"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 119 ДҮГЭЭР БҮЛЭГ
ХУУРМАГ ДАГААД УРАН АРГА ХООСОН ҮГ БОЛСОН
ДАХИН СУУРИНАА СУУХ НЬ УГ ХЭВЭЭР ХУЛ ЗУРСАН
Өгүүлэх нь: Жунхуй, Зянвэйг залж Дөн Айг барих аргыг асуусанд Зянвэй өгүүлрүүн: “Урьд Зяньзюнь түшмэл Вэйгуанийг илгээж Дөн Айг бариул. Дөн Ай хэрвээ Вэйгуанийг алсанд түүний урвах үнэн болох тул тэр цагт жанжин цэрэглэж дайлахаар одвоос болмуй”. Жунхуй ихэд баярлан даруй Вэйгуанийг дуудан “Хэдэн арван хүнийг аваачин Чөндүд орж Дөн Ай эцэг хөвгүүнийг баригтун!” хэмээн илгээсэнд Вэйгуаньгийн доорх хүн зогсоож өгүүлрүүн: “Энэ Жүн Сыту Дөн Айгаар жанжинг алуулж түүний урвах байдлыг үнэмлэсүгэй хэмээгч тул одож болохгүй” хэмээсэнд Вэйгуань өгүүлрүүн: “Надад өөр арга буй” хэмээгээд даруй хорь, гучин хуудас тараах бичиг бичээд тараан явуулав. Тэр бичгийн үг нь: “Зарлигаар Дөн Айг баримуй. Түүнээс өөрийг цөм асуухгүй. Хэрвээ урьдаас дагахаар ирэхүл даруй хэргэм нэмж шан хүртээмүй. Зөрчиж гарч ирэхгүйг нь гурван үеийг хүйс тэмтэрмүй” хэмээжээ. Бас хоёр битүү тэрэг хийлгэн шөнө дөл Чөндүгийн зүг ирэв.
Түүнээс тахиа дуугарахын урьд Дөн Айгийн доорх жанжингууд тархаасан бичгийг үзээд цөм Вэйгуаньгийн морины өмнө мөргөж дагав. Тэр цагт Дөн Ай яаманд унтаж босоогүй, Вэйгуань хэдэн арван хүнийг дагуулаад гэнэт орж өндөр дуугаар өгүүлрүүн: “Зарлигаар Дөн Ай эцэг хөвгүүнийг баримуй” хэмээхэд Дөн Ай ихэд гэлмэж ханзнаас өнхөрч унасныг Вэйгуань цэргийн ардыг зандаж хүлүүлээд тэргэнд хорьсоны хойно хөвгүүн дөнжун гарч асуусанд бас бариад тэргэнд хорив. Ордны доторхи жанжин түшмэд нар ихэд цочиж сая “Гар хөдлөн булаасугай!” хэмээхэд тоос тор их л дэгдэж харуулын хүн ирж мэдүүлрүүн: “Жун Сытүгийн цэрэг хүрч ирэв” хэмээсэнд олон тус тусдаа сарнин явжээ. Жунхуй, Зянвэй лүгээ мориноос бууж яаманд ороод үзвээс Дөн Ай эцэг хөвгүүн нэгэнтээ баригджээ. Жунхуй ташуураар Дөн Айгийн толгойг тогшиж хараан өгүүлрүүн: “Тугал адгуулсан бага хүүхэд ямар аймшиггүй ийнхүү аашилмуй?”. Зянвэй бас Хараан өгүүлрүүн: “Гань эр бэрхэд шургаж завшааныг олоод бас энэ өдөр байсан буюу” хэмээсэнд Дөн Ай бас ихэд хараав. Жунхуй, Дөн Ай эцэг хөвгүүнийг Луо Янд хүргүүлээд Чөндүд орж Дөн Айгийн цэргийг цөм хураан нэр сүр их л алдаршив. Даруй Зянвэйгийн зүг өгүүлрүүн: “Энэ өдөр сая миний уг санаанд хүрэв” хэмээхэд Зянвэй өгүүлрүүн: “Эрт өдөр Ханьсинь, Куай Тунгийн үгийг авсангүй, хойно Вэй Ян Гүнгийн зовлон амсжээ.175
175 Ханьсинь болбоос Хань улсын төрийг байгуулсан гавьяат сайд болой.
Түүнийг цэргийн эрхийг Дайфу Вэньжун нь Фаньлиг дагаж Ү Ху нууранд зайлахаар одсонгүй тул хожим алагджээ176. Энэ хоёр хүний гавьяа нэр их бус хэмээмүй үү? Талаар ашиг зовлонд гэгээнгүй бөгөөд тухайг эртнээс эс олж мэдсэний учир болой. Эдүгээ авгай чиний их гавьяа нэгэнтээ бүтээд сүр эзнийг түрхийлсэн атал юунд онгоц сэлж мөрийг нуугаад Мэй Э Лин даваанд гарч Чы Сунзыг дагаж хэрж явах177 үгүй аж?” Жунхуй инээж өгүүлрүүн: “Авгайн үг ташаарав. Би эдүгээ дөчин нас хүрээгүй, хараахан давшиж гавьяа нэрийг байгуулахыг бодох атал хэрхэн хэмээн энэ бие нууж сул суухын хэргийг дуураймуй за”.
Зянвэй өгүүлрүүн: “Хэрвээ нуун далдлахгүй болбоос эртхэн сайн аргыг хичээх хэрэгтэй. Гэгээн гүнгийн мэдэл хүчний чадах газар тул миний хөгшин биеийг зовоож хэлүүлэх явдалгүй болой”. Жунхуй алгаа дэлдэж их л инээж өгүүлрүүн: “Бо Юэ миний санааг мэдсэн болой” хэмээгээд түүнээс хоёул өдөр бүр их хэргийг зөвдөлцмүй. Зянвэй сэмээр Хоужуд илгээсэн бичгийн үг нь: “Хаан хэдэн өдрийн ичгүүрийг хүлцэж байгтун! Вэй би эвдэрсэн төрийг дахиж амар болгосугай. Нар сар харанхуй болоод дахин гэгээн болох учир буйн тул Хань улсыг хэрхэвч сөнөөхөөргүй” хэмээжээ.
Тэндээс Жунхуй төвхийтэл Зянвэй лүгээ “Хамт урвасугай!” хэмээн бүхийд гэнэтхэн хүн мэдүүлрүүн: “Сыма Жаогийн бичиг хүрч иржээ” хэмээмүй. Жунхуй бичгийг хүлээн авч үзвээс бичгийн дотор өгүүлсэн нь: “Би Сытүг нь Дөн Айг барьж чадахгүй болов уу хэмээн өөрийн бие цэрэг авч Чан Аньд буудаллав. Харилцан учрах нь ойр болсон тул урьд бичгээр сонсгохоор илгээв” хэмээжээ.
Жунхуй ихэд сэжиглэж өгүүлрүүн: “Миний цэрэг Дөн Айгийн цэргээс хэдэн хувь илүү. Гагц надаар Дөн Айг бариулсан нь Зинь гүн намайг гагцаар шийтгэж чаднам хэмээн мэдмүй. Энэ өдөр өөрөө цэрэг авч ирсэн нь намайг сэжиглэсэн хэрэг болой” хэмээгээд даруй Зянвэй лүгээ зөвлөхөд Зянвэй өгүүлрүүн: “Эзэн сайдыг сэжиглэвээс сайд эрхгүй үхмүй. Чи Дөн Айг үзсэнгүй үү?”. Жунхуй өгүүлрүүн: “Миний санаа нэгэнт тогтов. Хэрэг бүтвээс дэлхий дахиныг олмуй. Бүтэхгүй болбоос Баруун Шугийн газрыг сахиваас бас ч Любэй болохыг алдахгүй” хэмээсэнд Зянвэй өгүүлрүүн: “Эдүгээ сонсвоос Гуо эх дагина саяхан үгүй болов хэмээмүй. Хууран эх дагины гэрээсийн зарлигт “Сыма Жаог дайлж хааныг алсан ялыг залруул!” хэмээн захив хэмээтүгэй! Гэгээн гүнгийн эрдмээр Жун Юаньгийн газрыг чийрс хумих адил тогтоож болох болой”. Жунхуй өгүүлрүүн: “Бо Юэ гавшгай болбоос зохимуй. Хэрэг бүтсэн хойно баян эрхмийг хамт эдэлсүгэй!”. Зянвэй өгүүлрүүн: Барьж байх үед Куай Тун, түүнийг цэрэг байгуулж Любанг цохин унагатугай хэмээн ятгасан боловч Ханьсинь түүний үгийг авсангүй. Сүүлд нь Любан аргаар түүнийг барьж аваад Любангийн гэргий Люхоу бас түүнийг Вэй Ян Гүн ордонд хууран ирүүлж алжээ.
176 Вэньжун, Фаньли нар бол цөм Чүнцюгийн үеийн Юэ ван Гөзяньгийн бодлогочин түшмэл бөгөөд Гө Зяньгийг тусалж Ү улсыг мөхөөжээ. Фаньли Гөзян лугаа баян эрхмийг нэгтгэж үл болмуй гэж бодоод гавьяа бүтээсний дараа сэмээр оргон зайлжээ. Явах үедээ Вэньжунг хамт явъя гэсэн боловч Вэньжун үгийг дагасангүй. Эцэстээ Гөзянд алагджээ.
177 Жанлян бол Любангийн төрийг байгуулсан гавьяат түшмэл болой. Гавьяа бүтээсний хойно тэр Любангийн гавьяат түшмэлээ хорлон алахыг үзээд даруй Чы Сунзыг дагаж ёс эрдэм сурчээ. Чы Сунзыг домог ярианд хувилгаан арш гэдэг.
“Нохой морины хүч гаргахыг хүсмүй. Гагц олон жанжин нар дагахгүйгээс зовмуй”. Жунхуй өгүүлрүүн: “Маргааш өлзийт бөмбөлгийн улирал тул хуучин ордонд чимэгт зул өлгөөд олон жанжин нарыг хуримлаад хэрвээ эс дагагсад аваас даруй дуусган алсугай!”. Зянвэй дотроо сэмээр баярлав. Жич өдөр Жунхуй, Зянвэй хоёул олон жанжин нарыг залж хуримлаад архи хэдэн зэрэг тойруулсны хойно Жунхуй архины хундагыг барьж их л уйлав. Олон жанжин нар цочиж учрыг асуусанд Жунхуй өгүүлрүүн: ‘Эх дагина үгүй болох цагт үлдээсэн гэрээсийн зарлиг бичиг энд буй. “Сыма Жао өмнө хаалганд хааныг алсан нь их сөргүү болой. Эрт орой эрхгүй Вэй улсын хааны суурийг булаамуй. Надад захиж арилгагтун!” хэмээжээ. Та нар тус бүр нэр тавьж хамт энэ хэргийг бүтээсүгэй!”. Олон цөм гэлмэж харилцан нүүр ширтэлцэж дуу гарахгүй тул Жунхуй илд гаргаж өгүүлрүүн: “Захианаас зөрчсөнийг алмуй” хэмээхэд олон цухалдаж цөм дагалцаад нэрээ тавьсны хойно Жунхуй олон жанжин нарыг ордны дотор хориод хүнд цэргээр сахиулав. Зянвэй өгүүлрүүн: “Би үзвээс олон жанжин нар дагах санаагүй, гууд орхиход эс хүрмүй” Жунхуй өгүүлрүүн: “Би нэгэнтээ ордны дотор нэгэн нүх өрүүлжээ, бас хэдэн мянган бялуу бэлтгэв, Хэрвээ дагахгүй болбоос занчиж алаад гууд орхисугай!”. Тэр цагт сэтгэл зүрх мэт жанжин Цюзянь жигүүрт асан бөлгөө. Цюзянь угтаа Хузюнь түшмэл Хулегийн доорх хуучин зарагдсан хүн болой. Тэр цагт Хуле бас ордон дотор хоригдож байсан тул Цюзянь сэмээр Жунхуйгийн хэлсэн үгийг Хулед хэлсэнд Хуле их л цочиж уйлан өгүүлрүүн: “Миний хөвгүүн Ху Юань цэрэг дагуулж гадна буй. Хэрхэн Жунхуйгийн ийм сэтгэл өвөрлөснийг олж мэдмүй? Чи урьд өдрийн ачийг санаваас нэгэн мэдээ нэвтрүүлэн өгмүй үү! Тийн болохул би хэдий үхэвч хорсолгүй болмуй”. Цюзянь өгүүлрүүн: “Ачит хүн битгий зовогтун би аргацаасугай!” хэмээн гарч ирээд Жунхуйд хэлж өгүүлрүүн: “Эзэн гүн олон жанжин нарыг дотор хорьсон нь идэх уух нь дөхөмгүй тул нэгэн хүнээр урагш хойш уламжлан зөөлгөвөөс зохимуй” хэмээхэд Жунхуй язгуураас Цюзяньгийн үгийг авдаг тул даруй Цюзянийг “Одож захирагтун!” хэмээгээд Цюзянийг сурган өгүүлрүүн: “Би хүнд үйлийг чамд тушаах тул чи битгий задруул!”. Цюзянь өгүүлрүүн: “Эзэн гүн сэтгэлээ сул тавь! Надад чангалах арга буй” хэмээв.
Түүнээс Цюзянь, Хулегийн итгэлтэй хүнийг хулгаж оруулсанд Хуле нэгэн нууц бичгийг түүнд өгөв. Тэр хүн бичгийг аваад яаран Ху Юаньгийн хүрээнд одож учрыг нэгд нэгээр хэлээд нууц бичгийг өргөсний хойно Ху Юань их л гэлмэж тэр бичгийг олон хүрээнд үзүүлсэнд олон жанжин нар их л тачаадаад даруй Ху Юаньгийн хүрээнд ирж зөвдөж өгүүлрүүн: “Бид хэдий үхэвч урвах түшмэлд дагаж үл болмуй?” хэмээсэнд Ху Юань өгүүлрүүн: “Цагаан сарын арван наймны үдийн хэрд гэнэт ордонд ороод тийнхүү явсугай” хэмээв. Зяньзюнь түшмэл Вэйгуань ер Ху Юаньгийн аргыг сайшаах тул даруй цэрэг тэгшилж Цюзяньгаар Хулед уламжлуулсанд Хуле олон жанжин нарт хэлж өгөв.
Тэндээс Жунхуй, Зянвэйг залж ирээд өгүүлрүүн: “Би шөнө “Хэдэн мянган их могой намайг зуумуй” хэмээн зүүдэлжээ. Ямар ёр буй?”. Зянвэй өгүүлрүүн: “Луу, могой хэмээн зүүдлэх нь цөм сайн бэлгэ болой” хэмээсэнд Жунхуй их л баярлаж түүний үгийг итгэмжлээд Зянвэйд өгүүлрүүн: “Зэвсгийг нэгэнтээ базааж дуусав. Олон жанжныг тавьж гаргаваас ямар буй?” хэмээсэнд Зянвэй өгүүлрүүн: “Тэдгээрт цөм дагахгүй байдал буй тул өдөр удсанд эрхгүй зовлон болмуй. Урьдаас алахыг хүрэхгүй”. Жунхуй үг дагаж даруй Зянвэйд цэргийн ардыг дагуулан Вэй улсын олон жанжин нарыг алахаар очигтун!” хэмээсэнд Зянвэй захиаг хүлээн сая “Одсугай!” хэмээтэл гэнэтхэн нэгэн зэрэг зүрх өвдөж муужраад газарт харангадан унажээ. Зүүн баруун этгээдийн ард өргөж босгосонд нэлээд удаад хойно сая сэргэв. Гэнэт ордны гадна хүний дуу ус буцлах мэт үүсмүй. Жунхуй сая хүн зарж “Үзэхээр илгээсүгэй!” хэмээхэд хашхирах дуу их л түрхэрч дөрвөн зүг найман зовхисоос тооловч барахгүй цэрэг хүрч ирэв. Зянвэй өгүүлрүүн: “Энэ эрхгүй олон жанжин нар самуурчээ. Урьд алсугай!” хэмээхэд гэнэт мэдүүлрүүн: “Цэрэг нэгэнтээ дотор орж ирэв”. Жунхуй харшийн үүдийг хаалгаад олон цэргийг гэр дээр гаргаж ваараар дотогш хаяж харилцан байлдахад хэдэн арваад хүн үхэв. Ордны гадна дөрвөн талаас гал мандаж гадаад цэрэг харшийн үүдийг цавчин эвдэлж орж ирсэнд Жунхуй илд барин зогсоогоор хэдэн хүнийг цавчин алтал, самуун зэвэнд оногдож унасныг олон жанжин урьд тэргүүнийг огтолж авав. Зянвэй илд сугалан харшид гараад хойш урагш шувтлан байлдахад хишиггүй зүрх өвдөх нь улам сүрхий болсон тул Зянвэй тэнгэрийн зүг хандаж ихэд бархирч өгүүлрүүн: “Миний арга эс бүтсэн нь тэнгэрийн тоо болой” хэмээгээд өөрийн хоолойгоо огтолж үхэв. Тэр цагт тавин есөн настай бөлгөө. Ордны дотор хэд хэдэн зуун хүн үхжээ. Вэйгуань өгүүлрүүн: “Олон цэрэг өөр өөрийн хүрээндээ эгж хааны зарлигийг хүлээ!” хэмээн хэлсний хойно Вэй улсын цэрэг тэмцэлдэн “Хариу авсугай!” хэмээгээд Зянвэйгийн хэвлийг ярж үзвээс цөс нь тахианы өндөг мэт их, олон жанжин бас Зянвэйгийн гэрийн бүхнийг дуусган алав. Дөн Айгийн доорх хүн Жунхуй, Зянвэйгийн үхсэнийг үзээд шөнө дөл Дөн Айгийн хойноос нэхэж очсоныг хүн мэдээд Вэйгуаньд хэлсний хойно Вэйгуань өгүүлрүүн: “Дөн Айг би барьсан тул хэрвээ түүнийг үлдээвээс миний биеийг тавих газаргүй болмуй”. Хувэй түшмэл Тянъсю өгүүлрүүн: “Эрт Дөн Ай Зян Ю хотыг авах үед намайг “алсугай!” хэмээснийг олон түшмэд гуйсан тул хэлтрүүлэв. Энэ өдөр энэ өшөөг авбаас зохимуй” хэмээсэнд Вэйгуань их л баярлан даруй Тяньсюд таван зуун цэрэг өгч нэхүүлээд мяньжуд хүртэл чив хэмээн “Дөн Айгийн эцэг хөвгүүнийг битүү тэрэгнээс гаргаад Чөндүд эгж одсугай!” хэмээн ажээ. Дөн Ай өөрийн харьяат цэрэг хүрч ирэв хэмээн санаад сэргийлсэнгүй. сая “асуусугай!” хэмээтэл Тяньсюд нэгэн хутгаар цавчигдан алагдав. дөнжун бас самуун цэргийн дотор үхжээ. Хожмын хүн Дөн Айгийн тул гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:
“Булбарай нялхаас ухаан бодлого хэцүү бөгөөд
Бодлого олон цэрэг сайн хэрэглэмүй
Тэгш үзвээс газрын зүйг мэдээд
Дээш харваас тэнгэрийн утгыг төсөөлмүй
Морь хүрвээс уулын хормой тасраад
Цэрэг ирвээс чулуун зам нээгдмүй
Гавьяа бүтээд бие хорлогдсонд
Гаслант сүнс Зяньхан мөрнийг эргэв”
Бас Жунхуйгийн тул гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:
“Бага насанд билиг эрт боловсроод
Балчир биеэр Мү Шүлан явав
Уран аргаар Сыма Иг дараад
Сайхан цолыг Жан Зыфан хэмээн өргөв
Шоучуньгийн газар үлэмж туслан бодолхийлж
Зяньгөгийн газар сүр алдрыг мандуулаад
Таожүгийн нуугдан суусныг дуурайхгүй тул
Тойронхой сүнс хуучин нутгаа мөрөөдөв”
Бас Зянвэйгийн тул гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:
“Тяншюд цугларсан эрдмийг гайхуулж
Лянжоугаас гайхамшигт мэргэд гармуй
Шанфугийн уг эрдэм удмаас гараад
Үхоугоос эрдэм мэргэжлийг сурав
Цөс их нь айхыг мэддэггүй
Баатар зориг нь амалдаж эгэхгүй
Хайрхан бие Чөндүд үхэх өдөр
Ханьгийн жанжин үлэмж их эмгэнэмүй”
Тэндээс Зянвэй, Жунхуй, Дөн Ай нэгэнтээ үхсэний хойно Жан И нар бас ч самуун цэргийн дотор үхэв. Тайз Люсюань, Ханьшоу Тинхоу Гуань И байлдсаар цөм Вэй улсын цэрэгт алагдав. Цэрэг иргэн их л самуурч харилцан гишгэлцэж үхсэн нь тоогүй. Арван өдрийн хойно Зячун урьд хүрч ирээд тунхаг бичиг нааж иргэнийг амар болгосноор сая нам гүм болов. Вэйгуанийг үлдээж Чөндүг сахиулаад Хоужуг Луо Ян хотод аваачихад гагц Шан Шулин түшмэл Фанзянь, Шижун түшмэл Жаншао, Гуанлу Дайфу түшмэл Цяожоу, Ми Шүлан түшмэл сижөн нарын хэдэн хүн дагаж одов. Ляохуа, Дунцюэ цөм өвчинд зайлуулж гарсангүй. Хожим цөм зовнисоор үхэв.
Тэр цагт Вэй улсын Зин Юаньгийн тавдугаар оныг халж Сяньсигийн тэргүүн он хэмээв. Хаврын сүүл сард Ү улсын жанжин Динфэн Шу улс мөхсөнийг сонсоод даруй цэргээ авч улсдаа эгэв. Жун Шучэн түшмэл Хуахо, Ү улсын эзэн Сүньсюд айлтгаж өгүүлрүүн: “Ү, Шу хоёр улс уруул шүд мэт болой. Уруул мөхвөөс шүд жихүүрмүй. Сайд би бодоход Сыма Жао, Ү улсыг байлдахаар ирэх нь мөн даруйд буй тул хаан гүнээ нэмж сэргийлэх болов уу?” хэмээсэнд Сүньсю түүний үгийг авч даруй Лүсюньгийн хөвгүүн Лүканыг зүүнийг дарангуйлах их жанжин болгож Зинжоугийн эзэн болгон мөрний амыг сахиулав. Зүүн этгээдийн жанжин Сүнь Игээр Наньсюй газрын олон хавцал амыг сахиулаад бас мөрнийг дагаж хэдэн зуун цэргийн хүрээ байгуулан хөгшин жанжин Динфэнгээр бүгдийг захируулж Вэй улсын цэргийг сэргийлүүлэв. Зяньнингийн тайшоу түшмэл Хуо И “Чөндүг алдав” хэмээн сонсоод шулуун дээл өмсөж баруунш хандаж гурван өдөр уйлсанд олон жанжин цөм хэлрүүн: “Хань улсын эзэн нэгэнтээ сууриа алдсан тул юунд хурдан дагахгүй буй?” хэмээхүл Хуо И уйлан өгүүлрүүн: “Зам гудас ташаалагдан тасраад миний эзний амар түгшүүр ямрыг мэдэхгүй. Вэй улсын эзэн ёсчлон аваачваас хотыг өргөж дагахад эс хожимдмуй. Түмэнд нэгэнтээ миний эзнийг гутаан түгшүүр болгосонд эзэн гутаагдваас сайд үхмүй. Юу хэмээн дагах аж” хэмээсэнд олон цөм “Түүний үг мөн” хэмээгээд хүн зарж Луо Янд Хоужугийн чимээг авахаар илгээв.
Тэндээс Хоужу Лючань, Луо Янд хүрсэн цагт Сыма Жао бас төрд эгж ирсэн тул Сыма Жао, Хоужуг буруушааж өгүүлрүүн: “Чи ужид самуун ёсгүй яваад мэргэдийг гээж засгийг алдсан тул албаас зохимуй” хэмээсэнд Хоужугийн царай шороо мэт болоод яаваас зохихоо мэдэхгүй болжээ. Олон бичиг цэргийн түшмэл цөм айлтган өгүүлрүүн: “Шугийн эзэн улсыг алдсан боловч завшаанд урьдаас дагахаар ирсэн тул хэлтрүүлбээс зохимуй” Сыма Жао даруй Лючанийг Аньлө гүн өргөмжилж суух гэр хүртээн сар бүрийн хэрэгслийг өгч торго түмэн энтэй, хүүхэд шивэгчин зуун хүн өгөөд хөвгүүн Лю Юэ хийгээд олон түшмэд Фаньзянь, Цяожоу, Сижэнгийг зэргийн ардыг цөм Хоу болгов. Хоужу хишигт мөргөөд гарч ирэв. Сыма Жао, Хуанхаог “Улсыг эвдэлж иргэнийг зовоов” хэмээн цэргийн хүнийг дуудаж түлхлэн гаргаад зээлд аваачиж огтчин алуулав. Тэр цагт Хуо И, Хоужугийн өргөмжлөл олсныг сонсоод даруй харьяат цэргийг дагуулан ирж дагав. Жич өдөр Хоужу биеэр Сыма Жаогийн гэрт талархан мөргөхөөр одсоны хойно Сыма Жао хурим бэлтгэж зузаан хүндлэхэд урьд Вэй улсын хөгжим үүсгэж бүжиглүүлсэнд Шугийн түшмэд уярсан атал гагц Хоужу нь баясгалан өнгөтэй. Сыма Жао, Шугийн хүнээр Шу улсын хөгжмийг өмнө үүсгэлгэхэд Шу улсын түшмэд цөм нулимс унагаасан бөгөөтөл Хоужу баярлан инээж Аньгийн мэт. Сыма Жао архи ууж халамшаад Зячунгийн зүг өгүүлрүүн: “Хүмүүний хүслэггүй нь үүнд хүрвээс хэдий Жугө Кунмин байвч бас ч удтал бүрэн болгон тусалж чадахгүй атал нэнд Зянвэй яахан чадмуй?” хэмээгээд Хоужугаас асууруун: “Чи Шу улсын газрыг санамуй уу? Үгүй үү?”. Хоужу өгүүлрүүн: “Энд цэнгэлгэй тул Шу улсыг санахгүй?” хэмээв. Удсангүй Хоужу босож хувцас халахаар гарсны хойно Сижэн дагаж жигүүрийн гэрт одож өгүүлрүүн: “Хаан юунд Шу улсыг санахгүй хэмээн өчмүй? Хэрвээ тэр дахин асууваас чи нулимс унагааж “Урьд хүний хүүр онгод хол Шугийн газар байх тул баруунш үзэж уйлан өдөр бүр эс санахгүй” хэмээн өч! Зинь гүн эрхгүй хааныг Шу улсад тавин явуулмуй” хэмээсний хойно Хоужу ойлж аваад орж ширээнд ороод уусаар согтож үүссэнд Сыма Жао бас асууруун: “Шугийн газрыг санамуй уу?”. Хоужу бээр Сижэнгийн үгээр өчөөд “Уйлсугай!” хэмээвч нулимсгүй тул нүдээ анив. Сыма Жао өгүүлрүүн: “Юуны Сижэнгийн үгийн мэт болой” хэмээхэд Хоужу нүдээ нээж цочин өгүүлрүүн: “Үнэхээр эрхмийн захиан мэт” хэмээхэд Сыма Жао тэргүүлэн зүүн баруун этгээдийн хүн цөм инээлцэв. Тийнхүү Сыма Жао, Хоужуг үнэнч бат хэмээн баярлан огт сэжиглэхгүй болов.
Хожмын хүний гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:
“Жаргал цэнгэлийг хөөцөлдөж баярын царайгаар инээгээд
Задран сөнөх зовлонг ямхын төдий ч бодохгүй
Холын нутагт цэнгэлдээд эх улсаа умартсанд
Хожмын эзнийг хөдөөх үхээнц хэмээн сая олж мэдэв”
Тэндээс төрийн түшмэд Сыма Жаог Сычуаньгийн газрыг олсон гавьяа буй тул “Ван өргөмжилсүтэй!” хэмээн Вэй улсын эзэн Цаохуаньд айлтгав. Тэр цагт Цаохуань хэдий тэнгэрийн хөвгүүн боловч хоосон нэрийн төдий. Үнэнд эзэн сууж чадахгүй, засгийн хэрэг цөм Сыма овогтод болсон тул аймшиггүй дагахгүй эс болмуй? Тийнхүү Зинь гүн Сыма Жаог Зинь ван өргөмжилж эцэг Сыма Иг Сюань ван, ах Сыма Шиг Зинь ван болгож нэхэн өргөмжлөв. Сыма Жаогийн эм нь Вансугийн охин бөлгөө. Биеэс хоёр хөвгүүн төржээ. Ахмад нь Сыма Янь, төрсөн байдал гэрэлтэй ихэмсэг, үс урт газар хүрмүй, хоёр гар өвдгийг өнгөрчээ. Цэцэн гэгээн бөгөөд цог жавхлантай, зориг цөс хүнээс хэтэрхий. Дэд нь Сыма Ю, зан чанар номхон найрамдуу хичээнгүй хэмжээтэй бөгөөд ачлал дүүчлэлтэй тул Сыма Жао их л хайрламуй. Сыма Шигээс үргүй тул тийнхүү Юг үрчлүүлжээ. Сыма Жао үргэлж өгүүлрүүн: “Дэлхий дахин нь “Миний ахын дэлхий дахин болой”” хэмээмүй. Түүнээс Сыма Жао бээр Зинь ван болсны хойно Сыма Юг Шызи178 болгосугай хэмээхэд Шаньтао хориглож өгүүлрүүн: “Ахмадыг гээж багыг байгуулах нь зүйд нийлэхгүй”. Зячун, Хөцөн, Пэйсю гурвуул бас ятгаж өгүүлрүүн: “Их хөвгүүн сэцэн гэгээн цог жавхлантай бөгөөд хүнээс хэтийдсэн эрдэм буй. Хүний эрмэлзэл нэгэнтээ хөгжөөд тэнгэр энэ мэт илрүүлсэн тул түшмэл болох байдал бус болой” хэмээсэнд Сыма Жао татгалзаж тогтоохын урьд Тай Юй түшмэл Вансян Сыкун түшмэл Сюнь И хориглож өгүүлрүүн: “Урьд үед багыг байгуулаад улсыг самууруулахад хүрүүлсэн нь олонтоо буй. Вангийн хянахыг хүсмүй” хэмээхэд Сыма Жао даруй ахмад хөвгүүн Сыма Янийг угсаа залгамжлагч болгов.
178 Угсаа залгамжлагч
Түүнээс их сайд нар айлтган өгүүлрүүн: “Урьд жил Сян Ү Сянь хотод тэнгэрээс нэгэн хүн буужээ. Биеийн өндөр хоёр хос алд илүү, хөлийн улын урт гурван тохой хоёр ямх, үс цагаан сахал буурал, шар дан цамц өмсөөд тэргүүнд шар хивээр ороон гарт таяг тулж өөрөө хэлрүүн: “Би иргэний ван болой. Энэ өдөр танд сануулах нь: Дэлхий дахинд эзэн халаад удахгүй энх түвшин болмуй” хэмээжээ. Ийнхүү худалдааны газарт урагш хойш гурван өдөр яваад гэнэт үзэгдэхгүй болжээ. Энэ чухам ванд заасан бэлэг болой. Ван арван хоёр унжлагат ёслог малгай зүүгээд тэнгэрийн хөвгүүний жагсаал жагсааж гарах ороход хүнийг зайлуулан алт шигтгэсэн тэргэнд суугаад зургаан морь хөлбөөс зохих бөгөөд вангийн эрхэм татварыг дэвшүүлж хатан болгож угсаа залгамжлагчийг тайз болговоос зохимуй” хэмээсний хойно Сыма Жао дотуур сэмээр баярлаж ордонд эгээд “Ямагт будаа идсүгэй!” хэмээхэд гэнэт салхи дайрч үг хэлж чадахгүй болсонд жич өдөр өвчин хүнд болсонд Тай Юй түшмэл Вансян Сыту түшмэл Хөцөн, Сыма түшмэл сюнь И жич олон их сайдууд ордонд орж өвчний байдлыг асууваас Сыма Жао үг хэлж чадахгүй, гараар Сыма Янийг заасаар үхэв. Тэр цаг найман сарын цагаагчин туулай өдөр бөлгөө. Хөцөн өгүүлрүүн: “Дэлхий дахины их үйл цөм Зинь ванд буй тул урьд тайзыг Зинь ван болгоод түүний хожим цаас гээж хүүрийг оршуулсугай!” хэмээгээд тэр өдөр Сыма Янийг Зинь вангийн сууринд суулгасанд Хөцөнийг чансан, Сыма Ванг Сыту, Шибаог Бяоци жанжин, Чэньцянийг тэрэг хөлөглөгч жанжин болгож эцгийг “Вэнь ван” хэмээн нэхэж өргөмжлөв.
Түүнээс хүүрийг оршуулж бэлэвсрэлийн ёс дууссаны хойно Сыма Янь, Зячун, Пэйсю нарыг ордонд оруулаад асууруун: “Цаоцаогийн өгүүлсэн нь “Хэрвээ тэнгэрийн зарлиг надад хүрч ирвээс би Жоу улсын Вэнь ванг дуурайсугай!” хэмээсэн нь үнэхээр ийм хэрэг буй уу?”. Зячун өгүүлрүүн: “Цаоцао үе улиран Хань улсын хишгийг хүртээд хүн түүнийг “Суурийг булаав” хэмээн хэлэлцэхээс болгоомжлон тийнхүү энэ үг гарсан нь “Ив илт хөвгүүн Цаопэйг тэнгэрийн хөвгүүн болтугай!” хэмээсэн болой”. Сыма Янь өгүүлрүүн: “Мөхөс хүмүүний эцэг ванг Цаоцаод адилтгаваас ямар буй?” Зячун өгүүлрүүн: “Цаоцаогийн гавьяа хэдий дундад газрыг бүрхсэн гэвч иргэн сүрээс айх бөгөөд түүний эрдмийг санах нь үгүй. Хөвгүүн Цаопэй их төрийг залгамжилснаас алба гувчуур хүнд болж зүүнш баруунш явсаар амгалан онгүй асан бөлгөө. Хойно манай Сюань ван, Зинь ван нар удаа дараа их гавьяа байгуулан хишиг хүртээж эрдмийг тархааснаар дэлхий дахины сэтгэл дагасаар уджээ. Хожим Вэнь ван Баруун Шуг авсан гавьяа тэнгэрийн доорхийг бүрхсэн тул хэрхэн хэмээн Цаоцао лугаа адилтгаж болох аж?” Сыма Янь өгүүлрүүн: “Цаопэй харин ч Хань улсын төрийг залгамжлав. Мөхөс хүн би яахан Вэй улсын төрийг залгаваас болохгүй буй?”. Зячун Пэйсю хоёул дахин дахин мөргөж айлтган өгүүлрүүн: “Ван ямагт Цаопэйгийн Хань улсын төрийг залгамжилсныг дуурайж суурийг залгамжлах тагт цогцлоогоод дэлхий дахинд тархаан зарлаж их сууринд сууваас зохимуй” хэмээв.
Түүнээс Сыма Янь их л баярлаад дараа өдөр илд зүүсээр дотор оров. Тэр цагт Вэй улсын эзэн Цаохуань өдөр залгаж харшид гарсангүй. Зүрх түгшилхийлэн сууваас босвоос амаргүй бүхийд Сыма Янь шууд хойд ордонд орсонд Цаохуань яаран тавцангаас бууж угтаад суулцсаны хойно Сыма Янь асууруун: “Вэй улсын дэлхий дахиныг хэний хүчээр олсон буй?” хэмээхэд Цаохуань өгүүлрүүн: “Цөм Зинь вангийн эцэг өвгөдийн хайрласан нь болой” Сыма Янь инээж өгүүлрүүн: “Би хааныг үзвээс бичгийн эрдэм нь ёсыг шүүмжлэн чадахгүй. Цэргийн эрдэм нь гадаадыг тогтоон эс чадах атал юунд эрдэмтэн хүнд тавин өгч эзэн болгохгүй буй?” хэмээхүл Цаохуань их л гэлмэж үг хэлж чадахгүй бүхийд хажуудаас Хуанмэнь Шилан түшмэл Жанзе өндөр дуугаар бархиран өгүүлрүүн: “Зинь вангийн үг ташаарав. Эрт Вэй улсын Тайзу Ү Хуанди зүүнийг төвшитгөн барууныг арилгаж өмнийг дайлан умрыг хурааж дэлхий дахиныг хялбараар олсон нь бус. Эдүгээ тэнгэрийн хөвгүүнд эрдэм буй бөгөөд ялгүй атал юунд хүнд тавин өгмүй?” гэсэнд Сыма Янь их л хилэгнэж өгүүлрүүн: “Энэ улс төр нь “Их Хань улсын улс төр болой” Цаоцао тэнгэрийн хөвгүүнээр нэр барьж мужийн эздийг зарлан өөрөө Вэй ван болоод Хань улсын төрийг булаажээ. Миний өвөг эцэг гурван үе Вэй улсад туслав. Дэлхий дахиныг олсон нь Цао овогтын эрдэм чадал бус үнэхээр Сыма овогтын хүчинд болой. Үүнийг дөрвөн далайн доторхи улс цөм мэдэх атал би энэ өдөр Вэй улсын дэлхий дахиныг залгамжлахад болохгүй ёс буй уу?”. Жанзе бас өгүүлрүүн: “Энэ үйлийг явсугай хэмээгч улсыг булаах хулгай болой”. Сыма Янь их л хилэгнэж өгүүлрүүн: “Би Хань улсын төлөө хариу авч өгөхөд яахан болохгүй аж” хэмээгээд цэргийн ардыг дуудан Жанзег бялуугаар занчуулаад харшийн өмнө алав. Цаохуань нулимс унагаан сөгдөж гуйхад Сыма Янь суудлаас босож харшаас бууж гарав. Цаохуань, Зячун, Пэйсюгийн зүг өгүүлрүүн: “Үйл түргэн болжээ. Яаваас сайн?”. Зячун өгүүлрүүн: “Тэнгэрийн тоо дуусжээ. Хаан тэнгэрээс сөрж эс болмуй. Хань Сяньдигийн үлгэрийг дуурайн суурийг юүлэн өгөх тагт цогцлуулан их ёсоор суурийг Зинь ванд талбиж өгвөөс “Дээдэд болбоос тэнгэрийн сэтгэлд нийлэлцэж доордод болбоос хүмүүний санаанд зөвшөөрөх болоод хаанд зовлонгүй болмуй”” хэмээв.
Түүнээс Цаохуань үг дагаж даруй Зячунгаар тагт цогцлуулан лаа сарын хөх хулгана өдөр Цаохуань өөрийн бие улсыг уламжлах тамгыг тэврээд тагт дээр зогсож бичиг цэргийн түшмэдийг их л хуруулав. Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:
“Вэй улс Хань улсын төрийг булаан Зинь улс Цаогийн төрийг булаасан
Улиран ээлжлэх тэнгэрийн цагаас зайлж үл болмуй
Хайрхан Жанзе улсад шударгыг гүйцэтгэн үхсэн нь
Ханагар Тайшаньгийн өндрийг нэгээхэн нударгаар хэрхэн халхалмуй”
Тэндээс Зинь ван Сыма Янийг залж тагт дээр авируулан их ёсыг хүлээлгэсний хойно Цаохуань тагтаас буун төрийн хувцсыг халж өмсөөд зэргийн тэргүүнд зогсжээ. Сыма Янь тагтанд төв суусны хойно Зячун, Пэйсю илд зүүж зүүн баруун этгээдэд зогсоод Цаохуанийг “Сөгдөж зарлигийг сонс!” хэмээгээд Зячун өгүүлрүүн: “Хань улсын амгалан байгуулагчийн хорин тавдугаар он, Вэй улс Хань улсын суурийг хүлээн аваад нэгэнтээ дөчин таван он болов. Эдүгээ тэнгэрийн бошго Зиньд болжээ. Сыма овгийн гавьяа эрдэм бадарч тэнгэр газарт дүүрсэн тул хаан суурийг хүлээж Вэй улсын төрийг залгамжлав. Чамайг өргөмжилж Чэньлю ван болгож Зинь Юнгийн хотод илгээж суулгасугай! Мөн өдөртөө одож зарлигаар дуудахгүй болбоос нийслэлд битгий ирэгтүн!” хэмээхэд Цаохуань уйлж талархан мөргөж одов. Тайфү түшмэл Сыма Фү, Цаохуаньгийн өмнө уйлан мөргөж өгүүлрүүн: “Сайд миний бие Вэй улсын түшмэл тул эцэслэтэл Вэй улсаас тэсэргүүлэхгүй” хэмээжээ. Сыма Янь, Сыма Фүгийн иймийг үзээд даруй Ань Пинван болгосонд Сыма Фү хүлээж авсангүй одов. Тэр өдөр бичиг цэргийн зуун түшмэд тагт доор сөгдөж “Түмэн наст хаан!” хэмээн дуудав. Сыма Янь, Вэй улсын дэлхий дахиныг олоод улсын цолыг “Их Зинь” хэмээж оныг халж Тайши179-ийн тэргүүн он” хэмээв. Дэлхий дахиныг их л өрөлхийлжээ. Үүнээс Вэй улс мөхөв.
179 Энхжин эхлэл
Хожмын хүний гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:
“Зинь улсын жишээ дүрэм Вэй вангийн мэт бөгөөд
Чэньлюгийн мөр сүүдэр Шань Ян лугаа адил
Төрийг юүлэх тагтын өмнөх хэргийг дахин явуулахад
Түүхт цагийг эгүүлэн бодоод гагц өөрөө уярах буй за”
Зинь улсын хаан Сыма Янь, Сыма Иг “Сюаньди”, их авга Сыма Шиг “Зинди”, эцэг Сыма Жаог “Вэньди” хаан хэмээн нэхэж өргөмжлөн долоон сүм байгуулж өвгөсийг гэрэлтүүлэв, “Аль долоон сүм буй?” хэмээвээс “Хань улсын барууныг дайлах жанжин Сыма Зюнь. Зюньгээс төрсөн нь Юйжангийн тайшоу Сыма Лян. Лянгаас төрсөн нь Иньчуаньгийн тайшоу түшмэл Сыма Зюнь. Зюньгээс төрсөн нь Зинжаогийн Ень түшмэл Сыма Фан, Фангаас төрсөн нь Сюаньди Сыма И. Игээс төрсөн нь Зинди Сыма Ши, Вэньди Сыма Жао энэ долоон сүм мөн”. Их үйл нэгэнтээ тогтсоны хойно өдөр бүр харшид гаран Ү улсыг дайлах аргыг зөвлөмүй. Энэ чухамхүү:
“Хань улсын хот балгас нэгэнтээ хуучин бус болоод
Ү улсын мөрөн уул бас ч хувьсах шахав”
Эгнэгт яахан Ү улсыг байлдахыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй
Сэтгэгдэл ( 0 )