Гурван улсын үлгэр | 117 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 26

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  117 ДУГААР БҮЛЭГ

 

ДӨН ШИЦАЙ ХУЛГАЖ ИНЬПИНГ ГЭТЭЛСЭН

ЖУГӨ ЖАНЬ БАЙЛДАЖ МЯНЬЖУД ҮХСЭН

 

Өгүүлэх нь: Улсад туслагч жанжин Дунцюэ “Вэй улсын цэргийг арван хэдэн замаар хязгаарт орж ирэв” хэмээн сонсоод хоёр түмэн цэрэг аван Зяньгөг сахисан бөлгөө. Тэр өдөр тоос тор дэгдсэнийг үзээд “Лав Вэй улсын цэрэг буй за!” хэмээн яаран цэрэг авч боомтын амыг сахиад Дунцюэ өөрийн биеэр гарч цэргийн өмнө зогсож үзвээс Зянвэй, Жан И, Ляохуа бөлгөө. Дунцюэ ихэд баярлаад боомтод угтан оруулж ёслон золгож дууссаны хойно Хоужу, Хуанхаогийн үйлийг хэлсэнд Зянвэй өгүүлрүүн: “Авгай битгий зовогтун! Хэрвээ миний бие байваас хэрхэвч Вэй улсыг ирүүлэн Шу улсыг залгиулахгүй. Бид түр Зяньгөд сахин сууж алгуураар дайсныг эгүүлэх аргыг бодсугай!”. Дунцюэ хэлрүүн: “Энэ боомтыг хэдий сахиж болмуй хэмээвч гагц Чөндүд хүн үгүй. Хэрвээ дайсанд сундлагдваас их үйл очих болой?”. Зянвэй өгүүлрүүн: “Чөндүгийн уул бэрх, газар цухал тул хялбараар олох газар бус, зовох хэрэггүй!” хэмээн хараахан хэлэлцэхэд хүн ирж хэлрүүн: “Жугө Сюй цэрэг авч боомтын доор байлдахаар иржээ”. Зянвэй хилэгнэж яаран таван мянган цэрэг аваад боомтоос бууж шууд Вэй улсын жагсаалд дайран ороод зүүн барууныг шувталж байлдахад Жугө Сюй дарагдаж буруулан арван газар эгж хүрээ байгуулав. Вэй улсын цэргийн үхсэн нь тоогүй. Шу улсын цэрэг зэвсэг морийг ихэд олоод Зянвэй цэрэг хурааж боомтонд эгэв.

Тэндээс Жунхуй Зяньгөгөөс хорин таван газрын эцэст хүрээ бууж бүхийд Жугө Сюй өөрөө ял хүлээхээр ирсний хойно Жунхуй тачаадаж өгүүлрүүн: “Би чамайг “Иньпин Цяотоуг сахиад Зянвэйгийн эгэх замыг тасал!” хэмээсэн бөгөөтөл юунд алдсан буй за? Эдүгээ бас миний захиагүйгээр дураар цэрэг орж ийн дарагдахад хүрүүлжээ” Жугө Сюй өгүүлрүүн: “Зянвэйгийн зусар арга олон, хууран “Юнжоуг авахаар одов” хэмээх тул би Юнжоуг автуузай хэмээн цэрэг авч туслахаар одоход Зянвэй мөн тухайд оргон оджээ. Тиймийн тул би боомтод хүртэл нэхэж ирээд санамсаргүй бас түүнд дарагдав”. Жунхуй ихэд хилэгнэж “Үтэр түргэн гаргаж ал!” хэмээхэд Зяньзюнь түшмэл Вэйгуань хориглож өгүүлрүүн: “Жугө Сюй хэдий ял олсон боловч Дөн Айгийн захирлагааны хүн тул жанжин албаас зүйд нийцэхгүй. Найрамдууг үгүй болгохоос эмээмүй” хэмээхэд Жунхуй өгүүлрүүн: “Би тэнгэрийн хөвгүүний гэгээн зарлиг хийгээд Зинь гүнгийн168 цаазаар тусгайлан Шу улсыг дайлахаар ирсэн тул хэдий Дөн Ай хэмээвч ял олсонд мөн алж болмуй”.

168 'Сыма Жаогийн хэргэм

Олон цөм хүчлэн гуйх тулд Жунхуй Жугө Сюйг битүү тэргэнд хориод Луо Янд хүргэж “Зин гүнгийн дураар болтугай!” хэмээн илгээв. Жугө Сюйгийн захирсан цэргийг өөрийн харьяат болгож хэрэглэв. Энэ хэргийг хүн очиж Дөн Айд хэлсний хойно Дөн Ай ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Би чам лугаа түшмэл зэрэг нэгэн адил. Харин ч зах хязгаарыг удтал сахиад улсад ихэд хүч гаргасан атал чи ямар аймшиггүй биеэ дураар их болгомуй” гэхэд хөвгүүн Дөнжун хориглож өгүүлрүүн: ““Бага үйлийг хүлцэхгүй болбоос их үйл эвдэрмүй” хэмээжээ. Эцэг хэрвээ түүн лүгээ нийцгүй болбоос эрхгүй улс гэрийн их үйлийг саатуулмуй. Түр багтаахыг хүсмүй” хэмээсэнд Дөн Ай үг дагав. Гэвч дотор хилэнг өвөрлөөд даруй арван хэдэн морьт цэргийг дагуулан Жунхуйд золгохоор ирэв. Жунхуй, Дөн Айгийн ирснийг сонсоод зүүн баруун этгээдийн ардаас асууруун: “Дөн Ай хэдий цэрэг авч ирсэн буй за?” хэмээхэд тэдгээр өчрүүн: “Гагцхүү арав илүү морьт цэрэг бөлгөө” хэмээсэнд Жунхуй даруй цацрын дээр доор хэдэн зуун зэвсэгт хүнийг жагсаан зогсоов. Дөн Ай хүрч ирээд мориноос бууж золгохоор орсонд Жунхуй цацарт угтан оруулж ёслон дууссаны хойно Дөн Ай цэргийн байдал ихэд сүртэйг үзээд дотор амаргүй болж үгээр тэнсэж асууруун: “Жанжны Ханьжунг олсон нь хаан төрд ихэд завшаан болой. Одоо эртхэн арга тогтоож Зяньгөг авбаас зохимуй” хэмээхэд Жунхуй өгүүлрүүн: “Жанжны гэгээн үзэл ямар аж?” хэмээхэд Дөн Ай дахин давтан “Чадалгүй” хэмээн зайлуулан өгүүлбээс Жунхуй хараахан гуйж асуух тул Дөн Ай өчрүүн: “Мунхагийн бодлого болбоос нэг салааны цэрэг аваад Иньпингийн газрын бага замаар Ханьжунгийн Дө Янтингаар гараад нууц цэрэг хэрэглэж шууд Чөндүг авахаар очвоос Зянвэй эрхгүй цэрэг авч туслахаар одмуй. Жанжин түүний хоосны тухай Зяньгөг авахаар одсонд эрхгүй бүрэн гавьяа бүтмүй” хэмээхэд Жунхуй ихэд баярлаж өгүүлрүүн: “Жанжны энэ арга маш сайн, даруй цэрэг авч очигтун! Би энд тусгайлан сэтгүүл довтолгохыг хүлээсүгэй!” хэмээгээд хоёул нэгэн зэрэг архи уулцаад сая салж одов. Жунхуй цацар гэрт ороод олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Олон цөм Дөн Айг чадалтай хэмээн өгүүлмүй. Энэ өдөр үзвээс нэгэн үхээнц эрдэмтэн болой”. Олон түүний учрыг асууваас Жунхуй өгүүлрүүн: “Иньпингийн бага зам цөм өндөр уул, бэрх даваа тул хэрвээ Шу улс зуу илүү хүнээр тэр бэрх цухлыг сахиад эгэх замыг тасалбаас Дөн Айгийн цэрэг цөм өлбөрч үхэх болой. Би гагц их замаар одвоос Шу улсыг эвдлэн чадахгүйн тул юунд зовмуй?” хэмээгээд үүлэн шат, буу тавих суурь хийж Зяньгө боомтыг байлдав.

Тэндээс Дөн Ай хүрээний хаалгыг гармагц морь унаад хойш хандаж дагасан хүний зүг өгүүлрүүн: “Жунхуй намайг хүндэлсэн нь ямар буй?”. Дагасан хүн өгүүлрүүн: “Түүний үгсийн байдлыг үзэхэд жанжны үгийг маш ойшоохгүй мэт. Гагц хатуужин өчихийн төдий болой”. Дөн Ай инээж өгүүлрүүн: “Тэр намайг “Чөндүг авч чадахгүй” хэмээн санамуй. Би эрхгүй авсугай!” хэмээгээд уул хүрээндээ эгсэнд Шичуань, Дөнжун угтаж асууруун: “Энэ өдөр Жунхуй лүгээ хамт ямар эрхэм шүүмжлэлийг хэлэлцсэн буй?”. Дөн Ай өгүүлрүүн: “Би үнэн сэтгэлээр хэлбээс тэр намайг үхээнц буурай хүн болгож үзмүй. Тэр өнөөдөр Ханьжунийг олсон тул түүнээс их гавьяагүй болгожээ. Хэрвээ би Тажунд Зянвэйг хаасангүй болбоос тэр яахан гавьяа бүтээж чадмуй? Би эдүгээ Чөндүг авбаас Ханьжуныг олсноос дээр буй за” хэмээгээд тэр шөнө цааз тархаан хүрээг эвдлээд шууд Иньпингийн бага замаар орж Зяньгөгөөс долоон зуун газрын үзүүрт хүрээ байгуулав. Зарим хүн Жунхуйд “Дөн Ай Чөндүг авахаар одов” хэмээн мэдүүлсэнд Жунхуй Дөн Айг “Мэдэлгүй!” хэмээн элэглэв.

Түүнээс Дөн Ай нэгэнтээгүүр нууц бичиг хийж элч зарж Сыма Жаод мэдүүлэхээр илгээгээд нэгэнтээгүүр олон жанжин нарыг цацарт цуглуулж өгүүлрүүн: “Би эдүгээ хоосны тухай орж Чөндүг аваад тан лугаа хамт илжиршгүй гавьяа нэрийг байгуулсугай хэмээмүй. Та нар дагамуй уу?”. Олон жанжин нар өчрүүн: “Дуртайяа цэргийн цаазыг дагаж түмэнтээ үхэвч маргахгүй!” хэмээхэд Дөн Ай урьд өөрийн хөвгүүн Дөнжунийг дуудаж “Таван мянган шилсэн цэрэг авч хуяг өмсөхгүй тус бүр сүх, цүүц авч алив бэрх түгшүүртэй учирваас уулыг цавчин замыг гарган ус голд гүүр тавиад цэрэг явахад дөхөм болгогтун!” хэмээн илгээв. Дөн Ай бас гурван түмэн цэрэг шалгаж цөм хуурай идэш, дээс авуулан зуун газрын бараг одоод гурван мянган цэрэг шалгаж тэнд хүрээ байгуулав. Бас зуун газар яваад бас ч гурван мянган цэрэг сонгож хүрээ байгуулуулав. Тэр жилийн арван сард Иньпингээс цэрэг ороод өндөр бэрх цухал зав дотор хорь илүү өдөр, долоон зуу илүү газар явсанд цөм хүнгүй газар бөлгөө. Вэй улсын цэрэг цөм дагаж хэдэн арван хүрээ байгуулсаар гагц хоёр мянган хүн морь үлдэж өмнө нэгэн даваанд хүрэв. Нэрийг “Мо Тяньлин” хэмээмүй. Морь явж болохгүй тул Дөн Ай явгалж ууланд авираад үзвээс Дөнжун зам нээх идэрчүүд лүгээ цөм уйлж амуй. Дөн Ай учрыг асуусанд Дөнжун өгүүлрүүн: “Энэ давааны баруун суганд цөм бэрх хад тул цавчваас болохгүй, хоосноор хүчийг сүйтгэхийн тул уйлалцмуй”. Дөн Ай өгүүлрүүн: “Бидний цэрэг энд хүч ирээд нэгэнтээ долоон зуу илүү газар явжээ. Үүнийг өнгөрвөөс даруй Зян Югийн газар мөн тул хэрхэн дахин эгж болмуй?” хэмээгээд олон цэргийг дуудаж өгүүлрүүн: “Барсын үүрэнд орохгүй бөгөөс хэрхэн бамбарыг олж чадмуй? Би тан лугаа энэ газар хүрч ирсэн тул хэрвээ гавьяа бүтэж чадваас баян эрхмийг хамтатгасугай!” Олон цөм өгүүлрүүн: “Жанжны захиаг дагахыг хүсмүй”. Дөн Ай урьд цэргийн зэвсгийг уулын дээрээс дорогш орхиулаад өөрийн бие эсгий нөмрөгийг авч биеэ ороож урьд өнхөрч буусанд доорхи жанжин цэргүүд эсгий нөмрөг бүхий нь бас ч биеийг ороогоод дагаж өнхрөн буув. Нөмрөггүй хүн дээсээр дундуураа уяад нэгэн үзүүрийг модонд уяж дараа дараагаар буув. Дөн Ай, Дөнжун жич хоёр мянган цэрэг хийгээд зам засах идэрчүүд лүгээ цөм Мо Тяньлинг давж буугаад сая хуяг дуулга зэвсгийг засаж одов. Гэнэт үзвээс замын хажууд нэгэн хөшөө чулуу буй, дээр “Чансан Жугө Үхоу бичсэн” хэмээн сийлжээ. Тэр бичгийн үг нь:

“Хос гал анх мандмагц хүн энэ газрыг давмуй

Хоёр сайд харилцан тэмцэж удахгүй өөрөө үхмүй” хэмээжээ. Дөн Ай үзэж дуусаад ихэд цочиж яаран хөшөө чулууны зүг дахин давтан мөргөж өгүүлрүүн: “Үхоу үнэхээр Богд хүмүүн болой. Дөн Ай би багшийн ёсоор олж үйлчлэн чадсангүй нь юутай хайрхан” хэмээв. Хожмын хүний шүлгийн үг:

“Хайрхан уул Иньпингийн хад тэнгэр лүгээ зэргэцмүй

Хар тогоруу нисэхээ бас айж эргэцмүй

Дөн Ай эсгийгээр ороон үүгээр буухыг

Жугө урьдаас ухсаныг хэн мэдсэн аж!”

Тэндээс Дөн Ай сэмээр Иньпинийг өнгөрөөд цэрэг авч одоход бас нэг хоосон хүрээ харагдмуй. Зүүн баруун этгээдийн хүн хэлрүүн: “Сонсвоос Үхоу бие бүхий цагт нэгэн мянган цэрэг гаргаж энэ чухал замыг сахиулсан бөлгөө. Эдүгээ Хоужу Лючань байлгажээ”. Дөн Ай ихэд шагшин гайхаад олны зүг өгүүлрүүн: “Бид ирэх зам авч эгэх зам үгүй болжээ. Өмнө Зян Ю хотод “Амуу элбэг” хэмээмүй. Та нар урагшилбаас амьдармуй. Хойш ухарваас даруй үхэх тул хүчлэн байлдваас зохимуй”. Олон цөм өчрүүн: “Үхэхээр байлдахыг хүсмүй” хэмээв. Түүнээс Дөн Ай явганаар хоёр мянган хүнийг аваад шөнө дөл зам эвхэж Зян Ю хотыг байлдахаар ирэв.

Тэндээс Зян Ю хотыг сахисан түшмэл Мамяо “Дунчуаньгийн газрыг алдав” хэмээн сонсоод хэдий бэлтгэл буй гэвч гагцхүү их замыг сэргийлмүй. Бас Зянвэйгийн цэрэг Зяньгөг сахисанд эрдээд даруй цэргийн үйлийг хүндэтгэсэнгүй. Тэр өдөр цэргийг боловсруулан дуусаад гэртээ эгж эм Ли ши эхнэр лүгээ хам сууж архи уухад түүний эм асууруун: “Би сонсвоос зах хязгаарын байдал асар түргэн хэмээмүй, жанжинд огт зовох царайгүй нь ямар учир болой?”. Мамяо өгүүлрүүн: “Их үйлийг цөм Зян Бо Юэ атгаж буй тул надад юун харьяа буй?”. Эм өгүүлрүүн: “Хэдий тийм боловч жанжны сахисан хот балгас нь бас ч чухал хүнд үгүй бус уу?”. Мамяо өгүүлрүүн: “Тэнгэрийн хөвгүүн Хуанхаогийн үгэнд орж архи өнгөнд шунасан тул би бодвоос зовлон холгүй. Хэрвээ Вэй улсын цэрэг хүрч ирсэнд дагах нь дээд арга юунд гасалмуй” хэмээсэнд эм ихэд тачаадаж Мамяогийн нүүр дээр нулимж өгүүлрүүн: “Чи эр хүн бөгөөд урьд шударга журамгүй сэтгэлийг өвөрлөвөөс улс гэрийн хэргэм пүнлүүг хоосноор хүлээсэн болой. Би ямар нүүрээр чамд учирмуй?” хэмээхэд Мамяо ичгүүрч огт өчсөнгүй. Гэнэт харуулын хүн ирж хэлрүүн: “Вэй улсын Дөн Ай аль замаар орж ирснийг мэдэхгүй. Хоёр мянга илүү цэргийг авч хотод орж ирэв” хэмээв. Мамяо яаран гарч яамны доор сөгдөж уйлан өгүүлрүүн: “Би дагах сэтгэл байж удав. Хотын доторх иргэн хийгээд миний харьяат цэргийг авч цөм жанжинд дагахыг хүсмүй”. Дөн Ай дагахыг тогтоогоод Зян Югийн цэрэг морийг хураан авч хэрэглээд даруй Мамяог зам удирдагч түшмэл болгов. Удсангүй Мамяогийн эм боомилон үхэв хэмээн хэлэхээр ирэв. Дөн Ай учрыг асуусанд Мамяо үнэнээр хэлсэнд Дөн Ай түүний мэргэнийг сайшааж хүндэтгэн оршуулан биеэр одож цаас гээв. Вэй улсын хүн сонсоод цөм шүүрс алджээ.

Хожмын хүмүүний магтсан шүлгийн үг:

“Хожмын эзэн харанхуйд Ханьгийн төр мөхөхөд

Хурмаст тэнгэр Дөн Айгаар Сычуань газрыг авуулжээ

Башугийн газар нэрт жанжин олон агаад

Зян Югийн газрын Ли шигийн мэргэнд эс хүрэв”

Түүнээс Дөн Ай, Зян Ю хотыг олоод даруй Иньпингийн бага замд хоцорсон олон цэргийг цөм Зян Юд цуглуулаад шууд Фучэн хотыг байлдахаар одоход харьяат жанжин Тяньсюй өгүүлрүүн: “Манай цэрэг бэрх түгшүүртэйг гэтэлж ирээд асар зүдсэн тул түр хэдэн өдөр амарсны хойно цэрэг орвоос зохимуй” хэмээсэнд Дөн Ай хилэгнэж өгүүлрүүн: “Цэргийн сахиусан мэт түргэнийг эрхэмлэмүй. Чи ямар аймшиггүй миний цэргийн сэтгэлийг самууруулмуй” хэмээгээд түлхэн гаргаж “Алсугай!” хэмээсэнд олон жанжин гашуудан гуйж сая хэлтрүүлэв. Дөн Ай өөрөө цэргийг хөөж Фучэн хотод хүрсэнд хотын доторхи түшмэд ард “Тэнгэрээс бууж ирсэн “ хэмээн сэжиглээд цөм дуусган гарч дагав. Шу улсын хүн нисэх мэт Чөндүд хэлэхээр одсонд Хоужу сонсоод яаран Хуанхаог авчирч асуухад Хуанхао айлтган өгүүлрүүн: “Энэ хуурч алдаршуулах нь болой. Хувилгаан хэрхэвч хааныг хуурах ёсгүй бөлгөө”. Хоужу бас эм бөөг дуудаж ирж “Асуусугай!” хэмээхүл хаана одсоныг мэдэхгүй болжээ. Энэ үес хол ойрх газраас цэргийн учрыг яаран айлтгасан илтгэл бичиг цас лавсаж орох мэт. Урагш хойш явах элч тасрахгүйд Хоужу төрд гарч зөвлөхөд олон түшмэл харилцан нүүр ширтэж огт нэг үг гаргах хүнгүй тул Сижэн гарч айлтгаруун: “Хэрэг нэгэнт түргэн болжээ. Хаан Үхоугийн хөвгүүнийг авчирч цэрэг эгүүлэх аргыг зөвдвөөс болмуй”. Язгуураас Үхоугийн хөвгүүн Жугө Жань, өргөсөн нэр Зы Юань. Түүний эх Хуан овогт даруй Хуанчэн Яньгийн охин болой. Эхийн өнгө зүс муухай боловч гайхамшиг эрдэмтэй бөлгөө. Дээш тэнгэрийн утгыг нэвтэрч дорогш газрын ёсыг төсөөлмүй. Алив арга бодлого, увдист бичгийг эс ухах нь үгүй. Үхоу, Нань Янд бүхий цагт түүний сэцэн мэргэнийг сонсоод гуйж эм болгон авчээ. Үхоугийн сурсан бол олонтоо эхнэрийнх нь туслан тэтгэсэнд буй ажгуу. Үхоу өнгөрсний хойно эхнэр даруй нөгчжээ. Эцэслэхийн үес гэрээслэн сургасан үгс нь гагц шударга ачлалаар хөвгүүн Жанийг шаардсан бөлгөө. Жань бяцханаас цэцэн гэгээн тул Хоужу охиноо өгч Фума Дү Юй болгоод хожим эцэг Үсян Хоугийн хэргэмийг залгамжлуулав. Зин Яогийн дөрөвдүгээр онд бас сэргийлэн хамгаалах жанжин болгов. Тэр цагт Хуанхао засгийг барьсан тулд тийнхүү өвчтэй хэмээн биеэ зайлуулж гарч ирэхгүй болов. Тэр тухай Хоужу, Сижэнгийн үгийг дагаж даруй нэгэн дараагаар гурван зэрэг зарлиг бичиг илгээж Жугө Жанийг харшийн өмнө дуудан ирээд Хоужу уйлан өгүүлрүүн: “Дөн Айгийн цэрэг нэгэнтээ Фучэн хотод буудаллаад Чөндү түгшүүртэй болов. Сайд чи урьд хааны нүүрийг санаж мөхөс хүний амийг тэнхрүүл!”. Жугө Дань бас уйлж айлтган өгүүлрүүн: “Сайд бид эцэг хөвгүүд, урьд хааны зузаан хишгийг хүлээн эзний ачид хүртээд хэдий элэг тархийг газарт илэвч хариулан чадахгүй болой. Гуйх нь хаан Чөндү хотын цэргийг дуусган надад өгвөөс би нэгэн зэрэг үхэн байлдсугай!” хэмээхэд Хоужу даруй Чөндүд бүхий долоон түмэн цэргийг Жугө Жаньд тушаан өгөв. Жугө Жань, Хоужугаас салан гарч цэрэг морийг тэгшлээд олон жанжин нарыг хуруулж асууруун: “Хэн гавшгай болж урьд одмуй?” хэмээн үг дуусахын урьд нэгэн залуу жанжин гарч өгүүлрүүн: “Эцэг их үйлийг хүлээвээс хөвгүүн би гавшгай болохыг хүсмүй”. Олон үзвээс Жугө Жаньгийн ахмад хөвгүүн Жугө Шан болой. Тэр цагт арван есөн настай, цэргийн бичгийг үлэмж үзээд цэргийн эрдэмд боловсронгуй. Жугө Жань ихэд баярлаж даруй Жугө Шаныг гавшгай болгоод тэр өдөр их цэрэг Чөндүгээс Вэй улсын цэргийг угтахаар ирэв.

Тэндээс Дөн Ай, Мамяогийн өргөсөн газрын зураг нэг дэвтрийг олоод Фучэн хот Чөндүгээс гурван зуун жаран газар, уул гол зам хийгээд бэрх хавцлыг нэг нэгээр ялган салган тодорхой зурж бичсэн тул Дөн Ай үзэж дуусаад ихэд гэлмэж өгүүлрүүн: “Би гагц Фучэн хотыг сахиад хэрвээ Шу улсын хүн өмнө уулыг эзлэвээс яахан гавьяа бүтээж чадмуй? Алгуурлаж өдөр удсанд Зянвэйгийн цэрэг хүрч ирвээс манай цэрэг түгшүүртэй болмуй” хэмээгээд яаран Шизуань жич өөрийн хөвгүүн Дөнжунийг дуудаж өгүүлрүүн: “Та нэг салааны цэрэг аваад шөнө дөл Мяньжуг авахаар одож Шу улсын цэргийг мөчөөрхөгтүн! Би хойноос даруй хүрмүй. Хэрхэвч алгуурлан удааж болохгүй, хэрвээ дайсанд урьд энэ хавцал газрыг эзлэгдсэнд эрхгүй алмуй” хэмээв. Шизуань, Дөнжун хоёул цэрэг авч одоод Мяньжүд сая хүртэл хэдийн Шу улсын цэрэгд учирч хоёр цэрэг тус бүр жагсаал жагсаав. Шизуань, Дөнжун хоёул морины амыг татаж хүрээний хаалганы тугийн доор зогсож үзвээс Шу улсын цэрэг найман хаалгат жагсаалыг жагсаагаад гурвантаа хэнгэрэг дэлдсэний хойно туг хоёр тийш нээсэн газраас хэдэн арван хүн нэгэн дөрвөн хүрдэт тэргийг түлхэн гаргав. Тэргэн дээр нэгэн хүн төв суужээ. Бумбын малгай, өдөн дэвүүр, тогорууны үсэн нөмрөг өмсөөд хажуудаа нэгэн талын шар тугийг дэлгэж дээр “Хань улсын чансан Жугө Үхоу” хэмээн бичжээ. Шизуань, Дөнжун хоёул үзээд бүх биед хөлс урсаад хойш хандан цэргүүдийн зүг өгүүлрүүн: “Харин Кунмин басхүү асаар аж, бид цөм үхэх болой” хэмээв.

Түүнээс яаран цэрэг авч эгэхэд Шу улсын цэрэг хойноос даран алж ирсэнд Вэй улсын цэрэг ихэд дарагдаж буруулав. Шу улсын цэрэг хорь илүү газар нэхээд Дөн Айгийн тушаалаар ирсэн цэрэгт учирч хоёр этгээд сая тус бүр цэргээ хураав. Дөн Ай цацарт суугаад Шизуань, Дөнжунийг дуудаад донгодож өгүүлрүүн: “Хоёул байлдсангүйгээр эгсэн нь ямар учир буй?”. Дөнжун өгүүлрүүн: “Шу улсын жагсаалаас Жугө Кунмин цэрэг авч ирэх нь үзэгдсэн тул бид сая эгсэн бөлгөө”. Дөн Ай хилэгнэж өгүүлрүүн: “Хэдий Кунмин дахин амьдравч би хэрхэж айх ёс буй? Та хөнгөлөн буруулсан тул дарагдахад хүрүүлжээ. Үтэр гаргаж ал!” хэмээхэд олон цөм гашуудан гуйх тул Дөн Айгийн хилэн баахан намхарч харуулын хүнээр үзэхээр илгээвээс хойш ирж хэлрүүн: “Кунмингийн хөвгүүн Жугө Жань жанжин болж Жаньгийн хөвгүүн Жугө Шаньг гавшгай болгожээ. Тэргэн дээр суусан нь модоор сийлсэн Кунмингийн хөрөг болой”.

Түүнээс Дөн Ай сонсоод Шизуань, Дөнжунд хандан өгүүлрүүн: “Бүтэх эвдрэх энэ нэгэн удаад буй. Та хоёул дахин дийлэхгүй болбоос эрхгүй алмуй” хэмээсэнд Ши, Дөн хоёул бас нэг түмэн цэрэг авч байлдахаар ирсэнд Жугө Шан гагц морь, өрөөсөн жадаар шаламгайлан байлдаж хоёр хүнийг эгүүлэв. Жугө Жань хоёр этгээдийн цэргийг дохиж Вэй улсын жагсаалд шууд ороод зүүн барууныг хэдэн арван удаа дайран байлдсанд Вэй улсын цэрэг ихэд дарагдан үхсэн нь тоогүй. Шизуань, Дөнжун шарх олж буруулсанд Жугө Жань цэргийг хөөж хойноос даран алаад хорин газар илүү одож хүрээ байгуулж мөчөөрхөв. Шизуань, Дөнжун эгж Дөн Айтай уулзсаны хойно Дөн Ай хоёулын хүнд шарх олсныг үзээд буруушаан хэлсэн ч үгүй. Даруй олон жанжны зүг өгүүлрүүн: “Шу улсад Жугө Жань байж түүний эцгийн зоригийг сайтар залгамжилжээ. Хоёр удаад миний цэргээс түм илүү хүнийг хохируулав, Хурдан эвдлэхгүй болбоос хожим зовлон болмуй”. Зяньзюнь түшмэл Цюбэнь өгүүлрүүн: “Юунд нэг бичиг хийж өдөөхгүй аж?” Дөн Ай үг дагаж даруй нэгэн бичиг хийж элч зараад Шу улсын хүрээнд хүргүүлэв. Үүдний түшмэл цацрын доор удирдан аваачсанд тэр бичгийг өргөв. Жугө Жань бичгийг нээж үзвээс тэр бичгийн үг нь: “Барууныг байлдах жанжин Дөн Айгийн бичиг. Хувэй жанжин Жугө Сы Юаньгийн тугийн доор хүргүүлэв. Хянан үзэхэд энэ үеийн эрдэмтэн нь авгайн эрхэм эцэгт хүрэх нь үгүй. Язгуурт улалжин гэрээс гарах цагт нэгэн үгээр гурван улсыг хуваан тогтоож Зинжоу, Ижоуг шүүрдэн төвшитгөөд даруй хаадын төрийг бүтээжээ. Эрт эдүгээд гүйцэх нь чухаг болой. Хожим Ци Шань уулыг зургаантаа гарсанд түүний бодлого хүч эс хүрсэн нь бус, тэнгэрийн тоо болой. Эдүгээ Хоужу харанхуй буурай бөгөөд түүний тоо хэмжээ эцэс болов. Дөн Ай би тэнгэрийн хөвгүүний зарлигаар их цэрэг авч Шу улсыг дайлахаар ирээд нэгэнтээ газар орныг цөм олоод Чөндү хот өглөө үдшийн хооронд эвдрэх шахав. Авгай чи юунд тэнгэрт нийлүүлэн хүний аяыг дагаж журмыг барин дагахаар ирэхгүй буй? Тийм болбоос Дөн Ай би дээш айлтган Лан Ягийн Ванд өргөмжилж өвгөсийн нэрийг алдаршуулсугай! Хэрхэвч хоосноор хэлэхгүй тул хянан тогтоох ажаамуу!” хэмээжээ.

Жугө Жань үзэж дуусаад ихэд хилэгнэж даруй бичгийг урж цэргийн хүнийг зандран ирсэн элчийг алаад тэргүүнийг огтлон дагасан хүнд бариулж Вэй улсын хүрээнд илгээсний хойно Дөн Ай ихэд хилэн төрж даруй “Гарч байлдсугай!” хэмээхэд Цюбэнь хориглож өгүүлрүүн: “Жанжин хөнгөлөн гарч үл болмуй. Нууц цэргээр дайлбаас зохимуй” хэмээсэнд Дөн Ай үг дагаж даруй Тяньшүй хотын тайшоу түшмэл Ванци, Лунсигийн тайшоу түшмэл Цяньхунгийн хоёр салааны цэргийг хойнод бүгүүлэн Дөн Ай өөрийн бие цэрэг авч ирэв. Тэр цагт Жугө Жань хараахан “Гарч байлдсугай!” хэмээн бүхийд гэнэт хүн ирж хэлрүүн: “Дөн Ай биеэр цэрэг авч ирэв” хэмээмүй. Жугө Жань даруй цэрэг авч гараад шууд Вэй улсын жагсаалд байлдан орсонд Дөн Ай буруулан явав. Жугө Жань нэхэж одоход гэнэт хоёр этгээдээс бүгсэн цэрэг гарсанд Шу улсын цэрэг дарагдаад Мяньжу хотод буруулан оров. Дөн Ай “Хаатугай!” хэмээсэнд Вэй улсын цэрэг нэгэн зэрэг хашхиран Мяньжуг төмөр суулга мэт хаав. Түүнээс Жугө Жань хотын дотор байх зуур хэрэг нэгэнтээ шахам болсныг мэдээд даруй Пөнхөг дуудаж бичиг бариулан байлдаж гараад Ү улсаас туслах цэрэг гуйхаар одуулав. Пөнхө Зүүн Ү улсад хүрээд Ү улсын эзэн сүньсюд золгож бичгийг өргөсөнд Ү улсын эзэн үзэж дуусаад олон түшмэл лүгээ зөвдөж өгүүлрүүн: “Нэгэнтээ Шу улс түгшүүртэй болсон болбоос би яахан суусаар үзэж туслахгүй болж болмуй?” хэмээгээд даруй хөгшин жанжин Динфэнг өрлөг жанжин болгон Динфөн, Сүнь Иг дэд жанжин болгож “Таван түмэн цэрэг авч урагш Шу улсыг туслахаар очигтун!” хэмээсэнд Динфэн зарлигийг хүлээн цэрэг гарахад Динфөн, Сүнь Иг “Хоёр түмэн цэрэг авч Мяньжугийн зүг орогтун!” хэмээгээд өөрийн бие гурван түмэн цэрэг авч Шоучуньгээр орж гурван зам хуваан өмгөөлөхөөр ирэв.

Тэндээс Жугө Жань туслах цэрэг хүрч ирэхгүй тул олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Удтал сахих нь сайн арга бус” хэмээгээд хөвгүүн Жугө Шаныг Шаншү түшмэл Жанзүнь лүгээ үлдээж хотыг сахиулаад Жугө Жань хуяг дуулга өмсөж морь унаад олон цэргийг дагуулан гурван хаалгыг нээгээд алан гарав. Дөн Ай цэрэг гарсныг үзээд цэргээ авч хойш эгэв. Жугө Жань хүчлэн хөөж байлдахад гэнэт буун дуу нэгэнт дуугармагц дөрвөн этгээдээс цэрэг гараад Жугө Жанийг төв дунд хаав. Жугө Жань цэргийг авч зүүнийг дайран барууныг тулж хэдэн зуун хүнийг алсанд Дөн Ай олон цэргийг зэв онилон харвуулсанд Шу улсын цэрэг дөрвөн зүгт сарнив. Жугө Жань зэвэнд оногдож мориноос унаад их дуугаар бархиран өгүүлрүүн: “Миний хүч дууссан тул үхэж улсад хариулсугай!” хэмээгээд өөрөө хоолойгоо огтолж үхэв. Түүний хөвгүүн Жугө Шан хотын дээрээс эцэг нь дайнд унасныг үзээд ихэд тачаадаж яаран дуулга өмсөөд морь унасны хойно Жанзүнь хориглож өгүүлрүүн: “Бага жанжин хөнгөлж гарваас болохгүй!” хэмээсэнд Жугө Шан гуньхран өгүүлрүүн: “Манай эцэг хөвгүүн өвөг ач улсын хүнд хишигт хүртсэн бөгөөд эдүгээ нэгэнтээ дайнд унасан тул би гагцаар амьдарч юу хиймүй?” хэмээгээд морь довтолгон гарч жагсаалд үхэв. Хожмын хүн Жугө Жань, Жугө Шан эцэг хөвгүүнийг магтсан шүлгийн үг:

“Шударга түшмэл гагц бодлого цөөн бус

Шүтээн тэнгэрийн Яньлюг таслах санаа буй

Баатар Жугөгийн үлдээсэн сайн үр ач

Бат журам нь үнэхээр түүнийг залгамжилж болмуй”

Дөн Ай түүний шударгыг санаж эцэг хөвгүүнийг хамт оршуулав. Мөн хоосны тухайд Мяньжуг байлдсанд Жанзүнь, Хуанчүн, Лицю гурвуул цэрэг авч гараад байлдваас Шу улсын цэрэг цөөн, Вэй улсын цэрэг үлэмж тул гурвуул бас ч байлдаж үхэв. Дөн Ай тийнхүү Мяньжу хотыг олоод цэрэгт шагнаж дууссаны хойно Чөндү хотыг авахаар ирэв. Энэ чухамхүү:

“ Хоужугийн түгшүүр болсон өдрийг үзтүгэй

Люжангийн цухалдагдсан цаг лугаа өөргүй”

Эгнэгт Чөндүг яахан халхлан сахихыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top