Жиоржия мужийн иргэн 20 настай Камил Ситон хэмээх эмэгтэй өнгөрөгч долоодугаар сарын сүүлээс эхлэн бие нь тавгүйрхэж, нүүрэн дээр нь усархаг цэврүү үүсч эхэлснийг анзаарчээ. Улмаар эмнэлэгт хандсан тэрээр шинээр тархаж буй сармагчны цэцэг өвчин туссан болох нь тогтоогдсон байна.
Өнгөрөгч хавраас эхлэн европ даяар тархаж эхэлсэн уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 98 орчим хувийг ижил хүйстнүүд эзэлж байна гэх мэдээлэл цацагдаж байсан. Харин энэхүү мэдээлэл нь иргэдийг төөрөгдөлд оруулж байгаа тухай Камил Ситон тик ток хуудсаараа дамжуулан мэдээлж эхэлжээ.
Тэрээр шатахуун түгээгүүрийн газар ажилладаг бөгөөд вирусээр бохирлогдсон мөнгө түүнд халдвар тараасан гэж үзэж байгаа аж. Өвчний шинж тэмдэг хурцаар илэрч байсан тухай "Арьс маш их загатнаж байсан. Үе мөч маань ч бас. Толгой тэсэхийн аргагүй өвдөж ухаан алдаж байсан. Эдгэрэх хүртэл маш их зүйлийг даван туулах хэрэгтэй болж байна" гэжээ.
Одоогоор ганцаар тусгаарлагдсан байгаа тэрээр "Бэлгийн харилцаа бол вирус халдварлах цорын ганц арга зам биш гэдгийг та бүхэнд дахин хэлмээр байна. Өвчлөгсдийн дийлэнх нь эрчүүд байсныг би мэднэ. Жиоржия мужийн хүмүүсээс анх удаа эмэгтэй хүн уг халдварыг авсан нь би байсан. Тийм болохоор маск зүүж, гараа угааж, бээлий өмсөж, бусдад аль болох хүрэхгүй байхыг хичээгээрэй. Вирус агаараар дамждаггүй ч битүү орчинд өвчтэй хүнтэй хамт байх үед халдварлаж магадгүй" гэжээ.
АНУ-д одоогийн байдлаар өвчний 6600 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд ирэх долоо хоногоос 1000-р нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.