ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
51 минутын өмнө

Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 7. Энэ өдрөөс хойш он дуусахад 146 хоног үлдэж байна. Өдрийн наран 05 цаг 35 минутад мандан, үдшийн наран 20 цаг 21 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө үүлэрхэг 28 хэмийн дулаан байна. Эрхэм уншигч та наршихаас сэргийлээрэй.

Өнөөдөр Кот Дивуар улсад Бүгд найрамдах өдөр, Кирибатид Залуусын өдөр, АНУ-д “Нил зүрх” медалийн өдөр тохиож байна. Энэ өдөр Моголын эзэнт гүрний хаан Мухаммад Шах, хожим хойно тагнуулын хэргээр хилсээр хороогдсон Голландын бүжигчин Мата Хари, Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Элинор Остром, “Нууц материалууд” цувралын од Девид Духовни, Оросын гимнастикч Елена Давыдова, нийтийн нэвтэрхий толь “Википедиа”-г үндэслэн байгуулалцсан Жимми Уэльс, “Оскар”, “Алтан бөмбөрцөг” наадмын шагналт нэрт жүжигчин Шарлийз Терон, Канадын нэрт шайбтай хоккейч Сидни Кросби, Сенегалын хөлбөмбөгч Мохамед Кулибали, Америкийн сагсанбөмбөгч Демар Дерозан, Испанийн хөлбөмбөгч Данни Себайос, Олимпын дөрөв, дэлхийн таван удаагийн аварга Америкийн ойрын зайн гүйгч Сидней Маклафлин Леврон нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

1461 оны энэ өдөр Мин гүрний цэргийн жанжин Као Цинь эзэн хаан Тяньшунын эсрэг бослого дэгдээв.

1679 оны энэ өдөр “Ла Гриффон” нэрт хөлөг Хойд Америкийн Их нууруудын дээд хэсэгт хүрсэн анхны хөлөг болов.

1782 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Вашингтоны зарлигаар цэргийн гавьяаны “Нил зүрхний одон” бий болов.

1944 оны энэ өдөр Америкийн “IBM” компани анхны программ ханамж бүхий тооцоолон бодох төхөөрөмж буюу “Харвард Марк I” төхөөрөмжийг зохион бүтээв.

1960 оны энэ өдөр Кот Дивуар улс Францаас тусгаар тогтнов.

1974 оны энэ өдөр Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийн хооронд 417 метрийн өндөрт адал явдал хайгч Филипп Петит олсон дээр амжилттай явав.

1990 оны энэ өдөр АНУ-ын анхны анги нэгтэл Персийн булангийн дайнд оролцохоор Саудын Араб улсад газардав.

1999 оны энэ өдөр Чеченьд төвтэй Олон улсын исламын бригад хөрш Дагестанд халдан довтолжээ.

2008 оны энэ өдөр ОХУ-ын арми Гүржийн Өмнөд Оссетид нэвтрэн орсноор Орос-Гүржийн дайн дэгдэв. Энэ ОХУ хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улс орон руу халдсан анхны тохиолдол болж түүхэнд үлджээ.

Уншигч  таны өнөөдрийн ажил үйлс өөдрөг, бүтэмжтэй байх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top