БНХАУ-ын дарга Ши Жиньпин ням гарагт тус улсын эрх баригч Коммунист намын даргаар гурав дахь удаагаа сонгогдож, орчин үеийн Хятад улсыг үндэслэгч Мао Зэдунаас хойших хамгийн хүчирхэг удирдагчийн статусаа бататгалаа.
Лондоны Дорно дахины сургуулийн Хятадын хүрээлэнгийн захирал, профессор Стив Цанг "Хятад улсыг бага зэрэг социалист, гэхдээ маш их авторитар хандлагатай” гэж тодорхойлсон байдаг. Тэрбээр "Бид Хятадад болж буй үйл явдалд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй. Хятад бол жинхэнэ Маккой.
Ши Жиньпинийг бараг бүх эрх мэдлийг эзэмшдэг гэж үздэг ч түүний ард байгаа намын хамгийн ахмад зургаан гишүүн нь маш нөлөө бүхий бүлэг хэвээр байна. Тэд намын дээд удирдлага болох Коммунист намын Улс төрийн товчооны байнгын хороог бүрдүүлдэг.
Сүүлийн долоо хоногт Ши Жиньпинийн сонгосон багийн гишүүдийн олонх нь тус хороонд шинээр элссэн бөгөөд тэд янз бүрийн түвшний туршлагатай ч бүгдээрээ нэг нийтлэг зүйлтэй. Тэд Ерөнхийлөгчдөө үнэнч” хэмээжээ. Тэгвэл Ши Жиньпиний ард хэн байна вэ?
Цай Ки
Цай Ки бол Бээжин хотын дарга. 1955 онд төрсөн бөгөөд Ши Жиньпиний хамгийн итгэлт хүн. Тэрбээр Фужиан болон Зежиан хотын даргаар олон арван жил ажилласан. Харин одоо Коммунист намд өндөр албан тушаал хашихаас гадна Бээжин хотын даргаар ажиллаж байна. Цай ядуурлыг бууруулах ажлын хүрээнд цагаач иргэдийг буцаах болон Өвлийн олимпыг амжилттай зохион байгуулснаар алдартай болсон.
Дин Сюэсян
Дин нь Ерөнхий нарийн бичгийн даргын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Тэрбээр 1962 онд Хятадын зүүн хэсэгт улс төртэй огт холбоогүй гэр бүлд төржээ. Дин муж удирдаж, сайд нарын албан тушаал хашиж байсан туршлагагүй бөгөөд хурдан дэвшсэн нь Ши Жиньпинд үнэнч байсныг харуулж байгаа юм. Бичих чадвар сайтай, ой тогтоолтоороо алдартай тэрбээр Ши Жиньпин даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаа юм.
Ли Цян
Ли одоогоор Шанхай хотын даргаар ажиллаж байгаа. Гэхдээ ажиглагчид түүнийг БНХАУ-ын дараачийн Ерөнхий сайд хэмээн таамаглаж байна. 1959 онд төрсөн Ли Ши Жиньпиний итгэлт дэмжигч бөгөөд эдийн засгийн хувьд хамгийн чухал гурван мужийг удирдаж байсан. Хэдийгээр цар тахлын үеэр хатуу хөл хорио тогтоож, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч энэ нь түүний нэр хүндэд төдийлөн нөлөөлөөгүй.
Ли Ши
Ли 1956 онд төрсөн бөгөөд Ши Жиньпинийн талийгаач эцгийн намд өндөр албан тушаалд ажиллаж байсан учир түүний гэр бүлтэй хувийн холбоотой байжээ. Ли эдийн засгийн хүчирхэг гүрэн болох Гуандун мужийн намын даргын албан тушаал хашиж байсан.
Ван Хунин
Ван аль хэдийн Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн болсон. Коммунист намын нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга болсон. 1955 онд төрсөн тэрбээр 20-иод насандаа олон улсын улс төрийн чиглэлээр суралцсан, өндөр боловсролтой. Тэрбээр 1980-аад оны сүүлээр АНУ-д зочин эрдэмтэн байсан.
Жао Лэжи
Жао ч мөн Байнгын хорооны гишүүн, Сахилгын хяналтын төв комиссын дарга болсон. 1957 онд төрсөн Жао Хятадын баруун хойд хэсэгт орших Шэньси мужаас гаралтай. Жао нь "Шанси бүлэглэл" гэж нэрлэгддэг бүлэглэлийн нэг хэсэг бөгөөд тэнд төрсөн, эсвэл карьерынхаа ихэнх хэсгийг өнгөрөөсөн нэр хүндтэй, өсөж буй улстөрчдийн нэг хэсэг гэж үздэг.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )