Дэлхий даяар “Ковид-19” цар тахал дэгдээд бүтэн хоёр жил хагасын хугацаа өнгөрөөд байна. Энэ цар тахал хүн төрөлхтний аж амьдрал, дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөөлсөн хэвээр байна.
Өнгөрсөн хугацаанд улс орнууд “Ковид-19” цар тахлыг аль болох хамгийн бага гарз хохиролтойгоор даван туулахын тулд өөр өөрсдийн арга барилаар тэмцэж, янз бүрийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд өдгөө дийлэнх улс орон энэ вирустэй “зэрэгцэн орших” буюу хүн ардынхаа эрүүл мэнд болоод эдийн засгаа зэрэг хамгаалах бодлого баримталж, хилээ нээцгээж байна. Харин дэлхийн хамгийн олон хүн амтай, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ өнөө хэр нь “Ковид-19”-ийн эсрэг “Ковид-Тэг” хэмээх чанд хатуу бодлого баримталж, халдварын харьцангуй цөөн тохиолдол илэрч байхад халдвар авсан болон хавьтал болсон хүн бүрийг тусгаарлаж, халдвар илэрсэн газруудад бүх нийтээс нуклейн хүчлийн шинжилгээ авах, хатуу хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буй нь ихээхэн шүүмжлэл дагуулж буй юм.
Өдөрт хэдэн зуу, хэдэн мянган тохиолдол бүртгэж буй улс орнууд хөл хорио тогтоохгүй, амьдралын хэвийн горимд шилжиж болж байхад БНХАУ чухам ямар учраас ингэж “сүржигнэж” байна вэ, Хятад улсын “Ковид-Тэг” стратеги тиймч удаан тогтвортой байж чадахгүй болов уу гэх зэрэг шүүмжлэл, асуулт сүүлийн үед гарч ирж байна.
Хятадын “Ковид-Тэг” бодлогыг ойлгох нь
Хятад улс бол дэлхийн хамгийн олон буюу 1.4 тэрбум хүн амыг тэжээж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулж буй улс.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдэгдсэнээр, 2022 оны зургаадугаар сарын 9-ний байдлаар БНХАУ-д коронавирусийн халдварын нийт 3.6 сая гаруй тохиолдол болон 17,800 гаруй нас баралт бүргэгдээд байна. Нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол болон нас баралтын дийлэнх нь тус улсын Хонконг, Макао болон Тайвань засаг захиргааны тусгай бүсүүдэд бүртгэгджээ.
“Ковид-Тэг” бодлогын улмаас хөл хорио, хилийн хязгаарлалт тогтоож байгаа нь дэлхийн улс орнуудын худалдаа, эдийн засагт төдийгүй бүх хүний аж амьдралд сөргөөр нөлөөлж байгааг бараг хүн бүр ярьж байна. Нөлөөлж байгаа нь ч үнэн. Гэхдээ хэрвээ Хятад улс одоо “Ковид-Тэг” бодлогоосоо ухарч, коронавирустэй тэмцэх арга барилаа зөөлрүүлвэл ямар хямрал нүүрлэж, дэлхийн эдийн засаг хэрхэн уруудахыг төсөөлөхөд бэрх юм.
Ужиг хууч өвчтэй, вакцинжуулалтад хамрагдаагүй өндөр настнууд коронавирусийн халдвар авсан тохиолдолд биеийн байдалнь хурдан хүндэрч, амь насаа алдах эрсдэл өндөр болохыг олон улсын мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн.
Хятад улсын нийт хүн амын 267 сая нь 60-аас дээш насныхан бөгөөд тэдний 260 сая нь эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай, хууч өвчтэй хүмүүс байна. Тус улсын 60-аас дээш насны нийт хүн амын ердөө 20 хувь нь л бүрэнв акцинжуулалтад хамрагдаад байгаа аж.
Хятад улс болон АНУ-ын судлаачдын хамтран хийсэн судалгааны тайланд дурдсанаар, хэрвээ Хятад улс “Ковид-Тэг” бодлогоос ухарвал багаар бодоход 1.5 сая хүн амиа алдах эрсдэл нүүрлэнэ. Мөн уг бодлогыг хэрэгжүүлэхээ зогсоовол дэлхийн хамгийн олон хүн амтай энэ улсад цар тахлын тархалт хяналтаас гарч, үйлдвэрлэл үйлчилгээг хэвийн явуулах аргагүй болно.
БНХАУ нь дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, Хятад улсад энэ цар тахал хяналтаас гарвал Хятадын ард түмэн төдийгүй дэлхий нийтийн аж амьдрал, дэлхийн эдийн засагт одоогийнхтой харьцуулшгүй их сөрөг нөлөө үзүүлнэ.
Тэгэхээр дэлхийн эдийн засагт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг Хятад улсын хувьд дотоод болон гадаадын эдийн засаг, дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалахын тулд авч хэрэгжүүлж болох, энэ цар тахлыг аль болох хамгийн бага гарз хохиролтойгоор даван туулах хамгийн зөв арга хэмжээ нь энэ “Ковид-Тэг” бодлого юм.
Эх сурвалж: Mongol.cri.mn
Сэтгэгдэл ( 1 )
hha