Ж.Ганбаатар: Монгол Улсын нутаг дэвсгэрийн 76%-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Эрдэс баялгийн салбарын “Mongolian Mining Week 2022" арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уул уурхайн салбарын эдийн засаг дахь нөлөөлөл, өгөөжийг тогтвортой өсөлттэй байлгахын тулд хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлэх шаардлагатайг салбарынхан хэлж байна.

2008 онд нийт тусгай зөшөөрлийн 79 хувь  нь хайгуулынх  байсан бол 2022 оны байдлаар 66 хувь нь ашиглалтын тусгай зөвшөөрөл  болж өөрчлөгджээ. Сүүлийн 10 жилд хайгуулын талбайн хэмжээ Өмнөговьд 10 дахин, Говь-Алтайд 4-5 дахин, Ховдод 3 дахин, Төв аймагт 2.5 дахин хумигдсан аж. 

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувьд нь ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байдаг гэдгийг салбарын сайд тодотгосон. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар уг арга хэмжээнд оролцон хэлсэн үгэндээ " Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ХАЙГУУЛ-ОЛБОРЛОЛТ-БОЛОВСРУУЛАЛТ-БОРЛУУЛАЛТ-ХУВААРИЛАЛТ-ын зарчимд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлж, энэ хүрээндээ хариуцлагатай уул уурхайг дэмжих, хууль дээдэлдэг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах, хувийн хэвшилд боломж, итгэл өгч хариуцлагыг өндөржүүлэн хамтран ажиллах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээг чиглүүлэн ажиллах болно гэлээ.

Мөн эрдэс баялгийн салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа 3 гол хүчин зүйлийг "ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо багасаж байгаа, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл буурч хөрөнгө оруулагчид нэмэгдэхгүй байгаа, салбарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц эсэргүүцэл нэмэгдэж нөгөө талдаа хууль бус олборлолт, хариуцлагагүй уул уурхай байсаар байгаа явдал хэмээн тодорхойлоод энэхүү асуудлыг шийдвэрлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлж, чуулга уулзалтад оролцогчдоос эдгээр тулгамдсан асуудлаа хамтран тодорхойлж, хэлэлцэж, гарц шийдэл эрэлхийлсэн бүтээлч, санал санаачилгууд гарна гэдэгт итгэлтэй  байгаагаа илэрхийлсэн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top