Хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл гэх ойлголт бидэнд холын зүйл мэт сонсогддог байсан ч тэр цаг үе ард өнгөрчээ. Өдрөөс өдөрт өргөжин тэлэх энэ салбар нь өдгөө олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Учир нь сүүлийн жилүүдэд гарааны бизнес эрхлэгчид, үйлдвэрүүд хөрөнгө татан төвлөрүүлэхийн тулд хувьцаагаа олон нийтэд нээлттэй гаргах болсонтой холбоотой. Түүгээр ч зогсохгүй системийн нөлөө бүхий таван том банк олон нийтэд нээлттэй хувьцаа гаргах болсон нь ч нөлөө үзүүлсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Харин хамгийн гол нөлөө үзүүлсэн хүчин зүйлс нь цар тахал болон криптод суурилсан санхүүгийн бүтээгдэхүүнүүд юм. Тэгвэл өнөөдрийн дугаартаа хөрөнгийн зах зээл, түүний талаарх мэдээлэл иргэдийн дунд ямар байгаа талаар сурвалжлан хүргэж байна.
БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛД 1.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ БҮРТГЭЖЭЭ
Иргэн Г.Батболд Ард аппликейшнийг ашиглан хөрөнгийн зах зээлд оролцдог ажээ. Тэрбээр таван компанид хувьцаа эзэмшдэг бөгөөд нийт 870 мянган төгрөгөөр хөрөнгө оруулсан байна. Тухайн компаниудын талаарх мэдээ мэдээллийг цахим хуудсаар нь авдгаас хэтэрдэггүй гэдгээ хуваалцсан юм. Яагаад тус компаниудын хувьцааг эзэмшихээр шийдсэн талаар лавлахад “Тухайн компаниуд ирээдүйд амжилттай байна гэж боддог. Эдийн засгийн мэдлэг дутмагаас гадна ямар компанийн хувьцааг худалдаж авахаа бодож, судалсан. Гэхдээ судлах үйл явц нь төвөгтэй байлаа. Хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй, хэт их мэдээлэл дунд төөрсөн л дөө. Одоо ч судалсаар л байна. Ямартай ч арилжааны зах зээлийг судлахад хугацаа их шаардах учраас хувьцаа аваад арилжиж үзэх нь нэн тэргүүнд хийх зүйл мэт санагдсан. Хэрэв өөрөө арилжаанд оролцож чадахгүй бол мэргэжлийн хүмүүст нь хандана даа” хэмээв. Тэрбээр цар тахлын жилүүдэд койн сонирхож, арилжсан байна. Койноос төдийлөн ашиг олоогүй ч энэ намар ханш нь өсөх хүлээлттэй байгаа учраас койноо худалдаалаагүй ажээ.
Тэрбээр манай улсын 2.44 сая хөрөнгө оруулагчдын нэг юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хөрөнгийн зах зээлд 6508 шинэ данс, 21.4 мянган холболтын дансыг нээснээр нийт нээсэн дансны тоо 2.435.229 болсон байна.
Олон төрлийн тоон мэдээллийг дурдахаас урьтаж, хөрөнгийн зах зээлийн талаарх багахан тайлбарыг хүргэе. Социалист системийн үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан манай улс ардчилсан системтэй болсноор эдийн засгийн чөлөөт зах зээлтэй болсон билээ. Социалист системийн цаг үед Улсын төлөвлөгөөний комиссоос иргэдийг юуг хэрэглэх, үйлдвэрлэх, хэчнээн тоогоор борлуулах гэх мэтийг баталдаг байжээ. Харин чөлөөт зах зээл сонголт болон итгэлцэлд суурилдаг. Товчхондоо нэг талаас эрэлт, нөгөө талаас нийлүүлт бий болж, энэхүү хоёр ойлголтын хамтын талбар нь зах зээл юм. Эрэлт, нийлүүлэлт бол бүхэлдээ сонголт билээ.
Тэгэхээр санхүүжилт шаардлагатай бүлэг болон санхүүжүүлэх сонирхол бүхий бүлгийн хамтын талбарыг санхүүгийн зах зээл хэмээн ойлгож болно. Санхүүгийн зах зээл бол зах юм. Зах нь худалдаачин, худалдан авагч, бүтээгдэхүүнээс бүрддэг. Үүний адил санхүүгийн зах зээлийн зах нь хөрөнгийн бирж юм. Худалдаачин хэсэг нь санхүүжилт хүсэж буй үйлдвэр, компани, Засгийн газар бол худалдан авагч нь хөрөнгө оруулагч гэсэн үг. Тэгвэл хөрөнгийн бирж гэх захад хувьцаа, бондоос гадна өөр бүтээгдэхүүнүүд байдгийг хөрөнгө оруулагчид төдийлөн мэддэггүй. Хөрөнгийн биржийн гол бүтээгдэхүүн нь хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон хамтын хөрөнгө оруулалтын сан юм.
Зах нь бусдаас хямд үнэ бүхий олон сонголттой бараа, дурын хүн үйлчлүүлэх боломжтой газар. Гэтэл Улсын их дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүр гэх мэт дийлэнх бараа бүтээгдэхүүнийх нь үнэ өндөр ханштай газраас нийгмийн олонх хэсэг бүтээгдэхүүн худалдан авдаггүй. Дээрх газруудаар гол төлөв зорилтот хэсэг бүлэг үйлчлүүлдэг гэсэн үг. Үүний адил хөрөнгийн зах зээлд зах буюу хөрөнгийн бирж байгаа бол нөгөө талд биржийн бус зах зээл буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчдын талбар байдаг.
Биржийн бус зах зээлийг өнгөрсөн оны есдүгээр сарын 7-нд эхлүүлсэн. Тус зах зээлд шууд оролцогчдын тоо 27 болсон байна. Нийт 65 үнэт цаас гаргагчийн 1.1 их наяд төгрөгийн 175 өрийн хэрэгслийг бүртгэсэн байна. Үүнээс 700 орчим тэрбум төгрөгийг компаниуд амжилттайгаар татан төвлөрүүлжээ. Түүнээс гадна банкуудын жигнэсэн дундаж хадгаламжийн хүү 9.1 хувь, зээлийн хүү 15.3 хувьтай байгаа юм. Харин биржийн бус зах зээлийн хүү 10.4-15.9 хувьтай байна. Одоогоор биржийн болон биржийн бус гэсэн хоёр зах зээл байгаа юм.
ХАГАС ЖИЛИЙН ХУГАЦААНД 275.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖАА ХИЙЖЭЭ
Хөрөнгийн зах зээлд энэ оны эхний хагас жилийн байдлаар 275.9 тэрбум төгрөгийн арилжааны гүйлгээ хийсэн байна. Үүнээс 101.9 тэрбум төгрөг нь компанийн бондын арилжаа, 113.7 тэрбум төгрөгийг хувьцааны гүйлгээний дүн эзэлж байгаа ажээ. Харин хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 58 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын санд 2.3 тэрбум төгрөгийн гүйлгээний дүнтэй байгаа юм. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ эхний хагас жилийн байдлаар 1.03 тэрбум буюу 27.2 хувиар өссөн байна.
Санхүүгийн зах зээлийн том тоглогчдын нэг бол банк бус санхүүгийн байгууллага юм. Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгийн хэмжээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 4.7 саяд хүрсэн юм. Өнгөрсөн оны эхний хагас жилд 84.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан тус салбар энэ оны эхний хагаст 149.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ нь 1.76 дахин өссөн үзүүлэлт юм.
Үүний шалтгаан нь финтекийн үйлчилгээ. Иргэдэд финтекийн үйлчилгээ үзүүлдэг банк бус санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх нь цаг хугацаа, орон зай хамаардаггүй давуу талтай ажээ. Мөн зээлийн дундаж хэмжээ нь бага буюу 275 мянган төгрөг байдаг аж. Банк бус санхүүгийн байгууллагаар үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдийн 80 орчим хувь нь финтекийн зээлдэгч юм байна. Тиймээс л эрэлт хэрэгцээ нь буурахгүй байгаа банк бус санхүүгийн байгууллагууд хувьцаагаа олон нийтэд гаргаж эхэлсэн. Жишээ нь, ЛэндМН, Сэндли гэх мэтээр дурдаж болно.
Энэ орны эхний хагас жилийн байдлаар шинээр болон нэмж хувьцаа гаргах долоон компанийн 46.7 тэрбум төгрөгийн хувьцааг бүртгэснээс таван компани нь 26.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээ амжилттай татан төвлөрүүлсэн ажээ. Мөн системийн таван банк IPO гаргах, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй гурван ангилал бүхий 178 хувьцаат компанийн биржийн арилжаа, хязгаарлагдмал хариуцлагат компаниуд хувьцаат компани болохоор бэлдэж байгаа гэх мэтээр хөрөнгийн зах зээл өргөжин тэлж байна. Хөрөнгийн зах зээлд энэ мэтээр нийлүүлэлт их байгаа боловч эрэлт буюу хөрөнгө оруулагчид дутагдалтай байгаа юм.
Л.ГАНБОЛД: ДОТООДЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХУВЬЦААГ АРИЛЖАХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАСАН
Социалист нийгмээс ардчилсан нийгэм рүү шилжих үед өмч хувьчлах ажил өрнөсөн байдаг. Иргэдийг хөрөнгийн зах зээлийн ойлголтгүй үед эрхийн бичиг тараасан нь богино хугацаанд хувийн хэвшил, компаниудыг бий болгож чадсан юм. Гэвч 2.5 сая иргэнд тараасан Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн баялгийн хуваарилалт иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг өгч чадаагүй.
Тодруулбал, Засгийн газраас 2012 онд Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн юм. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон. Тухайн үед Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлсэн байдаг. Тэгвэл 1072 хувьцааны ногдол ашиг болон хоёрдогч арилжаатай холбоотой асуудлаар Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн Үнэт цаас, санхүүжилтийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Л.Ганболдоос тодруулсан юм.
-2.5 сая иргэнд хувьцаа олгосон. Өнөөдрийн байдлаар бүх иргэн хувьцаатай хэвээр байгаа юу. Тухайн үед сургалтын зардал, даатгал, халамж зэрэг үйлчилгээ авбал хувьцаанаас хасагдаж байсан шүү дээ?
-Улс орны стратегийн чухал ач холбогдол бүхий Таван толгойн нүүрсний ордыг үр ашигтай ашиглах замаар улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих, Монгол Улсын иргэн Аж ахуйн нэгж байгууллагуудад хишиг хувь хүртээх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39, Засгийн газрын 2011 оны 98 тоот тогтоол болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн хувьцааг Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, түүнчлэн тусгай шаардлага хангасан үндэсний Аж ахуйн нэгж байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах тухай шийдвэрийг гаргасан билээ.
Дээрх Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолуудаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн иргэдэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв компани /ҮЦТТТХТ ХХК/-иас энэ оны байдлаар гаргасан судалгааны дагуу Эрдэнэс Таван толгой хувьцаат компанийн нийт хувьцааны 14.75 хувь буюу 2,213,060,522 ширхэг хувьцааг манай улсын нийт хүн амын 77.5 хувь буюу 2.511.332 иргэн, 486 аж ахуйн нэгж байгууллага 0.05 хувийг тус тус эзэмшиж байна. Өмнө нь тухай үеийн Засгийн газрын шийдвэрээр сургалтын төлбөр болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт ЭТТ 1072 хувьцаанаас тодорхой хэсгийг хасаж, суутган, төр худалдаж авсан.
-Ногдол ашиг олголтын талаар мэдээлэл өгөхгүй юү. Дараагийн ногдол ашгийг хэдий үеэр өгөх төлөвтэй байгаа вэ?
-Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна хэмээн Компанийн тухай хуульд заасан байдаг. Хуулийн энэ хугацаанд ТУЗ болон Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж, 2021 оны цэвэр ашгаас ногдлол ашиг хуваарилахгүй байх шийдвэр гаргасан. Компани Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт гэсэн хоёр чиглэлийн төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн төслөөс эхлээд улс орны хэмжээний болон компанийн хөгжилд чухал ач холбогдол бүхий олон том төслүүд хэрэгжүүлж байгаа учир ийм шийдвэр гаргасан. Энэ оны ашгаас ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэр ирэх 2023 оны эхээр гарна гэсэн үг.
-Нэгж хувьцааны үнийг хэдээр үнэлж байгаа вэ. Анх олгосноос хойш нэгж хувьцааны үнэд өөрчлөлт орсон уу?
-Улсын Их Хурлын 2010 оны 39 болон 2011 оны 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоо гаргасан Засгийн газрын 2012 оны 181 тоот тогтоолд Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөгөөр тогтоосон байдаг. ҮЦТТТХТ компаниас өнгөрсөн сарын байдлаар гаргасан судалгааны дагуу Эрдэнэс Таван Толгой хувьцаат компанийн нийт 14.0 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий /хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөгөөр тооцоход/ 15 тэрбум ширхэг хувьцааг олон нийтэд олгосон юм. Үнийн дүнд өөрчлөлт ороогүй.
-Эрдэнэс Тавантолгой компанийн иргэдэд олгосон хувьцааг зах зээлийн эргэлтэд оруулах уу. Одоогоор зогсонги байдалтай байна. Арилжаалах боломж яагаад үүсэхгүй байна вэ?
-Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн хувьд олон улсын зах зээлд IPO гаргахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллаж ирсэн. Гэвч Засгийн газрын шийдвэрээр энэ ажил хойшилсон. Дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцааг арилжих бэлтгэлийг ч мөн хангасан. Хувьцаа эзэмшигчид эцсийн шийдвэрийг гаргана.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n