Бурхан багшийн Их Дүйчэн өдөр буюу Гандангийн дэнжээс хийсэн ТЭМДЭГЛЭЛ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Гандангийн дэнжээр хүн дүүрэн холхих. “Хаа хол Энэтхэгээс авчирч байгаа ринсрэл гэгчид нь л мөргөөд авах юм шүү” хэмээн хөөрөлдөх хүмүүсийн цуваан дунд алхсаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганы үүдэнд ирлээ. Олны хөл хөдөлгөөн улам ихсэхтэй зэрэгцээд “Хурай, хурай, хурай” хэмээн хурайлаад эхлэх нь тэр. Учир байдлыг үүдэнд зогсон залбирч буй ламаас лавлахад “Одоо шүтээнээ залах гэж байна” гэлээ. “Аа нөгөө ринсрэл гэдгээ юу” гэтэл “Тиймээ, бурхад, гэгээнтнүүд урт хугацааны турш энэрэнгүй сайхан сэтгэл, бүтээлч зөв ухамсрыг хөгжүүлсний эцэст төгс гэгээрлийн хутгийг олж, эгэл жирийн хүмүүний биенээс хэтийдсэн хосгүй гайхамшигт лагшингийн эрдмийг олдог. Энэ бүгдийн биелэл нь ринсрэл юм. Ринсрэл гэдэг нь бурхан багш болон бурхны шашны ихэс мэргэд, бүтээлчийн лагшин шүтээнээс өөрөө үржин гардаг сувдан хэлбэртэй, онцгой сонин эрдэнийн шүтээн юм” хэмээн ном уншиж буй мэтээр түгдэрч, төвдөлгүй тайлбарлаад өглөө.


Удсан ч үгүй багширсан олон түмнийг цагдаа нар хоёр тийш нь “сэлүүрдэж”, зам татуулаад эхэллээ. Татуулсан тэр замаар сүр их шашны зүүсгэл гоёлтой лам хуврагууд болон албаны бололтой хүмүүс алхсаар Батцагаан цогчэн дуганы төв хаалгаар ороод явчихлаа. Олж харснаар тэдний дунд тэргүүн хамба, Хамба номун хан, гавж Д.Чойжамц  лав явж байв.

Өөр бусад төлөөлөгчид нь хэн болох талаар зохион байгуулагчдаас асуухад “Монголын бурхны шашны соёмбот шар тугийг сая мандууллаа. Өнөөдрийн үйл ажиллагаанд бурхны шашны томоохон төлөөллүүд, хутагт хувилгаад, гадаадын зочид болон төр засгийн өндөр албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн байгаа. Тухайлбал, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд МП Сингх их эрдэнийн ринсрэлд хадаг өргөж мөргөлөө. Мөн Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн баярын мэндчилгээг бие төлөөлөгч Дилов хутагт Данзанламэд сонордуулахаар ирсэн байгаа. Манзушир хутагт Данзанжамъяандорж, XX дүрийн хувилгаан Бакула Ринбүчи Данзан Агваан Жигмэд Ванчиг зэрэг хутагтууд хүрэлцэн ирээд байна” гэв.

ХАНДИВ ГУЙСАН ХҮМҮҮС ХАА САЙГҮЙ БАЙЛАА

 

Сүсэгтэн олон Төв гандангийн эргэн тойронд битүү шигжээ. Авто машины  зогсоол дүүрсэн болохыг тайлбарлах цагдаа нар гандан руу орж, гарах гарцан дээр зогсож байв. Иргэд автомашинтайгаа орж чадахгүй болсондоо ундуйцаж, уурлах нь энүүхэнд. Юун буян номын ажил, баахан бухимдал болж байгаа нь илт. Харин явган ирсэн хүмүүст ямар ч асуудал алга. Мөргөх гэсэн бурхан, дуганыхаа дэргэд дугаарлаж байгаад л залбирчихаж харагдав. Энд ирсэн хүмүүсийн ихэнх нь өндөр настнууд байлаа. Тэдний дунд Монгол Улсын заан Д.Долгорсүрэн явж байв. Түүнийг харсан хүмүүс мэнд мэдэн, зарим нь золгоцгоож байсан юм.

Мөн олны анхаарлыг татаж байсан эрхэм бол Х.Баянмөнх аваргын гэргий Н.Дэжинбээ байв. Нударгатай шар торгон дээл өмсөж, ардаа авсаархан үүргэвч үүрсэн шалавхан хөдөлгөөнтэй түүнийг харсан хүмүүс “Үгүй мөн ч сайхан биеэ авч явах юмаа” хэмээж байх нь сонсогдох. Энэ мэтчилэн  их хөлийн дунд элдэв янзын дүр зураг хаа сайгүй л үзэгдэх.

Тэр дунд хандив гуйсан хүмүүс, төрөл бүрийн сайн үйлсийн аяны хайрцаг барьсан иргэд цөөнгүй таарлаа. “Хорт хавдартай хүүхдэд минь туслаач”, “Өвгөн надад 50 төгрөг өгч, буян болооч” гэх. Хүмүүс ч тэдэнд харамгүй хандив өргөж байгаа харагдав. Хол, ойроос зорьж ирсэн хүмүүс олон л байгаа бололтой.

Замд таарсан нэгэн хуврагаас аль ганданд шавилан суудаг болохыг лавлангаа өнөөдрийн билигт өдрийн учир шалтгааныг лавлахад “Би Архангай аймгийн Хайрхан сумаас зорьж ирлээ. Бурхан багшийн их дүйчэн өдрийг Монголын сүм хийдүүд болон ард түмэн эртнээс тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан ч 1990 оноос Бурхан багшийн их дүйчэн өдрийг энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулга дор өргөн тэмдэглэж ирсэн” хэмээв.

 

ИХ ДҮЙЧИН ӨДРӨӨР ИХ БУЯНЫГ ҮЙЛДЭХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

 

Иргэдийн ихэнх нь энэ өдөр цагаан хоол идэх  ёстой гэх ойлголттой байгаа нь ажиглагдав. Тэгвэл Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ дараах зүйлсийг мөрдвөл зохистойг гандантэгчэнлин хийдээс хүсэж байв. Тодруулбал, бурхан шүтээнд тахил өргөх, эргэл мөргөл хийх, хурал ном цахимаар айлтгуулах, өргөл хандив өргөх, арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хураах, нэг өдрийн сахил, мацаг барихыг зөвлөж байлаа.

Мөн энэ өдөр эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх, гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах, хэрвээ эцэг эх нас нөгцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх, ядуу хоосон, өвчтэй зовлонтой, төөрөлдөн  явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх, асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах, бурхан багшийн намтар, үлгэрийн далай, бурхны шашны сургаал номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маани мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох хэрэгтэйг зөвлөж байлаа.

Ийнхүү зуны эхэн сарын шинийн 15 өчигдөр тохиож, Бурхан багшийн их дүйчэн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Ташрамд дурдахад, Батцагаан цогчэн дуганд залсан их шүтээн ринсрэлийг 14 хоногийн турш байлгах учир иргэд заавал дараалал үүсгэлгүйгээр ирэх долоо хоногуудад ч очоод мөргөх боломжтой гэнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааааа(202.21.108.208) 2022 оны 06 сарын 15

Баяд ноёд, үгээгүй гуйлгачид, өвчин зовлонтон бүгд байсым шив дээ, морьтой нь морьтойгоо, морьгүй нь явган, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байсан феодалын үе санаанд оров. Баяд ноёд өмссөн зүүснээ гайхуулж бусад нь танимхайран очиж золгон сүр бадруулжээ. Харин Бурхан багш дээрээс хараад юу гэж бодсон бол.

0  |  0
Top