Аравдугаар сарын 20-ний өдрөөс эхлэн БНСУ-д бусдыг мөшгөсөн этгээдэд хорих ял оноодог боллоо. Өмнө нь бусдыг мөрдөж, мөшгөсөн тохиолдолд эрүүгийн хуулийн дагуу 100.000 воноор торгодог байсан. Өнгөрөгч есдүгээр сард метроны ажилтан бүсгүйг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан нь хуульд шинэчлэлт оруулахад чухал нөлөө үзүүлжээ.
Тус хэргийн сэжигтэн 20 гаруй насны хамтран ажиллагч эмэгтэйгээ метроны буудлын ариун цэврийн өрөөнд хэрцгийгээр хөнөөсөн. Хохирогч сэжигтнийг өөрийг нь мөшгөж буй тухай цагдаад гомдол гаргаж байсан ч харамсалтай нь амиа алдсан юм. Уг хэрэг олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэсэн. Тэд хуулиа чангатгахыг шаардаж, хохирогчдыг хамгаалах тал дээр арга хэмжээ авч, гэмт этгээдүүдийг гишгэх газаргүй болгох шаардлага тавьсан.
Үүний дагуу Ерөнхийлөгч Юн Сок Ёл холбогдох яаманд чиглэл өгч хуулийг чангатгах арга хэмжээ авсан байна.
Шинэчилсэн хуульд хохирогчийг хүсээгүй байхад ойртох, дагаж мөрдөх, оршин суугаа газар, ажлын байр, сургуулийн эргэн тойронд нуугдах, харилцаа холбооны хэрэгслээр хүсээгүй байхад нь мессеж, зураг, видео илгээх, дам байдлаар түгшүүр, айдас үүсгэхийг оролдох зэрэг үйлдэл гаргасан тохиолдолд арга хэмжээ авахаар заажээ. Мөн хохирогчийн гэр бүл, найз нөхөд зэрэг хүмүүст нөлөөлсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх аж.
Гэмт этгээд эдгээр үйлдлийг давтан үйлдсэн тохиолдолд хуулийн дагуу 3 хүртэлх жилээр хорих ял, эсвэл 30 сая вонын торгууль, аюултай зэвсэг хэрэглэсэн тохиолдолд 5 хүртэлх жилийн хорих, эсвэл 50 сая воноор торгох ялаар шийтгүүлэх ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Bidend bas iim huuli heregtei bn 2 jil garan nmg hun dagaj oroi bolgon geriin uudend huleej suuj uneheer setgel zuil daramtamd amidarch bn. Shiideed uguh huuli bhgui hetsuu bn