ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас хэсэгчилсэн дайчилгаанд эмэгтэйчүүдийг татахгүй гэж батлан мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамнаас “ОХУ-ын Зэвсэгт хүчин нөөцөнд байгаа иргэдийг хэсэгчилсэн дайчилгаанд татах ажлын хүрээнд эмэгтэйчүүдийг цэргийн албанд татахгүй. Цаашид ч тийм төлөвлөгөө байхгүй” гэж мэдэгдсэн байна.
Мөн “Энэ нь гэр бүлийн байдал, хүүхэдтэй эсэх, хувийн бусад нөхцөл байдлаас үл хамааран бүх эмэгтэй иргэдэд хамаарна” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Ерөнхийлөгч Владимир Путин ерөнхий прокурорт дайчилгааны бүх арга хэмжээг хуулийн хүрээнд байгаа эсэхийг хянахыг даалгасан" гэж мэдэгдсэн билээ. Иргэд хэсэгчилсэн дайчилгааны нөхцөл байдлын улмаас Москвагаар явахад айдастай байна гэх асуудалд тэрбээр "Москвагаар явахаас айх хэрэггүй. Дайчилгаатай холбоотой бүх зүйл хуулийн дагуу явах ёстой тул албадах зэрэг асуудал гарвал ерөнхий прокурорт хандах хэрэгтэй" гэсэн юм.
Тэгвэл өнөө өглөө /2022.10.18/ Москвад хэсэгчилсэн дайчилгаа дууссан талаар мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )