БНСУ-ын Дэжон хотын төвд байрлах худалдааны төвд гал гарсны улмаас 2 хүн нас барж, 1 хүн гэмтэж, 4 хүн сураггүй алга болжээ.
Hyundai Premium Outlet дэлгүүрт өнөөдөр өглөөний 7:45 цагт гал гарч эхэлсэн тухай албаныхан мэдээллээ. 50 болон 30 насны хоёр эрэгтэй шархатсан байдалтай олдон эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан байна.
Одоогоор дөрвөн хүн сураггүй алга болоод байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Тус дэлгүүрт байсан иргэд болон ойролцоох барилгад байсан 110 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Худалдааны төв хараахан үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байсан учир ойр орчимд үйлчлүүлэгчид байгаагүй гэнэ.
Худалдааны төвд гарсан галыг унтраахаар нийт 126 гаруй албан хаагч, 40 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Дэлгүүрийн газар доорх ачаа тээвэрлэх хэсэгт их хэмжээний цаасан хайрцаг шатсаны улмаас үзэгчдэх орчин хязгаарлагдаж, эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэл учирч байгаа аж.
Албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар газар доорх зогсоолд байсан цахилгаан машин дэлбэрсний улмаас гал гарсан байж болзошгүй хэмээх дүгнэлт гараад байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )