Уул уурхайн салбарын аль ч шатанд иргэдийн оролцоог хангадаггүй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Эрдэс баялгийн салбарын “Mongolian Mining Week 2022" арга хэмжээ энэ долоо хоногийн турш зохион байгуулагдлаа. Уг салбарын хамгийн  их анхаарал татсан,  гарц шийдэл хүлээсэн гол  асуудлуудын нэг нь  орон нутгийн  иргэдийн эсэргүүцэл байдаг.

Түүнчлэн "Mongolian Mining Week 2022" арга хэмжээний хүрээнд  орон нутагт болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад үүссэн хүндрэл бэрхшээлийг харилцан ярилцаж, түүнээс гарах гарц шийдлийг эрэлхийлсэн “Хариуцлагатай уул уурхай ба Орон нутаг” бага хурал болсон юм.

АМГТГ-ын Хайгуул ашиглалтын газрын дарга С.Энхболд “2005 онд манай улсын тусгай зөвшөөрлийн тоо 5,913 байсан бол 2022 онд 2,564 болж 2.5 дахин буурсан. Харин нутаг дэвсгэрт эзлэх хувь 2005 онд 44.7 хувь байсан бол 2022 онд 3.9 хувь болж 11.5 дахин буурлаа. Мөн байгаль орчны нөхөн сэргээлт болон нөхөн сэргээлтэд зарцуулж байгаа хөрөнгө жилээс жилд өсөж, өдгөө 34.2 тэрбум төгрөг болсон” гэсэн юм.

Мөн Экологийн цагдаагийн албаны дэд бөгөөд Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар “Хууль бус олборлолт” сэдвээр тавьсан илтгэлдээ уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүд орон нутгийн малчин, иргэдтэй бүрэн ойлголцоогүйгээс болж эсэргүүцэлтэй тулгардаг. Уул уурхайн компаниудын гаргадаг нийтлэг алдаа нь сум, орон нутгийн Засаг даргатай нь уулзаж, танайд ганц цэцэрлэг барьж өгье гэдэг байдлаар хэлэлцээ хийгээд газрыг нь ухаж, гол усных нь голдирлыг өөрчлөөд эхэлдэг. Иргэд, малчид мэдээлэлтэй, уул уурхайн  компани ямар бүтээн байгуулалт хийх юм, ямар ажил хаана хийх, байгаль орчны нөхөн сэргээлт хийх үү, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөлөөллийг хэрхэн бууруулах юм, орон нутагт ямар өгөөжтэй байх юм гэх мэт мэдээллийг нээлттэй өгөх хэрэгтэй. Мэдээлэлтэй иргэд уул уурхайн бүхий л түвшний ажиллагааг ойлгоно гэсэн юм.

Монголын уул уурхайн үндэсний ассациоцын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Монголын уул уурхайн үндэсний ассациоци нь байгуулагдсан цагаасаа хариуцлагатай уул уурхайг орон нутгуудад хэвшүүлэх зорилготой ажилласан. Хариуцлагатай уул уурхай гэж улс орны хөгжилд нэмэртэй, ард түмний амьдралд тустай, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хохиролгүй байхыг хэлнэ. Энэ нь уул уурхай эхэлснээс авхуулаад, дуусах хүртэл хийх олон талын цогц арга хэмжээг хэлнэ. Энэ онд “Хариуцлагатай уул уурхай хөтөлбөр”-т 22 компани хамрагдаад байна гэлээ.

Панел хэлэлцүүлэгт орон нутгийн малчдын төлөөлөл, Өмнөговь аймгийн Баяндалай сумын малчин С.Энхбаяр оролцож уул уурхайн компаниуд болон малчдын эсэргүүцэл, хариуцлагагүй уул уурхайн шалтгаан зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Монголын уул уурхайн салбарт иргэдийн оролцоо байдаггүйгээс хаа сайгүй хариуцлагагүй байдал газар авсан. Тэр тусмаа уул уурхайн салбарын аль ч шатанд иргэдийнхээ оролцоог хангадаггүй. Иргэдээ сонсдоггүй, оролцоог нь хангадаггүй, бүрэн мэдээлэл өгдөггүй хандлагаас болж хууль бус үйл ажиллагаа гаарч, хариуцлагагүй уул уурхайн асуудал газар авсаар байна гэсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(66.181.189.140) 2022 оны 10 сарын 21

ногоон болохгүй бол энэ салбарт мөнхийн уналт иржээ

0  |  0
Говийн хүн(202.9.40.188) 2022 оны 09 сарын 24

Нутагтаа амьдрах боломжгүй болж, уугуул нутгаасаа хөөгдөж байгаа хүмүүс үгээ хэлэхээр урвагч, сүйтгэгч нэр өгч, барьж хорих харгис бодлогоо зогсоо.

0  |  0
Top