Даатгалын зах зээлийг тэлэх цаашилбал улсын орны эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц өгөх даатгалын баталгааг Монгол Улсад бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Үндэсний давхар даатгал” ХК болон БНСУ-ын “Сөүл баталгааны даатгал” компанитай хамтран “Баталгааны даатгал, эдийн засаг дахь үүрэг оролцоо, хэрэгжүүлэх арга хэлбэр” сургалт, уулзалтыг зохион байгууллаа.
Сургалт, уулзалтад УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд болон холбогдох бусад дарга, мэргэжилтнүүд мөн Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын даатгалын холбоо, ердийн даатгалын компаниудын төлөөлөл оролцлоо.
Уг арга хэмжээний үеэр “Сөүл баталгааны даатгал” компанийн зүгээс БНСУ-ын баталгааны даатгалын хөгжил, туршлага, эдийн засагт үзүүлж буй бодит хувь нэмрийн талаар танилцуулсан бол Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, Үндэсний давхар даатгал ХК-аас Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд зах зээлд шинээр нэвтрүүлээд байгаа экспортын зээлийн даатгалын бүтээгдэхүүний талаар оролцогчдод мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өглөө.
“Сөүл баталгааны даатгал” компаниас танилцуулсан тус улсын баталгааны даатгал нь 1970-аад оноос хөгжсөн бөгөөд тухайн эдийн засгийн онцлог бүртэй холбогдуулан бүтээгдэхүүн хөгжлийн төрөл бүрийн үе шатыг дамжин иржээ. Тус бүтээгдэхүүн нь зээлжих чадвар хангалтгүй гүйцэтгэгч нарт зээлийн дэмжлэг үзүүлдэг даатгалын компанийн эрхэлдэг даатгалын бүтээгдэхүүн бөгөөд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлдэг онцлогтой аж. Мөн баталгаа, зээлийн даатгал нь ЖДҮ эрхлэгчдийн тогтвортой байдлыг дэмжих, зээлэнд суурилан эдийн засгийн тэнцвэртэй байдлыг нэмэгдүүлэх эдийн засгийн ач холбогдолтой талаар дурдсан юм.
Уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилгын хүрээнд хөгжүүлж, Монгол Улсын зах зээлд нэвтрүүлээд буй экспортын зээлийн даатгалд хамрагдсанаар экспортлогчид өрсөлдөхүйц нөхцлөөр худалдаа хийх боломж бүрдэж, экспортын хэмжээгээ өсгөхөөс гадна шинэ зах зээлүүдэд нэвтрэх боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )