Олборлолтын улмаас эвдэгдсэн 4362 га талбайд нөхөн сэргээлт хийлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 03

Экологийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдэж доройтсон, нийт 30 гаруй мянган га талбайг олж, тогтоон 820 га талбайд биологийн, 3542 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг буруутай этгээдүүдээр хийж гүйцэтгүүллээ.

Мөн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй 11 аймгийн 16 газрыг тодорхойлон, түр ажиллагаатай хяналтын цэгийг ажиллуулснаар Улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 7.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Дашрамд дурдахад, манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж олборлолт, ашиглалтын технологийн онцлог, дэд бүтцийн байгууламжийг харилцан уялдаатай төлөвлөөгүйгээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажил хоцрогдож, хүрээлэн байгаа орчинд ихээхэн хохирол учрах болсон. Хүний буруутай үйл ажиллагааны улмаас сүүлийн жилүүдэд манай орны өндөр уулын мөнх цас, мөсөн голын усны нөөц багасаж, 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртөж, томоохон төв суурин газруудын ундны усны нөөц шавхагдах зэрэг бодит аюул тулгарч байгаа талаар мэргэжлийн байгууллагууд судалгаа гаргасан байдаг. 

Иймд, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тавдугаар хэсгийн 5.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газартай хамтран уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, эзэнгүй орхигдсон талбайг нөхөн сэргээх, дээрх газруудад тодорхой үе, шаттайгаар нөхөн сэргээлт хийж нөхөн сэргээлтийн хэмжээг нэмэгдүүлэх “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдээр шаардлагатай бусад газруудад дүйцүүлэн хамгааллын хүрээнд нөхөн сэргээлт хийлгэх ажил уг арга хэмжээгээр албажин хэрэгжиж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top