Жил бүрийн хичээлийн шинэ жилээр төрийн гурван өндөрлөг аль нэг сургуулийг сонгон, нээлтийн арга хэмжээнд оролцдог. Өмнөх жилүүдийн хувьд аль болох хөл хөдөлгөөнийг хориглож, хүний харилцааг багасгах тактиктайгаар боловсролын салбар ажиллаж байсан бол энэ жил аливаа хязгаарлалт, хориггүй эхлүүллээ. Ингээд төрийн гурван өндөрлөг хаана ямар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон талаар онцолж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын их сургуулийн 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Ерөнхийлөгч ард түмнээ соён гэгээрүүлж, шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн үрийг тарин, эх орныхоо хөгжил дэвшлийн түүчээ болсон сургуулийн эрдэмтэн багш нарт талархал илэрхийлэв.
Мөн олон мянган сэхээтэн бэлтгэн, нийгмийн амьдралын салаа мөчир бүрд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг бодит ажил хэрэг болгохын зэрэгцээ төрийн бодлого, шийдвэрийг судалгаанд суурилсан, шинжлэх ухаанч байхад бүх талын дэмжлэг үзүүлж байгааг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын их сургууль байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны ихэнх салбар, анагаах ухаан, хөдөө аж ахуй, техник технологи, инженерийн зэрэг шинжлэх ухааны олон салбараар судалгаа, шинжилгээний ажлыг улсдаа анхлан эхлүүлж, шинжлэх ухааны сэтгэлгээг төлөвшүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны төв болон бэхжиж байгааг сургуулийн захирал, доктор Б.Очирхуяг хэлэв.
Тус сургууль 3,700 гаруй элсэгчээр эгнээгээ тэлж, 1,300 орчим багш, ажилтан, 20,000 гаруй оюутантайгаар 2022-2023 оны хичээлийн шинэ жилээ эхэллээ. 1942 онд байгуулагдсан сургуулиас тэргүүлэх зургаан их сургууль салбарлан гарч, 100,000 гаруй төгсөгчтэй болоод байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.09.01/ Монгол Улсын ууган сургуулиудын нэг болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.
Нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар багш, сурагчид, эцэг эхчүүдэд хандаж Ардын засагтай эн чацуу улсын анхны сургуулиудын нэг болох 3 дугаар сургуулийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна хэмээгээд УИХ Боловсролын багц хуулиудыг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын хувьд гурван санаачилга дэвшүүлж, та бүхнээр хэлэлцүүлэн саналыг нь авахаар өнөөдрийн нээлтэд оролцож байгаагаа онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Нэгдүгээрт цэрэг, иргэний хамгаалалтын хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулахаар хэлэлцэж байна. Үүнд багш, эцэг, эхчүүд, сурагч та бүхэн саналаа өгвөл сайн байна.
Хоёрдугаарт, бид Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран өнөөдрөөс эхлэн “Өсвөрийн парламент” уралдааныг зарлаж байна. Та бүхэн мөн энэ уралдаанд идэвхтэй оролцохыг хүсье. УИХ-аас ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг түшиглэн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Энэ төслийн гол зорилго нь хүүхэд багачуудад хүний эрхийн мэдлэг, ардчиллын болон Үндсэн хуулийн боловсрол олгоход чиглэгдэнэ. Залуус багачуудад багаар ажиллах, манлайлах ур чадвар суулгаж, иргэний нийгэм, иргэний боловсролыг төлөвшүүлэхэд төслийн гол зорилго оршиж байгаа.
Гуравдугаарт, Технологийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед УИХ-аас “D-PARLIAMENT” төслийг хэрэгжүүлж байна. Та бүхэн гар утаснаасаа УИХ-ын бүх үйл ажиллагаатай танилцах боломжтой. Хэлэлцэж буй хууль тогтоомжийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлж болно. Төрийн үйл ажиллагаанд шууд оролцож болно гэсэн үг юм. Боловсролын багц хуулиуд хэлэлцэж байгаа энэ үед хууль тогтоох үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байхыг уриалж байна гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ хичээлийн жилийн нээлтийг Баянзүрх дүүргийн төрийн бус өмчийн “Нарны үрс” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж эхлүүллээ. Тэрбээр эрдэмтэн мэргэн багш нартаа, эрдмийн их аянд шамдаж буй оюутан, сурагч, багачууддаа 2022-2023 оны шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэж сурлага, хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсэв.
Ингэхдээ “Шууд ардчиллын хэлбэрээр үзэл, бодлоо илэрхийлэн жагссан залууст талархаж байна. Залуусын тайван жагсаалын үр дүнд УИХ 200 тэрбум төгрөгийг шууд батлах боломжийг Засгийн газарт олгосон. Жагсаал болсон өдөр Засгийн газар хуралдан, төсвийн тодотголыг өргөн барьж, гурван том шаардлагыг хүргүүлсэн. Эхний шаардлага нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой асуудал байсан. Хоёр дахь нь Хөгжлийн банкны авлигалтай холбоотой удааширч байгаа асуудлыг хурдасгах шаардлага байлаа. Одоо Хөгжлийн банкны 500 орчим тэрбум төгрөг чанаргүй зээл төлөгдөж, дампуурах эрсдпээс гарч чадсан. Гурав дахь шаардлага нь төрийн хэмнэлт буюу 30 жил богширсон тогтолцоог шийдэх асуудал байсан. Үндсэн хуультай холбоотой нэмэлт өөрчлөлтүүд, засаглалын хэлбэрээ тодорхой болгох, анхан, дунд шатанд байгаа асуудлууд, зарим албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа асуудлууд 30 жил богширч байгаа тогтолцоог өөрчлөх хүсэл эрмэлзэл байгаа. Нэг зуны дотор бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй ч цаашдаа шийдэж чадна гэсэн итгэл үнэмшил байна. Өмнө нь би ордон дотор хүчин мөхөсдвөл ард түмнээсээ тусламж хүснэ гэж байсан, ямартаа ч одоо чадахаараа зүтгээд явж байгаа. Цаашдаа хурдтайгаар цахим формууд хийгдэнэ. Ард түмэндээ цахим гарын үсэгтэй болоорой гэж уриалмаар байна. Энэ бол авлигатай тэмцэхэд иргэн таны оруулж байгаа хамгийн том хувь нэмэр” гэв.
Сэтгэгдэл ( 0 )