Нэн ховор амьтны жагсаалтад багтсан хулан агнасан хэргийг илрүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Ховор амьтны жагсаалтад багтсан хулан агнасан хэрэг Дорноговь аймагт гарсныг илрүүлжээ.

Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 1-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус суманд оршин суух 40 настай эрэгтэй “Э” нь ховордсон амьтан болох нэг тооны хуланг агнасан байжээ. 

Улмаар есдүгээр сарын 2-ны өдөр Сайншанд сумын нутаг дэвсгэрт худалдан борлуулж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Дээрх үйлдэлд Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хулан адуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Ховор амьтны жагсаалтад багтсан амьтан юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг Цагдаагийн ерөнхий газраас уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top