Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны дараа тус байнгын хороо үргэлжлүүлэн хуралдах аж.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:
-ХҮН өмнө нь Үндсэн хуулийг өөрчлөх ёстой, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой гэдэг байр сууриа олон хэвлэлээр илэрхийлсэн. Манай намын байр суурийг Ардын намын гар хөл болголоо гэж ярих хэрэггүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ:
-Ардын нам арай л дэндүү арчаагаа алдаад байгаа юм биш биз. ХҮН гар хөл болоод өнөөдөр дагздуулж байгаа юм биш биз. Үндсэн хуулийн цэц бол алиагаа алдсан хэдэн салбадай Монголын төрөөр тоглож байна. Үндсэн хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна гээд шийдвэр гаргачихлаа. Энэ бол цэвэр захиалга. Тэр цэцийн есөн салбадай Монгол Улсын бүх зүйлийг мэддэг болж байгаа юм байна л даа. Цэцийн дарга төрийн алба хаших нас нь өнгөрсөн, цэцийн гишүүд нь төмөр зүүгээд худалдагдсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өөрсдөө санаачлаад хий. ХҮН-аас эхлээд бусад алиа нь ордог юм байгаа биз.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:
-Хуулийн алдаатай асуудлаар байр сууриа илэрхийлмээр байна. Энд “хүчингүй болсонд тооцож нийтэд зарлан мэдээллэнэ” гэдгийг засахгүй бол болохгүй. Цэц хүчингүй болсон байхад бид санал хураагаад, нийтэд зарлах нь учир дутагдалтай. Герман болон бусад улсад хөндөж болохгүй заалт байдаг.
УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газарт орж ажиллах нь Үндсэн хуультай зөрчилдөөд байна гэдэгтэй би санал нийлэхгүй.
Цаашид Үндсэн хуулийн цэцийн сонгон шалгаруулалт, сонсголыг сайн хийдэг болох ёстой. УИХ-аар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилдог нь өөрөө давуу байдлыг илэрхийлж байгаа боловч УИХ-ын шийдвэрийг цэц хянан шийдвэрлэнэ.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:
-Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллагад хэн ч итгэхгүй. Хараат байдлаар шийдвэр гаргадаг болчихлоо. Гэтэл бид цэцийн шийдвэрийг хэлэлцэхгүй гээд зогсож байгаа нь буруу. Өнгөрсөн жилүүдэд Монголын төрийн цэц хямраасан. Цэцийг дураар нь дургиулахгүйн тулд Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хянахгүй гэж заасан байсныг цэц өөрөө хүчингүй болгосон. Ямар мундаг байгууллага вэ. Бид нартай ганц үг ярьсан юм уу. Би бол цэцийн шийдвэрт итгэхгүй.
Тиймээс цэцийн будлиан гаргадаг гишүүдээ ажлаас нь хал, огцруул. Үндсэн хуульд Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хянахгүй гэж оруулж өг.
Хоёрдугаарт, МАН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амжихгүй. Зөвхөн давхар дээлээ шийдээд явна гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ярьж байгаа юм бол нэг мөр өөрчлөлтөө яриад явах хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ганцхан давхар дээлээр хийнэ гэж байхгүй шүү. Үүн дээр би хатуу байр суурьтай зогсоно.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг агуулгынх нь хувьд хянахгүй гэдэг заалтаа оруулж өгмөөр байна. Харин процессийн хувьд хянах эрхийг цэцэд үлдээх хэрэгтэй. Миний хувьд цэцийн энэхүү дүгнэлтийг санал байна гэж ойлгох хэрэгтэй. Давхар дээлтэй байх уу үгүй юу гэдгээ бид одоо шийдээд, цаашид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг цэц хянаж болохгүй гэдэг босго тавих ёстой.
Сэтгэгдэл ( 0 )