Үндэсний давхар даатгал ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны долоодугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор компанийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийн цэвэр ашгийг үндэслэн улсын төсөвт 1,115,450,000 /нэг тэрбум нэг зуун арван таван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар болжээ.
Үндэсний давхар даатгал ХК нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, валютын гадагшлах урсгалыг бууруулах, олон улсын стандартад нийцсэн давхар даатгалын тогтолцоог хөгжүүлэх зорилготой төрийн өмчит компани юм.
Одоогийн байдлаар дотоодын 20 даатгагч болон даатгалын зуучлагч, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр олон улсын давхар даатгагч болон экспортын зээлийн даатгагч, олон улсын мэргэжлийн холбоод, банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа аж.
Засгийн газраас 2021 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар тогтоолын хоёр дахь хэсэгт Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, 2022 онд төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, мөн санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг дээшлүүлж, үр өгөөжийг өсгөх, төлбөрийн чадварын үзүүлэлтийг эрс нэмэгдүүлж ажиллахыг чиглэл болгосон.
Үүнтэй холбоотойгоор Үндэсний давхар даатгал ХК 2021 онд 319,749,900 /гурван зуун арван есөн сая долоон зуун дөчин есөн мянга есөн зуун/ төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлж байжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )