Гурван улсын үлгэр | 120 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  120 ДУГААР БҮЛЭГ

 

ДҮ ЮЙГ БАТАЛЖ ХӨГШИН ЖАНЖИН ШИНЭ БОДЛОГО ӨРГӨСӨН

СҮНЬХАОГ ДАГУУЛЖ ГУРВАН ХУВИЙГ НЭГТГЭН ЕРӨНХИЙЛСӨН

 

Өгүүлэх нь: Ү улсын эзэн Сүньсю нь Сыма Янийг “Вэй улсын төрийг булаав!” хэмээн сонсоод удалгүй даруйд Ү улсыг халдахаар ирмүй хэмээн зовсоор өвчин олж ширээнд хэвтээд босож чадахгүй болсонд чансан Пу Янсинийг ордонд дуудан авчирч тайз Сүньванийг мөргүүлээд Янсингийн гарыг атгаж тайз Сүньванийг заасаар нөгчив. Пү Янсин гарч олон түшмэл лүгээ зөвдөж “Тайз Сүньванийг байгуулсугай!” хэмээхэд зүүн этгээдийн Дяньзюнь түшмэл Вань Юй өгүүлрүүн: “Сүньвань бяцхан тул засгийг барьж чадахгүй. Харин Ү Чөн Хоу Сүньхаог авчирч байгуулахад хүрэхгүй!” гэхэд зүүн этгээдийн жанжин Жанбү бас өгүүлрүүн: “Сүньхао чадал ухаан гэгээн тасархай. Хаан сууж болмуй” хэмээхэд чансан Пу Янсин таслан чадахгүй тул Жу эх дагинад айлтгаваас эх дагина өгүүлрүүн: “Би бэлэвсэн хүн болой. Хэрхэн улс төрийн үйлийг олж мэдмүй? Танай олон зохисыг үзэж байгуулбаас болмуй!” хэмээсэнд Пү Янсин даруй Сүньхаог залж угтаж ирээд хаан суулгав.

Сүньхаогийн өргөсөн нэр Юаньзун, Сүньцуаньгийн тайз Сүньхөгийн хөвгүүн болой. Тэр жил долоон сард хаан сууринд суугаад оныг халж Юань Син180-ийн тэргүүн он хэмээв. Тайз Сүньванийг Юй Жан ван өргөмжлөн эцэг Сүньхөг Вэньхуанди хэмээн нэхэж өргөмжилж, эх Хө овогт эхнэрийг эх дагина өргөмжлөөд Динфэнг зүүн баруун этгээдийн Их Сыма болгов. Дараа жилийг халж “Рашаан шүүдрийн тэргүүн он” хэмээжээ. Сүньхаогийн догшин өдөр ирэхэд сүрхий болж, архи өнгөнд шунаад Жун Чанши түшмэл Чэньхуньг янаг ойр болгосон учир Пү Янсин, Жанбү нар хориглосонд Сүньхао уурлан хоёулыг алаад гурван үеийг хүйс тэмтэрчээ. Түүнээс төрийн сайдын амыг битүүмжлээд аймшиггүй дахин хориглохгүй болов. Бас оныг халж Бао Дин181-ийн тэргүүн он хэмээж Лукай, Вань Юйг зүүн баруун этгээдийн чансан болгов. Тэр үес Сүньхао, үчанд сууж Янжоугийн зуун овогт иргэн хэрэгслийг ус өөд хүргэхэд ихэд гашуудмуй.

180 Тулгар бадрагч

181 Эрдэнэ тулгат

Бас даанч бүрэлгэх тул албан ба өөрийн хоорондох цөм хоосон болсонд Лүкай бичиг айлтгаж хориглов. Тэр бичгийн үг нь:

“Эдүгээ гамшиггүй бөгөөд иргэн дуусаж, үйлдвэргүйгээр улсын эд хоосорсонд сайд би ихэд зовнимуй. Эрт Хань улс нэгэнт хохироод гурван гэр хүлис мэт зогссон бөлгөө. Өнөө Цао, Лю нь ёсыг алдаад цөм Зиньд болжээ. Энэ нүдний өмнөх ил гэрч болой. Сайд би мунхаг боловч гагц хааны улс гэрийг хайрламуй. Үчангийн газар шороо цухал бөгөөд муу тул хааны нийслэл болж болох бус. Нэнд хүүхдийн цуу үгэнд мушгиж “ Зянь Егийн усыг уухаас Үчангийн загасыг идэхгүй! Зянь Ед буцаж үхэвч Үчанд зогсож суухгүй!” хэмээжээ. Үүгээр иргэний сэтгэл тэнгэрийн санааг илэрхийлж болмуй. Эдүгээ улс гэрт нэгэн оны хадгалал үгүй бөгөөд улмаар үндэс үзэгдэх шахаад түшмэдийн ёс бусаар зовоосныг тэтгэхүйеэ бэрх болов. Урьд хааны цагт дотоод ордны охид зуун нэр хүрэхгүй, Зинди хаанаас нааш мянгын тоонд хүрсэн нь энэ эдийг асар бүрэлгэх нь болой. Бас хажуудад цөм сайн хүнгүй, сүрэг нийлж нам бариад харилцан туслалцаж шударгыг хорлож мэргэнийг халхалмуй! Энэ цөм хорт засгаар ардыг эмгэгтэй болгосон нь болой. Олдохул хаан зуун зүйлийн үйлийг зогсоож ёс бусаар тэсгэн авахыг байлгаад ордны охидыг цэвэрлэн, зуун түшмэдийг ариутган сонговоос тэнгэр баясаж өргөн дагаад улс амар болох болой” хэмээжээ.

Сүньхао үзээд ихэд баяргүй болов, бас мод шорооны үйлийг үүсгэж Жао мингүн ордон байгуулан олон бичиг цэргийн түшмэдийг ууланд хэрэгсэл мод огтлуулмуй. Бас увдист хүн Шангуан хэмээгчийг дуудан ирээд төлгө гуйж дэлхий дахиныг авах аргыг асуусанд Шан өчрүүн:

“Хаан өлзийт сайн төлгийг олов. Цагаан хулгана жил хар шүхэр өргөж Луо Янд олж ормуй” хэмээсэнд Сүньхао ихэд баярлаад Жун Шучэн түшмэл Хуахөд өгүүлрүүн: “Урьд хаан сайд чиний үгийг авч зам хуваан жанжин томилж мөрнийг дагаж хэдэн зуун цэргийн хүрээ байгуулаад хөгшин жанжин Динфэнгөөр ерөнхийлүүлэв. Мөхөс би “Хань улсын газрыг хамтатгаж Шу улсын эзэнд хариу авч өгсүгэй!” хэмээмүй. Урьд аль газрыг авбаас зохимуй?” хэмээсэнд Хуахө ятгаж өгүүлрүүн: “Шу улсын Чөндүг сахин чадсангүй, улс төрийг алджээ. Сыма Янь эрхгүй Ү улсыг залгих сэтгэл буй. Хаан эрдмийг засаж Ү улсын иргэнийг амуулах нь дээд арга болой. Хэрвээ мушгиж цэрэг хөдөлгөвөөс төвхийтэл олсыг нөмрөөд галыг тэнхрүүлэх мэт эрхгүй өөрөө ноцогдмуй. Хааны хянан байцаахыг хүсмүй” гэхэд Сүньхао ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Би тухайд нийлүүлэн “Уг хөрөнгийг эгүүлсүгэй!” хэмээтэл чи юунд ийм бэлгэгүй үг гаргамуй? Хэрэв чиний хуучин түшмэлийн нүүрийг үзэхгүй болохул тэргүүнийг огтолж олонд үзүүлмүй” хэмээгээд цэргийн ардыг зандаж харшаас түлхэн гаргав. Хуахө бараалхлаас гараад шүүрс алдаж өгүүлрүүн: “Хайран хэмэрлэгээр хатгамалласан мөрөн уулыг удалгүй өөр хүний болгомуй!” хэмээгээд нуун сууж гарч ирэхгүй болов. Түүнээс Сүньхао зүүнийг дарангуйлах жанжин Лүканыг цэрэг авч Зянкоу аманд суулгаж Сян Янийг хичээлгэв.

Түүнээс хэдийнэ энэ чимээг Луо Янд уламжлан хүргэснийг ойрх түшмэд Зинь улсын эзэн Сыма Яньд айлтгасанд Зинв улсын эзэн сонсоод олон түшмэл лүгээ зөвдөлцвөөс Зячун гарч айлтгаруун: “Сайд би сонсохул Ү улсын Сүньхао эрдэмт засгийг засахгүй ёс бусаар зориуд явах тул хаан зарлиг буулгаж Дүдү Янхуг “Цэрэг авч мөчөөрхөхөөр од!” хэмээн илгээвээс зохимуй, Түүний улсад хувьсгал гарахыг хүлээн тэр тухай байлдаж авбаас Зүүн Ү улсыг гарын алгыг урвуулах мэт хялбараар олох болой”. Сыма Янь ихэд баярлан даруй зарлиг буулган элч зарж Сян Янд илгээн Янхуд ухуулсанд Янху зарлигийг хүлээн аваад цэргийг засаж дайсныг угтан байлдахыг бэлтгэв. Үүнээс Янху Сян Яныг сахиад цэрэг иргэний сэтгэлийг асар олоод Ү улсын хүн “Дагасугай!” хэмээгчдийг түүний дураар болгож манаж цагдах цэргийг цөөтгөн найман зуу илүү цэрэг тариа тарив. Анх хүрсэн үес цэрэгт зуу хоногийн амуугүй бөлгөө. Ирэх жилийн эцэс болтол цэрэгт арван оны идээг цуглуулжээ. Янху цэрэгт ахудаа үргэлж хөнгөн дээл өмсөж өргөн бус бүслээд хуяг нөмрөхгүй. Цацрын өмнө хамгаалах цэрэг нь арав илүү хүнээс эс хэтэрмүй. Нэгэн өдөр доорх жанжин цацарт орж мэдүүлрүүн: “Харуулын хүн “Ү улсын цэрэг цөм осол сул болсон тул мөн тухай бэлтгэлгүйд завшиж сундалбаас эрхгүй ихэд ялгуумуй хэмээн мэдүүлэв?” хэмээсэнд Янху инээж өгүүлрүүн: “Танай олон Лүканыг бага үзмүй. Энэ хүний ухаан гүйцэд бөгөөд бодлого олон. Урьд өдөр Ү улсын эзэн силинийг байлдсугай хэмээсэнд Бушан хийгээд жич түүний жанжин хэдэн арван хүнийг алсан тул би тусалсугай хэмээгээд завдсангүй бөлгөө. Энэ хүн жанжин болсонд бид гагц сахиваас зохимуй. Түүний дотор хувьсахыг хүлээж хичээсэнд сая болох бөлгөө. Хэрвээ цаг байдлыг хянахгүйгээр хөнгөлөн орвоос энэ дарагдахыг эрэх зам болой” хэмээсэнд олон жанжин түүний шүүмжлэлийг дагаж гагц зах хязгаарыг сэргийлэн суух төдий л болов.

Түүнээс нэгэн өдөр Янху олон жанжныг дагуулан ав тавихаар гарсанд төв хэмээн Лүкан бас авлаж асан ажгуу. Янху зарлаж өгүүлрүүн: “Манай цэрэг захаас гарч болохгүй!” хэмээн зарласанд олон жанжин зарлалыг дагаж гагц Зинь улсын газарт авлаж Ү улсын хязгаарыг халдсангүй. Лүкан үзээд гунихарч өгүүлрүүн: “Ян жанжны цэрэгт цааз хуультай, халдаж болохгүй бөлгөө” хэмээгээд орой болсны хойно тус тусдаа эгэв. Янху хүрээндээ эгсний хойно эл олсон жигүүртэн, араатныг байцаан үзэж Ү улсын хүний урьд харваж шархдуулсныг нь буцаан өгсөнд Ү улсын хүн цөм баярлаад Лүканд мэдүүлсэнд Лүкан нь ирсэн хүнийг дуудаж оруулаад асуун өгүүлрүүн: “Танай эзэн өрлөг жанжин архи ууж чадмуй уу?”. Ирсэн хүн өчрүүн: “Эрхбиш сайн архи болохул сая уумуй” Лүкан инээж өгүүлрүүн: “Надад нэгэн суулга архи аж хадгалсаар удав. Эдүгээ чамд өгсүгэй! Чи аваачиж жанжиндаа өргөгтүн! Энэ архи болбоос Лү овогт миний гараар нэрж өөрөө уух нь болой. Тусгайлан нэг суулга өргөж өчигдрийн ав тавьсан хүслэгийг182 илрүүлсүгэй!” хэмээсэнд ирсэн хүн хүлээн аваад архийг авч эгсний хойно зүүн баруун этгээдийн хүн Лүкангаас асууруун: “Жанжин түүнд архи өгсөн нь ямар санаа буй за?” Лүкан өгүүлрүүн: “Тэр нэгэнтээ эрдмийг надад тархааваас би хэрхэн хариулахгүй аж?” гэхэд олон цөм сэхээрэв.

182 Хүсэн мөрөөдөх сэтгэл

Тэндээс ирсэн хүн хойш эгж Янхуд золгоод Лүкангийн асуусныг архийг өргөх үес нэг нэгээр өчсөнд Янху инээн өгүүлрүүн: “Тэр бас миний архи ууж чадахыг мэдмүй үү?” хэмээгээд лонхыг нээж “Уусугай!” хэмээтэл харьяат жанжин Чөнь Юн өгүүлрүүн: “Түүнд зальхай арга байхаас эмээмүй. Дүдү түр битгий уугтун!” Янху өгүүлрүүн: “Лүкан хорт хүн бус тул сэжиглэх хэрэггүй!” хэмээгээд дуустал уув. Үүнээс хүн зарж харилцан нэвтрэлцжээ. Нэгэн өдөр Лүкан нь Янхугийн дэргэд хүн зарж амар мэндийг асуухад Янху асууруун: “Лү жанжин амгалан сайн амуй уу?” хэмээсэнд ирсэн хүн өгүүлрүүн: “Манай жанжин өвчин олоод хэдэн өдөр эс гарав” хэмээхэд Янху өгүүлрүүн: “Түүний өвчинг санахад над лугаа адил буй за. Би нэгэнтээ эм найруулаад энд буй. Хүргүүлэн уулгаваас зохимуй хэмээгээд илгээсэнд ирсэн хүн эмийг авч эгээд Лүканд золгов. Олон жанжин өгүүлрүүн: “Янху болбоос манай дайсан тул энэ эм эрхгүй сайн эм бус болой”. Лүкан өгүүлрүүн: “Хэрхэн хүнийг хортгох Ян Шузы183 байх буй? Танай олон битгий сэжиглэгтүн!” хэмээгээд уусны хойно дэд өдөр өвчин илаар болов. Олон жанжин баярлахад Лүкан өгүүлрүүн: “Тэр тусгайлан эрдмийг хэрэглэхэд би тусгайлан догшныг хэрэглэвээс тэр байлдахгүйгээр манийг бишрүүлэн дагуулах болой. Эдүгээ тус тус зах хязгаарыг хамгаалахын төдий болбоос зохих тул бага ашгийг эрж эс болмуй?” хэмээв.

Түүнээс олон жанжин үг дагав. Гэнэт “Ү улсын эзэн элч зарж илгээв!” хэмээн мэдүүлмүй. Лүкан угтан оруулж асууваас элч өгүүлрүүн: “Тэнгэрийн хөвгүүн жанжинг түргэнээ цэрэг ороод битгий Зинь улсын хүнийг урьд ирүүлтүгэй!” хэмээв. Лүкан өгүүлрүүн: “Чи урьд буцагтун! Надад өргөн айлтгах бичиг буй!” хэмээсэнд элч салж одов. Лүкан даруй бичиг үйлдээд хүн зарж Зянь Ед илгээсний хойно ойрх түшмэд бичгийг өргөсөнд Сүньхао нээж үзвээс дотор нь “Зинь улсыг байлдаж болохгүй!” хэмээсэн бөгөөд “Ү улсын ззнийг эрдмийг засаж яллах үйлийг болгоомжлон, дотоодыг амуулахыг санаа тавьтугай! Цэргийг дураар хэрэглэж эс зохимуй!” хэмээжээ. Ү улсын эзэн үзэж дуусаад ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Би сонсвоос Лүканг зах хязгаарт суугаад дайсан лугаа харилцан нэвтрэлцмүй хэмээсэн нь эдүгээ үнэн аж” хэмээгээд даруй элч зарж цэргийн эрхийг хасаад Сыма түшмэлд бууруулав. Зүүн этгээдийн жанжин сүнь Игээр түүний цэргийг захируулсанд олон түшмэл аймшиггүй ятгагчид үгүй болов. Ү улсын эзэн өөрөө оныг халж Жянь Хөн184 хэмээж Фөнхуангийн тэргүүн онд хүртэл санааны дураар дэмий үйлдээд сахих цэргийг олшруулсанд дээр доор эс халшрах нь үгүй. Чансан Ван Юй, жанжин Люпин, Да Сынун түшмэл Лүсүань гурвуул Сүньхаогийн ёсгүйг үзээд чигч үгээр ятгасан учир цөм алагдав. Урьд хожид арван жилийн дотор шударга түшмэдийг дөч илүү хүн алав. Сүньхао гарч ороход үргэлж хуяг өмссөн морьт цэрэг таван түмийг дагуулан явах тул олон түшмэд айн эмээж яаж чадахгүй бөлгөө.

183 Янхуг магтсан үг

184 Тэнцвэр байгуулагч

Тэндээс Янху, Лүкангийн цэргийн эрхийг хассан хийгээд Сүньхаогийн эрдмийг алдсаныг сонсоод Ү улсад завсар гарсныг мэдэж даруй бичиг үйлдэн Луо Янд илгээн цэрэг үүсгэж Ү улсыг байлдахыг гуйв. Тэр бичгийн их төлөв нь:

“Мэхийн бодоход хугацаа улирал хэдий тэнгэрээс хүлээмүй, гэвч гавьяа үйл эрхгүй хүний үйлдэхээр сая бүтмүй. Эдүгээ Зян, Хуайгийн бэрх Зяньгөд хүрэхгүй, Сүньхаогийн догшин Лючаньгаас хэтрээд Ү улсын хүний зовиур Ба Шугаас илүү бөгөөд Их Зинь улсын цэргийн хүч эрт үеэс нэмэгдсэн бөгөөтөл энэ цагт дөрвөн далайг төвшитгөн нэгтгэхгүй харин нэнд цэргийг хориглож хязгаарыг сахиулан, дэлхий дахины хүнийг байлдах сахихын төлөө зовоож үе улиран хөгжин буурах нь өнө удаан бус болой” хэмээжээ.

Сыма Янь илтгэлийг үзээд ихэд баярлаж “Даруй цэрэглэж дайлахаар одсугай!” хэмээхэд Зячун Сюньсюй, Фөнда гурвуул цөм “Болохгүй!” хэмээн хүчлэн хэлэх тул Сыма Янь тийнхүү эс хөдлөв. Янху дээд эзэн түүний гуйсныг тогтоохгүйг сонсоод шүүрс алдаж өгүүлрүүн:

“Дэлхий дахин санаагаар болохгүй нь “Арваас найм ес болой” эдүгээ тэнгэрээс өгснийг авахгүй нь хайрлалтай бус уу?” хэмээгээд Сянь Нингийн дөрөвдүгээр онд Янху төрд ороод түшмэлээ түлхэж гэртээ эгэн “Өвчнөө зассугай!” хэмээн айлтгасанд Сыма Янь асууруун: “Чамд улсыг амар болгох арга буй болбоос мөхөс хүнд сургамуй уу?”. Янху өгүүлрүүн: “Сүньхаогийн харгис догшин маш хэтэрчээ. Эдүгээ байлдахгүйгээр ялгууж болмуй. Хэрэв Сүньхао хишиггүй нөгчөөд дахин мэргэн хааныг байгуулбаас Ү улсыг хааны эзэлж чадах нь бус болой” хэмээсэнд Сыма Янь сэрэгдэж өгүүлрүүн: “Сайд чи эдүгээ даруй цэрэг авч байлдахаар одвоос ямар буй?” Янху өгүүлрүүн:

“Сайд би нас хөгшрөөд өвчин олон болж энэ тушаалыг хүлээн чадахгүй болжээ. Хаан өөр ухаант баатар хүнийг сонгож илгээвээс болмуй” хэмээгээд Сыма Яньгаас салж гэртээ харив. Тэр жилийн өвлийн дунд сар Янхугийн өвчин хүнд болсонд Сыма Янь жагсаалт тэргэнд сууж түүний гэрт амар мэндийг асуухаар ирээд Сыма Янь бээр Янхугийн хэвтсэн ширээний өмнө хүрсэнд Янху нулимс унагааж өгүүлрүүн: “Сайд би түмэн зэрэг үхэвч хаанд хариулан чадахгүй болой” Сыма Янь бас уйлж өгүүлрүүн: “Би чиний Ү улсыг байлдах аргыг хэрэглэсэнгүй тул ихэд хорсном бөлгөө. Эдүгээ хэн чиний зорилтыг залгамжилбаас болмуй?”. Янху нүд дүүртэл нулимсыг хавчиж өгүүлрүүн: “Сайд би үхмүй, тийнхүү ямар аюулгүй мунхгийн шударга үнэнчийг гүйцэтгэхгүй болох аж? Баруун этгээдийн жанжин Дү Юйд тушааж болмуй. Хэрвээ Ү улсыг дайлсугай хэмээвээс хэрэглэх нь зүй!” хэмээсэнд Сыма Янь өгүүлрүүн: “Сайныг өргөж мэргэнийг батлах нь сайн хэрэг болой. Сайд чи юун хэмээн төрд хүнийг батлаад даруй өөрөө тэр айлтгасан эх бичгийг галдаж хүнд үзүүлэхгүй буй?”. Янху өгүүлрүүн: “Төрд түшмэл болоод хувийн хаалганд ирж хишигт мөргөхийг нь сайд би аваачихгүй болой” хэмээн хэлж дуусаад үхэв. Сыма Янь ихэд уйлж ордонд эгээд зарлиг буулган Тайфу Зюй Пин Хоу өргөмжлөв. Наньжоу мужийн зуун овогт иргэн “Янхуг үхэв” хэмээн сонсоод худалдаа хийхээ зогсоож уйлмуй. Зян Наньгийн хязгаарыг сахисан жанжин цэрэг бас цөм уйлжээ. Сян Янгийн хүмүүс Янхуг байх цагт үргэлж Сяншань ууланд зоог хийхийг санаж даруй сүм байгуулж хөшөө чулуу босгоод дөрвөн цагт тахижээ. Урагш хойш явах хүн хөшөө чулууны утгыг үзсэн бүхэн эс уйлагчид үгүй. Тийнхүү “Нулимс унагаах хөшөө чулуу” хэмээн нэрийдэв. Хожмын хүний гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:

“Өглөөний наранд өндөрт авиран Зиньгийн түшмэлийг мөрөөдмүй

Өнийн хөшөө Сяншань ууланд балран хувхайрчээ

Нарсны дээрх үлдсэн шүүдэр дахин дахин дуслахад

Наргиант байлдааны үрд нулимс унагасан хүнийг санав”

Түүнээс Зинь улсын эзэн Янхугийн үгээр Дү Юйг өмнө зүгийг сахих их жанжин өргөмжлөн Зинжоугийн хэргийг бүгдийг ерөнхийлүүлэв. Дү Юйгийн хүн хүнд, чигч боловсронгуй нэвтэрчээ. Сурахад дуртай бөгөөд хашрахгүй. Зуо Цюмингийн Чүньжог асар үзэх дуртай тул хөдлөх суухад үргэлж биед авч, гарч ороход эрхгүй хүнээр Зуожуанийг морины өмнө барьж явуулмуй. Тийнхүү тэр цагт хүн “Зуожуанийн өвчтэй” хэмээмүй. Зинь улсын хааны зарлигийг хүлээгээд Сян Янгийн газар иргэнийг тохинуулан цэргийг тэжээж Ү улсыг байлдахаар бэлтгэн авай.

Тэр цагт Ү улсын Динфэн, Лүкан цөм үхээд Ү улсын эзэн Сүньхао олон түшмэдийг хуримлах бүр цөмөөр согтоомуй. Бас Хуанмэнь Лан түшмэл арван хүнийг тавьж түшмэлийг байцаан буруушаах түшмэл болгож хурим тархсаны хойно тус бүр эндүүрэл алдагдлыг айлтгуулмуй. Халдагсдыг нь нүүрний арьсыг өвчих буюу эсвээс нүдийг ухмуй. Үүнээс улсын хүн ихэд айжээ. Зинь улсын Ижоугийн Цыши түшмэл Ванзюнь бичиг айлтгаж “Ү улсыг байлдсугай” хэмээв. Тэр бичгийн үг нь:

“Сүньхао ужид самуун болсон тул түргэн дайлбаас зохимуй. Хэрвээ нэгэн өглөөн төдийгөөр Хао үхээд дахин мэргэн эзнийг байгуулбаас хүчирхэг дайсан болмуй. Сайд би онгоц үйлдээд долоон он болсон тул өдөр бүр илжрэн эвдэрч буй. Сайд би энэ жил далан настай өглөө маргааш үхэх ойртов. Гурван эзэн нэгийг тэсэргүүлбээс хичээхэд бэрх болмуй. Олдохул хаан энэ тухайг үл алдах ажаам уу” хэмээжээ.

Зинь улсын эзэн бичгийг үзээд даруй олон түшмэл лүгээ зөвдөж өгүүлрүүн: “Ванзюньгийн шүүмжлэл Ян Дүдү лүгээ битүүгээр нийлсэн тул миний санаа нэгэнтээ тогтов” хэмээсэнд Шижун түшмэл Ванхунь айлтгаруун: “Сайд би сонсвоос Сүньхао “Умар зүг ирсүгэй!” хэмээн цэрэг ангийг нэгэнтээ бэлтгээд сүр хүч төв бадарч ахуй тул тэмцэлдэхэд бэрх! Дахин нэг он хойшлоод түүний зүдэхийг хүлээвээс сая гавьяа бүтмүй!” хэмээсэнд Зинь улсын эзэн түүний айлтгасныг дагаж даруй зарлиг буулган цэрэг зогсож “Битгий хөдлөгтүн!” хэмээгээд хойд ордонд орж Ми Шучөн түшмэл Жанхуа лугаа шатар тавьж уйтгарыг сэргээж бүхийд ойрх түшмэд айлтгаруун: “Хязгаарын яамнаас илтгэл хүрч ирэв” хэмээмүй. Зинь улсын эзэн нээж үзвээс харин Дү Юйгийн илтгэл болой. Тэр илтгэлийн үг нь:

“Эрт өдөр Янху арга бодлогыг төрийн сайдад задруулахгүй. Хаан лугаа нууцаар зөвдөлцжээ. Тийнхүү төрийн түшмэл олонтоо тааварлан хэлэлцмүй. Аливаа үйлсийг ашиг хороор адилтгаваас зохимуй. Хэмнэвээс энэ удаагийн үүсгэлийн ашиг, арваас найм есөн хувь буй бөгөөд түүний хор нь гагц гавьяагүйн төдий л болой. Намраас нааш хулгайг арилгах байдал ихэд илэрсэн тул эдүгээ хэрвээ дундаас зогсоовоос Сүньхао бэрхшээн айгаад нийслэлийг Үчанд нүүлгэн Зян Наньгийн олон хотыг засаж иргэнээ нүүлгэж суулгасанд хотыг байлдаж эс болох бөгөөд хээр талд олзлох юмгүй болохул ирэх жилийн арга бас ч болохгүй болмуй” хэмээжээ.

Зинь улсын эзэн илтгэлийг сая үзэж дуусмагц Жанхуа гэтэсхийн босоод шатрыг түлхэж ханцуйгаа шууж айлтгаруун: “Хааны цог жавхлангаар улс баян цэрэг чийрэг, Ү улсын эзэн ужид самуун тул иргэн зовж улс хоосорчээ. Эдүгээ байлдахаар одсонд зүдэхгүйгээр тогтож болмуй? Гуйх нь үл сэжиглэмүй!” хэмээсэнд Зинь улсын эзэн өгүүлээд: “Сайд чиний үг ашиг зовлонг нэвтэртэл үзсэн тул мөхөс би юунаас сэжиглэмүй” хэмээгээд даруй харшид гарч өмнийг дарангуйлах их жанжин Дү Юйг их Дүдү болгон арван түмэн цэрэг авч Зянлинг гарагтун!”, зүүнийг дарангуйлах их жанжин Лан Ягийн ван Сыма Жоуг “Чужүнгээр гарагтун!”, зүүнийг амаржуулах их жанжин Ванхунийг “Хэнзянгаар гарагтун!”, сүрийг бадраагч жанжин Ванруныг “Ү Чангаар гарагтун!”, өмнийг төвшитгөгч жанжин Хуфэнийг “Сякоугоор гарагтун!”. Тус бүр тавиад түмэн цэрэг аваад цөм “Дү Юйгийн улируулан хэрэглэхийг сонс!” хэмээгээд бас Лунсян жанжин Ванзюнь, Гуан Ү жанжин Танбинийг “Мөрөн дээгүүр зүүнш буугтун!” хэмээн усан хуурай хорин түмэн цэрэг байлдах онгоц хэдэн түмтэй зарав. Бас Гуанзюнь жанжин Янзиг “Сян Янд буудаллаж олон замын цэргийг захирагтун!” хэмээв.

Түүнээс хэдийн энэ чимээг Зүүн Ү улсад мэдүүлсэнд Ү улсын эзэн Сүньхао ихэд гэлмэж яаран чансан Жанти, Сыту түшмэл Хөжы, Сыкун түшмэл Төнсюньг дуудаж цэргийг эгүүлэх аргыг зөвдөлцөхөд Жанти айлтгаруун: “Тэрэг хөлөглөгч жанжин Ү Янийг Дүдү болгож Зянлинд цэрэг оруулан Дү Юйг угтан байлдуулаад Бяоци жанжин Сүньсиньгээр цэрэг захируулж Сякоугийн зэргийн газрын цэргийг тулуулбаас зохимуй. Сайд би аймшиггүй цэргийн багш болж зүүн этгээдийн жанжин Шөнь Ин баруун этгээдийн жанжин Жугө Зингээр арван түмэн цэрэг захируулж Нюжүгээр гарч олон замын цэрэгт тусалсугай!” хэмээсний хойно Сүньхао үг дагаж Жантид цэрэг өгөн илгээв. Сүньхао хойд ордонд ороход нүүрэнд зовних өнгө илэрсэн тул янаг тайган Чэньхунь учрыг асууваас Сүньхао өгүүлрүүн: “Зинь улсын үй олон цэрэг нүүгэлтэн ирсэн тул олон замд цөм цэрэг угтахаар одов. Гагц Ванзюнь хэд хэдэн түмэн цэрэг хийгээд байлдах онгоцыг авч усны аяар ирэх нь ихэд хурц хэмээмүй. Би тийнхүү зовнимуй” Чэньхунь өгүүлрүүн: “Сайд надад нэгэн арга буй. Ванзюньгийн онгоцыг хэмхрүүлбээс болмуй”. Сүньхао ихэд баярлаад тэр аргыг асууваас Чэньхунь айлтган өгүүлрүүн: “Зянь Нань газарт төмөр элбэг буй тул холбосон төмөр гинж зуу илүүг давтуулж урт хэдэн зуун хос алд, гархи бүрийн хүндийг хорь гучаад жин болгож мөрнийг дагаж чухал газарт хөндлөн татаад жич бас төмөр шөвөг хэдэн түмийг түгшүүлэн, урт хоёр алд илүүг усны дотор тавиулмуй. Хэрвээ Зинь улсын онгоц салхины аяар ирэхэд тэр гадсанд дайрваас эвдрэх тул хэрхэн мөрнийг гэтэлж чадмуй?” Сүньхао ихэд баярлан даруй захиа зарлаж урчуудыг цуглуулан мөрний хөвөөнд одож өдөр шөнөгүй төмөр дээс, төмөр шөвөг түгшүүлэн аргаар тавив.

Тэндээс Зинь улсын Дүдү Дү Юй цэрэг аван Зянлинг гараад Язян түшмэл Жоужыг дуудан “Найман зуун усчийг бага онгоцонд суулган хулгаж Хөх мөрнийг гэтлээд, “Шөнө Юэсяныг сундлагтун!”. Бас уул шугуйн дотор туг хиурыг олонтоо босго! Өдөр болбоос буу тавин хэнгэрэг дэлдэж шөнө болбоос газар газарт гал өргөтүгэй!” хэмээсэнд Жоужы захиаг хүлээн олныг авч мөрнийг гэтлээд Башань ууланд бүгэв. Жич өдөр Дү Юй цэрэг авч усан хуурай хамтаар давшин бүхийд харуулын хүн хэлрүүн: “Ү улсын эзэн Ү Янийг хуурай замаар, лүзинийг усан замаар, сүньсинийг гавшгай болгож гурван замаар угтаж ирэв” хэмээсэнд Дү Юй цэргийг урагш дэвшүүлэхэд сүньсингийн онгоц хэдийн хүрч ирээд хоёр этгээдийн цэрэг сая золгомогц Дү Юй даруй хойш эгэв. сүньсинь цэрэг авч хөвөөнд гараад дараа дараагаар нэхэж хорин газар одсонгүй нэгэнтээ буун дуу гармагц дөрвөн зүгээс Зинь улсын цэрэг ихэд хүрч ирсэнд Ү улсын цэрэг яаран эгэх үед, Дү Юй мөн хүчинд даран алсанд Ү улсын цэргийн үхсэнийг тоолбоос барахгүй. сүньсинь буруулсаар хотын доор хүрсэнд Жоужыгийн найман зуун цэрэг хутган ороод хотын дээр гал тавьсаны хойно сүньсинь ихэд гэлмэж өгүүлрүүн: “Хойд газраас ирсэн цэрэг мөрнийг нисэж гэтэлсэн буй за!” хэмээж санд мэнд “Эгсүгэй!” хэмээтэл Жоужы өндөр дуугаар нэгэнтээ зандран сүньсинийг цавчиж мориноос унагав. лүзин онгоц дээрээс мөрний өмнө хөвөөг дагаж гал мандсан бөгөөд Башань уулын дээр нэгэн их туг салхинд дэрвэлзэж дээр нь “Зинь улсын өмнийг дарангуйлах жанжин Дү Юй” хэмээн бичсэнийг үзээд ихэд гэлмэж хөвөөнд авиран “Буруулсугай!” хэмээтэл Зинь улсын жанжин Жаншан хүрч ирээд цавчин унагаав. ү Янь газар газрын цэрэг цөм дарагдсаныг үзээд хотыг гээж одоход бүгсэн цэрэг барьж аваад хүлж Дү Юйгийн дэргэд авчрав. Дү Юй цэргийн ардыг зандран өгүүлрүүн: “үлдээвч хэрэггүй! Түлхэн гаргаж ал!” хэмээн алуулав. Түүнээс Зянлинийг олсонд Юаньсянгийн этгээдээс шууд Гуанжоугийн олон хотыг сахисан түшмэд цөм салхины аяар тамгыг хүргэж ирцгээн дагав. Дү Юй хэмжээт цацаг бариулан иргэнийг тохинуулж баахан ч халдсангүй. даруй үчан хотыг байлдахаар ирэхэд үчан хот бас дагасанд Дү Юйгийн цэргийн сүр ихэд алдаршжээ. Дү Юй олон жанжныг цуглуулж Зянь Ег авах аргыг зөвлөхөд Хуфэнь өгүүлрүүн: “Зуун оны хулгайг дуусган арилгаж болохгүй. Эдүгээ чухам хаврын ус үерлэх цаг тул удтал сууж эс болмуй. Түр ирэх жилийн хаврыг хүлээж дахин их цэрэг хөдөлгөсүгэй!” хэмээсэнд Дү Юй өгүүлрүүн: “Эртний Юэ И жанжин Зиси газарт нэгэнтээ байлдаад хүчирхэг Ци улсыг авчээ. Эдүгээ цэргийн хүч их хөгжөөд хулс модыг хагалах мэт байдалтайгаар хэдэн үеийг өнгөрвөөс ирийг дагаж цуураад дахин гар хүргэх хэрэггүй Болой” хэмээгээд бичиг тархаан олон жанжин нарыг хамтаар цэрэг орж “Зянь Ег байлдсугай!” хэмээн болзов.

Тэр цагт Лунсян жанжин Ванзюнь усан цэргийг аваад урсгалын уруу яван бүхийд өмнө харуулын хүн мэдүүлрүүн: “Ү улсын хүн төмөр гинж түгсэж мөрнийг ирмэглэн хөндлөн урхидаад, бас төмөр шөвөг усан дотор тавьж бэлтгэжээ” хэмээсэнд Ванзюнь ихэд инээж даруй их сал хэдэн арван түмийг үйлдээд дээр нь өвсөн хүн уяж, хуяг нөмөргөн зэвсэг бариулж тойрон зогсоогоод усны уруу тавьж илгээв. Ү улсын цэрэг үзээд “Үнэн хүн” хэмээн цөм салхины аяар урьд буруулав. Усан дотор асан төмөр шөвгийг сал дайрч дуусган авч явав. Бас сал дээр гэрт гал тээж урт нь хорин алд илүү бүдүүн нь арван алд илүү, түүнд олс тос үсэргэн онгоцны өмнө тавьж яван төмөр дээс урхидсан газарт хүрсний хойно гал тавьсан тул баахан зуур төмөр дээс цөм тасарчээ. Хоёр замын цэрэг их мөрөнд ирээд хүрсэн эл газрыг эс дийлсэн нь үгүй бөлгөө.

Тэндээс Ү улсын чансан Жанти, зүүн этгээдийн жанжин Шэнь Ин баруун этгээдийн жанжин Жугө Зинийг дуудаж Зинь улсын цэргийг угтахаар илгээсэнд Шэнь Ин нь Жугө Зингийн зүг өгүүлрүүн: “Дээд урсгалын олон цэрэг сэрэмжлэхгүй тул Зинь улсын цэрэг эрхгүй энд хүрч ирмүй. Хүчийг гүйцэтгэж тулбаас сая зохимуй. Хэрвээ дийлбээс Зян Нань аяндаа амар болмуй. Эдүгээ мөрнийг гэтэлж байлдаад хишиггүй дарагдваас их үйл эцэх болой” хэмээсэнд Жугө Зин өгүүлрүүн: “Авгайн үг мөн бөлгөө” хэмээн өгүүлж дуусахын урьд хүн мэдүүлрүүн: “Зинь улсын цэрэг усны аяар доош ирмүй. Түүний хүчийг халхлахуйяа бэрх!” гэхэд хоёул ихэд гэлмэж санд мэнд Жанти лүгээ зөвдөхөөр ирээд Жугө Зин Жантид хэлрүүн: “Зүүн Ү улс түгшүүртэй болов. Юунд оргохгүй аж?”. Жанти уйлан өгүүлрүүн: “Ү улсын эвдрэх шахсаныг мэргэн мунхаг цөм мэдмүй. Эдүгээ хэрвээ хаан, сайд цөм дагаад нэг хүн ч улсын зовлонгийн тул эс үхэх бөгөөс ичгүүргүй хэмээмүй үү” хэмээсэнд Жугө Зин бас уйлсаар одов. Жанти, Шэнь Ин лүгээ цэргийг дохиж дайсныг мөчөөрхөхөд Зинь улсын цэрэг дайран ирээд дунддад хаагаад Жоужы урьд Ү улсын хүрээнд байлдан орсонд Жанти ганцаар шаламгайлан байлдаж самуун цэргийн дотор үхэв. Шэнь Ин бас Жоужыд алагдсанд Ү улсын цэрэг дөрвөн зүг сарнин буруулжээ. Хожмын хүмүүн Жантиг магтсан шүлгийн үг:

“ Дү Юй Башань ууланд их тугийг үзсэнд

Зяндуигийн Жанти шударгаар үхэх цаг амуй

Хийморь хэвтэж вангийн сүр буурахыг нэгэнтээ тэвчээд

Хипгийг үтээрэн амиа хайрлахыг төвдөхгүй болой”

Тэндээс Зинь улсын цэрэг Нюжуг эзлээд Ү улсын хязгаарт гүн орсон хойно Ванзюнь сэтгүүл довтолгосонд Зинь улсын эзэн Сыма Янь сонсоод ихэд баярлав. Зячун айлтгаруун: “Манай цэрэг удтал гадаадад зүдээд ус шороо нийлэхгүй тул эрхгүй өвчин хүрмүй. Цэргийг дуудан ирүүлж дахин арга хийсүгэй!” гэхэд Жанхуа өгүүлрүүн: “Эдүгээ их цэрэг нэгэнтээ түүний үүр нүхэнд ороод Ү улсын хүний цөс хэмхэрчээ. Нэг сар өнгөрөхгүйгээр Сүньхао эрхбиш баримтлагдмуй. Хэрвээ өнөө хөнгөнөөр дуудан ирүүлбээс өмнөх гавьяа цөм хоосон болох тул үнэхээр хайрхан болой”. Зинь улсын эзэн өчин завдаагүйд Зячун Жанхуаг зандаж өгүүлрүүн: “Чи тэнгэрийн цаг газрын зүйг ухахгүй бөгөөд дэмий гавьяа олох явдлыг шүүмжлээд жанжин цэргийг зүдээн зовоох нь хэдий чамайг алавч дэлхий дахинд хариулан эс гүйцмүй”. Сыма Янь өгүүлрүүн: “Энэ мөхөс миний санаа. Гагц Жанхуа нь над лугаа адилхан тул юун хэмээн тэмцэж шүүмжилмүй” хэмээтэл гэнэт “Дү Юйгийн илтгэл бичиг ирэв” хэмээн айлтгамуй. Зинь улсын эзэн нээж үзвээс бас ч “Түргэн цэрэг орвоос зохимуй” хэмээсэн тул Зинь улсын эзэн дахин сэжиглэхгүй болж даруй давшуулах зарлиг буулгав. Ванзюнь нар Зинь улсын эзний зарлигийг хүлээгээд усан хуурай хамтаар орсонд салхи аянга мэт сүртэй тул Ү улсын хүн тугт хандаж дагахаар ирмүй. Ү улсын эзэн Сүньхао сонсоод өнгө зүс хувилжээ. Олон түшмэл өчрүүн: “Умрын цэрэг өдөр ирэхүйеэ ойр болсны дээр Зян Наньгийн цэрэг иргэн байлдахгүйгээр цөм дагажээ. Одоо яаваас сайн?”. Суньхао өгүүлрүүн: “Юун учир байлдах үгүй буй?”. Олон өчрүүн: “Энэ өдрийн зовлон цөм Чэньхуньгийн ял болой. Хаан түүнийг албаас зохимуй. Түшмэл бид хотоос гарч нэгэн зэрэг үхэн байлдсугай!” гэхэд Сүньхао өгүүлрүүн: “Бодвоос нэгэн тайган яахан улсыг саатуулан чадмуй?”. Олон хүн өндөр дуугаар өгүүлрүүн: “Хаан чи Шу улсын Хуанхаог сонссонгүй үү?” хэмээгээд Ү улсын эзний зарлигийг хүлээсэнгүй нэгэн цугаар ордонд орж Чэньхунийг огтчиж алаад махыг түүхийгээр идэв. Таозюнь айлтгаруун: “Байлдах онгоц цөм бага тул хоёр түмэн цэрэг гуйж их онгоцонд сууж байлдваас эвдэж болмуй” хэмээсэнд Сүньхао үг дагаж даруй дотоод шадар цэргийг салган өгч мөрний дээд урсгалд дайсантай байлдуулахаар одуулав. Өмнө жанжин Жансян усан цэргийг авч “Мөрний уруу угтан байлдсугай!” хэмээн хоёул төвхийтэл яван бүхийд санамсаргүй баруун хойноос их салхи хөдлөөд Ү улсын туг хиур босгож болохгүй тул цөм онгоцны дотор унажээ. Цэрэг бас онгоцонд гарахгүй дөрвөн зүгт сарнин одсонд гагц Жансян зэрэг хэдэн арван цэргийн төдий л үлдэж эсэргүүцэв.

Тэндээс Зинь улсын жанжин Ванзюнь онгоцны дарвуулыг өлгөж явсаар саншань уулыг өнгөрсөнд онгоц баригч өгүүлрүүн: “Салхи давлагаа асар их тул онгоц явж болохгүй! Түр салхи намжихыг хүлээж сая явсугай!”. Ванзюнь ихэд хилэгнэн илд гаргаж ирээд зандан өгүүлрүүн: “Би эдүгээ даруй “Шитоу Чэн185 хотыг авсугай!” хэмээхэд юунд зогсоё хэмээмүй” хэмээгээд хэнгэрэг дэлдээд яаран ороход Ү улсын жанжин Жансян олныг авч дагахыг гуйсанд Ванзюнь өгүүлрүүн: “Чи үнэнхүү сэтгэлээр дагасугай хэмээвээс өмнө анги болж гавьяа байгуул!” хэмээхэд Жансян эгэж өөрийн онгоцонд суугаад бас шууд Шитоу Чэн хотын доор одож хаалгыг дуудан нээгээд Зинь улсын цэргийг угтан оруулав.

185 Чулуун хот хэмээсэн үг

Сүньхао Зинь улсын цэрэг нэгэнтээ хотод орсныг сонсоод “Өөрийн хоолойг огтолж үхсүгэй!” хэмээхэд Жун Шулин түшмэл Хучун, Гуан Лүсюнь түшмэл сюэ Ин айлтгаж өгүүлрүүн: “Хаан юунд Ань Лөгүн Лючанийг дуурайхгүй аж!” хэмээсэнд Сүньхао үг дагаж тэргэнд авс тээж биеийг хүлээд олон бичиг цэргийн түшмэдийг аван Ванзюньгийн цэргийн өмнө одож дагасанд Ванзюнь өөрийн биеэр хүлээс дээсийг тайлаад тэрэг авсыг шатааж вангийн ёслолоор хүндлэв.

Тан улсын хүн шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Баруун Зиньгийн асарт онгоц Ижоугаас ирэхүйеэ

Барсын сүрт Вангийн эрх Зиньлин хотод бүдгэрчээ

Мянган алд төмөр суунаг мөрний ёроолд тунаад

Нэгэн эш дагах туг Чулуун хотоос гарав

Хүний ертөнцөд хэдэн удаа өнгөрсөн явдалд гуньхравч

Уулын байдал уг хэвээр жихүүн урсгалыг түшиглэмүй

Эдүгээ дөрвөн далай нэгэн гэр болсон өдөр тохиолдсонд

Эртний бэхлэлтэнд саржигнан намрын одол186 хийсмүй”

Түүнээс Зүүн Ү улсын дөрвөн муж, наян гурван хошуу, гурван зуун арван гурван сум, өрх амын тоо тавин хоёр түм гурван мянга, цэргийн түшмэд гурван түм хоёр мянга, цэрэг хорин гурван түм, эр эм хөгшин залуу хоёр зуун гучин түм, амуу будаа хоёр зуун наян түмэн суулга, их бага онгоц таван мянга илүү, хойд ордны хүн таван мянга илүү, цөмөөр их Зинь улсад хамаарагдаад их үйл нэгэнтээ тогтсоны хойно тунхаг бичиг нааж иргэнийг элсэж хүү санг дуусган битүүмжлэв. Жич өдөр таван хошууны цэрэг байлдсангүйгээр бутарчээ. Лан Я-ийн ван Сыма Жоу болон Ванрунгийн их цэрэг цөм хүрч ирээд Ванзюньгийн гавьяа бүтсэнийг үзээд дотор баярлав. Дэд өдөр Дү Юй бас хүрч ирээд олон цэргийг ихэд шагнаж дуусаад сан хөмрөгийг нээж Ү улсын иргэнд түгээн өгсний хойно Ү улсын хүн амар болжээ. Гагц Зяньпингийн тайшоу түшмэл Ү Янь хотыг бэхлэн сахисанд авч чадахгүй байхад хойно Ү улс нэгэнтээ мөхөв хэмээн сонсоод сая дагажээ. Ванзюнь сэтгүүл довтолгосонд төрд Ү улсыг нэгэнтээ төвшитгөв хэмээн сонсож эзэн түшмэд цөм баярлан хуримлахад Зинь улсын эзэн хундага барьж уйлан өгүүлрүүн: “Энэ Ян Дайфугийн гавьяа болой. Хөөрхий тэр биеэр үзэж чадсангүй” хэмээжээ. Бяоци жанжин Сүньсю төрөөс буугаад өмнө хандаж уйлан өгүүлрүүн: “Эрт Таони жанжин идэр залуу насандаа нэгэн Сяо Юй түшмэлээр энэ үндсэн хөрөнгийг тулгар байгуулсан бөлгөө. Эдүгээ Сүньхао Зян Наньгийн газрыг эзэлсэн бөгөөтөл гээжээ. Энэ ямар хүн ажгуу” хэмээв.

186 Зэгсний түрүүнд ургах унгарил

Тэндээс Ванзюньгийн цэрэг эгээд Ү улсын Сүньхаог Луо Янд хүргэж хаанд золгуулсанд Сүньхао харшид гарч Зинь улсын хаанд сөгдөж золгосны хойно хаан суудал хүртээн суулгаж өгүүлрүүн: “Би энэ суудлыг тавьж сайд чамайг хүлээсээр удав” хэмээсэнд Сүньхао өчиж өгүүлрүүн: “Түшмэл би өмнө газарт бас ч энэ суудлыг жагсаан хааныг хүлээж асан бөлгөө” гэхэд хаан ихэд инээв. Зячун Сүньхаогоос асууруун: “Би сонсвоос авгай өмнө газар байх цагт үргэлж хүний нүдийг ухаж нүүрний арьсыг өвчмүй хэмээмү. Энэ ямар эрүү аж?”. Сүньхао өгүүлрүүн: “Хүний сайд эзнээ алж зальхай самуун бөгөөд шударга бусыг нь энэ эрүүгээр аваачмуй” хэмээхэд Зячун ичгүүрч огт өчсөнгүй. Хаан Сүньхаод Гүй минхоу цол өргөмжилж хөвгүүн ач нарыг Жунлан түшмэл болгоод дагалцах түшмэдийг цөм Хоу өргөмжлөв. Чансан Жанти дайнд унасан тул түүний хөвгүүн ач нарыг өргөмжлөн Ванзюнийг улсад туслах их жанжин болгон өргөмжлөөд түүнээс өөрийг цөм өргөмжлөн шагнав. үүнээс гурван улс Зинь улсын хаан Сыма Яньд болж нэгтэн ерөнхийлсөн үндэс болов. Энэ чухамхүү:

“Дэлхий дахины их байдал нийлээд удваас эрхгүй салмуй. Салж удсанд эрхбиш нийлмүй” хэмээсэн нь болой.

Хожим нь хойд Хань улсын хаан Лючань нь Зинь улсын Тайши (амгалан эхлэл)-ийн долоодугаар онд өөд болж Вэй улсын эзэн Цаохуань Тай ань (Найралт амгалан)-ийн тэргүүн онд өөд болоод Ү улсын эзэн Сүньхао Тай Кан (даяар амгалан)-ийн дөрөвдүгээр онд өөд болоод цөм сайнаар эцэслэв.

Хойшийн хүн энэ нэгэн иж гурван улсын хэргийг товчлон өгүүлсэн нь:

“Хань Гаозу сэлэм бариад Сянь Янд орсон нь

Халуун улаан наран Фусангаас мандсан мэт

Хаан Гуан Ү хөгжиж бадраад ихэд нэгтгэхийг бүтээсэн нь

Харсаар огторгуйд нисэж гарсан Шаншиндэү адил

Уяралтай аж Сяньди хаан дэлхий дахиныг залгамжилсанд хүрээд

Улаан наран баруунш Сянь чи нуурын хажууд унаад

Ухаан бодлогогүй Хөзинь олон тайганчуудын самуунд тохиолдов

Уг Лянжоуд суусан Дунжуо төрийн харшийг эзэлсэнд

Үлэмж бодлогот Ван Юнь арга үүсгэн сөргүү намыг алсанд

Үлсэн Лизюэ, Гуосы хоёул зэр зэвсгийг үүсгээд

Өөр этгээдээс хулгай дээрэм шоргоолж мэт цугларан

Үтэрлэн зургаан зовхисын зальхай баатар харцага мэт дэгдсэнд

Урд мөрний зүүнээс Сүньзянь, Сүньцө босоод

Умар голын хажууд Юаньшнао, Юаньшу бадарч

Лю Яньгийн эцэг хөвгүүн Башу газрыг эзлээд

Любяогийн цэрэг анги Зин Сянд суугаад

Жан Янь Жанлу Наньжэньгийн орныг эзэрхэж

Захын Силяа газрыг Матэн, Ханьсүй сахижээ

Таоцянь, Жансю, Гүнь Сүяьзань нарууд

Тус бүр эрдэмдээ эрдэж нэгэн орныг эзлэв

Зориуд эрхийг атгасан Цаоцао тэргүүлэгч сайдын ордонд сууж

Зочмод аруухныг аргадан ногтолж бичиг цэргийн эрдэмтнийг хэрэглээд

Сүр хүч тэнгэрийн хөвгүүнийг түрхрүүлэн мужийн эздийг зарлаж

Сүрлэг цэргийг ерөнхийлөн дундад ардыг дарангуйлав.

Лоусан гацааны Лю Сюаньдө язгуураас хааны ач мөн

Луу барс мэт Гуань, Жан лугаа журам барилдаж эзнийг тэтгэсүгэй хэмээгээд

Зүүн баруунд довтолгон явж орших оронгүй дээр

Жанжин цөөн цэрэг мөхөсдөө аянд чирэгдээд

Нань Янд гурвантаа эрэхээр одсоны сэтгэлгээ юутай гүн аж

Нэртэй Волун золгомогц дэлхий дахины хуваагдахыг илрүүлэн

Урьд Зинжоу-г авч хожим Сычуанийг эзлээд

Өршөөлт хязгаар баатар хөрөнгийн тэнгэрийн ордон болгосугай гэтэл

Аяа арай гурван он болсноор хальж салахуйяа

Асар гуньхралтай нь Байди хотод өнчнийг найдсан цаг

Дараагаар Кунмин зургаантаа Ци Шань уулын өмнүүр гараад

Даруй өрөөсөн гараар тэнгэрийг нөхсүгэй хэмээн зоригловч

Тэнгэрийн улирал үүнд хүрч эцэслэснийг хэрхсү!

Тэргүүлэгч од шөнийн дунд уулын завд унажээ

Тамир их Зянвэй гагцаар эр хүчиндээ эрдээд

Дараалан есөн удаа дундад орныг байлдаад талаар зүдүүрэв

Хараахан Жунхуй, Дөн Ай цэрэг хуваан давшиж орсноос

Хань улсын уул мөрөн бүрнээр Цао овогтод хамаарагдаж

Халсаар Пэй, Рүй, Фан, Маогаас сая Хуаньд хүрээд

Харин Сыма овогт бас дэлхий дахиныг булаав

Сууриныг юүлэх тагтны өмнө үүл манан үүсгэснээр

Шитоу Чэн хотын доор долгион давлагаа үгүй болов

Цолыг Чөньлю, Гүймин жич Аньлө хэмээн нэрийдсэнд

Цөм ван хоу, гүнгийн хэргэмээс үндэслэн үүсжээ

Тэр зууралдаантай орчлонгийн үйл мохошгүй бөгөөтөл

Тэнгэрийн тоо агуу уудмаас гэтлэн гарахуйяа бэрх

Хувааж гурван тийш болсон хүлисийн хөл нэгэнтээ зүүд болсныг

Хожмын хүмүүс уяран гомдовч талаар гуньхрах биш үү!”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жэймс(122.96.42.177) 2023 оны 09 сарын 04

дараа дараагийн бүлгүүдээ оруулна уу

0  |  0
Top