"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 112 ДУГААР БҮЛЭГ
ШОУЧУНЬГ ТУСАЛЖ ЮЙ ЦУАНЬ ЧИН ЗОРИГООР ҮХСЭН
ЧАНЧЭН153 ХОТЫГ АВСУГАЙ ХЭМЭЭН БО ЮЭ ЗУУРАЛДАН БАЙЛДСАН
153 Урт хот, урт хэрэм гэсэн утгатай үг
Өгүүлэх нь: Сыма Жао, Жугө данийг ү улсын цэрэг лүгээ нийлж таслан байлдахаар ирснийг сонсоод даруй саньци Жанши түшмэл Пэйсю, Хуанмэнь Шилан түшмэл Жунхуйг авчирч дайсныг эвдлэх аргыг зөвлөхөд Жунхуй өгүүлрүүн: “ү улсын цэрэг Жугө данийг өмөглөхөөр ирсэн нь үнэнхүү ашгийн төлөө болой. Хэрвээ ашгаар өдөөвөөс эрхгүй дийлмүй” хэмээсэнд сыма Жао түүний үгийг дагаад Шибао, Жоутайд хоёр анги цэрэг өгч Шитоу Чэн хотод урьд бүгэхээр илгээгээд Ванзи, Чэньцяньд шилсэн цэрэг өгч хойд талд болгон хажуугийн жанжин Чэнзуг хэдэн түмэн цэрэг авч урьд одож өдөөн байлд хэмээн илгээв. Бас Чэньзюнийг “Тэрэг, үхэр, морь, луус, илжиг авч цэргийг шагнах эдийг тээгээд дөрвөн этгээдээс жагсаалын зүг очигтун! дайсан ирвээс гээтүгэй!” хэмээв.
Тэр өдөр Жугө дань ү улсын жанжин Жу Иг зүүн этгээдэд Вэньцинийг баруун этгээдэд болгож Вэй улсын жагсаалын хүн морь тэгшгүйг үзээд Жугө дань даруй цэрэг авч байлдахаар орсон хойно Чэнзү цэрэг авч буруулав. Жугө дань хойноос даран алж яван бүхийд үхэр, морь, илжиг, луус тал дүүрэн болсонд өмнө цэрэг тэмцэлдэн аваад байлдах санаагүй болжээ. Гэнэт буун дуу дуугармагц зүүнээс Шибао, баруунаас Жоутай хоёр замын цэрэг алахаар ирэв. Жугө дань ихэд гэлмэж яаран эгсүгэй хэмээхэд Ванзи, Чэньцяньгийн шилсэн цэрэг бас алахаар ирэхэд Жугө даньгийн цэрэг ихэд дарагдав. сыма Жао бас цэрэг авч туслахаар ирсэн тул Жугө дань дарагдсан цэргээ авч буруулан Шоучунь хотод ороод хаалга дарж сахисанд сыма Жао хотын дөрвөн зүгийг байлдав.
Тэр цагт ү улсын цэрэг аньфэн хотод эгж буудаллав. Вэй улсын эзэн сянчэн хотод буудаллаж бүхийд Жунхуй өгүүлрүүн: “Эдүгээ Жугө дань хэдий дарагдавч хотын дотор амуу өвс элбэг асаар. дээр бас ү улсын цэрэг аньфэн хотод буудаллан тулгын байдал болгожээ. Эдүгээ манай цэрэг дөрвөн зүгийг хааж байлдахад алгуурлаваас тэд бэхлэн сахиж шахам болбоос үхэн байлдмуй. Хэрвээ ү улсын цэрэг хүрч ирээд хавчин байлдваас бидний цэрэгт тусгүй болмуй. Харин гурван зүгийг хаагаад өмнө хаалганы их замыг үлдээн хулгайг явуулаад түүний явах тухай байлдсанд бүрнээ дийлэх болой. ү улсын цэрэг холоос ирсэн тул амуу өвс лав залгаж чадахгүй. Би гавшгай морьт цэргийг авч түүний хойдоор орвоос байлдахгүйгээр өөрөө эвдрэх болой” гэхэд сыма Жао Жунхуйгийн арыг давшиж өгүүлрүүн: “авгай чи үнэхээр миний Зыфан болой!” хэмээгээд даруй Ванзиг дуудаж өмнө хаалганы цэргийг эгүүлэв.
Тэндээс ү улсын цэрэг аньфэн хотод буудаллаж байсанд сүньчэнь Жу Иг дуудаж донгодон өгүүлрүүн: “Нэгээхэн Шоучунь хотыг тэнхрүүлэн чадахгүй болбоос Жун Юаньгийн газрыг яахан олмуй? Жич дийлэхгүй болбоос эрхгүй алмуй!” хэмээсний хойно Жу И хүрээндээ эгээд зөвлөхөд Юйцуань өгүүлрүүн: “Эдүгээ Шоучунь өмнө хаалгыг хаагаагүй тул би нэгэн салааны цэрэг авч өмнө хаалгаар ороод Жугө даньд тусалж хотыг сахьсугай! Жанжин чи Вэй улсын цэргийг өдөөн байлд! Би хотын дотроос байлдан гарч ирээд хоёр замаар хавчин байлдваас Вэй улсын цэргийг эвдэлж болмуй” хэмээсэнд Жу И үг дагасан тул Цуань И, Цуаньдуань, Вэньцинь нар цөм дуртайяа хотод орсугай гэхэд даруй Юйчуань лугаа хамт нэг түмэн цэрэг аван өмнө хаалгаар хотод оров. Тэр цагт Вэй улсын цэрэг захиагүй тул хөнгөлөн байлдсангүй. ү улсын цэргийг дураар хотод оруулав. Хойно сыма Жаод мэдүүлбээс: “Энэ нь Жу И лүгээ дотоод гадаадаар хавчин байлдаж манай цэргийг эвдсүгэй хэмээсэн болой” хэмээгээд Ванзи, Чэньцянийг дуудаж сурган өгүүлрүүн: “Та таван мянган шилсэн цэргийг аваад Жу Игийн ирэх замыг тосож арын хойноос байлд!” хэмээсэнд хоёул захиаг хүлээн явав. Жу И цэрэг авч яван бүхийд гэнэт арын хойно хашхирах дуу үүсээд зүүнээс Ванзи, баруунаас Чэньцянь хоёр замын цэрэг алахаар гарсан хойно ү улсын цэрэг ихэд дарагдав. Жу И ирж сүньчэньд золговоос сүньчэнь ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Удаа дараа дарагдсан жанжин тул чамайг авч юу хиймүй?” хэмээгээд цэргийн хүнийг зандран гаргаж алсан хойно бас Цуаньдуаньгийн хөвгүүн Цуаньхуйг буруушааж өгүүлрүүн: “Хэрвээ Вэй улсын цэргийг эгүүлэн чадахгүй болохул та эцэг хөвгүүн надад битгий золгохоор ирэгтүн!” хэмээгээд сүньчэнь Зянь Ед эгэв.
Түүнээс Жунхуй, сыма Жаогийн зүг өгүүлрүүн: “Эдүгээ сүньчэнь эгж одоод гадна талд өмөглөх цэрэггүй болсон тул хотыг хааж болмуй” гэхэд сыма Жао үгийг дагаж даруй цэргийг хөөж хотыг хаав. Цуаньхуй цэрэг авч Шоучунь хотод орсугай хэмээвээс Вэй улсын цэргийн хүч их тул орж эгэх замд даруй сыма Жаог дагасанд сыма Жао хажуугийн жанжин болгосонд Цуаньхуй, сыма Жаогийн эрдэм хишигт гэсэгдэн даруй бичиг хийж эцэг Цуаньдуань авга Цуань Ид хэлсэн нь: “сүньчэнь өршөөлгүй тул Вэй улсыг дагахад хүрэхгүй!” хэмээн бичгийг хотын дотор харваж илгээсэнд Цуань И, Цуаньхуйгийн бичгийг олоод даруй Цуаньдуань лугаа хэдэн мянган цэргийг авч хаалгыг нээж гараад Вэй улсад дагав. Жугө дань хотын дотор зовж бүхийд зөвлөлийн сайд Зян Бань, Зяо И дэвшиж өгүүлрүүн: “Хот дотор амуу цухаг цэрэг олон удаан сахиж чадахгүй тул ү, Чугийн цэргийг аваад Вэй улсын цэрэг лүгээ нэгэн зэрэг үхэн байлдсугай!” хэмээсэнд Жугө дань хилэгнэж өгүүлрүүн: “Би сахьсугай хэмээвээс та байлдсугай хэмээмүй. Харин өөр сэтгэл барьсан буюу. Жич хэлэлцсэнд эрхгүй алмуй!” хэмээсний хойно хоёул гараад тэнгэрийг харж урт шүүрс алдаж өгүүлрүүн: “Жугө дань мөхөх шахав! Бид хурдан дагаад үхэхээс хэлтрэхэд хүрэхгүй!” хэмээгээд тэр шөнийн дэд жинд Зян Бань, Зяо И хоёул хотын хэрмийг давж гараад Вэй улсыг дагасанд сыма Жао хүндэд хэрэглэв. Тиймийн тул хот дотор хэдий байлдсугай хэмээх ард байвч айж байлдъя хэмээн хэлсэнгүй бөлгөө.
Түүнээс Жугө дань Вэй улсын дөрвөн зүгт шороон хот цогцолж Хуайхө голын усыг сэргийлснийг үзээд гагц ус бялхан шороон хот нурж унасны хойно цэрэг гарган байлдсугай хэмээн хүлээв. санамсаргүй намраас өвөл хүртэл бороо орсонгүй тул Хуайхө голын ус огт бялхахгүй. үзвээс амуу дуусах шахжээ. Вэньцинь хоёр хөвгүүнтэй хамт бага хотыг сахихад цэргийн ард улам улмаар өлбөрч үхэх шахсаныг үзээд аргагүй Жугө даньгийн дэргэд ирж өгүүлрүүн: “амуу өвс тасраад цэргийн ард өлбөрч үхмүй. Хойд цэргийг дуусган хотоос тавьж гаргаад амууг арвилахыг хүрэхгүй” хэмээсэнд Жугө дань ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Чи надаар хойд цэргийг дуусган гаргаад намайг алсугай хэмээмүй үү?” хэмээгээд зүүн баруун этгээдийн ардыг зандаж гарган алуулав. Вэнь Ян, Вэньху эцгийн алагдсаныг үзээд тус бүр охор илд барьж зогсоогоор хэдэн арван хүнийг алаад нисэх мэт хэрмийн дээр гарч харайн буугаад голыг гэтлэн Вэй улсад дагав. сыма Жао эрт өдөр Вэнь Ян ганцаар түүний цэргийг буцаасан өшөөг санаж “алсугай!” хэмээхэд Жунхуй хориглож өгүүлрүүн: “Ял Вэньциньд буй. Эдүгээ Вэньцинь нэгэнтээ үгүй болоод хоёр хөвгүүн хүч мохож дагахаар ирснийг хэрвээ дагасан жанжинг албаас хотын доторхи хүний сэтгэлийг хатуу болгох нь болой” сыма Жао үг дагаж даруй Вэнь Ян, Вэньхуг цацарт оруулан сайн үгээр тохинуулан хэлээд хурдан морь, магнаг дээл хүртээн хажуугийн жанжин нэмж Гуань Нэйхоу өргөмжлөв. Хоёул талархаж мөргөөд морь унаад хотыг тойрч их дуугаар дуудан өгүүлрүүн: “Их жанжин бид хоёулын ялыг хэлтрүүлж хэргэм хүртээв. Та нар юунд хурдан дагахгүй аж?” хэмээсний хойно хотын доторх хүн үгийг сонсоод цөм зөвлөж өгүүлрүүн: “Вэнь Ян болбоос сыма овогтын өшөөтөн хүн бөгөөтөл хүндэд хэрэглэснийг үзэхэд биднийг юун өгүүлэх аж?” хэмээгээд цөм гарч дагасугай хэмээв. Жугө дань сонсоод ихэд хилэгнэж өдөр шөнөгүй өөрийн биеэр хотыг цагдаж алахаар сүрдүүлэв.
Түүнээс Жунхуй хотын дотор хүний сэтгэл хувьссаныг сонсоод цацар гэрт орж сыма Жаогийн зүг өгүүлрүүн: “Энэ тухай хотыг байлдваас зохимуй”. сыма Жао ихэд баярлан даруй олон цэргийг цуглуулж дөрвөн зүгээс хотыг байлдахад хойд хаалгыг сахисан жанжин Зэнсуань хаалгыг өргөж Вэй улсын цэргийг хотод оруулав. Жугө дань Вэй улсын цэрэг хотод орсныг мэдээд яаран доорх хэдэн зуун хүнийг авч гараад хотын доторхи бага замаар цолхийн гарч гүүрний дэргэд ирэхүйеэ төв хэмээн Хуфэньд учирчээ. Хуфэнь гар өргөмөгц Жугө данийг цавчиж мориноос унагаад хэдэн зуун хүнийг цөм барьж авав. Ванзи цэрэг авч баруун хаалганд алж хүрсэнд чив хэмээн ү улсын жанжин Юй цуань учирсанд Ванзи өндөр дуугаар зандан өгүүлрүүн: “Юунд хурдан дагахгүй буй?” хэмээхэд Юйцуань ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Зарлигийг хүлээж хүний зовлонг тэнхрүүлэхээр гарч ирээд тэнхрүүлэн чадахгүй болоод бас бусдад дагах нь журамтны үйлдэх нь бус болой!” хэмээгээд дуулгыг газарт цохиод их дуугаар бархирч өгүүлрүүн: “Хүн ертөнцөд төрөөд байлдааны талбарт олж үхэх нь их завшаан бөлгөө” хэмээн илдийг өргөж гуч илүү удаа байлдсанд хүн морь ядаад самуун цэрэгт алагдав. Хожмын хүний магтсан шүлгийн үг:
“Урьд өдөр Сыма, Шоучунийг хаасанд
Учиргүй олон дагасан цэрэг тэрэгний өмнө мөргөв
Зуун Ү улсад баатар эрс хэдий байсан боловч
Зүтгэл гавьяагаар Юйцуаньд хүрэгсэд хэд буй”
Түүнээс сыма Жао хотод ороод Жугө даньгийн гэрийн хөгшин залууг цөм алаад гурван үеийг хүйс тэмтрэв. Цэргийн ард Жугө даньгийн доорх хэдэн зуун хүнийг түлхлэн авчирсны хойно сыма Жао асууруун: “Та дагамуй уу?”. Олон нэгэн адилаар бархиран өгүүлрүүн: “Жугө гүн лүгээ хамт үхэхийг хүсмүй. Хэрхэвч дагахгүй!”. сыма Жао хилэгнэж цэргийн ардыг зандран цөмийг хотын гадна аваачиж дараалан дагасныг нь хэлтрүүлмүй хэмээн асууваас нэг хүн ч дагасугай хэмээн өчихгүй. алж дуустал эцэст нэг хүн ч эс дагасан тул сыма Жао шүүрс алдаж зогсохгүй хүүрийг цөм булуулав. Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:
“Журам шударгаа эзэндээ гүйцэтгэхэд амиа тэвчсэн нь
Жугө Гүн сюгийн цацрын доорх цэргийн ард болой
Тайлга гаслангийн дуун аялгууг тасруулахгүй
Тяньхөнгийн үлдээсэн мөрийг залгамжилсугай хэмээмүй”
Тэндээс ү улсын цэргийн их хагас цөм Вэй улсад дагасны хойно Пэйсю, сыма Жаод өгүүлрүүн:“ү улсын цэргийн хөгшин залуу цөм зүүн өмнө Зян, Хуай газарт буй. Хэрвээ энд агуулбаас хожим эрхгүй урвамуй, алахад хүрэхгүй”. Жунхуй өгүүлрүүн: “Тийм бус. Эртний цэрэг хэрэглэгсэд нь улсыг бүрэн болгохыг эрхэм болгож, гагц муу эзнийг алж асан ажээ. Хэрвээ дуусган албаас энэ өршөөлгүй болмуй. Харин тавьж Зян Наньд илгээн бидний улсын уудам их өршөөлийг алдаршуулахад хүрэхгүй” хэмээхэд сыма Жао өгүүлрүүн: “Энэ үг маш сайн” хэмээгээд даруй ү улсын цэргийг дуусган уг улсад тавьж илгээв. Танзы, сүньчэньгээс айж улсдаа эгсэнгүй бас Вэй улсад дагахаар ирсэн хойно сыма Жао цөм хүндэд хэрэглэж гурван голын газарт салгаж суулгав. Хуайнанийг нэгэнтээ төвшин болгоод төвхийтэл цэрэг эгсүгэй гэтэл гэнэт хүн ирж хэлрүүн: “Баруун Шу улсын Зянвэй цэрэг дагуулан Чанчэн хотыг авахаар ирээд амуу өвсийг тосжээ”. сыма Жао ихэд гэлмэж олон түшмэлийг хуруулан цэрэг эгүүлэх аргыг зөвлөв.
Тэр үес Шу улсын Яньсигийн хорьдугаар оныг халаад Зин Яо154-ийн тэргүүн он хэмээв. Зянвэй Ханьжунд хоёр жанжин сонгож олоод өдөр бүр цэрэг морийг боловсруулмуй. Нэг жанжны нэр Зяншү, нэгэн жанжнынэр Фуцянь. Тэр хоёул асар баатар цөстэй тул Зянвэй маш өршөөмүй. Гэнэт хүн мэдүүлрүүн: “Хуайнаньгийн Жугө дань цэрэглэж сыма Жаог дайлахаар очсонд ү улсын сүньчэнь тусалжээ. үүнд сыма Жао хоёр Хуайгийн цэргийг дуусган үүсгэж Вэй улсын эх дагина, жич эзэнтэй хамт дайлахаар одов” хэмээхэд Зянвэй ихэд баярлаж өгүүлрүүн: “Би энэ удаад их үйлийг бүтээх болой!” хэмээгээд даруй Хоужуд илтгэл бичиг айлтгаад цэрэглэж Вэй улсыг дайлсугай хэмээхэд Жунсань дайфү Цяожоу сонсоод шүүрс алдаж өгүүлрүүн: “Ойр эзэн архи өнгөнд шунаж тайган Хуанхаог итгэмжлээд улсын хэргийг шийтгэхгүй гагц цэнгэлдмүй. Бо Юэ дахин давтан байлдахаар гарсугай хэмээгээд цэрэг түшмэдийг тэтгэхгүй тул улс түгшүүртэй болох шахав!” хэмээгээд даруй “Өшөөтөн улсыг шүүмжилсэн” бичиг хийж Зянвэйд илгээсэнд Зянвэй нээж үзвээс тэр шүүмжлэлийн үг нь:
“Зарим асууруун: “Эртнээс нааш буурай нь хүчирхэгийг дийлж чадах нь тэр арга ямар?” өчрүүн: “Их улсад зовох газаргүй болбоос олонтоо осол болмуй. Бага улсад зовох газар буй болбоос ер сайныг санамуй. Осол үлэмж болбоос самуун дэгдэж сайныг санаваас засаг засармуй. Энэ нь үүрдийн зүй болой. Тиймийн тул Жоу улсын Вэнь ван иргэнийг тэжээж цөөнөөр олныг авчээ. Юэ ван Гоузянь олныг тэтгэж буурайгаар хүчирхэгийг сөнөөсөн нь энэ тэр арга болой.
154 Шу улсын Зин Яогийн тэргүүн он хэмээсэн нь үнэндээ Яньсигийн хорин нэгдүгээр он болно. Даруй МЭ258 он болой. Гэвч тус бүлэгт яригдаж байгаа Зян Вэй энэ удаа луокүгээр гарч Вэй улсыг байлдсан нь яг Яньсигийн хорьдугаар он, даруй МЭ257 он болно.
Зарим асууруун: “Эртэд Чу улс хүчирхэг, Хань улс буурай тул Хунгоу газраар хязгаар хуваахаар болзоод Жанлян “Иргэний сэтгэл нэгэнтээ тогтвоос хөдлөхүйеэ бэрх болмуй” хэмээн цэрэг авч Сян Юйг нэхээд эцэст Сян овогтыг сөнөөжээ. “Юунд эрхгүй Вэнь ван Гоузяньгийн үйлийг дуурайсугай хэмээмүй?”. Өгүүлрүүн: “Шан, Жоугийн цагт ван, хоу үе улиран эрхэм аж. Хаан сайдын бат удаан. Тэр тухай Хань Гаозу хаан асан боловч хэрхэн илд бариад дэлхий дахиныг авч чадах буй? Цинь улс мужийн ноёдыг байлгаад сахих түшмэд тавьсан хойно иргэн Цинь улсын албанд зүдээд дэлхий дахин нурсанд түүнээс эрэмгий баатар зэрэгцэн тэмцэлдэн үүсжээ. Өнөө бид түүн лүгээ цөм улс уламжлан үе халсан болой. Хэдий Цинь улсын адгийн үеийн самууны цаг бус боловч үнэхээр зургаан улсын харилцан тулалцсан байдал буй болжээ. Тийнхүү Вэнь ванг дуурайваас болохоос Хань Гаозу болохуйяа бэрх. Цагт нийлүүлэн хөдөлж зүйд тэнцүүлэн үүсгэмүй. Тиймийн тул Тан ван, Ү вангийн цэрэг дахиж байлдсангүйгээр ялгуусан нь үнэхээр иргэний зүтгэлийг хүндэтгэн цагийг хянаж хэмжсэн болой. Хэрвээ баатартаа эрдэж байлдахад дуртай болбоос завшаан бус болж бэрхэд учирваас хэдий мэргэн байвч бодож чадахгүй болмуй” хэмээжээ.
Зянвэй үзэж дуусаад ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Энэ үхээнц утгачийн шүүмжлэл болой!” хэмээгээд даруй бичгийг газарт цохиод их цэрэг авч Жун Юанийг авахаар ирэхэд бас Фуцяньгаас асууруун: “Гүн чиний бодлогоор аль газраар гарваас зохимуй?”. Фуцянь өгүүлрүүн:“Вэй улсын амуу өвс Чанчэн хотод цугларч буй тул шууд луогү завын замыг бариад Шэньлин давааг давж Чанчэнд хүрээд урьд амуу өвсөнд гал тавьсны дараа Циньчуаньгийн газрыг авбаас Жун Юанийг өдөр зааж олмуй”. Зянвэй өгүүлрүүн: “Чиний үзэл миний санаа лугаа нийлжээ” хэмээгээд даруй цэрэг авч шууд луогү завын замыг бариад Шэньлин давааг давж Чанчэн хотын зүг ирэв.
Тэндээс Чанчэн хотыг сахисан жанжин сыма Ван, сыма Жаогийн төрлийн ах болой. Хотын дотор амуу өвс үлэмж цэрэг морь цөөхөн. сыма Ван Шу улсын цэрэг ирэхийг сонсоод яаран Ванжэнь, липэн хоёр жанжин лугаа цэрэг авч хотоос хорин газрын эцэст хүрээ буув. Жич өдөр Шу улсын цэрэг хүрч ирсэнд сыма Ван хоёр жанжинг аваад жагсаалаас гарав. Зянвэй морин дээрээс сыма Ванг зааж өгүүлрүүн: “Эдүгээ сыма Жао нь хааныг цэргийн дотор зайлуулсан нь эрхгүй лизюэ, Гуосыгийн сэтгэлийг барьсан болой. Би өнөө хааны гэгээн зарлигийг хүлээж ял асуухаар ирэв. Та хурдан дагагтун! Хэрвээ мунхран эргүүтвээс гэрийн бүхнийг цөм алмуй!”. сыма Ван өндөр дуугаар өгүүлрүүн: “Та ёсгүй дээд улсыг хэд хэдэн зэрэг халдахаар ирэв. Хэрвээ түргэн эгэхгүй болбоос таныг хагас хуяг ч үлдээн эгүүлэхгүй!” хэмээн хэлж дуусахын урьд сыма Вангийн арын хойноос Ванжэнь морь довтолгон гарч ирэхүйеэ Шу улсын дотроос Фуцянь угтан гарч байлдаж арван удаа болсонгүй Фуцянь зоримог чөлөө тавьсанд Ванжэнь жадлан ирэв. Фуцянь бие зайлж Ванжэнийг амьд бариад жагсаалдаа эгж одоход липэн үзээд ихэд хилэгнэж морийг тавьж илд даллан туслахаар ирэв. Фуцянь зоримог осол болж липэнийг ойр хүрч ирэхийг хүлээн Ванжэнийг газарт чинээгээр хүчлэн орхиод сэмээр дөрвөлжин төмөр ташуурыг татан авч гарт бариад хүлээн бүхийд липэн хүрч ирээд дам илдээр сая цавчсугай гэтэл Фуцянь хойш буцан липэнгийн магнайг онилон нэгэнтээ цохисонд нүдний цөцгий нь гарч мориноос унаж үхсэн бөгөөд Ванжэнь бас Шу улсын цэрэгт жадлагдаж үхэв. Зянвэй цэргийг хөөж гүн орсонд сыма Ван хүрээг гээж хотод ороод хаалга хааж гарч ирэхгүй болов. Зянвэй цааз зарлаж өгүүлрүүн: “Цэргийн ард энэ шөнө түр нэгэн хоног амарч хурц амьсгалыг тэжээгтүн. маргааш эрхгүй хотод ормуй” хэмээгээд жич өдөр гэгээрмэгц Шу улсын цэрэг тэмцэлдэн урагшилж хотын ёроолд хүрээд галт сум үхэр буугаар хотын дотор харвасанд хотын дээрх өвсөн гэр ноцоод Вэй улсын цэрэг өөрөө самуурав. Зянвэй бас хүнээр хуурай түлээг хотын ёроолд овоолж гал ноцоосонд утаа огторгуйд тулаад хот унах шахсан тул Вэй улсын цэрэг хот дотор ихэд уйлалцах дуу дөрвөн зүгт сонсогдмуй.
Түүнээс ямагт байлдах хооронд гэнэт хойноос хашхирах дуу ихэд гарав. Зянвэй морио хойш эгүүлэн үзвээс Вэй улсын цэрэг хэнгэрэг дэлдэн туг хиурыг сажилсаар ирмүй. Зянвэй даруй хойд цэргийг урдад болгож өөрийн бие их тугийн доор зогсож хүлээн бүхийд Вэй улсын жагсаалаас нэгэн бага жанжин бүх биеэ хуяглан жад далайн морь тавьж гарав. Тэр хорин насны барагтай. Нүүр оо мэт, урууланд шунх түрхсэн адил. Өндөр дуугаар: “дөн жанжныг танимуй уу!” хэмээв. Зянвэй сэтгэрүүн: “Энэ лав дөн ай болой” хэмээгээд жад даллан морь тавьж угтан ирээд хоёул хүчлэн байлдаад гуч дөчин удаа болтол хэн аль нь дийлэх дийлэгдэх ялгарахгүй тул тэр бага жанжны жадны арга баахан ч чөлөө өгөхгүй. Зянвэй дотроо сэтгэрүүн: “арга хэрэглэхгүй болбоос хэрхэн дийлж чадмуй?” хэмээгээд морийг эгүүлэн зүүн этгээдийн уулын замын зүг буруулав. Тэр бага жанжин морь довтолгон нэхэж ирэхэд Зянвэй жадаа эмээлэнд торгоогоод сэмээр нум авч зэв онилон харвахад тэр бага жанжны нүд хурц хэдийн үзээд нумын хөвч дуугармагц бие мэхийж зэвийг тавин гаргав. Зянвэй хойш харж үзвээс бага жанжин ойр хүрч ирээд нэгэнтээ жадалж ирэв. Зянвэй яаран зайлсанд тэр жад суганы доогуур өнгөрсөнд Зянвэй хавчин авав. Тэр бага жанжин жадыг гээгээд өмнө жагсаалын зүг буруулжээ. Зянвэй шүүрс алдаж өгүүлрүүн: “Хайрлалтай!” хэмээгээд дахин морь давхин нэхэж жагсаалын хаалганы дэргэд хүрмэгц нэгэн жанжин илд бариад гарч өгүүлрүүн: “Зянвэй гань эр миний хөвгүүнийг битгий нэхэгтүн! дөн ай энд буй!” хэмээхэд Зянвэй ихэд гэлмэв. Харин тэр бага жанжин нь дөн айгийн хөвгүүн дөнжун ажгуу. Зянвэй сэмээр дотроо гайхаад дөн ай лугаа байлдсугай хэмээвээс морь ядарчээ хэмээн хуурч дөн айг зааж өгүүлрүүн: “Би энэ өдөр танай эцэг хөвгүүнийг танив. Бид түр цэрэг эгээд маргааш сая таслан байлдсугай!” хэмээсний хойно дөн ай байлдах газар тэгшгүй хэмээн бас ч морио татаж өгүүлрүүн: “Тийн болбоос тус бүр цэрэг хураасугай! Битүүгээр хор хүргэх нь эр хүн бус болой” хэмээгээд хоёр этгээдийн цэрэг цөм эгэв. дөн ай, Вэйшүй голын хөвөөнд хүрээ байгуулж Зянвэй хоёр уулыг агталж хүрээ буув. дөн ай Шу улсын цэргийн буудалласан газрыг үзээд сыма Ванд бичиг хүргэж өгүүлрүүн: “Бид түр байлдаж болохгүй. Гагц батлан сахиваас зохимуй. Гуаньжунгийн цэрэг ирэхийг хүлээж Шу улсын амуу өвсийг дууссаны хойно гурван зүгээс байлдсанд эрхгүй дийлмүй. Эдүгээ хөвгүүн дөнжуныг хотыг туслан сахиулахаар илгээв” хэмээгээд нэгэнтээгүүр хүн зарж сыма Жаогаас өмөглөх цэрэг гуйхаар илгээв.
Тэндээс Зянвэй хүн зарж дөн айгийн хүрээнд байлдах бичиг хүргэж “Өдөр болзон байлдсугай!” хэмээсний хойно дөн ай хуурч өчсөн нь дараа өдрийн тавдугаар жинд хэмээв. Зянвэй цэргийн ардыг будаа идүүлэн гэгээрмэгц жагсаал жагсааж хүлээвээс дөн айгийн хүрээнд туг хэнгэргийг нуугаад хүнгүй адил болгожээ. Зянвэй орой болсны хойно сая эгэв. Жич өдөр бас хүнээр байлдах бичиг хүргэж хугацаанаас зөрчсөнийг буруушаан илгээсэнд дөн ай архи, махаар хүндэлж өгүүлрүүн: “доордын бие баахан өвчин олсноор саатав. маргааш байлдсугай!” хэмээв. Жич өдөр Зянвэй бас цэрэг авч байлдахаар ирвээс дөн ай мөнхүү урьдын адил гарсангүй. Энэ мэт тав зургаан удаа болсонд Фуцянь Зянвэйгийп зүг өгүүлрүүн: “Энэ эрхгүй арга баймуй. сэргийлэх хэрэггэй!” гэхэд Зянвэй өгүүлрүүн: “Энэ лав Гуаньжунгийн цэргийг хүлээж гурван зүгээс намайг байлдсугай хэмээгч болой. Би эдүгээ хүн зарж ү улсын сүньчэньд бичиг илгээн хамт хүчээр байлдсугай!” хэмээж бүхийд гэнэт харуулын хүн ирж хэлрүүн: “сыма Жао Шоучунийг байлдан аваад Жугө данийг алсанд ү улсын цэрэг цөм дагажээ. Өнөө сыма Жао цэрэг эгж луо Янд хүрээд дахин цэрэг авч Чанчэнд туслахаар ирмүй” хэмээв. Зянвэй ихэд гэлмэж өгүүлрүүн: “Энэ удаа Вэй улсыг дайлахаар ирсэн нь бас зурсан боорцог мэт хоосон болжээ. Түр эгэхэд хүрэхгүй” хэмээв. Энэ чухамхүү:
“Дөрвөн удаа гараад үйл бутээхуйеэ бэрхэд гуньхарч
Давтан цэрэглэж гавьяа олсонгүйд шүүрс алдмуй”
Эгнэгт яахан цэрэг эгүүлэхийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )