Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулж боловсролын салбарт бугшаад буй олон асуудлыг цэгцлэх, өөрчлөн шинэчлэх тухай ажлууд яригдаж хэд хэдэн дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоох, зарим сургуулийг нэгтгэх дуулиан өрнөөд байгаа. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлж зарим мэдэгдлээ андуу ташаа өгсөн нь сургуулиудын удирдлага болон оюутнуудын унтуу, эргэлзээг төрүүлээд байгаа билээ. Тухайлбал өөр сургуулийн харьяанд нэгдсэн сургуулийг дампууруулсан мэтээр мэдээлсэн нь дараах будлианыг үүсгээд байгаа аж. Энэ талаар холбогдох сургуулийн удирдлагаас тодруулсан юм.
ӨДРИЙН АНГИД ЦӨӨХӨН ОЮУТАНТАЙ ГЭХ ШАЛТГААНААР ГАЗАРЧИН, УЗНАДС-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ
Манай улсад 147 мянган оюутан 88 их, дээд сургуульд суралцдагаас 14 их сургуульд 108 мянган оюутан суралцаж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай улс орон гэж байж болохгүй” хэмээн хатуухан дуугарч, шаардлага хангахгүй 13 дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг зогсоож байгаа талаар мэдээлсэн.
Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан дээд сургуулийн жагсаалтад Газарчин дээд сургууль, Зүүн хүрээ коллеж, Маргад дээд сургууль, Монголын менежмент, технологийн дээд сургууль, Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль, Номэра дээд сургууль, Рафлес ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль, Түшээ дээд сургууль, Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль, Улаанбаатар эрдэм их сургуулийн харьяа Эко Ази дээд сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль, Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль багтаж байгаа юм.
Үүнээс гадна 24 их, дээд сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн бөгөөд энэ хугацаанд чанарын шаардлага хангахгүй байвал үйл ажиллагааг нь зогсоохоор болсон байна. Салбарын сайд "Бидний баримтлах бодлого шаардлага хангасан их, дээд сургууль байх ёстой гэж бодож байгаа. Манай их, дээд сургуулиудын сул тал гэвэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдаагүй бодлого явуулдаг. 40 хүрэхгүй оюутантай их, дээд сургуультай улс орон гэж байхгүй. Эдгээр сургуульд сурч буй нэг ч оюутны эрх ашиг хөндөгдөхгүй. Янз бүрээр хэлж, дайрч эхэлж байх шиг байна. Надад ямар ч алга ташилт хэрэггүй. Ямар ч албан тушаалын амбиц байхгүй. Зүгээр л 30 жил төөрсөн их дээд боловсролын тогтолцоог зөв замд нь оруулах ганцхан зорилго буй" хэмээн байрь сууриа илэрхийлсэн.
Тэгвэл дампуурсан сургуулийн нэрсэд ороод байгаа зарим сургуулийн удирдлагаас байр суурийг нь тодрууллаа.
Түшээ дээд сургуулийг төлөөлж Идэр их сургуулийн захирал Д.Зоригт “Түшээ дээд сургууль нь Идэр их сургуультай өнгөрсөн онд нэгдэж 80 гаруй оюутнаа шилжүүлсэн. Мөн Далай ван дээд сургууль ч Идэр их сургуультай өнгөрсөн хавар нэгдсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл гурван сургууль нэгдсэн. Манайх нийтдээ 850 гаруй оюутантай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Хичээлийн байртай тохилог сургууль. Гэтэл дампуурсан сургуулийн жагсаалтад явж байгаа нь элсэгчдийн тоонд сөргөөр нөлөөлөх, оюутнуудын сэтгэл зүйд нөлөөлөх, сургуулийн нэр хүндэд халдсан хэрэг гэж бодож байна. Энэ талаар боловсролын сайд залруулга хийнэ байх гэж найдаж байна” гэлээ.
Газарчин дээд сургуулийг төлөөлж Сургалтын албаны дарга Н.Шинэбаяр “Манай сургуульд 520 гаруй оюутан суралцаж байсан. Өнгөрсөн хавар 261 оюутан төгссөн. Өөрийн гэсэн хичээлийн байртай эчнээгээр сургалтаа явуулдаг. Ер нь бол их, дээд сургуулиудын хамгийн эхний шаардлага нь өдрийн ангитай байх ёстой гэдэг л дээ. Манайд өдрийн ангид 40 орчим оюутан явдаг байсан. Боловсролын яаманд хүсэлт гаргасан боловч нэгэнт ийм шийдвэр гаргаад зарлачихсан юм чинь өөр аргагүй болж байх шиг байна” хэмээлээ.
Тэгвэл Монголын утга зохиолын салбарт үе үеийн зохиолч, найрагчид, сэтгүүлчдийг төрүүлсэн Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн төлөөлөл “Манай сургууль энэ сарын 19 хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан. Сайдын мэдэгдлээс хойш бид хүнд цохилтод орчихоод байгаа тул ярилцлага өгөх боломжгүй байна” гээд утсаа тасалсан юм. Ташрамд дурдахад эл сургууль 1994 онд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит эрдэмтэн зохиолч, хэл бичгийн ухааны доктор, профессор Ширсэдийн Цэнд-Аюушийн санал санаачилгаар “Утга Зохиолын Дээд Сургууль” гэдэг нэртэйгээр анх үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Тус сургууль нь одоогийн байдлаар 46 оюутантай, долоон багштай. Үндсэн багш байхгүй. Монгол хэлний багшийн анги нь сүүлийн гурван жил элсэгчгүй байгаа бөгөөд утга зохиолын анги нь гурван оюутантай, сэтгүүл зүй анги нь нэг оюутантай, сэтгэл судлалын дөрвөн оюутантай аж.
АРХАНГАЙ АЙМГИЙН БАГШИЙН СУРГУУЛЬ МУБИС-ИЙН ХАРЬЯАНД БАЙСАН ТУЛ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСЭН БАЙНА ГЭВ
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль /ШУТИС/, Монгол Улсын Их Сургууль /МУИС/, Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/, Монгол Улсын Боловсролын их сургууль /МУБИС/, Монгол Улсын Консерватор, Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Дотоод хэргийн их сургуулийн харьяанд нийт 20 их, дээд сургуулийг нэгтгэсэн хэмээн мэдээлсэн.
Тэгвэл тус 20 их сургуулийн зарим сургуулийн төлөөллөөс байр суурийг нь тодрууллаа. Завхан аймаг дахь Хөгжим, бүжгийн коллежийг энэ жилээс Монгол Улсын Консерваторын харьяанд шилжүүлж байгаа билээ. Тэгвэл тус Хөгжим, бүжгийн коллежийн захирал Ж.Ганхуягаас энэ талаар тодруулсан юм. Тэрбээр “Манай коллеж 1987 оноос 2010 он хүртэл Монгол Улсын Консерваторын харьяанд байсан. Харин 2010 оноос өнөөдрийг хүртэл СУИС-ийн харьяанд байлаа. Яамнаас манай коллежийг Монгол Улсын Консерваторийн харьяанд оруулж байгаа нь их шалтгаантай гэж бодож байна. Учир нь СУИС бол өөрөө санхүүждэг байгууллага. Манай байгууллага холбогдох яамнаас санхүүждэг. Тэгэхээр хэдий СУИС-ийн харьяа гэж явдаг байсан ч статусын хувьд хоёр өөр байсан гэсэн үг. Харин Монгол Улсын Консерватор болон манай коллежийн үйл ажиллагааны чиглэл ижил, мөн шаталсан тогтолцоотой байгууллага юм. Яамнаас бодлогоор хөдөө орон нутгийн коллежийг дэмжих зориулалттай хэмээн харж байгаа. Тиймээс энэ жилийн элсэлтээ СУИС-ийн бус Монгол Улсын Консерваторын харьяа Хөгжим бүжгийн коллеж хэмээх нэршлээр явна. Одоогоор албажуулсан тогтоол ирээгүй байна” гэлээ.
МУБИС-ийн харьяанд Архангай аймгийн Багшийн сургууль болон Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг нэгтгэсэн хэмээн мэдээлсэн. Тэгвэл Архангай аймгийн Багшийн сургуулиас энэ талаар тодруулахад “Манай сургууль 2010 онд МУБИС-ийн харьяанд нэгдсэн. Яамнаас олон нийтэд мэдээлсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхдээ манай сургуулийн нэрийг ч дурдсан. Буруу ташаа мэдээлэл олон нийтэд хүрсэн байна. Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль МУБИС-ийн харьяанд нэгдэж орсон юм билээ. Түүнээс биш манай сургууль харьяа сургууль нь болоод олон жил болсон. Сургуулийн зүгээс оюутнууд манай сургуулийг МУБИС-ийн харьяа сургууль гэдгийг мэдэх учраас олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэлд тайлбар өгөөгүй” гэсэн юм.
Тэгвэл МУИС-ийн харьяанд Худалдаа, аж үйлдвэрлэлийн их сургуулийг нэгтгэхээр болсон билээ. Энэ талаар тус сургуулийн сургалтын менежерээс тодруулахад “Бид баасан гарагт хэвлэлийн хурал хийнэ. Одоогоор яамнаас манай сургуульд ирүүлсэн албан тоот, тогтоол, шийдвэр байхгүй байна. Тиймээс төлөвлөгөөнийхөө дагуу оюутнуудаа элсүүлэн авч байгаа. Тогтоол шийдвэр ирсний дараа албан ёсоор мэдээлнэ. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
А.СҮЛЕНА, Н.АНУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
сайдын тушаал шийдвэрээ гаргаад зарлаач. дэмий шоу хийгээд байх юм