МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу Үндэсний статистикийн хорооноос 2021 оны хагас жилийн мал тооллогын албан ёсны дүн мэдээг хүлээн авсан. Хагас жилийн мал тооллого нь түүвэр судалгааны аргаар явагддаг бөгөөд цаг агаарын хувьд эрсдэлд өртөх магадлал ойролцоо нэг бүс нутагт оршдог, малын тоо, амьжиргааны түвшнээрээ бусад малчин өрхөө төлөөлж чадахуйц малчин өрхийг түүвэрт сонгож төлөөлүүлэн малыг нь тоолдог онцлогтой.
Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн хагас жилийн мал тооллогын албан ёсны дүн мэдээнд үндэслэн нөхөн төлбөр тооцоолол хийхэд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Говьсүмбэр зэрэг 14 аймгийн 92 сумын 9446 малчин өрхөд нийт 2,593,348,612.57 /хоёр тэрбум таван зуун ерэн гурван сая гурван зуун дөчин найман мянга зургаан зуун арван хоёр төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь Малын индексжүүлсэн даатгал хийгдэж эхлэсэн үеээс хойших хамгийн өндөр нөхөн төлбөр олголт болсон байна.
2006-2020 онуудад олгогдсон МИД-ын нөхөн төлбөр
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны 12 сард Баянхонгор аймагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговийн нутагт зудын эрсдэл их гэж мэдээллэж байсны дагуу уг 4 аймагт нөхөн төлбөр өндөр тооцоологдсон байна. Үүнээс Баянхонгор аймагт 1,9 тэрбум, Говь-Алтай аймаг 274 сая, Дундговь 174 сая, Өвөрхангай аймагт 108 сая төгрөгийн нөхөн төлбөр гарсан. Баянхонгор аймгийн Бууцагаан сум нь 439 сая төгрөг нөхөн төлбөр авахаар тооцоологдсон бөгөөд тус суманд хонь 33.79%, ямаа 31.38%, үхэр 35.05%, адуу 29.49%, тэмээ 33.79%-иар тус тус хорогдсон байна.
МИД-ын нөхөн төлбөрийг дараах 3 аргаар тооцоолдог байна.
Алхам 1. Тухайн даатгуулагчид олговол зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо малчны сонгосон үнэлгээ буюу даатгалын хураамж төлсөн үнэлгээг тухайн төрөл малын даатгалын нөхөн төлбөр олгох хувиар үржүүлнэ.
/Сумын малын хорогдлын хувиас босго үзүүлэлтийг хасч нөхөн төлбөр олгох хувийг малын төрөл тус бүр дээр тооцно./
Алхам 2. Нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгуулагчийн төрөл мал тус бүрт төлсөн хураамжийн 35%-аас дутуугүй байх ба энэ дүн нь 100,000 төгрөгөөс ихгүй байна. Өөрөөр хэлбэл сумын малын хорогдлын хувь 6%-иас ялимгүй давсан тохиолдолд тухайн төрөл малд төлсөн хураамжийн 35% нь 100,000 төгрөгөөс их байвал даатгуулагч нөхөн төлбөрт 100,000 төгрөг авах юм. Бусад тохиолдолд алхам 1-ээр нөхөн төлбөрийг тооцно.
Алхам 3. Сумын малын төрөл тус бүрийн хорогдлоор тооцоолсон олговол зохих нөхөн төлбөр (алхам 1) болон нөхөн төлбөрийн доод хэмжээ (алхам 2) хоёрын аль ихийг нь даатгуулагчид нөхөн төлбөр болгон олгоно.
Сэтгэгдэл ( 0 )