Монгол Улсын Соёлын яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний хэвлэл мэдээлэл, хэвлэлтийн газартай Сонгодог бүтээлийг харилцан орчуулж, хэвлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
Тус санамж бичгийн дагуу хоёр орны утга зохиол, ном хэвлэлийн салбарын сонгодог болон орчин үеийн шилдэг 100 гаруй бүтээлийг харилцан орчуулж, хэвлэн нийтэлж, түгээх ажлыг хамтран зохион байгуулах юм. Ингэснээр Монгол Улсын сонгодог, шилмэл ном зохиолыг хятад хэлнээ хөрвүүлэн Хятадын зах зээлд хэвлэн борлуулах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд зохиогчийн эрх, түгээлт болон борлуулалттай холбоотой төрийн бүх талын дэмжлэгийг хятадын талаас үзүүлэхээр болж байна.
Нийт орчуулан хэвлүүлэх сонгодог болон орчин үеийн шилдэг бүтээлүүд нь голлон урьд өмнө монгол болон хятад хэлнээ орчуулагдаж байгаагүй бүтээлүүдээс бүрдэх бөгөөд уран зохиол, нийгмийн шинжлэх ухаан, урлаг, амьдрах ухаан болон хүүхдийн ном зэргийг харилцан орчуулж, хэвлүүлэн түгээх юм.
Санамж бичигт Монголын талаас Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Хятадын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний Хэвлэл Мэдээлэл, Хэвлэлтийн газрын дэд дарга Жан Жяньчүнь гарын үсэг зурав.
Сэтгэгдэл ( 0 )