд би биеэр очих хэрэг байх аж?”. Сыма Жао өгүүлрүүн: “Тийм бус! Урьд Тайз Ү Хуанди дөрвөн далайд хөндлөн гулд явжээ. Вэньди, Миндид тэнгэр газрыг дуусган хураах санаатай бөгөөд найман зүгийг залгих сэтгэл байж алив их дайсанд эрхгүй өөрийн биеэр явах бөлгөө, Хаан төв хэмээн урьд хааныг дуурайж муу самууныг арилган шүүрдвээс зохих болой. Юунд айх учир буй?”. Цаомао сүрээс айж аргагүй үг дагав. Сыма Жао даруй зарлиг бичиг буулгаж хоёр нийслэл хотын хорин зургаан түмэн цэргийг дуусган цэрэглэж өмнийг сахих жанжин Ванзиг гавшгай, Аньдун жанжин Чэньцянийг мөрний гавшгай, Зяньзюнь түшмэл Шибаог зүүн этгээдэд, Яньжоугийн Цыши түшмэл Жоутайг баруун этгээдэд болгоод хааны тэргийг хамгаалан их сүр жавхлантайгаар Хуайнаньгийн зүг мордов.

Түүнээс Зүүн Ү улсын гавшгай Жу И цэрэг авч угтан ирсэнд хоёр этгээд эсэргүүцлэн жагсаад Вэй улсын цэргийн дотроос Ванзи гарсанд Жу И угтан байлдаж гурван удаа болсонгүй Жу И дарагдаж буруулав. Танзы гарч байлдаад гурван удаа болсонгүй бас ч буруулсанд Ванзи цэрэг авч даран алахад Ү улсын цэрэг ихэд дарагдан тавин газар эгж хүрээ буув. Үүнийг Шоучунь хотод хэлэхээр илгээсэн тул Жугө Дань биеэр харьяат хурц цэргийг аваад Вэньциньгийн хоёр хөвгүүн Вэнь Ян, Вэньху лугаа нийлж баатар цэрэг хэдэн түмийг авч Сыма Жаог байлдахаар ирэв. Энэ чухамхүү:

“Анхан сая Ү улсын хурц сүр бууртал

Бас Вэй улсын жанжин цэрэг довтолгон ирмүй”

Эгнэгт дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top