Хэрэв Москва, Киев хоёр Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдийг Запорожийн атомын цахилгаан станцад ажиллуулахыг зөвшөөрвөл НҮБ дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Турк улс Украины сүйрсэн дэд бүтцийг сэргээн босгоход туслалцаа үзүүлнэ. Эдгээр шийдвэрийг Украины Ерөнхийлөгч Владимр Зеленский, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын Украины Львов хотноо хийсэн яриа хэлэлцээний үеэр гаргажээ. Владимир Зеленский дээд хэмжээний зочидтой ганцаарчлан уулзсаны дараа талууд гурван талт хэлэлцээ хийсэн байна.
В.Зеленскийн мэдээлснээр, НҮБ-ын тэргүүнтэй хийсэн уулзалтын үеэр үр тариаг тээвэрлэх, олзны цэргүүдийг солилцох болон Запорожийн атомын цахилгааны станцыг тойрсон асуудлыг голлон хэлэлцжээ. НҮБ, Киев үр тариаг аюулгүй тээвэрлэх коридорыг үргэлжлүүлэн зохицуулах тохиролцоонд хүрсэн байна. Украины Ерөнхийлөгч Запорожийн АЦС-ын аюулгүй байдлыг хангах, Оросын цэргүүдийг бүрэн гаргахад дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Тэрбээр Гуттериштэй Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдийг Запорожийн АЦС-д зочлуулах асуудлыг зөвшилцсөн байна. Зеленский энэхүү айлчлалыг ОХУ-ын Зэвсэгт хүчин үгүй нутаг дэвсгэрээр зохион байгуулах ёстой гэж мэдэгджээ. Гуттериш эл айлчлал Орос, Украины талтай тохиролцсоны үндсэн дээр зохион байгуулах боломжтой гэж онцолсон байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хийсэн хэлэлцээний үр дүнд талууд Украины сүйрсэн дэд бүтцийг сэргээн босгох тухай санамж бичийг байгуулсан байна. Гурван талын үеэр талууд НҮБ-ын дэмжлэгтэй байгуулсан үр тариаг тээвэрлэх тухай хэлэлцээрийг бий болгосон эерэг уур амьсгалыг хямралыг шийдвэрлэх зорилгоор ашиглах боломжийг хэлэлцжээ. Гуттериш эл хэлэлцээрийг байгуулснаар дэлхийн хүнсний зах зээлд эерэг өөрчлөлт гарсан тухай онцолж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн индекс есөн хувиар буурсан гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Запорожийн АЦС орчмын бүсийг цэрэггүй бүс болгохыг уриалжээ.
Туркийн төрийн тэргүүн Украины хямралыг хэлэлцээний ширээний ард шийдвэрлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Тэрбээр энэхүү хэлэлцээний үр дүнг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд мэдээлнэ гэж мэдэгджээ. Эрдоган мөн Кремлийн тэргүүнтэй олзны цэргүүдийг солилцох асуудлыг хэлэлцэх зорилготой буйгаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )