Украин улсын гурван боомтоор дамжуулан үр тарианы коридороор нийт нэг сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргаад байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Үр тариаг аюулгүй коридороор экспортлох санаачилга хэрэгжээд сар болж байна. Энэ хугацаанд Черноморск, Одесс, Южный боомтуудаас нийт нэг сая тонн үр тариа экспортод гаргаад байна гэж Зеленский тодруулжээ. Түүний хэлснээр, үр тарианы экспорт Украины иргэдэд олон зуун ажлын байр бий болгож байна.
Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акарын мэдээлснээр, Украины боомтуудаас 36 ачааны хөлөг онгоц гарч, 39 хөлөг ачаа тээвэрлэхээр Украины боомтуудыг зорьжээ. Түүний хэлснээр, одоогийн байдлаар ОХУ-ын тал Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоог усан замаар тээвэрлэх боломжийг НҮБ-тай хэлэлцэж байна.
Өнгөрсөн долоодугаар сарын 22-нд Истанбул хотноо дэлхийн зах зээлд хүнс, бордоо нийлүүлэх асуудлыг шийдвэрлэх зорилготой багц хэлэлцээр байгуулагдсан билээ. Истанбул хотноо байгуулагдсан ОХУ, Турк, Украин, НҮБ-ын дөрвөн талт зохицуулах төв зэвсгийн наймаа, өдөөн хатгалгаас урьдчилан сэргийлэх зорилгоор үр тариа ачсан хөлөг онгоцнуудад шалгалт хийдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )