НҮБ энэ сарын 17-нд бага, дунд орлоготой орнуудад зориулсан олон улсын боловсролын санхүүжилтийн хэрэгслийг эхлүүлсэн бөгөөд эдгээр орнуудын залуучууд, өсвөр үеийнхэнд боловсролын санхүүжилт олгох зорилт тавьжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн өдөр НҮБ-ын Олон улсын боловсролын тусгай элч, Их Британийн ерөнхий сайд асан Гордон Брауны хамт НҮБ-ын төв байрт хэвлэлийн бага хурал хийсэн. Гордон Браун мөн өдөр Антонио Гутерришт олон улсын боловсролын санхүүжүүлтийн хэрэгслийг байгуулах дүрмийг өргөн дэвшүүлжээ.
Антонио Гутерриш сурвалжлагчид хэлэхдээ: КОВИД-19 цар тахал дэгдсэнээс хойш маш олон орон боловсролын зарлагаа багасгасан, гэтэл боловсрол бол энх тайван, хөгжил цэцэглэлт, нийгмийн амгалан тайван байдлын чухал хүчин зүйл, боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг багасгах нь илүү ноцтой хямралыг дагуулах юм. Маш олон хөгжиж буй орнуудад боловсролын талаар тулгам дэмжлэг туслалцаа шаардагдаж байна, олон улсын боловсролын санхүүжилтийн хэрэгслийг яг үүний төлөө байгуулж байгаа бөгөөд бага, дунд орлоготой орнуудын залуучууд, өсвөр үеийнхэн, түүнчлэн гэр оронгүй болсон дүрвэгч хүүхдүүд бол туслалцаа үзүүлэх гол зорилтууд юм гэжээ.
Гордон Браун хэлэхдээ: Эдүгээ дэлхийд олон зуун сая залуучууд, хүүхдүүд боловсролын асуудалд тулгарч байна. Олон улсын боловсролын санхүүжилтийн хэрэгслийг эхлүүлэх хөрөнгө 2 тэрбум ам.доллар бөгөөд эцэстээ санхүүжилтийн цар хүрээ 10 тэрбум ам.долларт хүрнэ. Энэ нь одоог хүртэлх олон улсын хамгийн томоохон боловсролын дан санхүүжилт юм гэжээ.
Олон улсын боловсролын санхүүжилтийн хэрэгсэл нь шууд хандив туслалцаа олгох, санхүүжилтийг батлан даах хэлбэрийг хэрэглэх бөгөөд эхний төслийг 2023 онд хэрэгжүүлж эхлэх төлөвтэйг эх сурвалжид мэдээлжээ.
Эх сурвалж: Mongol.cri.cn
Сэтгэгдэл ( 0 )