Эрхүүд буудуулсан цэрэг татлагын даргын бие ХҮНД БАЙНА

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27


ОХУ-ын Эрхүү мужийн Усть-Илимскт хотод өчигдөр өглөө /2022.09.26/ 08:00 цаг орчимд 25 настай залуу цэрэг татлагын газар зургаан удаа гал нээсэн билээ.

Оросын Телеграм сувгуудын мэдээлж буйгаар 25 настай Руслан Зинин гэх залуу Усть-Илимскт хотын цэрэг татлагын комиссын дарга Александр Елисеев рүү зургаан удаа бууджээ. Цэрэг татлагын комиссын дарга мэс заслын дараа сэхээнд байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байгаа талаар эмч нар мэдээлсэн байна.

Гал нээсэн залуу цэрэг татлагын комиссын байр руу орж ирээд “Хэн ч дайтахгүй” гэж хэлээд зургаан удаа буудсан талаар гэрчүүд ярьжээ. Залуу мөн “Одоо бүгд гэр гэр рүүгээ явна” гэж хэлж байсан гэнэ.
 

Өөрийгөө ажилгүй гэж мэдүүлсэн Руслан Зининийг байцаалтын дараа сэтгэцийн эмчийн үзлэгт оруулжээ. Тэрбээр хэсэгчилсэн дайчилгаанд татагдсан хүмүүсийн дунд багтаж байсан эсэх талаар албаныхан мэдээлэл өгөөгүй байна.

Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев “Гэмт хэрэгтнийг заавал шийтгэх болно. Бид нэгдмэл байх ёстой цаг үед ийм явдал болсон нь ичгүүртэй байна. Бие биетэйгээ биш бодит аюул заналын эсрэг тэмцэх ёстой. Аюулгүй байдлын арга хэмжээг чангатгах тушаал гаргасан. Та бүхнээс тайван байхыг хүсэж байна” гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top