Хятадын Коммунист намын ХХ их хурал энэ оны аравдугаар сарын 16-нд эхлэхээр болжээ.
Их хурлаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин /69 настай/ гурав дахь удаагаа улиран сонгогдох магадлалтай гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Их хуралд ХКН-ын 2300 орчим гишүүн оролцож, намын Төв хорооны 200 орчим гишүүнийг сонгоно. ХКН-ын Төв хороо одоогийн бүрэлдэхүүнээр аравдугаар сарын 9-нд сүүлийн хуралдаанаа хийж, улмаар Төв хорооны 25 гишүүн болон хамгийн хүчирхэг байгууллага болох байнгын хорооны долоон гишүүнийг сонгох юм.
”Ши Жиньпин гурав дахь удаагаа сонгогдвол гайхах зүйлгүй. Үүнийг эртнээс төлөвлөсөн гэж бодож байна” хэмээн Сингапурын Үндэсний их сургуулийн шинжээч Алфред Ву Мулуан онцолсон байна. Түүний үзэж буйгаар, ХКН-ын их хурлаар Ши Жиньпинийг “агуу их удирдагч” хэмээх хүндэт цолоор шагнах хүлээлт байна. Хамгийн сүүлд энэхүү цолоор удирдагч Мао Зэдүнийг өргөмжилдөг байжээ. Намын дээд удирдлагын бүрэлдэхүүнийг наймдугаар сард Бэйдахэ хотноо болсон ХКН-ын удирдагчдын нууц их хурлаар тогтсон байх учиртай гэж Ву тодруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )