Хохирогчоо биед нь хүрэлгүй хөнөөдөг Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ЦУВРАЛ АЛУУРЧИН

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

 

Ким Сун Жа хэмээх эмэгтэй Өмнөд Солонгосын хамгийн сүүлийн цаазын ял авсан хэрэгтнүүдийн нэг. Жирийн нэг гэрийн эзэгтэй хэрхэн цуврал алчуурчин болж, цаазын ял сонсох болов? Энэ бүх зүйлийн үндэс нь түүний шунал байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг ажээ. 

1939 онд төрсөн Ким Сун Жа гурван хүүхдийн ээжийн хувиар эгэл жирийн амьдралаар амьдарч байсан нэгэн. Нөхөр нь ганцаараа ажиллаж гэр бүлээ тэжээдэг байсан бөгөөд түүний цалин хаанаа ч хүрэлцдэггүй байв. Ким Сун Жагийн танилуудын хэлснээр тэрээр мөрийтэй тоглоомонд донтсон нэгэн байжээ. Мөн кабарет үзэх дуртай байсан бөгөөд санхүүгийн байдал нь хүслийг нь гүйцээх хэмжээнд хүрэхгүй байсан тул гэмт хэрэг үйлдэж эхэлсэн байна. 

 

 

1986-1988 оны хооронд Ким Сун Жа олон нийтийн газар таван хүний аминд хүрчээ. Түүний анхны хохирогч Ким Ги Хуан хэмээх түүний найз эмэгтэй байжээ. Халуун усны газарт хамтдаа усанд орсны дараа хувцас солих өрөөнд байх үедээ тэрээр хохирогчид амин дэм өгчээ. Удалгүй хохирогчийн бие тавгүйрхэж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд удалгүй нас барсан аж. 

Тухайн үед задлан шинжилгээ хийх хориотой байсан учир хэргийн нарийн учрыг тайлж чадаагүй байна. Цагдаа нар хохирогчийн биед байсан үнэт эдлэлүүд алга болсныг анзаарсан ч нотлох баримт байхгүй учир энэ хэрэг хаагджээ. 

 

 

Энэ маягаар бусдын уух зүйлд хор хийн амийг нь хөнөөдөг байсан бөгөөд түүний хохирогчид дунд төрсөн аав, дүү нь хүртэл байсан гэдэг. Тэрээр бусдаас мөнгө зээлж авдаг байсан ба өрөө өгөхгүйн тулд ийнхүү цааш харуулдаг байсан аж. 

Түүний хамгийн сүүлийн хохирогч нь болох Сон Ши Вон түүний үеэл байжээ. Энэ удаад түүний гэр бүлийнхэн хохирогчид задлан шинжилгээ хийхийг зөвшөөрсөн бөгөөд биеэс нь цианид илэрсэн байна. 

 

 

Үүний дараа цагдаа нар дээрх хохирогчдод мөн задлан шинжилгээ хийсэн бөгөөд бүгд цианидын хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогджээ. Энэ нь түүнийг баривчлахад хангалттай нотлох баримт болж байгаа хэдий ч илүү баттай болгохын тулд гэрт нь нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн явцад хохирогчдоос авсан үнэт эдлэл, бэлэн мөнгө болон цианид олдсон нь түүнийг дээрх цуврал аллагын буруутан гэдгийг нотлоход хангалттай баримт болжээ. 

Ким Сун Жа дээрх гэмт хэрэгт буруугүй хэмээн мэдүүлж байсан ч дээд шүүхээс 1989 онд түүнд цаазаар авах ял оноосон юм. Түүнийг 1997 оны аравдугаар сард Дэжон шоронд цаазалжээ. Тухайн өдөр улсын хэмжээнд нийт 23 гэмт хэрэгтнийг цаазаар авсан бөгөөд энэ нь тус улсын хамгийн сүүлд гүйцэтгэсэн цаазын ял байсан юм

 

Top