2022.09.09. Хоёр долоо хоногийн өмнөх энэ өдөр "Фантастик" продакшныхан "ЗУРА 2- Цурам ажиллагаа" киногоо нээж байлаа. Эл уран бүтээл үзэгчдийн хүртээл болсон цагаасаа хойш кино сонирхогчид, судлаачдын дунд халуухан сэдэв болж байна. Зарим үзэгчид кинонд "онц" дүн тавьж байгаа бол зарим нь их хүлээлтийн ард сэтгэл дундуур үлдсэн талаарх бүтээлч шүүмжийг цахим хуудсаар дамжуулан хуваалцаж байна.
Ингээд "ЗУРА 2 - ЦУРАМ АЖИЛЛАГАА" киноны талаарх үзэгчид, судлаачдын олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн шүүмжийг цувралаар хүргэж байна. Эцэст нь уншигч та киног үзээд, өөрийн дүнг тавих биз.
КИНОНЫ ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
ШҮҮМЖ - 2
ШИНЭ ХУУЧНЫГ ХУТГАСАН ХОЛИМОГ ХУУРГА
Фантастик продакшны шинэхэн бүтээл Зура “Цурам ажиллагаа” киноны нээлтийн үзвэрийг үзэх боломж гарлаа. Монгол уран бүтээлчдийн өмнөх бүтээлүүдтэй харьцуулахадд дэвшилттэй тал олон ажиглагдсан ч эргэлзээтэй, шүүмжлэх зүйлс цөөнгүй байлаа. Хамгийн гачлантай нь бид бие биенийгээ хөөргөж оскарын зэрэгт хүрчихлээ гэж магтахдаа дэндүү сайн. Кино дуусахад танхим бүтэлдээ босож алга ташсан нь Фантастикийнханд улам илүүг бүтээх урам өгөх ч гэлээ нөгөө талдаа пялдага магтаал ихдээд хоолой дээр тагларч хахах вий дээ гэдгээс болгоомжилмоор. Тиймээс танилын нүүр дулаан нтр гэж худал инээмсэглэн тэвэрч шүлсдэлгүйгээр сэтгэгдлээ хуваалцъя гэж бодлоо. Үнэн үг шар тос гэдэг байх аа
Киноны зураг авалт, тулааны хэсгүүд, жүжиглэлтийн тал дээр магтах зүйл олон байлаа.
Өмнө нь Монголд туршигдаж байгаагүй зураг авалтын техник, камерын хөдөлгөөн, ур чадвараа сольсон үзэгдлүүдийг багтааасан нь браво. Мөн Хятад хэл дээрх хэсгүүдэд унаган Хятад хэлтэй жүжигчид, дуу оруулагчдыг оролцуулсан нь үнэмшилтэй, уран сонсогдож байв.
Гэвч кино зохиол, харилцан яриа сулхан бичигдсэн нь дээр дурдсан шигтгээнүүд бүрэн гялалзах боломжийг хязгаарлалаа.
Кино зохиолыг бичсэн найруулагч Б.Тамир тагнуулын ажиллагааны талаарх зохиолоо үнэмшилтэй болгохын тулд эдийн засгийн бодлого, харилцааны стратеги зэрэг хэт нарийн түвэгтэй, макро сэдвүүдийг хамруулан бичжээ. Ингэхдээ ойрын хугацаанд болсон үйл явдлуудаас санаа авч улс хоорондын харилцааны маш эмзэг, торгон сэдвүүдийг дэндүү өнгөцхөн тайлбарлаж, хэт нэг талаас гүехэн дүгнэж кинондоо дүрсэлсэн нь үзэгчдэд маш буруу ойлголт өгөхөөр. Олонхын дунд байдаг алдаатай оноотой хэвшмэл ойлголт, цуу яриаг дүрсжүүлэн харуулсан гэмээр. Энэ нь мэдээж өмнөд хөршид дургүйцэгчид, улс төрчдөд урам хугарсан үзэгчдэд таалагдана, бүр алга ташмаар санагдана, гэхдээ ойлголтыг нь сайжруулахгүй. Яагаад гэдэг асуултад илүү чанартай хариулттай үлдэхгүй, ердөө л муухай хүмүүсийг ёстой муухайгаар сайхан харуулжээ гэсэн сэтгэгдэлтэй л үлдэнэ. Зохиолыг бичихдээ өөрийн судалсан хүрээнд, үйл явдлын түвшинд деталчлах сонголт хийсэн бол кино бүхэлдээ илүү нягт чанартай болох байлаа.
Үүний дээр зохиол хэлэх гэсэн гол санаандаа төвлөрөлгүй хэт олон санааг богино хугацаанд багтаах гэж оролдлоо.
Монгол кино бүрт эхийн хайр, эх орон, харийн түрэмгийлэгч, нөхөрлөлийн үнэ цэн, хүчирхийлэл, зовлонт бүсгүй, аавын сургамж агуулагдах ёстой мэтээр өнгөрөгч 20 жилд залхтал давтагдсан энэ сэдвүүдийг нэг аяганд хийгээд хутгажээ. Үүний гайгаар эхлэл хэсэг сулавтар болсон нь гарт удирдлага байсан бол эхний 30 минутад сувгаа сольчихмоор санагдуулна. Азаар кино сулхан эхлээд дунд хэсгээс онцын шаардлагагүй сэдвүүдээс хөндийрч зохиолын ерөнхий шугамдаа орсноор зохиолоор ямар утга илэрхийлэх гэсэн нь баримжаалагдаж эхлэв. Гэвч өнөөх л эхийн хайр, эх орон, хүүгийн сэтгэл зэрэг улиг болсон сэдвүүдийг сануулах гэсний гайгаар кино зохиол оргил цэгтээ хүрээд төгсөлгүй дахин сунжирлаа.
Мөн зохиолд хэт олон санаа агуулагдсаны хэрээр хэт олон дүртэй болжээ.
Хугацаа бага ногдохын хирээр олон дүрийн аль нь ч гүн сэтгэгдэл төрүүлсэнгүй, аль нь онцгой өөрийн ертөнцтэй хүн гэдэг нь мэдрэгдсэнгүй. Олон, өнгөц, өмнөх кинонуудынхаас онцын ялгагдахааргүй сүрэг дүр үүсэв. Монолог, бусдад хэлэх үг, тоглолтоос нь үзэгч дүрийг ойлгож, хэрэв үхвэл нулимс унагах түвшинд дотносдог. Гэвч 2000-аад оноос хойших кинонуудад байнга ажиглагддаг хуурамч харилцан яриа кинондоо орох гэхээр л чихрүү алгадаад авах шиг хэцүү байв. "Тэр чинь бидний нэг шүү дээ", тэр одоо яана аа, "ТЭР" гэх дүр харилцан яриа нь бодит амьдралд ашиглагддаг үгсээс хэт хол театрын тайз эсвэл модон орчуулгатай гадаад киноноос л харагдах хэллэгүүд.
Харин зураг авалтын тухайд олон ахиц гарчээ.
Дрон, кран ашигласан хурдтай зураг авалтууд, нэг камераар дагасан хөдөлгөөн нь үйл явдлын дунд орсон мэт мэдрэмжийг өгч чадлаа. Өнгөний тохиргоог ч чанартай гүйцэтгэжээ. Энэ нь үзэгдлүүдийг үзэмжтэй харагдуулах ч ЭНЭ ҮЗЭГДЭЛ ШААРДЛАГАТАЙ БАЙСАН УУ? гэх асуулт гарч ирж байлаа. Зарим үзэгдэл зохиолд огт хэрэгцээгүй бөгөөд зүгээр л бид ийм зураг авалт хийж чаддаг болсон гэдгийг харуулахын тулд оруулсан мэт. Нөгөө талдаа холливудын киноноос харж өссөн үзэгдлүүдийг Монголчууд хийж чаддаг болсныг харах кайфтай ч юм шиг.
Тулааны хэсгүүдийн тухайд найруулга нь Азийн кинонуудаас дутахааргүй сайн болжээ.
Алсдаа дараа дараагийн кинондоо тулааны аргачлалыг бага зэрэг Монголжуу болгоод өөрчлөөд явбал гоё санагдлаа. Цөм цохихгүй, кунфу маягтай зодоон яалтчгүй Хятад, Солонгос кино санагдуулсан. Цохилтыг нь бага зэрэг жинтэй, яг нэг манайхны зодолддог шиг болгоод өөрчилчихвөл бүр л гоё болно байх.
Товчхондоо дэвшлээр дүүрэн ч дэвших шаардлага дахиад байгааг харуулсан олон орны киноны элемент, олон үеийн, олон санааг нэг дор цуглуулсан өөрийн дүр төрхөө хараахан олоогүй ХОЛИМОГ ХУУРГА болжээ. Холимог хуурга ихэнх хүн таалагдана, гэдэс дүүргэнэ, харин дараа нь юу идсэнээ л ойлгохгүй үлдэх болов уу.
Сэтгэгдэл ( 1 )
бүр яг голыг нь олоод дүгнэжээ