Даатгалын үйл ажиллагаа гэдэг нь иргэд болон байгууллага өөрсдийн эд хөрөнгө, амь нас, ашиг сонирхлоо ирээдүйд учирч болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалж даатгалын компанитай гэрээ байгуулахыг хэлнэ. Даатгуулагч хураамжаа төлснөөр даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд гэрээнд заасан хохирол учирсан тохиолдолд гэрээний нөхцлийн дагуу даатгалын компаниас нөхөн төлбөр авдаг.
Даатгалууд дотроос эрүүл мэндийн даатгал бол даатгуулсан иргэд болон байгууллагын ажилтнуудад гэнэтийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох үед гэрээнд заасан нөхөн төлбөрийг төлж, өвчлөх үед үзлэг шинжилгээ хийлгэх, эм тариа авах, эмнэлэгт хэвтэх гэх мэт эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг нөхөн төлдөг онцлог бүхий даатгал юм.
Үндэсний давхар даатгал ХК нь эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалаас гадна хүнд өвчлөлийн давхар даатгалын бүтээгдэхүүнийг монгол улсад хэрэгжүүлж эхлээд байна.
Хүнд өвчлөлийн даатгал нь эрхтэн шилжүүлэх мэс засал, хорт хавдар, зүрхний шигдээс, цус харвалт, бөөрний дутагдал, саажилт зэрэг өвчнийг хамардаг бөгөөд оношлогдох, эмчилгээ үйлчилгээ авах тохиолдолд нөхөн төлбөрийг бүрэн төлдөг.
2020 оны статистик судалгаагаар хүн амын дунд хорт хавдар өвчний тархалтын түвшинг сүүлийн 10 жилийн дунджаар нь харвал бүх насанд тохиолдож байгаа боловч насны бүлгээр авч үзэхэд нийт оношлогдсон 6382 иргэний 24.3 хувийг 20-44 насны иргэд, 71.3 хувийг 45-аас дээш насны иргэд эзэлж байна.
Үүнээс элэгний хорт хавдраар 1596 хүн нас барсан нь нийт хорт хавдраар өвчлөгсдийн 37%-ийг эзэлж байна. Мөн 0-19 насны нийт 433 хүүхэд хорт хавдраар өвчилсөн ба лейкеми(яс чөмөг, цусны хорт хавдар), мэдрэл, яс мөгөөрс, төмсөгний хорт хавдараар өвчилсөн байна.
Архаг болон хүнд өвчнөөр өвдсөн тохиолдолд өвчний оношноос шалтгаалан гарах зардлыг улсын эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн төлөх боломжгүй байдаг ба энэ төрлийн өвчнүүд нь ихэвчлэн урт хугацааны эмчилгээ шаардлагатай байдаг тул санхүүгийн бэрхшээл үүсгэх төдийгүй тухайн гэр бүлийн хөрөнгийг бүхэлд нь дуусгах эрсдэлтэй байдаг.
Төвлөрсөн хот суурин газрын агаар болон хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдах зэрэг нь дээрх өвчнүүдийн суурь шалтгаан болдог тул энэ цаг үед ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмчилгээ үйлчилгээний төлбөрийн чадамжид дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хүнд өвчлөлийн даатгал чухал ач холбогдолтой даатгалын нэг болж байна.
Сэтгэгдэл ( 0 )