Рио Тинто Туркойз Хиллийн хувьцааг худалдаж авахаар төлөвлөж байгаатай холбоотойгоор Монголын зэс, алтны Оюу Толгой төслийн дээд албан тушаалтан орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэхийг шаардаж буй талаар Ройтерс агенлаг онцолжээ.
Говь цөл дэх дэлхийн томоохон зэс, алтны ордуудын нэг болох Оюу Толгойн 34 хувийг Монгол Улс эзэмшдэг бол Туркойз Хилл үлдсэн хэсгийг нь эзэмшдэг. Харин Туркойз Хиллийн хувьцааны 51 хувийг Рио Тинто эзэмшдэг. Рио Тинто болон Монголын Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард тохиролцоонд хүрч, 6.75 тэрбум ам.долларын өртөг бүхий уурхайн өргөтгөлийн ажил төлөвлөсөн хугацаанаас хоцорч, анх төлөвлөсөн зардал 1.4 тэрбум ам.доллароор хэтэрсэн гэх маргааныг таслан зогсоосон.
Рио Тинто Монголын Засгийн газрын төлөх ёстой 2.4 тэрбум ам.долларын өрөөс нь чөлөөлсөн. Удалгүй Рио Тинто Туркойз Хиллийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг 2.7 тэрбум доллароор худалдаж авахыг санал болгосон. Ингэснээр Оюу Толгойг шууд эзэмших эрх үүсэх юм.
Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат "Оюу Толгойн хувь нийлүүлэгчийн хувьд бид Рио Тинтогоос энэ төслийг ил тод, зөв менежментийн бүтэцтэй болгохыг хүсэж байна. Түүнээс бус хувьцааг хэн эзэмших нь хамаагүй" гэжээ. Тэрбээр мөн "Хэрэв Рио Туркойз Хиллийн хувьцааг худалдан авах саналаа амжилттай биелүүлбэл энэ нь бидэнд ашигтай. Учир нь, шийдвэр гаргах хугацаа богиносно” гэсэн байна.
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд О.Батнайрамдал Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Риогийн худалдан авах саналын үр дүнг ажиглаж байгаагаа онцлоод "Бид Рио Тинтог ил тод байлгахыг хүсэж байна. Өмнө нь Монгол Улсын Засгийн газарт хангалттай мэдээлэл өгдөггүй байсан. Уг төслийн энэ мэдээллийг Монголын ард түмэнд хүргэх нь маш чухал" гэв. Түүнчлэн тэрбээр “2.4 тэрбум ам.долларын зээлийг тэглэснээр хувь эзэмших асуудал шийдэгдэж, одоо Оюу Толгойн менежментийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэж байна” гэдгийг мөн тодотгожээ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )