Гэртээ нас барсан дүрвэгч эмэгтэйн цогцсыг НЭГ ЖИЛИЙН дараа олжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 26

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хойд Солонгосоос Өмнөд Солонгос руу амжилттай дүрвэсэн тухай мэдээлэл нь цацагдаж байсан эмэгтэй Сөүл дэх гэртээ нас барсан байдалтай олджээ. Түүнийг нас барснаас жил орчмын дараа гэрээс нь олсон бөгөөд өвлийн курткатайгаа нас барсан байсан түүний цогцос хэдийнэ ялзарч муудсан байдалтай байжээ. 

49 настай дүрвэгч эмэгтэй цогцсыг энэ сарын 19-нд Төрийн өмчит түрээсийн орон сууцны үйлчилгээ үзүүлэгч олжээ. Тэрээр эмэгтэйтэй гэрээгээ сунгах эсэх талаар ярилцахаар гэрт нь очсон аж. 

Цагдаа нар түүний үхлийн шалтгааныг олохоор задлан шинжилгээ хийлгэхээр болсон байна. Өмнөд Солонгост түүнд хамаатан садан гэж үгүй. Тиймээс нас барсан болохыг нь хэн ч мэдээгүй байж болзошгүй гэнэ. 

Холбогдох албаны мэдээлснээр дүрвэгч эмэгтэй 2002 онд Өмнөд Солонгосоос дүрвэжээ. Үүний дараа Нэгдлийн яаманд ажиллаж эхлэн бусад дүрвэгсдэдээ ч мөн тусладаг байсан түүнийг хэвлэлийнхэн онцолж мэдээллийг нь ил болгож байв. Тэрээр 2017 онд ажлаасаа гарснаас хойш түүнтэй яамныхан холбоо бариагүй байна. 

Тус яамны ажилтан энэхүү хэрэгт харамсаж буйгаа илэрхийлэн дүрвэгсдэд тавих анхаарал, халамжаа сайжруулахаа амлажээ. Өнгөрсөн жил хүртэл тус яамнаас дүрвэгсдийн амьдрах нөхцлийг шалгах ажил явуулдаг байсан. Гэсэн ч судалгааны дүнд дүрвэгсдийн аж байдал сайн байгаа учир дахин шалгалт хийх шаардлагагүй хэмээн дүгнэн уг ажлыг зогсоогоод байжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top