ЗУРА 2 ба ШҮҮМЖ I Зохиолчгүй, бас зүтгэсээр л...

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22


2022.09.09. Хоёр долоо хоногийн өмнөх энэ өдөр "Фантастик" продакшныхан "ЗУРА 2- Цурам ажиллагаа" киногоо нээж байлаа. Эл уран бүтээл үзэгчдийн хүртээл болсон цагаасаа хойш кино сонирхогчид, судлаачдын дунд халуухан сэдэв болж байна. Зарим үзэгчид кинонд "онц" дүн тавьж байгаа бол зарим нь их хүлээлтийн ард сэтгэл дундуур үлдсэн талаарх бүтээлч шүүмжийг цахим хуудсаар дамжуулан хуваалцаж байна. 

Ингээд "ЗУРА 2 - ЦУРАМ АЖИЛЛАГАА" киноны талаарх үзэгчид, судлаачдын олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн шүүмжийг цувралаар хүргэж байна. Эцэст нь уншигч та киног үзээд, өөрийн дүнг тавих биз.

КИНОНЫ ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
 

  • "Фантастик" продакшны 15 дахь уран бүтээл
  • "Гэмт хэрэгт, тулаант төрлийн кино
  • Найруулагч - Б. Тамир
  • Зохиолч - Б. Тамир, Б. Саруулбуян
  • Гол дүрд - Ж. Алтаншагай, Б. Барслагва, Б. Ганчулуун, Ш. Доржсүрэн, С. Болд-эрдэнэ, С. Ариунбямба
  • Үргэлжлэх хугацаа - 148 минут

ШҮҮМЖ - 1

ЗОХИОЛЧГҮЙ, БАС ЗҮТГЭСЭЭР Л

Гүнболд Дуламсүрэн

Зура төсөл өөрөө анхнаасаа гурван ангит /миний ойлгосноор/ юм байна гэдгийг мэдэж авлаа. Ийм том төслийг анхнаас нь цогц төлөвлөсөн нь сайшаалтай бөгөөд үргэлжлүүлж нэмж хийсэн биш гэдэг нь маш чухал ойлголт юм. Кино зохиолын үндсэн санаа, үзэл тод ойлгомжтой ч хэлэх санаа нь төөрөгдүүлэм, ер нь ч төөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд, манай найруулагч, жүжигчид өөрсдөө кино зохиолоо бичих нь маш учир дутагдалтай болгодог хэмээн боддог. Сайн судалгаа хийсэн гэх боловч дутуу дулимаг, ул суурь муутай зөвхөн өөрсдийн найруулах, тоглох талаас нь илүү харж бичдэг нь ч сул тал байж мэдэх юм. Сайн сцен, гоё план бүхнийг нийлүүлээд гоё болчихдог гэсэн реклам, клип бүтээгч нарын бодол нь олон кино болж буй нь биднийг энд хүргэсэн байх.

Манайхан, киночид ч гэлтгүй урлагийнхан маш бага уншдаг, энэ нь бүтээлүүдээс нь ил тод харагддаг. Номын дуу сонсож, суралцан буй ахуйдаа сургалт судалгаанд ашиглаж байсан эртний болон дэлхийн хэдэн сонгодгуудыг “сайтар хуулах”-ыг хичээдэгтэй нь ч холбоотой биз. Энд нөгөө “Кино бол соён гэгээрүүлэх үүрэгтэй” гэх үзлийг дэмжигчидэд бол үзэгчдийн тархийг нь жинхэнэ угааж алс хол руу, бүүр ч их аюул руу түлхэх үзэл санаа бат шингэсэн харагдана. Үүнд төслийнхөн буруугүй гэж бас огт болохгүй юм.

Өнөөх л хуурай, наалддаггүй текст, диалоги үе, үе хямрааж, хиймэл болгон харагдуулж байсныг нуух хэрэггүй. Мэдээж дэвшилтэт, маш таалагдсан зүйл бол зарим үед оновчтой энгийн үгс, хараал, дуу алдалт хэмээх чөлөөт хэллэг илүү их ашигласан нь амьд бас модон жүжигчилсэн тоглолтоос гаргаж үзэгчдийг илүү кино дотор оруулж буй нь таатай байсан. Үзэгчид үүнийг л хүсдэг, амьдралгүй зүйл биш харин амьдрал мэт киног харж уурлаж бухимдаж, бахархаж хайрладаг. Үйл явдлын дараалал, холбоос маш сайн байсан ч хэрэггүй хэт уянгалал, заавал хамаатуулах улайрал нь бас зохиолын дутуу ажиллагаа, хөгжүүлэлт мэт сул, дутагдалтай санагдсан. Өрнөл бүрийг дуусгах, кинон доторх кино харагдалгүй... нийтээр нь эхлүүлж дуусгах гээд байгаа нь таалагдсангүй. Бас тэд өнөөх үргэлж гаргадаг алдаагаа энэ удаа ч давтсан нь “үнэхээр” гоё санаагаа хөгжүүлж, хүүрнэж байснаа төгсгөж чаддаггүй нь, зохиолчийн хэрэгцээ энэ зах зээлд зайлшгүй бий гэдгийг дахин сануулав. Дүрүүдийг танилцуулах, үйл явдлын эхлэл нь маш сайн ч гэнэт л тэд алга болж, заримдаа шаардлагагүй мэт болох нь ч бүүр хачирхалтай. Харамсмаар байсан. Асуудлын цөм нь бэлээхэн байхад түүнийг тойрсон үйл явдлын бүтэц дээр илүү нухацтай ажиллах байсан. Зарим үед хэт тайлбарлана, одоо үзэгчид тайлбар үзэх их дургүй болсон. Энэ нь кинонд хайран цаг хугацаа юм. Харин тодорхойлох зүйлс дээр мартсан нь үйл явдлын замбараа дараалал алдагдсан мэт санагдуулах ч энэ бол зөвхөн динамик холбоосны алдаа юм.
 


Эвлүүлэг дээр бага цаг зарцуулсан, эсвэл хэт төөрсөн байж болох. Учир нь “Таван цаг шахуу дүрс дээр ажиллаж 2 цаг 30 минутын кино та бүхэнд хүрсэн” гэх юм билээ. Харин өрнөл, хурдтай үйл явдал нь үзэгчийг хэзээ ч уйдаахгүй, хором алдах аваас та ямар нэгэн зүйлээс хоцрохыг тулган шаардуулан буй нь таалагдсан. Илэрхийлэгдэм хэт нуршилгүй, тайлал төгсгөлгүй өрнөлтэй, чадварлаг шилжилтүүд нь Монгол кинонд өөрийн эрхгүй үгүйлэгдэж байсныг хэлэх нь зүйтэй байх. Өмнөх нэгдүгээр ангид гарсан мэргэжлийн “хуульчийн” алдаа нь шүүмжлэл дагуулж байсан ч агуулга, харагдуулах хэлбэр нь давгүй болсон нь харин яг тэр хэвээрээ давтагджээ. Тусгай албаны онцлог дээр ажиглагдана. Энэ нь тодорхой хүрээний учир мэдэх хүмүүст л харагдах асуудал биш байх. Мэргэжлийн хандлага, харьцаа, үйлдэл бүхэн албажуулсан байдалд илэрдэг юм. Энгийн алдаа киног бүхэлд нь их муухай харагдуулдаг. Мөн Нийгмийг аюулаас хамгаалах яамны цэргийн дүрэмт хувцасны ялгарал алга байсан нь нарийн судалгааг бас л дутуу орхигдуулсны нэг хэлбэр юм. Магадгүй санхүүгийн асуудал ч байсан байж болох талтай. Гэвч асар их хөдөлмөр, өндөр төсөвтэй бүтсэн кинонд байж боломгүй зүйл. Жүжигчид бүгд сайн байсан ч дүрийн хөгжүүлэлт, текст нь сул байснаас гэнэт алга болох, шал өөр чиг хандлага илэрхийлэх, саармагжилт их байсан. Тусгай бэлтгэгдсэн залуу тушаал зөрчиж гүйх нь бүүр ойлгомжгүй санагдах, түүнийг хэт сулруулж үзэгчдэд өшиглүүлэх нь ямар учиртай гэдгийг ч ойлгоогүй болно.
 


Харин сүүлийн хэдэн жил Монгол киноноос хэзээ ийм сэтгэл хангалуун гарч ирж байснаа санахгүй юм. Надад хангалттай сайн байсан. Бүхий л дүрийн сонголтууд дээр маш сайн. Зөвхөн өөрсдөө “фантастик продакшн” биш гаднаас дүрдээ оновчтой сонголт хийж, шилдэг жүжигчдийг урин тоглуулжээ. Миний хэд хэдэн дүрээр нь ажиглах болсон гялтганан гялалзаж, ирээдүйд тод гэрэлтэх залуу жүжигчин Б.Балжинням гэх залуу маш чадварлаг, мэдрэмжтэйгээ бас л энэ кинонд харууллаа. Залуус ч гэлтгүй ах нар ч өндөр зэрэглэл гэдгийг хамтдаа, утгаар нь гаргаж байсан нь Ш.Доржсүрэн жүжигчин юм. С.Ариунбямба гэдэг жүжигчин, түүний дүрийн талаар ярих зүйл үнэндээ олдохгүй байна. Авьяас, мэдрэмжийн ордонд төрчихсөн жүжигчин гэдгээ дахин тунхаглав. Ямар ч дүр дээр “За ах нь гусаад хаячихъя” гэдэггүй үргэлж маш нямбай, цэмцгэр ажилладаг мэргэжлийн хандлагатай хүн. Энэ киног заавал үзэх ёстой шалтгааны нэг нь энэ дүр юм. Жүжигчин С.Болд-Эрдэнэ өмнөх ЗУРА-1 анги дээрх дээрэнгүй, бардам дүр зэвүүн инээд, хорон санаа, хоржоонтой үг нь багасаж, улс төрийн тойргоос энэ удаа гаргагдсан ч тэрээр дахин гарч ирнэ, үүнийгээ ч тод зарлан тунхаглаж алмайруулна. Хачин гэмээр цочирдом нэг сонин нь түүний бүхий л тайз дэлгэцийн дүр, тоглолтыг биширдэг хүний хувьд, энэ удаа бидний дээд түвшний жүжигчин маань анх удаа хамтрагчдаа дарагдахыг харсан тохиолдол байлаа. Тэр нь Малайзын жүжигчин Leung Choi хэмээгч. Маш сайн сонголт. Жүжигчин С.Болд-Эрдэнэ тэр хоёрын харилцааны хэсэг бол маш тансаг мэдрэмж төрүүлнэ. Улаан гар охид, бүсгүйчүүдийн сэтгэлийг ч машид татаж байлаа. Тоглолт нь чамин байсан. Энд том ялгаа ажиглагдана. Харамсалтай нь түүнийг маш амархан, гунигтай энгийнээр “хэтэрхий хямд” киног дуусгасан нь өнөөх л зохиолын алдаа. Хэмнэл алдалт юм. Түүгээр ч зогсгохгүй маш тасархай, товч танилцуулга, сонин содон, бахдам гарч ирсэн Б.Барслхагва /Галзуу Ганаа/ ч сүүлдээ хаана юу хийж байгаа нь үл мэдэгдэхээр бүдгэрэн бүдгэрэх нь амтгүй санагдсан. Санаанд хүрсэн сөрөг дүрийг жүжигчин Б.Барслхагва тод томруун нь мэдрүүлнэ. Гэтэл гэнэт л түүнийг бүдгэрүүлнэ, бүдгэрүүлээгүй бол олон залуусыг оргилуулах Галзуу Ганаа нь дүр, тоглолт, стиль бол гайхалтай байсан. Жүжигчдийн тоглолтыг төгс гайхалтай болгон дүрийг илүү тодруулж байсан дуу шуум, хэмнэл, зураглаачийн ажил гайхалтай сайн байсан. Манай кинонуудын дуу шуум нэг л болж өгдөггүй сул талтай. Харин энэ удаа хангалттай мэргэжлийн цогц ажил болсон байлаа. Зураглаач өөрийн шилдэг ажлаа танилцуулсанд баярлалаа.

“Гэнэтийн өсөлт, хөгжил бол хий хоосон хөөс биш, харин тухайн салбар олон арван жилийн турш тасралтгүй хөгжиж ирсний үр дүн юм".

Олныг хуйлруулж буй Солонгос кинонуудыг өмнө нь дэлхий, Холливууд хэзээ ч тулаант кино хийж чадахгүй хэмээн тохуу хийж байсан цаг саяхан. Харин тэд 1999 онд “Шири” хэмээх нэгэн кино хийж, энэ нь маш их амжилт дагуулсан шинэ салхи байсан юм. Энэ шинэ салхи хэдхэн жилийн дараа бүхний эргэлзээг тайлж, одоо ямартай ч Азийг бүрэн байлдан дагуулаад байна. Уг кино нь тухайн үед том зориг, жинхэнэ эхлэл байсан бөгөөд алдаатай ч анхны амжилттай алхам болж үлдсэн билээ. Одоо тэд тулалдаж ч чаддаг, уйлуулж ч, ухааруулж ч чаддаг болсон. Нэг л өдөр бүхнийг хийчихдэггүй юм.

Яг л ийм үйл явцыг “Фантастик продакшн” эхлүүлж Монголын кино урлагийн шатыг ахиулсан, ер нь л бүтээл бүхнээрээ ахиулах гэж оролддог. Хэд хэдэн шатны дараа хүссэн бүхэн бий гэдэгт чинь итгэлтэй байна.
 


Тэд зарим алдаатайгаа хамт, бас ч гэж хаяж, суралцаж, байнга л урагшилж, өсөж явна. Өмнө нь байгаагүй тулаан, техник технологи, ур чадвар бүгдийг цогцлоосон байна. Монгол кинонд тулаан гарахаар үнэндээ ичиж, хавталздаг үе байлаа. Одоо тэр мэдрэмжээ баяртай гэж хэлэх цаг иржээ.

Тусгайлан чадварлаг байсан жүжигчин Ц.Номинд баяр хүргэе. Энэ том төслийн нэг гол хөдөлгөгч нь тулааны найруулагч бөгөөд яалт ч үгүй хамтран ажилласан, дэлхийн дэлгэцнээ өөрсдийгөө таниулж чадсан “Mongol stunt” багийн залуус юм. Олон жилийн нөр хөдөлмөр, тэмцэл, тэсвэр хатуужил, сэтгэл зүрх, авьяас чадварын зүтгэл нь дэлхийн олон том төслүүдэд ажиллах, эх орондоо ч сайхан уран бүтээл хийх, нэгэн том шат ахиулсан байна. Маш хүнд, онцлогтой мэргэжилд нь амжилт хүсэж, халуун алга ташилтаар босон хүндэтгэл үзүүлж, бахархах сэтгэл төрж байна. Тулаан нь бодит тулаан байсан бөгөөд зөвхөн техникээр шийддэг, олон тасалж эвлүүлсэн дүрсээр нүд өвтгөхгүй нь сайхан мэдрэмж төрүүлсэн. Мэдээж хурд, хүч харуулсан авто машинтай хэсэг дээр хоцролт, дутмаг зүйлс байсан. Энэ нь санхүүтэй ч шууд холбогдох асуудал юм. Гэвч хийсэн, цаашид дадлагажих илүү түвшинд очих нь эргэлзээгүй юм. Ер нь бол техникийн хоцролтыг арилгах, шинэ бүхнийг ашиглах тал дээр илүү их ажилласан нь агшин бүрээр мэдрэгдэж, хүрч байлаа. Төслийнхөн туршлага хуримтлуулж, ашиглаж болох аргууд ч хайж буй мэт зарим үед санагдсан. Таатай санагдах нэг зүйл нь өнгө, план тавилт нь нүд өвтгөхгүй, ядраахгүй эсвэл зөрөхгүй ямар нэгэн өө сэвгүй маш тухтай нь мэргэжлийн хэмжээнд зорьж тэмүүлсний нь илэрхийлэл.

Хөгжим нь харин яагаад ч юм “Маш нууц” кинотой ижилхэн санагдсан бөгөөд эсвэл бидний дотор “эх оронч сэтгэхүй” нэг л хэмнэлд баригддаг юм болов уу хэмээн гайхширал тэврүүлж орхив. Тийм дээ ч төгсгөлийн хэт сунжруу эх орны тухай уянгалсан нь үзэгчдийг хадууруулан туйлшруулчих вий, хуучинсаг баатарлаг, эх оронч үзлээр өдөөгдөх вий хэмээх айдсыг дагуулсан юм. Учир нь үзэгчид кино бүтээгчдээ үргэлж шүүмжилдэг ч өөрсдөө бас хоцронгуй, соц нийгмийн сэтгэлгээ нь бүрэн арилаагүй байгаа нь илт анзаарагдсан. Хятадын тагнуулын даргын хүчтэй сөрөг дүр нь маш сулбагараар үхэхэд би “Илүү хурц, хүчтэй хийхгүй дээ” хэмээн харамсаж байхад олонх алга ташин баярлаж, үндэстнээр нь үзэн ядах сэтгэл нь дэвэрч буцалж байх жишээтэй. Энэ бол буруу хандлага санагдана.

Аль ч улсын кино сөрөг дүрээ хүчтэй хүйтэн харуулахын тулд улс төрийн хаагдмал улс орныг төлөөлүүлдэг нь тухайн улсыг биш, үзэл баримтлалыг буруутгах, мөн түүнтэй нийлсэн өөрийн урвагчидтайгаа тэмцэх, нийгмээсээ дайснаа зөв сонгох аргачлалаар зөөлрүүлдэг зарчимтай. Иргэдийг нь биш илүү системийг нь, түүнээс үүссэн асуудлын тээгчийн гаргасан үйлдлийг нь түлхүү тулган гаргадаг учиртай. Энэ нь үзэгчдэд ч зөв тусдаг уламжлалтай. Алдаа хаана гэдгийг нь зөв харах л үлдсэн байх. Одоо бол та бүхэн харин өөр, өөрийнхөөрөө үзэж тунгаах хэрэгтэй болов уу...

Нэмж хэлэхэд Монгол кино гэж нийтлэг хэллэгээр бус бид зөвхөн найруулагчаар ярьж, хэлэх цаг болжээ. Дэлхийн бүхий л кино найруулагчаараа явж, түүний сэтгэлгээний мэдрэмжийг нь харах гэж мөнгөө төлж үздэг, харин Америк, Монгол л кино хэмээн мөнгө төлдөггүй байх. Энэ чинь үзэл суртлын үе биш, таалал нь таных учир ямар найруулагч дахин кино хийх боломжийг нь үзэгч та олгодог ийм л амархан зах зээл юм. Найруулагч бүхэн өөрийн арга барил, харах өнцөгтэй түүгээрээ л кино хийдэг. Тэр нь тодорхой хүрээнд таалагдаж, тэр чиглэлийн хүмүүс л үздэг. Харин түүнийг хүлээж авдаггүй хүмүүс нь зүгээр л хажуугаар нь өнгөрч өөрийн сонирхлын найруулагчийн киног сонгох нь чухал. Бүгд Квентин Трантино болон түүний “нил цус”-анд дуртай биш шүү дээ.

Миний хувьд төлсөн мөнгөндөө харамсахгүй кино байлаа. Сүүлд нь кино багийнханд нэмж хэлэхэд “Зура-3 төслийн ажилдаа хурдан орох болжээ” гэмээр байна. Харин үзэгч бүсгүйчүүдэд хэлэхэд дараагийн анги дээр Баяраа, Тамираа, Алдараа гурав бужигнуулах нь тодорхой болсон шүү. Өөрийн минь хувьд С.Болд-Эрдэнэ ах маань хэрхэн эргэж ирэх нь хүлээлт юм даа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(213.48.71.188) 2022 оны 09 сарын 22

хэтрүүлэг ихтэй сунжирсан ихэнх ионгол киног бодвол их зүгээр кино бна лээ

0  |  0
Close menu