"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 118 ДУГААР БҮЛЭГ
ӨВГӨСИЙН СҮМД УЙЛААД НЭГЭН ВАН АЧЛАЛЫГ ГҮЙЦЭТГЭН ҮХСЭН
СЫЧУАНЬД ОРООД ХОЁР БААТАР ГАВЬЯА ТЭМЦЭЛДСЭН
Өгүүлэх нь: Хоужу Чөндүд агаад Дөн Айгийн Мяньжуг авсан ба Жугө Жань эцэг хөвгүүн нэгэнтээ үхсэнийг сонсоод ихэд яаран бичиг цэргийн түшмэдийг цуглуулж зөвлөхөд ойрхи түшмэд айлтгаруун: “Хотын гадаад зуун овогт иргэн хөгшнийг түшиж хүүхдийг тэврээд уйлах дуу ихэд түрхэрч тус тусдаа амь гарахаар явмуй” хэмээсэнд Хоужу цочин айж яахаа мэдэхгүй болжээ. Гэнэт харуулын хүн мэдүүлрүүн: “Вэй улсын цэрэг хотын ёроолд хүрч ирэх шахав” хэмээмүй. Олон түшмэд харилцан өгүүлрүүн: “Цэрэг цөөн жанжин мөхөс тул эсэргүүцэхэд бэрх. Эртхэн Чөндүг гээж өмнө долоон хотод одохыг үд хүрмүй. Тэр газар бэрх, уур өндөр тул сахиж болмуй. Жич мань аймгаас цэрэг зээлж дахин газрыг эгүүлэн авахаар ирэхэд бас хожимдохгүй болой” хэмээхэд Гуанлу Дайфу хориглож өгүүлрүүн: “Болохгүй. Энэ мань улсын хүн язгуураас урвасан хүн бөгөөд ерийн өдөр хишиг хүртээсэн газаргүй, эдүгээ ирэхээр одвоос эрхгүй их зовлон тохиолдмуй”. Олон түшмэл бас айлтгаруун: “Шу, Ү хоёр улс нэгэнтээ найрамдуу болж хамт нийлсэн бөгөөд эдүгээ хэрэг түргэн болсон тул Ү улсад очвоос зохимуй” Цяожоу бас хориглож өгүүлрүүн: “Эртнээс нааш өөр улсыг түшиж тэнгэрийн хөвгүүн бологсод нь үгүй бөлгөө. Сайд би санаваас Вэй улс, Ү улсыг сөнөөж чадахаас Ү улс, Вэй улсыг залгиж чадахгүй. Хэрвээ Ү улсад түшмэл болбоос тэр нэгэн ичгүүрэл болмуй. Хэрвээ Ү улс Вэй улсад мөхөөгдсөний хойно хаан дахиж Вэй улсад дагаваас энэ хоёр ичгүүрэл болой. Харин Ү улсад одохгүйгээр Вэй улсад дагаваас Вэй нь эрхгүй газар салган өгч хааныг өргөмжилмүй. Ийн болохул дээдэд өвгөсийн сүмийг хамгаалан чадах бөгөөд доордод олон ардыг амар болгон чадмуй? Хааны хянахыг хүсмүү!” хэмээсэнд Хоужу таслан чадахгүй дотоод ордонд эгэв.
Жич өдөр олон түшмэд элдвээр зөвдөлцөхөд Цяожоу хэрэг түргэн болсныг үзээд дахин бичиг айлтгасанд Хоужу Цяожоугийн үгийг дагаад “Сая гарч дагасугай!” хэмээтэл гэнэт ташаалавч169-ийн хойноос нэгэн хүн гарч их дуугаар Цяожоуг харааж өгүүлрүүн: “Амьдрахыг санасан үхээнц бичигтэн, хэрхэн хэмээн улс төрийн их хэргийг дураар хэлэлцмүй? Эртнээс нааш хүнд дагасан тэнгэрийн хөвгүүн байдаг уу?”. Хоужу үзвээс тавдугаар хөвгүүн Бэйди ван Лючэнь болой. Хоужуд долоон хөвгүүнтэй бөлгөө. Ахмад хөвгүүн Люсуань, дэд хөвгүүн Лю Яо, гуравдугаар хөвгүүн Люзун, дөрөвдүгээр хөвгүүн Люзань, тавдугаар хөвгүүн даруй Бэйди ван Лючэнь болой. Зургаадугаар хөвгүүн Люсюнь, долоодугаар хөвгүүн Люзюй, долоон хөвгүүний дотор гагц Лючэнь нь бяцханаас цэцэн гэгээн, хурц баатар, хүнээс хэтэрхий, бусад цөм зөөлөн номхон бөлгөө.
169 Томоохон танхимын дотор хэрэглэх эвхэж, дэлгэж болдог халхавч тасалбар
Хоужу Лючэньгийн зүг өгүүлрүүн: “Эдүгээ түшмэд цөм “Дагах нь зүй!” хэмээн зөвлөсөн бөгөөтөл чи гагцаар баатар хүчиндээ эрэмшиж бүх хотын доторхийг цусыг урсгасугай хэмээмүй үү?”. Лючэнь өгүүлрүүн: “Эрт урьд хаан бүхий цагт Цяожоуг засгийн явдал хамааруулсангүй бөлгөө. Эдүгээ дэмий их үйлийг зөвлөж самуун үг гаргах нь зүйд нийлэхгүй болой. Сайд би бодвоос Чөндү хотод басхүү хэдэн түмэн цэрэг асаар Зянвэйгийн бүх цэрэг цөм Зяньгөд буй тул хэрвээ “Вэй улсын цэрэг нийслэлд хүрч ирэв” хэмээн сонссонд эрхгүй туслахаар ирмүй. Тийн болбоос дотор гаднаас хавчин байлдсанд лав их гавьяаг бүтээмүй? Юунд үхээнц буурай бичгийн хүний үгийг авч урьд хааны үлдээсэн төрийг хөнгөнөөр гээмүй?” хэмээхэд Хоужу зандран өгүүлрүүн: “Чиний зэргийн бага хүүхэд хэрхэж тэнгэрийн тоог мэдэх буй?”. Лючэнь мөргөж уйлан өгүүлрүүн: “Сүр хүч буурч туйлд хүрээд зовлон тохиолдож ирвээс бид эцэг хөвгүүн, хаан түшмэд хотоос гарч нэгэн зэрэг байлдаад хамт улс төрийн төлөө үхэж урьд хаанд золгохоор одвоос болохоос биш юунд хүнийг дагамуй?” Хоужу сонсохгүй тул Лючэнь дэвхцэж өндөр дуугаар уйлж өгүүлрүүн: “Урьд хаан тулгар төрийг байгуулсан нь хялбараар олсон нь щ бус. Эдүгээ агшин зуур гээвээс би үхэвч энэ гутамшгийг хүлээхгүй” хэмээсний хойно Хоужу ойр түшмэдээр ордны хаалганаас түлхэж гаргаад даруй Цяожоугаар дагах бичиг бичүүлж дотоод яамны Шижун түшмэл Жаншаог, Фума Дү Юй түшмэл Дөнлян, Цяожоу лүгээ хамт хас тамгыг бариад Луочэн хотод дагахыг гуйхаар ирэв. Тэр цагт Дөн Ай өдөр бүр хэдэн зуун морьт цэргийг гаргаж Чөндүд илгээж мэдээ авуулмуй. Тэр өдөр дагах туг боссоныг үзээд Дөн Ай ихэд баярлав. Удсангүй Жаншао нар хүрч ирсэнд Дөн Ай хүнээр угтан оруулсан хойно гурвуул яндрын доор сөгдөж дагах бичиг хийгээд хас тамгыг өргөсөнд Дөн Ай бичгийг нээж үзээд ихэд баярлаж хас тамгыг хураан аваад Жаншао, Цяожоу, Дөнлян нарыг ихэд хүндлээд хариу бичиг хийж гурвуулд өгч, Чөндүд ирүүлэн хүний сэтгэлийг амар болгов. Гурвуул Дөн Айгаас мөргөж салаад шууд Чөндүд эгээд дотогш орж Хоужуд золгоод хариу бичгийг өргөөд Дөн Айгийн хүндэлснийг нарийвчлан хэлсний хойно Хоужу бичгийг нээж үзээд ихэд баярлан даруй Тайпү түшмэл Зянсяньд сургах зарлиг бичиг бариулан “Зянвэйг эртхэн дагагтун!” хэмээн зарав. Жич Шан Шулан түшмэл Лихугаар Дөн Айд бичиг дансыг хүргүүлжээ. Бүгд өрхийн тоо хорин найман түм, эр эм ерэн дөрвөн түм, хуягт цэрэг арван түм хоёр мянга, их бага түшмэл дөрвөн түм, сангийн амуу дөчин түмэн таар илүү, алт мөнгө хоёр мянган жин, магнаг таж170-ийн зүйлийн торго хориод түмэн энтэй, хүү171-д байх бага сага юмыг тоонд бичсэнгүй. “Лаа сарын шинийг нэгний өдрийг сонгож хаан сайд гарч дагамуй” хэмээн тогтов.
170 Өнгө, дотрыг өөр өөр өнгийн утсаар ялгаруулан нэхсэн нэгэн зүйл торгомсог бараа
171 Эд таваар зэргийг хадгалах газар, сан хөмрөг
Бэйди ван Лючэнь үүнийг сонсоод хилэнгийн уур огторгуйд мандаад даруй илд зүүж ордонд орсонд түүний хатан Цүй овогт асууруун: “Их ван энэ өдөр царайны өнгө хувилсан нь ямар учир болой?”. Лючэнь өгүүлрүүн: “Вэй улсын цэрэг ойр хүрч ирснээр эцэг хаан нэгэнтээ дагах бичиг хүргэж маргааш өдөр хаан сайд гарч дагах тул улс төр үүнээс хойш сөнөмүй. Би урьд үхээд газар доор урьд хаанд золгохоор одмуй. Хэрхэвч өөр хүнд өвдөг нугалан дагахааргүй.” Цүй хатан өгүүлрүүн: “Мэргэн болой, мэргэн болой. Үхэх цагийг олжээ. Эхнэр би урьд үхсүгэй! Ван хожим үхэхэд оройтохгүй”. Лючэнь өгүүлрүүн: “Чи ямар учирт үхмүй?” хэмээсэнд Цүй хатан өгүүлрүүн: “Ван чи эцгийн төлөө үхвээс эхнэр би эрийн учирт үхмүй. Журам нь нэгэн адил, эр мөхвөөс эм үхмүй. Юунд асуух аж?” хэмээн өгүүлээд багана мөргөлхийлж үхэв. Лючэнь өөрөө гурван хөвгүүнээ алаад эмийн тэргүүнийг огтлон авч Жаоле Хуандигийн сүмд авч очоод газарт хэвтэж уйлан өгүүлрүүн: “Сайд би улс төрийг өөр хүнд гээхийг үзэхээс ичгүүрч тийнхүү уйлан урьд эм хөвгүүнийг алаад санааг тасалсны хойно би нэгэн амиар өвгөд хариулсугай! Өвөг хэрвээ гайхамшигтай болбоос ач миний сэтгэлийг ухсугай!” хэмээгээд нэгэн зэрэг ихэд уйлаад нүднээс цус урсаж өөрийн хоолойгоо огтолж үхэв. Шу улсын хүн сонсоод сэтгэл эс энэрсэн нь үгүй бөлгөө. Хожмын хүний магтсан шүлгийн үг:
“Эзэн түшмэл дуртайяа өвдөг нугалсанд
Энэ нэгэн хөвгүүн гагцаар гашуудмуй
СыЧуаньгийн хэрэг нэгэнтээ дуусахад
Бэйди ван үнэхээр баатар аж.
Биеийг өнгөрүүлж өвөг дээдэстээ хариулж
Толгойг маажин агаар тэнгэрийн зүг уйлав
Хатуу зориг амьд мэт атал
Хань улсыг мөхөв хэмээн хэмээмүй үү?”
Түүнээс Хоужу, Бэйди ванг “Өөрийн хоолойгоо огтолж үхэв” хэмээн сонсоод хүнээр хүүрийг оршуулав. Жич өдөр Вэй улсын цэрэг хүрч ирсний хойно Хоужу, тайз хийгээд олон ван жич бүх түшмэдийг жар илүү хүнийг дагуулан цөм биеэ хүлээд авсыг тэргэнд тээж хойд хаалганаас арван газрын үзүүрт одож дагасанд Дөн Ай Хоужуг өргөн босгож өөрийн биеэр дээсийг тайлаад авсны тэргийг галдуулан тэрэг зэрэгцүүлэн сууж хотод оров.
Хожмын хүний гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:
“Хулгай Вэйн цэрэг Сычуаньд орж ирсэнд
Хожмын эзэн амийг хайрлан өөртөө шийдвэрлэхийг алдав
Хуанхао эцэслэтэл улсыг мэхлэх санааг агуулсанд
Зянвэй хоосноор төрийг туслах эрдэм буй ажгуу
Шударгыг гүйцэтгэсэн журамт сайдын сэтгэл юутай хатуу
Батыг сахисан вангийн ачийн зориг үнэхээр эмгэнэлтэй
Жаолян хаан цогцлон байгуулсан даанч хялбар бус атал
Зохион бүтээсэн гавьяа хөрөнгө нэгэн агшин талхдав”
Түүнээс Чөндү хотын доторх иргэн цөм хүж шатааж цэцэг хатган угтжээ. Дөн Ай, Хоужуг Бяоци жанжин өргөмжлөөд өөр бичиг цэргийн түшмэлийг өндөр богинод түшүүлэн түшмэл өргөмжилж дууссаны хойно Хоужуг ордонд эгүүлээд тунхаг бичиг гаргаж иргэнийг тогтоов. Бас хүү санг тушаан авч Тайчан түшмэл Жанзюнь, Ижоугийн Безя түшмэл Жаншао нарыг зарж газар газрын хотын цэрэг иргэнийг элсэн тохиниулав. Бас хүн гаргаж “Зянвэйг хэлэлцэж дагуул!” хэмээн зараад нэгэнтээгүүр Луо Янд сэтгүүл довтолгожээ. Дөн Ай, Хуанхаогийн ховч зальтыг сонсоод барьж авчран “Алсугай!” хэмээхэд Хуанхао алт эрдэнээр доорх ардыг хахуулилсанд олж хэлтрэв. Үүнээс Хань улс мөхөв.
Хожмын хүн Хань улс мөхсөн учир үхоуг нэхэн санаж шүлэглэсэн шүлгийн үг:
“Захиа бичгийг цээрлэлийн бичиг хэмээн сэжиглэн айж
Завсрын үүл гэнэтийн салхинд зарц боолоо хамгаалмуй
Дээд жанжны хувилгаан бийрийг талаар хөдөлгөөд
Дагасан ван улааны тэргээр эцэстээ явав
Гуань, Юэгийн172 эрдэмтэй хэмээснийг щ үнэхээр гутаасангүй
Гуань, Жанд заяагүйг яасугай?
Өөр онд Зиньли газар тахилгын сүм байгуулаад
Үлэмж гэмшлийг Лянфугийн дуу үлдээв”
Түүнээс Тайпу түшмэл Зянсянь, Зяньгөд хүрээд Зянвэйд золгож Хоужугийн илгээсэн зарлиг бичгийг уламжлан өгөөд дагасан учрыг хэлсэнд Зянвэй ихэд гэлмэж үг дуугарч чадахгүй болжээ. Цацар доорх олон жанжин нар сонсоод хилэн төрж сахал үс сөрж босоод, шүдээ зууж, илд сугалан чулууг цавчиж өндөр дуугаар өгүүлрүүн: “Бид үхэхээр байлдах буй за! Юунд урьдаас дагамуй?” хэмээгээд уйлах дуу хэдэн арван газар хүртэл сонстмуй. Зянвэй хүний сэтгэл басхүү Хань улсыг санахыг мэдээд сайн үгээр тохруулж173 өгүүлрүүн: “Олон жанжин нар та битгий зовогтун! Надад нэгэн арга буй. Хань улсыг дахиж босговоос болмуй”. Олон цөм гуйн асууваас Зянвэй олон жанжин нарын чихний ойр шивнэж арга хэлээд даруй Зяньгө боомтод цөм дагах туг хатгаад урьд хүнээр Жунхуйгийн хүрээнд илгээж хэлүүлсэн нь “Зянвэй би Жан И, Ляохуа, Дунцюэ нарыг дагуулан дагахаар ирэв” хэмээсэнд Жунхуй ихэд баярлаж хүн заран Зянвэйг угтаж цацар гэрт оруулсны хойно Жунхуй өгүүлрүүн: “Бо Юэгийн ирсэн нь юунд ийм удав?” Зянвэй царайг төв болгож уйлан өгүүлрүүн: “Улс гэрийн бүх цэрэг цөм надад буй тул энэ өдөр энд ирсэн нь харин ч хурдан хэмээн санах болой”. Жунхуй маш сайшаан суудлаас бууж ёслоод дээд зочингийн ёсоор хүндлэв. Зянвэй Жунхуйгийн зүг өгүүлрүүн: “Сонсвоос жанжин Хуайнань газраас ирснээс нааш бодсон нь эс алджээ. Сыма овгийн дийлсэн нь цөм жанжны хүчинд буй. Тийнхүү Зянвэй би дуртайяа толгой дармуй. Хэрвээ Дөн Шизай болбоос би эрхгүй нэгэнтээ үхэн байлдахаас хэрхэвч дагахгүй бөлгөө” хэмээхэд Жунхуй даруй зэв хугалж амалдаад Зянвэй лүгээ хамт ах дүү барилцан маш янаг нягт болоод хэвээр цэргийг өгч захируулав. Зянвэй сэмээр баярлаж Зянсянийг Чөндүд эгүүлэн илгээв.
172 Эртний хоёр мэргэн сайд
173 Тохрох: тохирох, нийцэх
Тэндээс Дөн Ай Шизуанийг өргөмжилж Ижоугийн Цыши,Цяньхун Ванци нараар тус бүр муж, хошууг захируулав. Бас Мяньжу хотод нэгэн мандал цогцолж цэргийн гавьяаг илрүүлэн тэмдэглээд Шу газрын олон тушмэлийг хуруулж ихэд хуримлахад Дөн Ай архи ууж халамшаад олон түшмэлийг зааж өгүүлрүүн: “Та завшаанд над лугаа учирсан тул энэ өдөр буй ажгуу. Хэрвээ өөр жанжинд уулзсан болохул эрхгүй дуустал сөнөөх болой”. Олон түшмэд цөм босож талархан мөргөв. Гэнэтхэн Зянсянь хүрч ирээд хэлрүүн: “Зянвэй өөрөө Жунхуйд дагахаар одов” хэмээхэд Дөн Ай үүний учир Жунхуйг ихэд занав. Даруй бичиг үйлдэж Луо Янд хүн зарж Зинь гүн Сыма Жаод хүргүүлэв. Сыма Жао бичгийг олоод нээж үзвээс тэр бичгийн үг нь:
“Сайд Дөн Ай би сонсвоос цэргийг “Урьд алдаршуулж хожим үнэнийг явмуй” хэмээжээ. Эдүгээ Шу улсыг төвшитгөсөн хүчээр Ү улсыг дайлбаас энэ нь чийрсийг хумих адил цаг болой. Гагц ихэд байлдсан хойно жанжин цэрэг цөм цөхөж зовсноор түргэлэн хөдөлгөж үл болох тул түр Лун Юд хоёр түмэн цэрэг агуулан Шуд хоёр түмэн цэрэг үлдээж давс буцалгаж, хяс хийж, жич онгоц бэлтгэн усны урсгалын аяар орох арга болгосны хожим элч зарж ашиг зовлонг хэлбээс Ү улсыг байлдахгүйгээр тогтоож болмуй. Нэнд Лючанийг зузаан хүндэлж Сүньсюг байлдаж үзүүлсүгэй! Эдүгээ хэрвээ даруй Лючанийг нийслэл хотод хүргэвээс Ү улсын хүн сэжиг төрөөд дагах сэтгэл хөгжихгүй болмуй. Тийнхүү түр Шу газарт агуулж ирэх жилийн өвөл нийслэл хотод аваачваас зохимуй? Эдүгээ даруй Лючанийг Фуфөн ван өргөмжлөөд эд мөнгө хүртээн өгч зүүн баруун этгээдийн хүнийг баярлуулан хөвгүүнийг цөм гүн чингийн хэргэм өгөөд түүний дагасныг өршөөсөн нэрийг алдаршуулбаас Ү улсын хүн сүрээс айж эрдмийг санан салхины аяар дагаж ирэх болой” хэмээжээ.
Сыма Жао бичгийг үзэж дуусаад Дөн Айд “Эзэрхсүгэй хэмээх сэтгэл буй!” хэмээн сэжиглэж урьд гараар бичиг хийж Вэйгуаньд тушаан илгээгээд хойно Дөн Айг өргөмжлөх зарлиг бичиг буулгав. Зарлигийн үг нь: “Барууныг байлдах жанжин Дөн Ай, чи сүрийг алдаршуулан баатар хүчийг шаламгайлан дайсны хязгаарт гүн ороод, хэтрэмхийлэн цол өргөсөн ванг хүзүү сунгаж дагуулахад цэрэг цагаас саатсангүй. Байлдаад хэдэн өдөр болсонгүйгээр үүл сөхөж, чийрс хумьсан адил Башугийн газрыг арилган тогтоосон нь хэдий “Байцигийн хүчирхэг Чу улсыг сөнөөсөн”, “Ханьсиньгийн чийрэг Жао улсыг эвдэлсэн” боловч яахан чиний гавьяад адилтгаж болмуй. Тиймийн тул Дөн Ай чамайг өргөмжилж Тай Вэй түшмэл болгон хоёр түмэн өрхийн пүнлүү нэмж хоёр хөвгүүнийг Тин Хоу өргөмжлөн тус бүр мянган өрхийн пүнлүү өгсүгэй!” хэмээжээ.
Дөн Ай зарлигийг хүлээн авсны хойно Зяньзюнь түшмэл Вэйгуань, Сыма Жаогийн гараар бичсэнийг гаргаж Дөн Айд өгсөнд бичиг дотор хэлсэн нь “Дөн Айгийн хэлсэн хэргийг дээр айлтгахыг хүлээн, даруйд явуулбаас болохгүй!” хэмээжээ. Дөн Ай өгүүлрүүн: ““Жанжин гадна асанд эзний зарлигийг хүлээн авахгүй” хэмээжээ. Нэгэнтээ зарлигийг хүлээн тусгайлан байлдахаар ирсэн тул яахан зогсоож болмуй?” хэмээгээд бас бичиг хийж элчид бариулан Луо Янд илгээв. Тэр цаг төрд цөм Дөн Айг “Лав урвах санаатай” хэмээн хэлэлцэх тул Сыма Жао нэнд сэжиглэж бүхийд гэнэтхэн зарсан хүн ирээд Дөн Айгийн бичгийг өргөв. Сыма Жао нээж үзвээс бичгийн утга нь:
“Дөн Ай би зарлигийг хүлээн баруунш дайлахаар ирээд манлай мууг нэгэнтээ дарсан тул эрхийг даруйд явуулж анхан дагасныг амаржуулбаас зохьмуй. Хэрвээ улсын зарлигийг хүлээвээс урагш хойш явж өдөр сар удах болой. Чүньцю бичигт өгүүлсэн нь “Дайфан хязгаарыг гарсны хойно улс төрийг амар болгож улс гэрт ашиг болох хэрэг буй болбоос зориуд явуулж болмуй” хэмээжээ. Эдүгээ Ү улс дагаагүй бөгөөд Шу улс лугаа хязгаар нийлсэн атал ер тогтмол хэргийг үйлдсүгэй хэмээвээс тухайг алдахад хүрмүй. Цэргийн бичигт “Орвоос нэрийг эрэхгүй, эгвээс ялаас зайлахгүй” хэмээжээ. Дөн Ай надад хэдий эртний хүний мэт эрдэмгүй боловч өөрөө эзэрхээд улсад хорогдол болгохооргүй. Үүний тул бичиг айлтган зохисыг үзэж явуулмуй” хэмээжээ.
Сыма Жао бичгийг үзэж дуусаад ихэд хиртхийж яаран Зячуныг дуудаж зөвлөн өгүүлрүүн:
“Дөн Ай өөрийн гавьяандаа эрдэж оморхог болоод санааны дураар явах нь урвах байдал илэрчээ. Яаваас сайн?” гэхэд Зячун өгүүлрүүн: “Эзэн гүн юунд Жунхуйг өргөмжилж түүнийг дарангуйлахгүй аж?” хэмээхэд Сыма Жао түүний шүүмжлэлийг авч даруй элч зараад зарлиг бичиг бариулан Жунхуйг Сыту түшмэл өргөмжилж Вэйгуанаар хоёр замын цэргийг бүгдийг захируулаад бас Вэйгуаньд гараар бичсэн бичиг өгч “Жунхуй лугаа нийлж нарийвчлан байцааж Дөн Айгийн хувьсахыг сэргийлэгтүн!” хэмээн илгээв. Жунхуй зарлигийн бичгийг аваад дуудваас бичгийн үг нь:
“Барууныг дарангуйлах жанжин Жунхуй чиний хандсан зүгт дайсангүй, урагшилсан газарт эсэргүүцэл эс аж олон хотыг засахад үлдсэн оргосныг ялгалгүй адилаар амар болгосонд Шу улсын нэрт жанжин биеийг хүлээд дагахаар ирэв. Арга бодлогыг үл алдаж үүсгэсэн үйл эс гавьяа бүтсэн нь үгүй. Тийнхүү Жунхуй чамайг Сыту түшмэл болгож Сянь Хоу өргөмжлөөд нэг түмэн өрхийн пүнлүү нэмж хоёр хөвгүүнийг чинь Тин Хоу өргөмжлөн нэжгээд мянган өрхийн пүнлүү өгсүгэй!” хэмээжээ.
Жунхуй нэгэнтээ өргөмжлөлийг хүлээн авсан хойно даруй Зянвэйг залж зөвдөж өгүүлрүүн: “Дөн Айгийн гавьяа надаас илүү бөгөөд бас Тай Юй түшмэл өргөмжилсөн бөлгөө. Эдүгээ Сыма гүн Дөн Айг “Урвах санаатай” хэмээн сэжиглэж тийнхүү Вэйгуанийг Зяньзюнь түшмэл болгоод зарлигаар “Намайг сэргийлтүгэй!” хэмээмүй. Бо Юэ чамд ямар дээд арга буй?”. Зянвэй өгүүлрүүн: “Би сонсвоос Дөн Айгийн бие хуурсан нь доорд бяцхан бөгөөд тосгоны хүний гэрт тугал адгуулж асан бөлгөө. Эдүгээ завшаанд Иньпингийн бага замаар зөрүү орж модноос дүүжлэн уулнаас өнхрөн энэ их гавьяаг бүтээжээ. Энэ түүний сайн аргаас гарсан нь бус, үнэнхү Ү улсын их буянд болой. Хэрвээ жанжин чи над лугаа Зяньгө боомтод эсэргүүцэлсэнгүй болбоос Дөн Ай хэрхэн энэ гавьяаг олж бүтээн чадах аж. Өнөө Шугийн эзнийг Фуфэн ван болгосон нь Шу газрын хүний сэтгэлийг зангидсан бөгөөд түүний урвах хүсэл хэлэхгүйгээр мэдэгдэж амуй. Зинь гүнгийн сэжиглэх нь мөн болой” хэмээсэнд Жунхуй түүний үгийг гүн сайшаав. Зянвэй бас өгүүлрүүн: “Зүүн баруун этгээдийн ардыг зайлуул, надад нэг хэмээх нарийн хэрэг буй” хэмээсний хойно Жунхуй зүүн баруун этгээдийн ард цөм эгүүлэв. Зянвэй ханцуйн дотроос нэгэн зургийг гарган Жунхуйд өгч өгүүлрүүн: “Хэзээний Үхоу улалжийн гэрээс гарах цагт үүнийг урьд хаанд өргөж өгүүлрүүн: “Ижоу хотын сайн тариа мянган газар буй. Иргэн элбэг, улс баян тул их үйлсийг байгуулбаас болмуй” хэмээсэнд урьд хаан тийнхүү Чөндүд тулгар төрийг байгуулав. Эдүгээ Дөн Ай тэнд хүрээд яахан урвахгүй ажгуу” хэмээхэд Жунхуй ихэд баярлан уул голын байдлыг хуруугаар зааж асуухад Зянвэй нэг нэгээр хэлэв. Жунхуй бас асууруун: “Ямар аргаар арилгаваас болмуй?” хэмээвээс Зянвэй өгүүлрүүн: “Зинь гүнгийн энэ сэжиглэх тухай хурдан илтгэл бичиг айлтган Дөн Айгийн урвах байдлыг хэлсэнд Зинь гүн174 эрхгүй жанжинг дайл хэмээх болой. Нэгэнтээ үүсгэсэнд даруй бариваас болмуй”. Жунхуй үг дагаж хүн зарж илтгэл бичиг бариулан Луо Янд айлтгахаар илгээн хэлсэн нь “Дөн Ай эрхийг бариад өөрийн дураар явмуй. Шу газрын хүн лүгээ янаглан өглөө үдэш эрхгүй урвамуй” хэмээжээ.
174 Сыма Жаогийн хэргэм зэрэг
Түүнээс төрийн бичиг цэргийн түшмэд цөм цочжээ. Жунхуй бас хүн зарж замын зуур Дөн Айгийн айлтгах бичгийг тосож аваад Дөн Айгийн бичсэн үсгийг дуурайн доторхи үгсийг оморхог аястай болгон халж бичээд биеэ үнэмлэв.
Сыма Жао, Дөн Айгийн илтгэл бичгийг үзээд ихэд хилэн төрж даруй Жунхуйгийн цэрэгт хүн зарж “Дөн Айг барьсугай!” хэмээгээд бас Зячунд гурван түмэн цэрэг өгч “Сегү заваар ор!” хэмээн илгээсний хойно Сыма Жао Вэй улсын эзэн Цаохуаньгийн хамт “Байлдахаар одсугай!” хэмээхэд баруун этгээдийн Цао Янь түшмэл Шаоти хориглож өгүүлрүүн: “Жунхуйгийн цэрэг Дөн Айгаас зургаан хувь илүү тул Жунхуйг зарж Дөн Айг бариваас болох бөгөөтөл юун хэмээн гэгээн гүн биеэр одмуй?” гэхэд Сыма Жао өгүүлрүүн: “Чи урьд өдрийн үгийг умартсан буюу? Чи “Жунхуй хожим өдөр эрхгүй урвамуй” хэмээн өгүүлсэн бус уу? Миний энэ удаагийн одох нь Дөн Айгийн учирт бус, чухам Жунхуйгийн төлөө болой” Шаоти инээж өгүүлрүүн:“Би гэгээн гүнг умартахаас эмээн тийнхүү асуусан болой. Өнөө нэгэнтээ ийм санаа буй бөгөөс нягтлах хэрэгтэй!, задруулж эс болмуй”. Сыма Жао үг дагаж даруй их цэрэг авч мордов. Тэр үес Зячун бас Жунхуйгийн хувьсахаас сэжиглэх тул Сыма Жаод хэлэхээр ирсний хойно Сыма Жао өгүүлрүүн: “Хэрвээ чамайг зарсан болбоос би бас чамд сэжиглэж болмуй уу? Чан Аньд хүрсний хойно эрхгүй тодорхойг олж мэдмүй” хэмээв. Хэдийн харуулын хүн Жунхуйд “Сыма Жаог Чан Аньд хүрч ирэв” хэмээн хэлэхээр ирсэнд Жунхуй санд мэнд Зянвэйг залж ирээд Дөн Айг барих аргыг зөвдөлцөв. Энэ чухамхүү:
“Өнөөхөн баруун Шу-д дагасан жанжинг хураасныг үзтэл
Одоо бас Чан Ань хотод их цэрэг хөдөлгөх нь харагдмуй”
Эгнэгт Зянвэй ямар аргаар Дөн Айг барихыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )