"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 109 ДҮГЭЭР БҮЛЭГ
ХАНЬ УЛСЫН ЖАНЖИН ГАЙХАМШИГТ БОДЛОГООР СЫМА ЖАОГ ХААСАН
ВЭЙ УЛСАД ХАРИУЛАЛ ИРЖ ЦАОФАНГ ГЭЭСЭН
Өгүүлэх нь: Шу улсын Яньсигийн арван зургаадугаар оны намар Зянвэй хорин түмэн цэрэг авч Ляохуа, Жан Иг зүүн баруун этгээдийн гавшгай, Ся Хоубаг Цаньмоу түшмэл, Жан Иг амуу зөөх түшмэл болгож их цэрэг Ян Пингуань боомтоор гарч Вэй улсыг байлдахаар ирэхэд Зянвэй, Ся Хоуба лугаа зөвлөж өгүүлрүүн: “Урьд удаад Юнжоуг байлдаад олсонгүй эгэв. Эдүгээ хэрвээ дахин гарваас эрхгүй бас бэлтгэл буй. Чамд ямар сайн арга амуй?”. Ся Хоуба өгүүлрүүн: “Лушангийн олон хотын дотор гагц Нань ань хотод амуу цалин үлэмж. Хэрвээ урьд тэр газрыг авбаас үндэс болгож болмуй. Урьд олсонгүй эгсэн нь цөм Цян аймгийн цэрэг хүрч ирсэнгүй учир болой. Эдүгээ урьд хүн зарж Цян аймгийг Лун Ю газарт хурахаар болзуулан хожим бид Ши Ингээр гарч дунтингээс шууд Нань анийг авахаар одвоос болмуй” Зянвэй ихэд баярлаж өгүүлрүүн: “Гүнгийн энэ үг их сайн!” хэмээгээд Цяньжэнийг элч болгож алтан сувд Шу улсын хэмэрлэг148 зэргийн бэлэг бариулан Цян аймагт зарж Цян ван лугаа нийлэхээр илгээв. Цян ван Мидан ёсны эдийг олоод таван түмэн цэрэг байгуулж Цянгийн жанжин Э Хө Шао Гө-г их гавшгай болгон цэрэг авч Нан Аньгийн зүг ирэв.
148 Хүр хорхойн ширхэг буюу хиймэл мяндсыг хольж нэхсэн хээтэй торгон нэхмэл
Түүнээс Вэй улсын зүүн этгээдийн жанжин Гуохуай мэдээг сонсоод яаран Луо Янд хэлэхээр одсоны хойно Сыма Ши олон жанжингаас асууруун: “Хэн аюулгүй Шу улс лугаа байлдахаар очмуй?” Улсад туслагч жанжин Сюйжи өгүүлрүүн: “Би одохыг хүсмүй”. Сыма Ши ер Сюйжигийн баатар хүнээс хэтийдсэнийг мэдэх тул ихэд баярлан даруй Сюйжиг гавшгай, Сыма Жаог их Дүдү болгож цэрэг дагуулан Лунсигийн зүг илгээв. Цэрэг Дунтинд хүрэхүйеэ Зянвэйгийн цэрэгт учран хоёр этгээд жагсаал жагсааж Сюйжи уулыг нээх их сүх бариад гарсанд Шу улсын жагсаал дотроос Ляохуа гарч угтан байлдаад хэдэн удаа болсонгүй Ляохуа илд чирч буруулсанд Жан И морь довтолгон гарч угтан байлдаж хэдэн удаа болсонгүй бас буруулав. Сюйжи цэрэг авч нэгэн зэрэг даран алсанд Шу улсын цэрэг ихэд дарагдан гуч илүү газар хойш эгсэнд Сыма Жао бас цэргээ хурааж тус бүр хүрээ байгуулав.
Түүнээс Зянвэй Ся Хоуба лугаа зөвдөж өгүүлрүүн: “Сюйжи асар баатар тул ямар аргаар бариваас болмуй?”. Ся Хоуба өгүүлрүүн: “Маргааш хууран буруулж цэрэг бүгүүлэх аргаар ялгуусугай!”. Зянвэй өгүүлрүүн: “Сыма Жао болбоос Жундагийн хөвгүүн тул цэргийн аргыг мэдэхгүй ёс буюу? Хэрвээ газрын байдлыг үзвээс лав нэхэхгүй болой. Би үзэхэд Вэй улсын цэрэг удаа дараа бидний амуу зөөх замыг таслах тул эдүгээ энэ аргаар гэнэдүүлсэнд Сюйжиг албаас болмуй” хэмээгээд Ляохуа, Жан Иг дуудаж “Ийм! Тийм!” хэмээн арга сургаж илгээв. Хоёул очсоны хойно нэгэнтээгүүр цэргээр зам гудаст төмөр зангуу орхиж хүрээний гаднах шөргийг олонтоо жагсаан удаан байх аргыг үзүүлэв.
Түүнээс Сюйжи өдөр бүр байлдахаар ирвээс Шу улсын цэрэг гарч ирэхгүй. Харуулын хүн Сыма Жаод ирж хэлрүүн: “Шу улсын цэрэг Цян аймгийн цэргийг хүлээж удаан суусугай хэмээж Те Луншан уулын хойдоор өдөр бүр модон үхэр, цуврах мориор амуу зөөмүй”. Сыма Жао даруй Сюйжиг дуудаж өгүүлрүүн: “Эрт өдөр Шу улсыг дийлсэн нь түүний амуугийн замыг тасалсан учир болой. Эдүгээ Шу улсын цэрэг Телун Шань уулын хойдоор амуу зөөж буй хэмээмүй. Чи мөн шөнө таван мянган цэрэг авч түүний амууны замыг тасалбаас Шу улсын цэрэг өөрөө эгэх болой”. Сюйжи цаазыг хүлээн анх жингийн үес цэрэг авч Телун Шань уулын зүг ирвээс үнэхээр Шу улсын цэрэг хоёр зуу илүү хүн, зуу илүү модон үхэр, цуврах морийг хөөж амуу өвс тээж ирмүй. Вэй улсын цэрэг нэгэнт бархирмагц Сюйжи урагшлан хүрч замыг тоссонд Шу улсын цэрэг амуу өвсийг гээж буруулав. Сюйжи цэргийг хагас хуваан амуу өвсийг дарж хүрээнд илгээгээд өөрийн бие хагас цэргийг авч нэхэн ирээд арван газар болсонгүй үзвээс өмнө замыг тэргээр тасалжээ. Сюйжи цэргийг дуудан мориноос буулгаж тэргийг зайлуулж бүхийд гэнэт хоёр этгээдээс гал мандав. Сюйжи яаран эгж явбаас хойд этгээдийн уулын цухал газрыг бас тэргээр таслаад хамт гал мандав. Сюйжи нар гал утаанд шургаж морь тавин гарсанд нэгэнтээ буун дуу гармагц хоёр замын цэрэг алж ирэв. Зүүнээс Ляохуа, баруунаас Жан И нэгэн зэрэг байлдсанд Вэй улсын цэрэг ихэд дарагдав. Сюйжи үхэн байлдаж арайхийн ганцаар гарсан боловч хүн морь ихэд зүджээ.
Тэндээс хараахан явах хооронд өмнөөс нэгэн салааны цэрэг байлдахаар гарав. Тэр Зянвэй ажгуу. Сюйжи ихэд цочиж гар хөдлөн завдсангүй. Зянвэй нэгэнтээ жадалж унасан морийг унагасанд Сюйжи мориноос тонгорцоглон унасны хойно олон жанжин цэрэг цавчилхийлэн алав. Сюйжигийн амуу булаасан хагас цэрэг бас Ся Хоубад баригдаад цөм дагажээ. Ся Хоуба Вэй улсын цэргийн хуяг хувцас морийг Шу улсын цэрэгт өмсгөн унуулаад Вэй улсын туг хиурыг өргүүлэн бага замаар Вэй улсын хүрээний зүг ирэв. Вэй улсын цэрэг Вэй улсын цэрэг хэмээн хаалга нээж оруулсны хойно Шу улсын цэрэг хүрээнд ормогц даруй гар хөдөлгөсөнд Сыма Жао ихэд цочиж морь унаж явтал өмнөөс Ляохуа байлдахаар ирэв. Сыма Жао урагш яван чадахгүй яаран эгж ирэхэд Зянвэй цэрэг авч иржээ. Сыма Жао дөрвөн зүгт гарах замгүй тул аргагүй цэргээ авч Телун Шань уулын дээр гарч сахив. Үзвээс энэ ууланд гагц нэг зам буй. Дөрвөн этгээд цөм хийсэм хад тул авирахад бэрх. Түүний дээр нэгэн булаг буй. Гагц зуун хүний идэхэд хүрэлцмүй. Тэр цагт Сыма Жаогийн доор зургаан мянган цэрэг буй. Зянвэйд зам таслагдаад булгийн ус идэж гүйцэхгүй тул хүн морь олонтоо ангаж үхэв. Үүнд Сыма Жао тэнгэрийн зүг шүүрс алдаж өгүүлрүүн: “Би энд үхэх болой!” хэмээжээ.
Хожмын хүний шүлгийн үг:
“Зянвэйгийн уран арга ер хялбар бус
Вэй улсын цэргийг Те Лунд хаав
Панзюань, Ма Линдаод сая ороод
Сян Юй, Жюли Шань149-д анхан хаагдсан мэт”
149 Есөн газар нэрт уул
Жүбо түшмэл Вантао өгүүлрүүн: “Эртний Гэнгун хаагдаад худагт ёслон мөргөөд ус олжээ. Жанжин яахан түүнийг дуурайхгүй аж?”. Сыма Жао үг дагаж даруй уулын оройн дэргэд ирж дахин давтан залбиран мөргөж: “Би зарлигаар Шу улсын цэргийг эгүүлэхээр ирэв. Жао миний үхэх зүй болбоос булгийн усыг хатаагтун! Би өөрөө хоолойгоо огтлон үхээд олон цэргийг дуусган дагуулсугай. Хэрвээ хутаг хишиг дуусаагүй болохул хөх тэнгэр хурдан амтат ус хүртээж олны амийг амьдруулмуй!” хэмээн залбирч гуйсны хойно булгийн ус гэнэт оргилж авбаас барахгүй. Тийнхүү хүн морь үхсэнгүй бөлгөө.
Тэндээс Зянвэй уулын доор Вэй улсын цэргийг хаагаад олон жанжин нарт өгүүлрүүн: “Эрт өдөр чансан Шан Фангү завд Сыма Иг барьж чадсангүй учирт би ихэд хорсном бөлгөө. Эдүгээ Сыма Жао эрхгүй надад баригдмуй”.
Тэндээс Гуохуай, Сыма Жаогийн Телун Шань ууланд хаагдсаныг сонсож туслахаар ирсүгэй хэмээхэд Чэньтай өгүүлрүүн: “Зянвэй Цян аймгийн цэргийг хүлээж урьд Нань ань хотыг авсугай хэмээмүй. Эдүгээ Цян аймгийн цэрэг хүрч ирсэн тул жанжин хэрвээ цэрэг авч туслахаар одсонд Цян аймгийн цэрэг эрхгүй бидний хоосонд завшиж хойдыг сундалмуй. Эдүгээ урьд хүн зарж хууран Цян аймагт дагуулаад түүний дотроос хэрэг үйлдэж энэ цэргийг эгүүлсэн хойно сая Телун Шаньгийн хаасныг тусалж болмуй” Гуохуай үгийг дагаад даруй Чэньтайд таван мянган цэрэг өгч шууд Цян аймгийн цэргийн хүрээнд ирээд хуяг тайлан орж уйлан өгүүлрүүн: “Гуохуай өөрийн биеийг эрхэм их болгож үргэлж Чэньтай намайг алсугай хэмээх сэтгэл буй. Тийнхүү дагахаар ирэв. Гуохуайгийн цэргийн хүрээний үнэн ташааг би бүрнээ мэдмүй. Энэ шөнө одож түүний хүрээг дарахаар очвоос даруй гавьяа бүтмүй. Хэрэв цэрэг түүний хүрээнд хүрмэгц аяндаа дотуураар туслах хүн буй”. Мидан ихэд баярлаж даруй Э Хө Шао Гөг Чэньтайгийн хамт Вэй улсын хүрээг дарахаар илгээв. Тэр шөнө Э Хө Шао Гө, Чэньтайгийн цэргийг хойно болгож Чэньтайгаар Цян аймгийн цэргийг дагуулан өмнө болгоод дэд жингийн үест хүрээнд хүрээд үзвээс хүрээний хаалгыг цийтэл нээж амуй. Чэньтай морь довтолгон орсонд Э Хошао дагаж ороход хүн морьтой гууд унав. Чэньтай цэрэг авч хойноос байлдан ирэх бөгөөд Гуохуай зүүн этгээдээс алан ирсэнд Цян аймгийн цэрэг ихэд самуураад харилцан гишгэлцэж үхсэнийг нь тооловч барахгүй. Үлдсэн нь цөм дагав. Э Хө Шао Гө өөрөө хоолойгоо огтлон үхэв. Гуохуай, Чэньтай даруй Цян аймгийн хүрээг байлдаж орсонд Мидан их ван яаран цацраас гарч морь унатал Вэй улсын цэрэгт амьд баригдаад Гуохуайгийн дэргэд авчирсанд Гуохуай яаран мориноос бууж хүлсэн дээсийг тайлаад сайн үгээр тохруулж өгүүлрүүн: “Хаан ер чиний шударга журамтайг мэдэх атал чи өнөө юунд гэдрэг Шу улсад тусалмуй?” хэмээсэнд Мидан ичгүүрэн ялаа хүлээв. Гуохуай, Миданд өгүүлрүүн: “Чи эдүгээ өмнө анги болж Телун Шань уулын хаагдсаныг тайлахаар одоод Шу улсын цэргийг эгүүлсэн хойно би хаанд айлтгаж хүндэд хишиг хүртсүгэй!” хэмээв. Түүнээс Мидан үгийг дагаж өөрийн цэргээ аваад өмнө болж Вэй улсын цэрэг хойд болж шууд Телун Шань уулын зүг ирэв. Тэр шөнийн гутгаар жингийн цагт урьд хүн зарж Зянвэйд хэлэхээр илгээсэнд тэр ихэд баярлаж оруулав. Вэй улсын цэргийн олон нь Цян аймгийн цэргийн ангид холилцолдон Шу улсын хүрээний өмнө хүрч ирэхэд Зянвэй их цэргийг цөм хүрээний гадна буулгав. Мидан гагц зуун хүнийг дагуулж дунд хүрээнд орсны хойно Зянвэй, Ся Хоуба хоёул угтав. Вэй улсын жанжин нар, Миданыг үг хэлэхийн урьд арын хойноос байлдан эхлэв. Зянвэй ихэд гэлмэж яаран морь унаад явтал Вэй улсын цэрэг, Цян аймгийн цэрэг цугаар байлдаж ирсэнд Шу улсын цэрэг дөрвөн зүгт сарнин дутаамуй. Зянвэй гарт зэвсэггүй гагц сутганд нум саадаг зүүсэн аж. Санд мэнд довтолгосонд зэв бүрнээ унаад гагц саадаг үлджээ. Зянвэй уулын зүг буруулбаас Гуохуай нэхэхээр ирээд Зянвэйг гарт зэвсэггүйг мэдээд довтолгон ирж ойр болоход Зянвэй хоосон нумыг ташимдахад Гуохуай хэдэн удаа зайлаад зэв хүрч ирэхгүй тул зэвгүйг мэдэж жадаа өлгөөд нум авч харвахад Зянвэй даруй зайлаад зэвийг тосож авав. Гуохуай ойр хүрч ирэхийг хүлээн магнайг онилон харвасанд нумын хөвч дуугартал Гуохуай мориноос унав. Зянвэй хойш буцаж Гуохуайг “Алсугай!” хэмээхэд Вэй улсын цэрэг довтлон ирсэнд алж завдсангүй. Гагц жадыг булаан авч буруулав. Вэй улсын цэрэг аймшиггүй нэхсэнгүй. Гуохуайг тэнхрүүлэн хүрээндээ аваачиж зэвийг сугалан авсанд цус урсан зогсохгүй болж удсангүй үхжээ. Сыма Жао уулнаас бууж нэхээд завын дундаас эгэв. Ся Хоуба хойноос хүрч ирээд Зянвэйгийн хамт явав. Зянвэй хэдий чинээ цэрэг морь хохируулснаар нэгэн зам зогсоон чадахгүй байсаар Ханьжунд эгэв. Хэдийгээр цэрэг автсан боловч Гуохуай болон Сюйжиг алаад Вэй улсын сүрийг дарснаар энэ гавьяагаар ялыг нөхөж болмуй.
Тэндээс Сыма Жао Цян аймгийн цэрэгт ихэд шагнаад улсад эгүүлсэн хойно цэрэг хураан Луо Янд эгэв.
Түүнээс Сыма Жао ах Сыма Ши лүгээ хамт төрийн эрхийг эзлэв. Олон түшмэл үл айх нь үгүй. Вэй улсын эзэн Цаофан Сыма Шиг харшид орох бүр чичрэн дагжиж зүүгээр ар нурууг шивэх мэт. Нэгэн өдөр Цаофан харшид гарсанд Сыма Шигийн илд зүүсээр орж ирснийг үзээд Цаофан яаран сууринаас бууж угтсан хойно Сыма Ши инээж өгүүлрүүн: “Хэрхэн хэмээн хаан эзэн сайд түшмэлийг угтах ёс буй? Хаан залран суу!” хэмээжээ. Удалгүй олон түшмэл хэрэг айлтгасанд Сыма Ши цөм шийтгэн тасалж дуусаад огт эзэнд айлтгасангүй. Байсхийгээд тархсанд Сыма Ши хуур шүүр харшаас бууж тэргэнд сууж ордноос гарахад өмнийг халхлан хойдыг хамгаалах цэрэг хэд хэдэн мянга илүү буй. Цаофан хойд ордонд орж үзвээс өөрийн ойр гагц Тайчан түшмэл Ся Хоусюань, Жун Шүлин түшмэл Лифэн, Гуанлу Дайфу Жанзи гурван хүний төдий байжээ. Жанзи болбоос Жан хуогийн эцэг, Цаофангийн хадам эцэг болой. Цаофан ойрхи зарагсдыг зайлуулж гурвуулыг далд гэрт оруулан зөвдөлцөхөд Цаофан Жанзигийн гарыг барьж уйлан өгүүлрүүн: “Сыма Ши намайг бага хөвгүүн адил болгож зуун түшмэлийг өвс адил үзэх тул дэлхий дахин эрт орой энэ хүнд болмуй!” хэмээн хэлж дуусаад ихэд уйлав. Лифэн өгүүлрүүн: “Хаан битгий зовогтун! Надад хэдий эрдэм үгүй боловч хааны зарлигийг барьж дөрвөн зүгийн баатар мэргэдийг цуглуулан энэ хулгайг арилгасугай!”. Ся Хоусюань өгүүлрүүн: “Миний ах Ся Хоуба, Сыма овогтын ах дүү нарын хөнөөхөөс эмээн Шу улсад дагахаар оджээ. Эдүгээ хэрвээ энэ хулгайг арилгасанд сайд миний ах эрхгүй эгж ирмүй. Би мөн хааны удам , юунд аймшиггүй зальт хулгайн улсыг самууруулахыг суусаар үзмүй? Дуртайяа хамт зарлигийг хүлээн арилгасугай!”. Цаофан өгүүлрүүн: “Гагц чадахгүйгээс аймуй” хэмээсэнд гурвуул хамтаар уйлж айлтган өгүүлрүүн: “Сайд бид нар амалдаж сэтгэл хамтран зальхай хулгайг байлдаж хаанд хариулсугай!” хэмээсэнд Цаофан даруй дотроо өмссөн луу гарьдын бага хувцсыг тайлаад гарын хурууг зууж цус гарган цусан зарлиг бичиг бичээд Жанзид өгч хэлрүүн: “Эрт миний өвөг Ү Хуанди Дунчэнг алсан нь лав хэргийн нягтгүйн учир болой. Та сайхан болгоомжил! Битгий гадна задруул!” хэмээсэнд Лифэн өгүүлрүүн: “Хаан юунд ийм бэлгэгүй үгсийг гаргамуй? Бид Дунчэнгийн зэргийн хүн бус. Сыма Ши яахин Ү Хуандид адилтгамуй? Хаан битгий зовогтун!” хэмээгээд гурвуул салж ордны зүүн хаалганд хүрч үзвээс Сыма Ши илд зүүж ирмүй. Хэд хэдэн зуун дагах хүн цөм цэргийн зэвсэг барьжээ. Гурвуул замын хажууд зогссонд Сыма Ши хүрч ирээд асууруун: “Та гурвуул бараалхлаас гарч ирсэн нь юунд ийм удаан болой?” Лифэн өгүүлрүүн: “Хаан дотоод бичгийн гэрт бичиг уншихад бид гурвуул хамт уншсан болой” Сыма Ши асууруун: “Ямар бичиг үзсэн буй?” хэмээсэнд Лифэн хэлрүүн: “Ся, Шан, Жоу энэ гурван үеийн бичиг бөлгөө”. Сыма Ши өгүүлрүүн: “Хаан энэ бичгийг үзээд эртний ямар хэргийг асуув?” Лифэн өгүүлрүүн: “И Иньгийн Шанд тусалсан, Жөу гүнгийн засагт хавсарсныг асуусанд бид цөм Сыма жанжинг даруй И Инь, Жоу гүнгийн адил болой” хэмээн өчив. Сыма Ши жихүүнээр инээж өгүүлрүүн: “Та юунд намайг И Инъ, Жоу гүнд адилтгах аж! Сэтгэл дотор үнэндээ Ванман, Дунжуогаар зааж хэлсэн болой!” хэмээсэнд гурвуул хамтаар өгүүлрүүн: “Бид цөм жанжны үүдэн доорх хүн, ямар аймшиггүй ийм хэлмүй?”. Сыма Ши хилэн төрж өгүүлрүүн: “Та нар цөм бялдууч хүн! Мөнөөхөн дотоод гэрт хаан лугаа хамт ямар учирт уйлж агсан буй?” Гурвуул өгүүлрүүн: “Үнэнхүү ийм хэрэг үгүй” хэмээсэнд Сыма Ши зандаж өгүүлрүүн: “Та гурвуулангийн нүд бас улайсаар, юунд зайлуулмуй!” Ся Хоусюань хэрэг нэгэнтээ сэрэгдсэнийг мэдээд гэхэлзэн гараад харааж өгүүлрүүн: “Миний уйлсан нь чи сүр эрхээр хааныг дарлаж суурийг булаасугай хэмээж буй учирт болой!” хэмээсэнд Сыма Ши ихэд хилэн төрж цэргийн ардыг зандран Ся Хоусюанийг бариулахад Ся Хоусюань ханцуйг шууж нударгаар Сыма Шиг занчихаар ирснийг цэргийн ард баримтлав.
Сыма Ши хүн бүрийг нэгжүүлж үзвээс Жанзигийн биеэс нэгэн луу гарьдын бага хувцас олоод дээр цусан артай, ойрх ард Сыма Шид өргөсөнд Сыма Ши үзвээс харин цусан зарлиг бөлгөө. Тэр зарлигт бичсэн нь: “Сыма Шигийн ах дүү хамт эрхийг барьж өглөө үдэш суурийг булаасугай хэмээмүй. Аливаа явуулсан зарлиг бичиг, цааз дүрэм цөм миний санаа бус. Танай олон түшмэл, жанжин цэрэг, шударга журмын сэтгэлийг барьж сөргүү хулгайг арилган улс төрийг тэтгэгтүн! Гавьяа бүтсэн өдөр хүндэд шагнасугай!” хэмээжээ. Сыма Ши үзээд ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Харин та нар манай ах дүүг хорлосугай хэмээмүй үү! Ёсонд хэлтрүүлэхэд бэрх!” хэмээгээд гурвуулыг зээлд аваачиж алаад гурван үеийг хүйс тэмтэрсүгэй гэхэд гурвуул хараан зогсохгүй. Зүүн зээлийг хүртэл шүдийг цөм занчиж мулталсан боловч бас ч амандаа хараасаар үхэв. Сыма Ши шууд хойд ордонд оров. Тэр үес Вэй улсын эзэн Цаофан төвхийтэл Жан овогт хатан лугаа энэ хэргийг зөвдсөнд Жан хатан өгүүлрүүн: “Дотоод ордны нүд чих олон. Хэрвээ хэрэг задарваас надад зовлон болмуй!” хэмээв.
Түүнээс Сыма Ши орж ирсэн тул хатан ихэд айв. Сыма Ши илд барьж Цаофанд өгүүлрүүн: “Сайд миний эцэг хааныг байгуулж эзэн болгосон нь Жоу гүнгээс доор үгүй. Сайд би хаанд үйлчилсэн нь бас ч И Иньгээс юун өөр аж? Эдүгээ гэдрэг ачийг өс болгон гавьяаг эндүүрэл болгоод хоёр гурван бага түшмэд лүгээ зөвдөж сайд манай ах дүүг хорлосугай хэмээх нь юу болой?”. Цаофан өгүүлрүүн: “Надад тийм сэтгэл үгүй” гэхэд Сыма Ши ханцуй дотроос бага хувцсыг гаргаж газарт орхиод өгүүлрүүн: “Энэ хэн хүний бичсэн нь буй!”. Цаофангийн сүнс сарниад чичрэн дагжиж өчрүүн: “Миний энэ цөм хүнп цухалдагдаж бичсэн нь болой. Би ямар аймшиггүй ийм санаа өвөрлөмүй?” Сыма Ши өгүүлрүүн: “Их сайдыг урвав хэмээн гүтгэснийг ямар ял хийвээс зохимуй?”. Цаофан сөгдөж өгүүлрүүн: “Надад ял оноох нь зүй. Их жанжин та хэлтрүүлэхийг гуймуй!”. Сыма Ши өгүүлрүүн: “Хаан заларч бос! Улсын цаазыг гээвээс болохгүй!” хэмээгээд Жан хатныг зааж өгүүлрүүн: “Энэ Жанзигийн охин тул арилгаваас зохимуй” хэмээсэнд Цаофан уйлж хэлтрүүлэхийг гуйхад Сыма Ши дагахгүй зүүн баруун этгээдийн ардаар Жан хатанг чирч дун Хуамэнь хаалганы дотор аваачаад цагаан ёнхороор хөвчдөн алав. Хожмын хүний шүлгийн үг:
“Хөөрхий Фу хатан ордны үүднээс гарсан тэр цагт
Хөл нүцгэнээр гашуудан уйлж хаанаас салсан бөлгөө.
Сыма энэ өглөө тэрхүү дүрмийг мөрлөх нь
Сэрэмж хариулал үр ач нарт илтэд туссан болой”
Жич өдөр Сыма Ши олон түшмэлийг цуглуулж өгүүлрүүн: “Эдүгээгийн хаан ужид самуун ёсгүй, ховч үгийг аван эрдэмтний замыг бөглөмүй. Түүний ял Хань улсын Чан И вангаас илүү тул дэлхий дахинд эзэн болбоос болохгүй. Би эдүгээ И Инь, Хуогуангийн аргыг дуурайн өөр хаан байгуулж улс төрийг хамгаалж дэлхий дахиныг амар болгосугай хэмээмүй. Ямар буй?”. Олон цугаар өчрүүн: “Их жанжин И Инь, Хуогуангийн үйлийг явбаас энэ чухам тэнгэрийн санаа, хүний сэтгэлд нийлсэн болой. Хэн аюулгүй зөрчмүй?”. Сыма Ши даруй олон түшмэлийн хамт Юн Нингун ордонд орж Эх дагинад айлтгасанд хариу өгүүлрүүн: “Их жанжин хэнийг хаан суулгасугай хэмээмүй”. Сыма Ши өгүүлрүүн: “Би үзвээс Пэн Чэн ван Цаозюй цэцэн гэгээн өршөөл ачлалтай. Дэлхий дахины эзэн болж болмуй” Эх дагина өгүүлрүүн: “Пэн Чэн ван надад хамт авга болмуй. Эдүгээ хаан суулгаваас би яамуй? Эдүгээ Гао Гүйсян гүн Цаомао нь Вэньди хааны ач болох бөгөөд номхон бишрэлтэй бодлоготой хөнгөмсөг, хаан байгуулж болмуй. Танай олон түшмэд та уртамжлан санаж үзэгтүн!”. Нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Эх дагины үг мөн, даруй байгуулж болмуй” хэмээжээ. Олон үзвээс Сыма Шигийн төрлийн авга эцэг, Сыма Фү болой. Сыма Ши даруй элч гаргаж Юаньчэн хотод Гао Гүйсян гүнийг авахаар илгээв. Эх дагиныг Тайзидянь харшид залж суулган Цаофаныг дуудан ирж буруушааж өгүүлрүүн: “Чиний бие ужид самуун хэмжээгүй, дууч эхнэрийг өршөөн янаглах тул дэлхий дахиныг хүлээж болохгүй. Түргэн тамга цацгийг гаргаж тавигтун! Чиний Ци вангийн хэргэмийг эгүүлэн өгсү. Мөн даруй гарч явагтун! Зарлигаар дуудахгүй болбоос төрд ирж эс болмуй” хэмээсэнд Цаофан эх дагинад уйлан мөргөөд тамгыг тушааж вангийн тэргийг гээж ихэд уйлан одоход ганц нэг шударга сайд нулимс урсгаж үдэв. Хожмын хүний шүлгийн үг:
“Өнө эрт Цаоман Хань улсын чансан байх үед
Өнчин хөвгүүн бэлэвсэн эхнэрийг хяхан дарласан бөлгөө
Дөч илүү оны хождын энэ өдөр санамсаргүй
Түүний бэлэвсэн эхнэр хөвгүүн харин бас дарлагдав”
Тэндээс Гао Гүйсян гүн Цаомао өргөсөн нэр Яньши, Вэньди хааны ач Дун Хайдин ван Цао Лингийн хөвгүүн болой. Тэр өдөр Сыма Ши Тайхоугийн зарлигаар олон бичиг цэргийн түшмэдийг зарлаж жагсаалт тэрэг бэлтгэн Си Емэнъ хаалгыг гарч угтсанд Цаомао яаран хариу ёслов. Тай Юй түшмэл Вансү өгүүлрүүн: “Дээд эзэн хариу ёс хийвээс зохихгүй”. Цаомао өгүүлрүүн: “Би бас ч түшмэл болой. Ямар аймшиггүй хариу ёс хийхгүй аж?”. Олон бичиг цэргийн түшмэл Цаомаог хааны тэргэнд суулгаж ордны дотор аваачихад Цаомао маргаж өгүүлрүүн: “Эх дагины зарлигаар намайг дуудсан нь ямар учрыг мэдэхгүй тул юун аймшиггүй тэргэнд сууж ормуй?” хэмээгээд явганаар Тайзи Дунтан харшийн дэргэд хүрсэнд Сыма Ши угтан гарав. Цаомао урьд сөгдөж золгосонд Сыма Ши яаран түшиж босгоод амар мэндийг асуусны хойно эх дагинад уулзуулав. Эх дагина өгүүлрүүн: “Би чамайг багын цагт хааны байдал буй хэмээсэн бөлгөө.
Эдүгээ чи дэлхий дахины эзэн болох тул эрхбиш хичээнгүйлэн арвижуулан хэрэглээд өршөөл журмыг түгээмэл тархааж хөнгөмсгөөр яв. Урьд хааныг битгий ичгүүр болгогтун!”. Цаомао дахин давтан маргасны хойно Сыма Ши бичиг цэргийн түшмэлээр Цаомаог түшиж Тайзи Дянь харшид аваачиж тэр өдөр хааны сууринд суулгав. Зяпингийн зургаадугаар оныг халж Жэн Юань150-ий тэргүүн он хэмээгээд дэлхий дахинаа их өрөлхийлөв. Их жанжин Сыма Шид шар төмгийн жагсаал өгч харшид орвоос гүйхгүй, хэрэг айлтгахад нэрийг эс дуудан илд зүүсээр харшид гарагтун хэмээгээд бичиг цэргийн түшмэлийг тус бүр өргөмжлөн хүртээв.
Түүнээс төв тулгарын хоёрдугаар оны цагаан сард харуулын хүн мэдүүлрүүн: “Зүүнийг сахих жанжин Гуань Цюзянь, Янжоугийн Цыши түшмэл Вэньцинь нар эзнийг гээсэн учир цэрэг үүсгэн ирэв” хэмээсэнд Сыма Ши ихэд цочив. Энэ чухамхүү:
“Хань улсын сайдад хаан төрийг туслах санаатай гэтэл
Вэй улсын жанжин басхүү хулгайг арилгах цэрэг үүсгэв”
Эгнэгт юу эсэргүүцлэхийг мэдэхгүй, доор бүлэгт үзгүгэй!
150 Төв тулгар
Сэтгэгдэл ( 0 )