Энэ оны есдүгээр сард бие давхар эмэгтэй нэр бүхий хувийн эмнэлэгт “Озон” эмчилгээ хийлгэсний улмаас нас барсан тухай Zindaa.mn мэдээлсэн.
Талийгаач “Озон” эмчилгээ хийлгэж байхдаа амьсгал хураасан бөгөөд жирэмсэн эхийн гэдэс хэмжээнээсээ хэт томорч, хэвлий хийгээр дүүрсэн байсан тухай мэдээлэл бий.
Дээрх эмчилгээг хийхдээ дусал тарианы натрийг тусгай хийгээр озонжуулж, арьс салстын гадуур болон судас, шулуун гэдсээр хүний биед оруулдаг байна.
Харин талийгаач эмэгтэйд “Озон” эмчилгээ хийхдээ урагт хүчилтөрөгч өгөх зорилгоор үтрээгээр хийсний улмаас талийгаачийн уушгины артерд бөглөрөл үүссэн гэх мэдээлэл байна. Улмаар талийгаачийг Яаралтай түргэн тусламжаар ЭХЭМҮТ-д хүргэсэн боловч зүрх нь хэдийн зогссон байжээ.
Энэ хэрэг гарснаас хойш тус эмнэлэг хаагдсан гэх боловч эмнэлгийнхээ нэрийг өөрчлөн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр хөөцөлдөж байгаа гэх албан бус мэдээ байна. Учир нь талийгаач нь тус эмнэлгийн удирдлагатай ойрын хамаатан байсан бөгөөд хуулийн байгууллагад гомдол, санал гаргалгүйгээр орхисон юм байна.
Гаднын ихэнх орнуудад “Озон” эмчилгээг хуулиар хориглож, шинжлэх ухаанаар батлагдаагүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй эмчилгээ гэж үздэг аж. Тухайлбал, АНУ-ын Эм, хүнсний агентлагаас "Озоны хийг ямар ч төлөв байдлаар эмчилгээнд болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болохгүй гэж зөвлөдөг ба энэ эмчилгээ нь уушги, амьсгалын зам, бусад салстыг цочроон гэмтээж, хавагнуулах, зүрхний үйл ажиллагаанд нөлөөлдөг. Цаашлаад хүний амь насанд аюултай" гэж онцолсон байдаг.
Гэвч манай улсад эсрэгээрээ дээрх эмчилгээ газар авч, хувийн эмнэлгүүд бүгд ил, далд хэлбэрээр үйлчилгээндээ нэвтрүүлсэн нь олон хүний амь насанд заналхийлж байна.
Хувийн эмнэлгүүд, тэр дундаа арьс гоо заслын төвүүд, сошиалд олон дагагчтай инфлүнсэр гэгдэх эмэгтэйчүүд “Озон” эмчилгээг эрүүл мэндэд тустай, зайлшгүй байх ёстой эмчилгээ хэмээн олон нийтэд буруу ташаа мэдээлэл тарааж, нэг курс эмчилгээг 650-850 мянган төгрөгөөр үнэлэн, өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулсан бизнесийг цэцэглүүлсээр байгаа нь харамсалтай.
Гэвч нүдэн дээр өрнөж буй энэ асуудлыг Монголын хүн амын эрүүл мэндийг бодлогын хүрээнд хамгаалах үүрэгтэй Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, эдгээрт хяналт тавих чиг үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын газар таг дуугүй суусаар байна.
Эрүүл мэндийн яамны зүгээс арга хэмжээ авах нь байтугай “Хувийн эмнэлэгт гарсан хэрэг бидэнд хамааралгүй, тухайн эмнэлгийн хариуцлагын асуудал. Харин “Озон” эмчилгээний талаар албан ёсны стандарт, баталсан зүйл байхгүй нь үнэн. Зөвшөөрөл ч олгодоггүй. Тиймээс хувийн эмнэлгүүд дур мэдэн хийж болохгүй гэсэн үг. Олон улсын болон Монгол Улсын эмнэлзүйн удирдамжид байдаггүй эмчилгээ. Хувийн эмнэлгүүдэд хууль зөрчсөн ийм үйлчилгээ үзүүлж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих үүрэгтэй” гэсэн тайлбар өгч байгаа юм.
Харин Мэргэжлийн хяналтын байгууллага нь “Манайх коронавирусний халдварын үед зарим хяналт, шалгалтуудыг хийлгүй ирсэн. Сүүлийн гурван сарын хугацаанд төлөвлөгөөт хяналт, шалгалт ч явагдаагүй. Харин иргэн, үйлчлүүлэгчээс гомдол, санал ирсэн тохиолдолд, шалгалт оруулдаг болсон” гэдэг хариултаар аргацааж сууна.
Саяхан буюу өнгөрсөн есдүгээр сард “Sisdi medical wellness” төв бага насны хүүхдэд “Озонтой дусал” хийж байгаагаа сурталчилж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгасан.
Улмаар тус төвийг Зар сурталчилгааны тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн гэж үзээд, торгууль оногдуулж, норм стандартыг шалгуулахаар харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтад шилжүүлжээ. Гэвч мэргэжлийн хяналтын байгууллага энэ гомдлыг шалган шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрч, тусгай зөвшөөрлийг хэвээр үлдээснээр дээрх төв үйл ажиллагаагаа явуулсан хэвээр.
Энэ мэтээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллага, хувийн эмнэлгүүд Монгол Улсын хууль эрхзүйн цоорхойг овжин ашиглаж, хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулсан бизнесийг сурталчилсаар байгаа нь харамсалтай.
Тиймээс иргэд зөв мэдээлэлтэй байж, сайн гэсэн бүхнийг өөр дээрээ туршиж, хохирохгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Ter solongon aasht gej huuhen uuruu hiilgeegui hudlaa dusal zalguulchaad hiilguulj bn geed reclamdaad bsan da.
Хууль биелүүлдэггүй, хүний амь нас хохироосон хувиа хичээгчдэд хариуцлага тооцох цаг болсон. ЭМЯ болон мэргэжлийн хяналтын газар ажлаа хийгээч.
eruul medniin dampuu mahan tolgoi said yu hiij chadahgui. ene salbar dampuursan