Абэг дурсахуй I Халдлагын ЭРГЭН ТОЙРОНД

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ энэ сарын наймны өдөр сонгуулийн сурталчилгаанд оролцон үг хэлж байхдаа буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй 17.00 цагийн орчим нас барсан. Халдлага 11.30 цагийн үед болсон юм. Халдлага үйлдсэн этгээд түүний араас буудсан бөгөөд сум цээжний хэсэгт тусжээ. Абэг тээвэрлэх явцад биеийн байдал нь муудаж, түүний зүрх, уушгины үйл ажиллагаа зогссон байна.

Гэмт этгээд түүн рүү 10 метрийн зайнаас буудсан. Хоёр дахь буун дуу гарсны дараа Абэ газарт унажээ. Халдлагын үеэр тэрээр хэд хэдэн шарх авсны улмаас цус их хэмжээгээр алдсан. Эмч нарын мэдээлснээр, Абэг Нара мужийн Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт 12.20 цагт хүргэжээ. Тэрээр шархаа даалгүй 17:03 цагт амьсгал хуураасан байна. Эмч нар үхлийн шалтгааныг их хэмжээний цус алдсанаас болсон гэж мэдэгдсэн. Цус алдалтыг зогсоож, түүний амийг аврахын тулд дөрөв гаруй цаг тэмцжээ. Түүнд 100 гаруй уут донорын цус сэлбэсэн байна. Хоёр сум хоёул Абэг оносон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Нара мужийн Анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн эмч талийгаачийн биед сум олдоогүй гэж мэдэгджээ.

Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэ Нара хотод ирж, нөхрийнхөө байгаа эмнэлэгт очжээ. Акиэ Нара хотод ирэхдээ Киото хотоор дайрсан байна. Тэрээр хар бараан хувцас өмсөж, бага хэмжээний чемодан барьсан байжээ. Халдлагатай холбогдуулан Японы Засгийн газраас Онцгой байдлын штаб байгуулсан юм. Ерөнхий сайд Фүмио Кишида төлөвлөсөн бүх ажлаа хойшлуулж, Токио хотод эргэн ирсэн. Тэрээр Ямагата мужид сонгуулийн ажлаар явж байсан юм.

Энэ явдалтай холбогдуулан Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн /Lee Hsien Loong/ сэтгэгдлээ өөрийн цахим хуудсаараа хуваалцжээ.

Тэрээр "Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог өнөөдөр өглөө буудуулсныг мэдээд би маш их цочирдсон. Энэ бол утгагүй хүчирхийллийн үйлдэл юм. Ноён Абэгийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмч нар түүнийг аврахаар ажиллаж байна. Ноён Абэ бол Сингапурын сайн найз. Би өнгөрсөн тавдугаар сард Токиод зочлохдоо түүнийг үдийн хоолонд урьсан юм. Миний залбирал, сэтгэл зүрх ноён Абэ болон түүний гэр бүлийнхэнтэй хамт байх болно" гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Трамп олон нийтийн сүлжээнд “Үнэхээр цочирдом мэдээ байлаа. Абэ бол үнэхээр гайхалтай сайн удирдагч хүн. Тэр бол миний найз, Америкийн анд нөхөр. Түүнийг хайрлаж, хүндэлдэг япончуудын хувьд аймшигтай зүйл тохиолдлоо. Бид Шинзогийн төлөө, гэр бүлийнхнийх нь төлөө залбирч байна” гэж бичжээ.

Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн цогцсыг Токио дахь гэрт нь авчирсан байна. Түүний эхнэр Акиэ Абэ нөхрийнхөө цогцсыг ачсан автомашинд суусан аж. Гашуудлын цуваа Токиогийн Шибуя дүүрэгт байрлах гэрийн нь зогсоол руу орсон байна. Шинзо Абэг энэ сарын 12-нд төрсөн Шимоносэки хотод оршуулжээ. Түүний оршуулгын ёслол Токио хотын Буддын сүмд болсон юм. Ёслол хаалттай явагдаж, зөвхөн гэр бүл, хамгийн ойр дотнын найзууд нь оролцсон байна.

Шинзо Абэг буудсан этгээдийг хэргийн газарт баривчилсан байна. Тэрээр эсэргүүцэл үзүүлээгүй аж. Эхний мэдүүлэгтээ "Би Абэд дургүй байсан, хөнөөхийг хүсэж байсан" гэжээ. Шинзо Абэг буудсан этгээд Нара хотын харьяат 41 настай Ямагами Тэцүя бөгөөд Японы Тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж байжээ. Тэрээр Абэгийн биед халдахдаа ашигласан гар хийцийн буугаа өөрөө угсарсан байна. Цагдаагийн газраас Нара хотод байх түүний гэрт нэгжлэг, шалгалт хийж тэсэрч, дэлбэрэх аюултай хэрэгслийг илрүүлжээ. Тэцүя Ямагами эхэндээ өөр хүнийг хөнөөхөөр төлөвлөж байсан гэж мэдүүлэг өгчээ. Цагдаагийн газраас тус байгууллагын нэрийг нууцалж байсан ч  өмнө нь “Holy Spirit Association for the Unification of World Christianity” нэртэй байсан одоогийн “Family Federation for World Peace and Unification” шашны байгууллага гэдэг нь тодорхой болжээ.

Энэ нь санхүүгийн залилан, сүсэгтнүүдийг бөөнөөр нь гэрлүүлж, хурим хийлгэдгээрээ шуугиан тарьж байсан Мүүний шашны байгууллага юм. Хэрэгтэн Ямагамигийн ээж энэхүү байгууллагын итгэгч бөгөөд маш их мөнгө хандивлаж, 2002 онд дампуурсан ажээ. Ямагами энэхүү явдлын өсийг Ерөнхий сайд аснаас авсан хэрэг болж байгаа бөгөөд гар хийцийн буугаа шашны газрын барилгад буудаж туршсан гэж ярьжээ. Үүнтэй холбогдуулан Family Federation for World Peace and Unification байгууллагаас хэвлэлийн бага хурал хийж, тайлбар өглөө. Тус байгууллагын тэргүүн Танака Томихиро юуны өмнө хэрэгтний ээж байгууллагынх нь гишүүн гэдгийг баталлаа.

Тусгай албад олон хүн цугларч буй газарт бичиг баримт, биедээ авч яваа эд зүйлсийг шалгах ёстой байв. Түүнчлэн, тусгай албаны ажилтнууд Абэгийн өмнө хамгаалалт болох ёстой байжээ. Энгийн иргэдийг улстөрчид 5-10 метрийн радиусын зайд ойртуулах ёсгүй. Гэтэл түүний бие хамгаалагчдын алдаанаас болж үл таних этгээд Абэд ойртож чадсан байна. Буудахад тохиромжтой зайд ойртож, буугаа гаргаж, Абэгийн зүг чиглүүлэн, буудах хүртэл хугацаа хэрэгтэй. Хэдийгээр бие хамгаалагчид нь Абэгийн дэргэд байсан ч энэ бүгдийг анзаарч, хараагүй гэж шинжээч тодруулжээ. Улстөрч сум нэвтрүүлдэггүй хөнгөн хантааз хүртэл өмсөөгүй байсан гэж Ферфелов онцолсон байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Япон Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн гэр бүлд, гэргий Акиэ Абэд эмгэнэлийн захидал илгээжээ. Захидалд “Миний анд найз Шинзо Абэ халдлагад өртөн, амиа алдсан мэдээг гүн эмгэнэлтэйгээр хүлээн авлаа. Би түүний төлөө мөргөх болно. Танд болон танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Таны нөхөр Түвдийн ард түмний үнэнч нөхөр байлаа. Түвдийн уламжлал, Буддын шашны өвийг хамгаалан үлдэхэд тэрээр маш их тусламж , дэмжлэг үзүүлсэн билээ. Ноён Абэ амьдралаа бусдын төлөө зориулсан” гэж бичжээ.

Японы  90, 96 дахь Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан тэрээр Монгол Улсад элэгтэй дэлхийн шилдэг удирдагчдын нэг байлаа. Абэ Монголд зургаан удаа албан айлчлал хийж байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирж байжээ. Либерал Ардчилсан намд харьяалагддаг Шинзо Абэ Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүнээр нийт долоон удаа сонгогдож байсан юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
9999(66.181.178.229) 2022 оны 07 сарын 20

Хайран хүн.Хамгаалалтын албаныханыг нь бүгдийг нь барьж хорих хэрэгтэй.Яаж тийм сул хариуцлагүй ажиллаж түүний дэргэдээс хоол олж идэж явсан байнаа.Бүгдийг ажиллахгүй болгох хэрэгтэй. Тэр Агуу хүнийг яаж гудманд хэвтүүлж чадваа муу новш.Алуурчиныг удахгүй Тэнгэр ниргэх болно.

1  |  1
zochin(202.72.245.200) 2022 оны 07 сарын 20

Ich charmsdag !!! ,tengeriin orondoo amgalan noirsdoo

2  |  0
sara(66.181.161.24) 2022 оны 07 сарын 20

shashin iim ayultai.bid tseren ust Tserend talarhah yostoi

5  |  0
зочин(66.181.187.75) 2022 оны 07 сарын 20

Тэр бусад улс төрчдөөс өөр, нэг л нүдэнд дулаахан өвөрмөц хүн байсан. Юу ч гэмээр юм бэ дээ, Нэг л өөр байсан. Түүний үзхлийн дараа амьдралын утга учрын талаар эргэцүүлж бодсон шүү. Улс төрийн ч бай, хувийн өшөө хонзон ч бай, тэр хүн өчүүхэн амьтны гарт амь насаа алдлаа. Тэрт хөгийн амьтныг нь толгой сайтай байсан ч гэх шиг мэдээлэл эхний өдрөөс л цацагдаж байсан нь эргэлзээтэй санагдсан. Ямар ч гэсэн маш сайн зохион байгуулалттай аллага байх. Ийм хэрэг хэзээ ч илрэхгүй. Учир нь алуурчин нь алдах юмгүй нэгэн байсан. Яг л Ленноны үхэл шиг.

7  |  1
Top